| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2018/0119/Э |
| Дугаар | 130 |
| Огноо | 2018-10-04 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 130
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Золбоо,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,
Шүүгдэгч Ө.Гнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Гид холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ө.Г
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Ө.Гнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн... тоотод иргэн Г.Эыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн талаар болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ө.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мэдүүлэг өгнө. 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Э бид хоёр шатар тоглож байгаад муудсан. Г.Э сууж байсан сандлаараа намайг цохьсон. Гараараа хааж байгаад би Г.Эын нуруу руу 2 удаа цохьсон. Ц бид хоёрыг босгож ирээд салгасан. Тэгээд би шууд гараад явсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй гэсэн мэдүүлэг,
Хохирогч Г.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 08 сарын 16-ны өдөр ...шатарнаас болоод Ц бид хоёр маргалдаад намайг шууд жижиг сандлаар цохиод тэгээд зодохоор нь би хөлнөөс нь зуурсан чинь миний нуруун дээрээс татаж байгаад дахиад зодоод байсан... эмнэлэгт очоод үзүүлсэн чинь зүүн талын 2 хавирга хугарсан байна гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/
Гэрч Г.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2018 оны 08 сарын 16-ны өдрийн 24 цагийн орчимд би ээжийн гэрт унтаж байсан чинь хүн хаалга тогшихоор нь онгойлгосон чинь Э нүүр ам нь цус болчихсон хавирга хөндүүрлээд байна түргэн дуудчих гэхээр нь би түргэн дуудаад эмнэлэгт үзүүлсэн... Дэнжийн Ц орж ирээд зодчихлоо гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/
Гэрч Ц.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хүн маргалдаад чимээ гарахаар нь сэрсэн чинь Э газар уначихсан Ц дээр нь гарчихсан зодож байхаар нь би салгасан Ц гараад явсан. Э жоохон хэвтэж байгаад босоод явсан. Тэгээд тэр 2 гараад явсны дараа гэрээ янзалж байсан чинь манай гэрийн жижиг модон сандал эвдэрсэн байхаар нь би гаргаж хаясан... Маргааш нь Этай уулзахад 2 хавирга хугарсан байна сая эмнэлэгт үзүүллээ гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/
Шинжээчийн ... дугаартай: “...Г.Эын биед зүүн 8, 9 дүгээр хавирганы хугарал, хамар ясны цууралт, баруун нүдний дээд зовхи, зүүн далны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Г.Эын биед учирсан зүүн 8, 9 дүгээр хавирганы хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс шалтгаална. Хамар ясны цууралт, баруун нүдний дээд зовхи, зүүн далны цус хуралт гэмтлүүд нь нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 12 дугаар хуудас/
Шинжээч томилох, шинжилгээ хийлгэх тухай тогтоол /хх-ийн 11-р хуудас/
Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 12-р хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-29-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ө.Гнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн... тоотод иргэн Г.Эыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу олж авсан нотлох баримтууд болох Шүүгдэгч Ө.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 08 сарын 16-ны өдрийн үдээс хойш ... 0,75 гр Ерөөл архи хувааж уусан. Тэгээд Этай шатар тоглож байгаад нүүдлээсээ болоод муудсан. Тэгтэл Э сууж байсан сандлаараа намайг зодсон. Би гараараа хаагаад сандлыг нь булааж аваад Эын нуруу руу 2 удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг, Хохирогч Г.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2018 оны 08 сарын 16-ны өдөр ...шатарнаас болоод Ц бид хоёр маргалдаад намайг шууд жижиг сандлаар цохиод тэгээд зодохоор нь би хөлнөөс нь зуурсан чинь миний нуруун дээрээс татаж байгаад дахиад зодоод байсан гэсэн мэдүүлэг, Гэрч Г.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2018 оны 08 сарын 16-ны өдрийн 24 цагийн орчимд би ээжийн гэрт унтаж байсан чинь хүн хаалга тогшихоор нь онгойлгосон чинь Э нүүр ам нь цус болчихсон хавирга хөндүүрлээд байна түргэн дуудчих гэхээр нь би түргэн дуудаад эмнэлэгт үзүүлсэн гэсэн мэдүүлэг, Гэрч Ц.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хүн маргалдаад чимээ гарахаар нь сэрсэн чинь Э газар уначихсан Ц дээр нь гарчихсан зодож байхаар нь би салгасан тэгээд Ц гараад явсан. Э жоохон хэвтэж байгаад босоод явсан. Тэгээд тэр 2 гараад явсны дараа гэрээ янзалж байсан чинь манай гэрийн жижиг модон сандал эвдэрсэн байхаар нь би гаргаж хаясан... Маргааш нь Этай уулзахад 2 хавирга хугарсан байна сая эмнэлэгт үзүүллээ гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 сарын 23-ны өдрийн 02/0271 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Ө.Гид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ө.Гид аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгч Ө.Гийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ө.Гийн шүүх хуралдаанд гаргасан “...хуучин ажилдаа орох гэж байгаа тул торгох ял шийтгэж өгнө үү...” гэсэн хүсэлтийг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
Гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ болон гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Ө.Гид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Хохирогч Г.Э нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ө.Гнь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Ө.Гнь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1-д заасантай нийцэж байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ө.Гийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Гид 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Г нь 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч Ө.Г нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Гид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН