| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2018/0033/Э |
| Дугаар | 129 |
| Огноо | 2018-09-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Энхням |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 129
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням
Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Тд холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2018 оны 09 сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Т
Холбогдсон хэргийн талаар Шүүгдэгч Б.Т нь 2018 оны 01-р сарын 31-ний шөнө Дорноговь аймгийн Иххэт сумын нутаг дэвсгэрт хохирогч Б.Быг хутгалсаны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:
Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт: “...2018 оны 01 сарын 31-нд Бтой муудалцсанаас хохирогч Бын зүүн мөрөнд хутгалсан нь үнэн. Чихэнд нь үзүүртэй төмрөөр хатгасан.Тухайн үед согтуу байсан. Гэм буруугаа ойлгож байна...” гэсэн мэдүүлэг
Хохирогч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т бид хоёр муудалцаад барилцаад автал баруун чих рүү цохих шиг болтол чихнээс цус гарч байсан..., ...Т миний зүүн мөр рүү нэг удаа хутгалсан...” гэсэн мэдүүлэг /ххийн 16-р хуудас/
Гэрч Г.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б Ттай зууралдаад зогсож байснаа миний чих рүү хутгалчих шиг боллоо гэж байсан..., ...БГ хоёр юм яриад гэрт сууж байтал араас нь Т зүүн талын мөр хэсэгт нь хутгаар дүрсэн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 148-149-р хуудас/
Гэрч О.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бын зүүн талын чихнээс нь цус гарчихсан зогсож байсан..., ...Тын гар орж ирээд Бын мөр рүү цохих шиг болсон..., ...тэгтэл Тын гарт манай гэрийн хуванцар иштэй хутга байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 144-145-р хуудас/
Гэрч Б.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэр рүүгээ яваад очсон гэр онгорхой гэрт нил цус болсон байсан..., ...эмнэлэг орсон чинь Б боолт хийлгэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-30-р хуудас/
Шинжээчийн ........ дугаартай: “...Б.Бын биед баруун чих, зүүн мөрний шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 37 дугаар хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-7-р хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48-49-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01-р сарын 31-ний шөнө Дорноговь аймгийн Иххэт сумын нутаг дэвсгэрт хохирогч Б.Быг хутгалсаны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулжээ. Энэ нь шүүгдэгч Б.Тын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ ... Бтой муудалцсанаас түүний чихрүү төмрөөр хатгаж, зүүн мөрөнд нь хутгаар хутгалсан нь үнэн...” гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т... миний баруун талын чих рүү цохих шиг болоод миний чихнээс цус гарсан..., ...Гтой юм яриад сууж байтал Т хажуу талаас миний зүүн мөр рүү хутгаар нэг дүрсэн....” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Б Ттай зууралдаад зогсож байснаа миний чих рүү хутгалчих шиг боллоо гэж байсан..., ...БГ хоёр юм яриад гэрт сууж байтал араас нь Т зүүн талын мөр хэсэгт нь хутгаар дүрсэн...” гэсэн мэдүүлэг, Гэрч О.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бын зүүн талын чихнээс нь цус гарчихсан зогсож байсан..., ...Тын гар орж ирээд Бын мөр рүү цохих шиг болсон..., ...тэгтэл Тын гарт манай гэрийн хуванцар иштэй хутга байсан...” гэсэн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэгийн гэрэл зургын үзүүлэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Тд аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялын саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч Б.Тд холбогдох хэргийг прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Боржигон овогт Батзоригийн Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Б.Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн/, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд төлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч Б.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна. Шүүгдэгч Б.Т урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар /хх-ийн 48-р тал/ тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгч Б.Тд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно..
Хохирогч Б.Б нь шүүгдэгч Б.Таас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгч Б.Т нь шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагад нийцсэн байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Тын 450000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд заасан хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Т нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Б.Т нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН