| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 182/2022/03496/И |
| Дугаар | 210/МА2023/01106 |
| Огноо | 2023-06-05 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 210/МА2023/01106
2023 06 05 210/МА2023/0
Скай трейдинг ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2023/01000 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Скай трейдинг ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Метро капитал ХХК-д холбогдох
Түрээсийн гэрээний үүрэгт 402,596,803 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, түрээсийн гэрээнээс учирсан хохиролд 280,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дэлгэрмаа, хариуцагчийн төлөөлөгч Б.Пүрэвжаргал, хариуцагчийн өмгөөлөгч М.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Скай трейдинг ХХК нь Метро капитал ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Скай их дэлгүүрийн В корпусын 808 м.кв талбайг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл шөнийн клубын зориулалтаар түрээслүүлэх, түрээслэгч нь түрээсийн төлбөрт сард 22,000,000 төгрөг төлөх, мөн цахилгаан, дулаан, ус зэргийн ашиглалтын зардлыг түрээсийн төлбөр дээр нэмж төлөхөөр тохиролцсон. Уг объект Чингис хаан зочид буудлын залгаа, бие даасан объект биш, тусдаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ байгаагүй тул түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй. 2022 оны 05 дугаар сард барилгыг нураагаад одоо орон сууцны барилга барьж байгаа. Иймд түрээсийн гэрээ талуудын хувьд хүчин төгөлдөр юм.
1.2. Түрээслүүлэгч Скай трейдинг ХХК нь 2017 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны түрээсийн төлбөрөөс түрээслэгчийг чөлөөлж, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаанд түрээсийн 1 м.кв талбайн төлбөрөөс 30 хувийн хөнгөлөлт /2,431,000-30%=1,701,700/ үзүүлэхээр харилцан тохиролцсон.
1.3. Гэвч түрээслэгч Метро капитал ХХК нь гэрээ байгуулагдсан цагаас түрээсийн төлбөр төлөх үүргээ удаа дараа зөрчиж байсан бөгөөд энэ талаар шаардахад удахгүй бөөнд нь төлнө, гадны байгууллагатай хамтран шөнийн клубтээ төсөл хэрэгжүүлэх гэх тайлбар хэлж гэрээний хугацаанд 17,999,534 төгрөгөөс өөр төлөлт хийгээгүй. Түрээслэгч нь 2019 оны 05 дугаар сарыг дуустал хугацаанд түрээсийн үйл ажиллагааг хэвийн явуулж байсан, 2019 оны 06 дугаар сараас алдаг оног ажиллаж, улмаар түрээсийн талбайг 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөр чөлөөлсөн.
Метро капитал ХХК нь анх гэрээ байгуулах үед барьцаа 30,000,000 төгрөгийг байршуулсан ба уг төлбөрөөс 7,999,534 төгрөгийг түрээсийн төлбөрт, 22,000,466 төгрөгийг ашиглалтын зардалд тооцсон.
Иймд хариуцагчаас 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны түрээсийн үлдэгдэл төлбөр 402,200,466 төгрөг, ашиглалтын зардал 396,337 төгрөг, нийт 402,596,803 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Түрээсийн гэрээг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 2 жилийн хугацаатай байгуулсан. Анх нэхэмжлэгч тал том төсөл танилцуулж, гэрээг 5 жилийн хугацаатай байгуулахаар, үйл ажиллагаа жигдэртэл зардал, мөнгө нэхэхгүй байхаар амаар тохиролцсон. Ингээд бид 280,000,000 төгрөгийн зардал гаргаж, засвар, тохижуулалт хийж үйл ажиллагаа явуулж эхэлсэн боловч зун бороо ороход дээврээс нь ус гоожиж эхэлсэн, мөн цахилгаан байнга тасарч, халаалт муу их хүйтэн байдаг байсан. Энэ талаар удирдлагад нь мэдэгдсэнээр дээврийг зассан.
2.2. Бид шөнийн клубын үйл ажиллагааг 2018 оны 05 дугаар сард дахин шинээр нээсэн. Энэ үед хоёр талын гүйцэтгэх захирал ярилцан 2018 оны 05 дугаар сарыг хүртэлх бүх тооцоог тэглэхээр амаар тохиролцсон. Манай байгууллагаас энэ талаар Скай трейдинг ХХК-д албан бичиг хүргүүлж байсан. Гэтэл нэхэмжлэгч нь 2018 оны 01 дүгээр сараас эхлэн түрээсийн төлбөр нэхэж, хөнгөлөлт үзүүлсэн мэтээр шаардаж байгааг зөвшөөрөхгүй. 2018 оны 10 дугаар сард тог тасалсан ба уг хугацаанд бид үйл ажиллагааг явуулаагүй. Бид тооцоо нийлэхэд түрээсийн төлбөр 88,000,000 төгрөг гэснийг 66,000,000 төгрөг болгосон. 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 02 дугаар сар хүртэл үйл ажиллагаа явуулсан. Өөрөөр хэлбэл идэвхтэй, тасралтгүй үйл ажиллагаа явуулсан сар нь 2018 оны 05, 06, 09, 11, 12 дугаар сарууд, 2019 оны 01 дүгээр сар байна. Улмаар нэхэмжлэгч тал гэрээ цуцлах албан бичиг ирүүлснийг бид хүлээн зөвшөөрсөн. Ийнхүү байрыг 2019 оны 08 дугаар сард хүлээлгэн өгсөн.
2.3. Түрээсийн гэрээний хугацаанд бид барьцаа 30,000,000 төгрөг, түрээсийн төлбөрт 10,000,000 төгрөг, нийт 40,000,000 төгрөг төлсөн. Манай байгууллагын тооцоогоор 66,000,000 төгрөгийг л түрээсийн төлбөрт төлөх боломжтой. Бусад тооцооллыг зөвшөөрөхгүй, үндэслэлгүй, баримтгүй. Гэрээгээр түрээсийн төлбөр нь 20,000,000 төгрөг байхад яаж тооцоод 22,000,000 төгрөг гэсэн нь ойлгомжгүй байна.
Гэрээгээр ашиглалтын зардал төлөхөөр тохиролцсон. Манай байгууллага ашигласан хугацааны ашиглалтын зардал буюу цахилгаан, дулаан, усны мөнгийг төлнө. Гэхдээ нэхэмжлэгч талын үндэслэл болгон шаардаж байгаа баримт нь тодорхойгүй, цахилгаан, дулаан, усны тооцооллыг хийсэн анхан шатны баримтууд байхгүй, авлага, өглөгийн тайлан гэсэн баримт нь нэг талын баримт байна.
2.4. Мөн түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, хуульд заасан шаардлагыг хангаагүй, гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзэхээр байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 66,000,000 төгрөгийн түрээсийн төлбөрийг төлнө, харин бусад шаардлагыг зөвшөөрөхгүй учир хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:
3.1. Талууд 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр түрээсийн гэрээ байгуулах түрээсийн байр нь нурж унасан балгас болсон байсан ба Скай трейдинг ХХК байрныхаа бүрэн бүтэн байдал, эвдрэлийг засаад, хэвийн үйл ажиллагаа явуулах боломжоор хангана гэсэн боловч тохирсон засварын ажлаа хийгээгүй. Хоёр талын уулзалтаар биднийг тохижуулаад ажилла, хариуд нь өндөр өртөг бүхий Шөнийн гудамж төслийн ажил өгнө, мөн түрээсийн төлбөрийг засан сайжруулалт хийсний дагуу тодорхой хугацаагаар бүрэн чөлөөлөх, хувь бууруулах зэргээр тусална, мөн тогтвортой 5 жилийн хугацаатай гэрээ хийж үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлнэ гэсэн санал тавьсныг бид хүлээн авч, түрээслүүлэгчийн зөвшөөрөлтэйгөөр дээд зэрэглэлийн шөнийн клуб болгон засварлахад 200,000,000 төгрөг, хатаалттай шилэн хийц хийхэд 60,000,000 төгрөг, цахилгааны иж бүрэн засвар хийхэд 20,000,000 төгрөг, нийт 280,000,000 төгрөгийг зарцуулсан. Бид барилгын засварын бригад хөлслөн барилгын хана, шал, 00-н өрөө, гэрэл, тайз, сантехник болон дулаалга зэргийг засан сайжруулж, бүх доголдлыг засаж хэвийн үйл ажиллагаатай болгосон.
3.2. Гэтэл биднийг хуурч мэхлэн, бидэнд амалсан өндөр өртөг бүхий Шөнийн гудамж төслийн ажлаа өгөөгүй, хэрэв бидэнд энэ төслийг санал болгоогүй бол нурж унах шахсан уг байранд 280,000,000 төгрөгийн засан сайжруулалт хийхгүй байсан.
Иймд нэхэмжлэгчээс 280,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга:
4.1. Метро капитал ХХК нь анх түрээсийн зүйлтэй бүрэн танилцаж, хүлээн зөвшөөрсний үндсэн дээр гэрээ байгуулж, талууд гэрээний үнийг тогтоосон. Түрээсийн гэрээний 6.2.5-т гэрээнд заасан үйл ажиллагааг стандартын дагуу хэвийн явуулахад шаардагдах агааржуулалт, чийгшүүлэлт, галын эсрэг бороошуулалтын болон сантехникийн тоног төхөөрөмжийг суурилуулах, гадаад болон дотоод засал чимэглэл хийх, тавилга болон холбогдох төхөөрөмжийг суурилуулах ажлыг өөрийн зардлаар гүйцэтгэх үүрэгтэй, 6.2.7-т түрээслэгч нь түрээсийн зүйлд аливаа засвар, өөрчлөлт хийх бол түрээслүүлэгчид заавал урьдчилан мэдэгдэж түүний бичгээр өгсөн зөвшөөрлийг авсан байх ба холбогдон гарах бүхий л зардал, эрсдэл, хариуцлагыг бүрэн хариуцах үүрэгтэй, 6.2.18-т түрээслэгч нь түрээсийн зүйлийн гадаад болон дотоод заслын ажлыг гүйцэтгэхдээ түрээслүүлэгчээс урьдчилан бичгээр авах үүрэгтэй бөгөөд бичгээр урьдчилан зөвшөөрсөн зураг төсөл тодорхойлолтын дагуу өөрийн зардлаар гүйцэтгэх үүрэгтэй, 6.2.24-т түрээслэгчийн суурилуулсан цахилгаан, сантехник болон агааржуулалтын шугам сүлжээ нь аюул учруулж болох нөхцөл байдал үүссэн эсвэл түрээслүүлэгч эсвэл холбогдох үйлчилгээний компаниас шаардсан тохиолдолд уг шугам сүлжээг засварлах, шинээр солих ажлыг түрээслэгч өөрийн зардлаар гүйцэтгүүлнэ гэж тус тус заасан. Иймээс түрээслэгчийн түрээсийн зүйлийн засан сайжруулалтад гаргасан зардлын үнийг түрээслүүлэгч хариуцах боломжгүй.
4.2. Түүнчлэн Шөнийн гудамж төслийг хэрэгжүүлэгч этгээд нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Засаг дарга гэх мэт төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудын хариуцах асуудал ба нэхэмжлэгч Скай трейдинг ХХК-ийн эрх хэмжээний асуудал биш. Иймээс энэ талаарх хариуцагчийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй.
Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 289 дүгээр зүйлийн 289.2.5-д зааснаар хариуцагч Метро капитал ХХК-аас 180,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Скай трейдинг ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 222,596,803 төгрөгийн шаардлагыг, хариуцагч Метро капитал ХХК-ийн гаргасан түрээсийн гэрээнээс учирсан хохиролд 280,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1., 56.2.-т зааснаар нэхэмжлэгч Скай трейдинг ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 2,280,937 төгрөг, хариуцагч Метро капитал ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 1,557,950 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Метро капитал ХХК-аас 1,057,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Скай трейдинг ХХК-д олго шийдвэрлэжээ.
6. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 6.1. Анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж, тооцоолол хийсэн боловч түрээсийн үйл ажиллагаа явуулж байсан объектыг нурааж, Е-март сүлжээ их дэлгүүр баригдсан. Нэхэмжлэгч болон хариуцагч компаниуд бүртгэл байхгүй, түрээсийн төлбөрөө хүлээж авсан баримт байхгүй гэх мэт санхүүгийн сахилга батгүйн улмаас уг асуудал үүссэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 2.8-д хариуцагч Метро капитал ХХК-ийн төлөх түрээсийн төлбөрийн үлдэгдлийг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн гэрээ цуцлагдсан 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 11 сар гэж дүгнэсэн. Түрээслүүлэгч тал нь төлбөрийн маргаантай асуудлаас болж, 2018 оны 08, 09, 10 дугаар саруудад цахилгаан тасалсан тул бид үйл ажиллагаа явуулж чадаагүй. Иймд 60,000,000 төгрөгийг түрээсийн төлбөрөөс хасаж тооцуулах хүсэлтэй байна.
6.2. 2018 оны 07 дугаар сард үргэлжилсэн их бороо орсны улмаас дээврээс ус алдаж, хөгжим, цахилгаан тоног төхөөрөмж шатах эрсдэлтэй болсон, зарим эд зүйл шатаж, ажиллах ямар ч боломжгүй байсан. Энэ талаар Скай трейдинг ХХК-ийн холбогдох хүмүүст мэдэгдсэн ба 1 сар ажиллаагүй. Иймд энэ сарын төлбөр 20,000,000 төгрөг нийт 80,000,000 төгрөгийг түрээсийн төлбөрөөс хасуулах хүсэлттэй байна гэжээ.
7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:
Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч 2 сарын хугацаанд тог тасалсан гэх тайлбарыг гаргаж байгаагүй. Цахилгааныг удаан хугацаагаар хязгаарлаагүй. Тухайн хугацаанд түрээсийн талбайг хариуцагч бүрэн дүүрэн ашигласан. Засан сайжруулалтын тухайд, түрээсийн гэрээний дагуу хариуцагч өөрөө бүрэн хариуцахаар тохиролцсон. Тиймээс засан сайжруулалтын зардал нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Мөн сиди болон гар утсанд үзлэг хийгээгүй гэж гомдолд дурдаж байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тайлбар татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй. Энэ талаарх зургаа угаалгаж, хэрэгт хавсаргах боломжтойг шүүх тайлбарласан. Иргэний хуулийн 298 дугаар зүйлийн 298.1 дэх хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэлээр хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Скай трейдинг ХХК нь хариуцагч Метро капитал ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 402,596,803 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, түрээсийн байрны засан сайжруулалттай холбоотой зардал 280,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.
3. Талуудын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр түрээсийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр түрээслүүлэгч Скай трейдинг ХХК нь Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол /13381/, Токиогийн гудамж 10 тоот хаягт байрлах, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн Б корпусын 808 м.кв талбайг паб, шөнийн цэнгээний газрын зориулалтаар 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатай түрээслүүлэх, хариуцагч Метро капитал ХХК нь түрээсийн төлбөрт сард 20,000,000 төгрөг төлөх, мөн ашиглалтын зардлыг хариуцахаар харилцан тохиролцжээ.
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэжээ. Хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 8/1629 дугаар лавлагаагаар Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол /13381/, Токиогийн гудамж 10 тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө мэдээллийн санд бүртгэлгүй болох нь тогтоогдсон байна. Иймээс гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, хүчин төгөлдөр бус гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.
4. Нэхэмжлэгчээс гэрээний зүйлийг хариуцагчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн, хариуцагчаас гэрээний үүрэгт 40,000,000 төгрөг төлсөн талаар зохигч маргаагүй.
5. Нэхэмжлэгч нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар түрээсийн төлбөрийг сарын 22,000,000 төгрөг, үүнээс эхний 3 сард 70 хувиар тооцон нийт 402,200,466 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч нь талууд 2018 оны 05 дугаар сар хүртэлх хугацааны төлбөрийг тэглэхээр тохирсон, мөн гэрээгээр сарын түрээсийг 20,000,000 төгрөгөөр тохирсон, талуудын тооцоо нийлсэн 66,000,000 төгрөгийг төлнө гэж маргажээ.
5.1. Анхан шатны шүүх талуудыг 2018 оны 01-04 дүгээр сард түрээсийн төлбөрийг тэглэхээр тохирсон, мөн гэрээ 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөр цуцлагдсан, гэрээнд сарын төлбөрийг 20,000,000 төгрөгөөр тохирсон гэж дүгнэж, түрээсийн төлбөрийг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 11 сарын хугацаанд нийт 220,000,000 төгрөгөөр тооцож, үүнээс төлөгдсөн 40,000,000 төгрөгийг хасч үлдэх 180,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн ба үүнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй.
Түүнчлэн хариуцагчаас түрээсийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн ашиглалтын зардал 396,337 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй болно.
5.2. Хариуцагч нь борооны улмаас дээврээс ус гоожиж үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан 2018 оны 07 дугаар сарын, мөн нэхэмжлэгч цахилгаан тасалсны улмаас үйл ажиллагаа явуулаагүй 2018 оны 08, 09, 10 дугаар саруудын түрээсийн төлбөр нийт 80,000,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй. Учир нь, уг гомдолд дурдсан нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй ба анхан шатны шүүх зохигчийн гаргасан баримтын хэмжээнд маргааны үйл баримтыг зөв тогтоосон байна.
6. Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан түрээсийн байрны засан сайжруулалттай холбоотой зардал 280,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргийн хүрээнд үйл ажиллагаандаа нийцүүлэн засвар хийсэн, мөн зардал гаргасан нь баримтаар тогтоогдоогүй гэж маргасан.
6.1. Шүүх хариуцагчийг Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д зааснаар түрээсийн байрыг засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр нэхэмжлэгчээс шаардах эрхтэй талаар зөв дүгнэсэн боловч Иргэний хуулийн 298 дугаар зүйлийн 298.1 дэх хэсэгт заасан шаардлага гаргах 6 сарын хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэсэн нь буруу болжээ. Тус хуулийн зохицуулалт дахь эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахтай холбоотой зардал нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.2-т заасан өөр төрлийн зардал тул уг зардалтай холбоотой тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа маргаанд хамааралгүй юм.
Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг баримтлах ба уг хугацааг хариуцагч хэтрүүлээгүй байна.
6.2. Харин хариуцагчаас шүүхэд гаргасан Хаан банк ХХК-тай байгуулсан автомашин худалдан авах зориулалттай, 154,800,000 төгрөгийн зээлийн үнийн дүн бүхий 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээ, фидуцийн гэрээгээр сөрөг нэхэмжлэл нотлогдоогүй талаарх шүүхийн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэх журамд нийцсэн байна.
Хариуцагч нь түрээсийн зүйлийг засан сайжруулахад гаргасан зайлшгүй зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар нотлоогүй тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл үндэслэлтэй.
7. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2023/01000 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 727,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Д.ЗОЛЗАЯА