Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашдорж Золзаяа |
Хэргийн индекс | 181/2022/01325/И |
Дугаар | 210/МА2023/01130 |
Огноо | 2023-06-07 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2023/01130
2023 06 07 210/МА2023/01130
Очир ундраа ОМЗ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Э.Энэбиш, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2023/00834 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Очир ундраа ОМЗ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Женерал-Импэкс ХХК, Н.Зоригтод тус тус холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 1,154,237,497 төгрөг гаргуулах, барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Есү-Үжин, түүний өмгөөлөгч Б.Байгалмаа, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаа, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Ариунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Очир ундраа ОМЗ ББСБ ХХК нь Женерал-Импэкс ХХК, Н.Зоригт нартай 8 зээлийн гэрээ байгуулж, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 150,000,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 50,000,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 200,000,000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 50,000,000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 20,000,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 50,000,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 50,000,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 25,000,000 төгрөгийг тус тус зээлдүүлсэн.
1.2. Дээрх гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч Женерал-Импэкс ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203039975 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол Сөүлийн гудамж, 20/1 байр 5 давхрын хэсэг хаягт байрлах, 66 м.кв талбайтай, үйлчилгээ, оффисын зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө, мөн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203039799 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол Сөүлийн гудамж, 20/1 барилгын 5 давхрын хэсэг хаягт байрлах, 40 м.кв талбайтай, үйлчилгээ, оффисын зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө, Г.Ариунчимэгийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205017757 дугаартай, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 29 байр 237 тоот хаягт байрлах, 40 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус барьцаалсан.
1.3. Зээлдэгч Женерал-Импэкс ХХК, Н.Зоригт нар нийт 92,562,273.34 төгрөгийг төлсөн бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 594,694,227 төгрөг, зээлийн хүү 512,994,605 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 46,548,664 төгрөг, нийт 1,154,237,497 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Женерал-Импэкс ХХК, Н.Зоригт нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Очир ундраа ОМЗ ББСБ ХХК-аас нийт 595,000,000 төгрөг зээлсэн. Нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлд төлөх 594,694,227 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Харин фидуцийн гэрээгээр З.Эрдэнэбулганы өмчлөлийн 29-69 УБИ улсын дугаартай, Бенз Эс 550 загварын автомашиныг 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шилжүүлсэн бөгөөд 25,582,470 төгрөгийг автомашины зээлийн төлбөрт зориулж төлсөн тул 25,582,470 төгрөгийг нэхэмжлэлийн дүнгээс хасаж тооцуулна.
2.2. Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим НҮТББ-аас олгосон 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 02/192 дугаар Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээгээр маргаан бүхий гэрээнүүдийн хэрэгжилтийн явцад буюу 2020, 2021 онд нийслэлд нийт 9 удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн, энэ үед үйл ажиллагаанд нь хязгаарлалт тогтоогоогүй хуулийн этгээдэд гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага ороогүйг тодорхойлсон. Өөрөөр хэлбэл хилийн хориотой байсан учраас манай компанийн үйл ажиллагаа хязгаарлагдсан, энэ нөхцөл байдал үүсэх болсон шалтгаан нь бидний хүсэл зориг, хяналтаас гадуур, урьдчилан таамаглах, даван туулах сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл мөн болохыг нотолсон. Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-т цар тахлын үед үйл ажиллагаанд оролцсон аж ахуйн нэгж байгууллага, цалин, орлого нь тасалдсан иргэдэд зохих дэмжлэг үзүүлэх, 18 дугаар зүйлд хууль 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчилнэ гэсэн бөгөөд дээрх гэрээнүүдийн хугацаа 2022 оны 02 дугаар сард дуусахаар байгааг харгалзан үзнэ үү.
2.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр, 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр, 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр буюу нийт 3 удаа зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг ихэсгэж шаардсан. Үүнийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх эрх нь байгаа гэж тайлбарлаж байгаа боловч ийнхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан нь үүрэг гүйцэтгэгчийн буюу хариуцагч талын буруутай үйл ажиллагаанаас болоогүй гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Ариунчимэгийн тайлбарын агуулга:
Миний биеЖенерал-Импэкс ХХК-д менежерээр ажилладаг. Манай компани зээл авахдаа манай гэр бүлийн дундын өмч болох орон сууцыг барьцаанд тавьсан. Ковид-19 цар тахлын улмаас компанийн үйл ажиллагаа зогсож санхүүгийн хүнд байдалд орсон. Давагдашгүй хүчин зүйл тохиолдсон хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэж, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг багасгаж өгнө үү гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Женерал-Импэкс ХХК-аас 1,128,655,027 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Очир ундраа ОМЗ ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 25,582,470 төгрөгийг гаргуулах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205017757 дугаарт Г.Ариунчимэгийн өмчлөлд бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 29 дүгээр байрны 237 тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсэг болон хариуцагч Н.Зоригтод холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд Женерал-Импэкс ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203039975 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 20/1 дүгээр байрны 5 дугаар давхарын хэсэг тоот хаягт байршилтай 66 м.кв талбайтай, үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон эрхийн улсын бүртгэлийн Ү-2203039799 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 20/1 дүгээр барилгын 5 дугаар давхарын хэсэг тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай, оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 6,473,187.48 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Женерал-Импэкс ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 5,871,425.1 /5,801,225.1+70,200/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид тус тус олгож шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
5.1. Зээлийн гэрээний үүрэгт 25,582,470 төгрөгийг гаргуулах, гуравдагч этгээд Г.Ариунчимэгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хариуцагч Н.Зоригтод холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд тус тус гомдол гаргасан.
5.2. Шүүх зээлийн гэрээнд зээлдэгчийг төлөөлж Н.Зоригт гарын үсэг зурсан, тухайн зээлүүдийг Женерал-Импэкс" ХХК-ийн бизнесийн үйл ажиллагаанд зориулан авч зарцуулан, эргэн төлөлтийг хийж байсан гэсэн үндэслэлээр хариуцагч Н.Зоригтод холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Очир ундраа ОМЗ ББСБ ХХК нь Н.Зоригттой Женерал-Импэкс ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлын хувьд болон иргэн Н.Зоригтын хувьд тус 8 зээлийн гэрээг байгуулсан. Дээрх зээлийн гэрээнүүд Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зааснаар хуульд нийцсэн. Женерал-Импэкс ХХК, Н.Зоригт нар нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7, 20.8 дахь хэсэгт тус тус заасан хамтран зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч талаас гэрээний үүргийг гүйцэтгэхгүй, хамтран зээлдэгч, үүрэг гүйцэтгэгч бус гэж маргаагүй.
Шүүх хэрэгт авагдсан зээлийн гэрээнүүдийг нотлох баримтын хэмжээнд үнэлэлгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
5.3. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт барьцаалуулагч нь үүрэг гүйцэтгэгч, эсхүл гуравдагч этгээд байж болно гэж заасан. Барьцааны гэрээг хуульд нийцүүлэн байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэн хуулийн хүчин төгөлдөр болсон. Г.Ариунчимэг бие даасан шаардлага гаргаагүй бөгөөд шүүх гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг хүлээн авч оролцуулсан атал хариуцагчаар татах ёстой байсан гэж дүгнэсэн. Энэ нь барьцаалуулагчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байна.
5.4. 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний дагуу эргэн төлөлт хийгээгүй учраас тухайн зээлийн гэрээний үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 25,582,470 төгрөгийг 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ20/165 дугаар зээлийн гэрээний үүрэгт тооцож, З.Эрдэнэбулганы өмчлөлийн 29-69 УБИ улсын дугаартай автомашиныг барьцаанаас чөлөөлсөн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
6. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
6.1. Анхан шатны шүүх гуравдагч этгээд Г.Ариунчимэгт холбогдох шаардлагыг хариуцуулах үндэслэлгүй гэж дүгнэсэн, мөн Н.Зоригтод холбогдуулан гаргасан шаардлагыг хасч шийдвэрлэсэн нь тус тус үндэслэлтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар үйл баримтыг нотлох баримтаар нотлох үүргээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй.
6.2. Хэрэгт 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 25,582,470 төгрөг төлсөн төлбөрийн даалгавар, фидуцийн гэрээ, зээлийн гэрээ баримтууд авагдсан. Нэхэмжлэгч талаас гаргасан 241 дугаар зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор автомашины фидуцийн гэрээ байгуулагдсан.
Иймд давж заалдах гомдол үндэслэлгүй байна гэжээ.
7. Хариуцагч Женерал-Импэкс ХХК-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Дээрх 8 зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа ковид цар тахал, Засгийн газраас гарсан тогтоолуудад хамаарах бөгөөд цаг хугацааны хувьд шалтгаант холбоотой юм. Женерал-Импэкс ХХК тухайн цаг хугацаанд Очир ундраа ОМЗ ББСБ ХХК-д зээлийн хүүг түр зогсоох, багасгах, эсвэл барьцаа хөрөнгийг зээлийн төлбөрт шилжүүлэх талаар олон удаа хүсэлт гаргасан. Очир ундраа ОМЗ ББСБ ХХК, Женерал-Импэкс ХХК-ууд нь хэн аль нь ашгийн төлөө байгууллага цар тахлын нөхцөл байдалтай байсан.
Анхан шатны шүүх хариуцагчаас хүү, нэмэгдүүлсэн хүүнд 533,960,800 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсний 50 хувь 266,980,400 төгрөгийг хасч өгнө үү гэжээ.
8. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Очир ундраа ОМЗ ББСБ ХХК ковид цар тахлын нөхцөл байдлын үед хариуцагч Женерал-Импэкс ХХК-ийн 3 зээлийн гэрээнд 2 удаа, 5 зээлийн гэрээнд 2 удаа тус тус өөрчлөлт оруулж зээлийн гэрээний хугацааг сунгасан. Мөн 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцоогүй.
Хариуцагч Женерал-Импэкс ХХК барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлт гаргасан. Гэвч үл хөдлөх эд хөрөнгийн 1 м.кв талбайг 4,000 ам.доллар буюу зэх зээлийн үнэлгээнээс өндөр үнийн дүн санал болгосон учраас тухайн саналыг хүлээн авах боломжгүй байсан. Нэхэмжлэгч нь тухайн хүнд нөхцөл байдлын үед хариуцагчид хангалттай хугацаа олгож, боломжтой арга хэмжээг авч ажилласан. Харин хууль болон Засгийн газрын тогтоолуудад банк бус санхүүгийн байгууллагыг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг чөлөөлөх үүргийг олгоогүй.
Иймд гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
9. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:
Анхан шатны шүүх хэргийг зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зохигчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Очир ундраа ОМЗ ББСБ ХХК нь хариуцагч Женерал-Импэкс ХХК, Н.Зоригтод тус тус холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,154,237,497 төгрөг гаргуулах, барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч анх гаргасан нэхэмжлэлдээ нэр бүхий 3 үл хөдлөх эд хөрөнгөөс гадна З.Эрдэнэбулганы өмчлөлийн, 29-69 УБИ улсын дугаартай, Бенз Эс 550 загварын автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тусгасан боловч 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ автомашинд холбогдох шаардлагаасаа татгалзсан байх тул нэхэмжлэлийн шаардлагын уг хэсгээс нэхэмжлэгч татгалзсаныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй.
3. Зохигчдын хооронд дор дурдсан нөхцөл бүхий 8 зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, зээлдүүлэгч Очир ундраа ОМЗ ББСБ ХХК мөнгөн хөрөнгийг тодорхой хугацаатай зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч Женерал-Импэкс ХХК, Н.Зоригт нар гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, хүүг төлөхөөр харилцан тохиролцжээ. Үүнд:
3.1. 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ШЗГ20/01 дугаар зээлийн гэрээгээр 150,000,000 төгрөгийг жилийн 36 хувийн хүүтэй, 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацаатай;
мөн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн нэмэлт гэрээгээр хугацааг 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл сунгах;
3.2. 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ЗГ20/22 дугаар зээлийн гэрээгээр 50,000,000 төгрөгийг жилийн 37.2 хувийн хүүтэй, 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаатай;
мөн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн нэмэлт гэрээгээр хугацааг 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн нэмэлт гэрээгээр хугацааг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл тус тус сунгах;
3.3. 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ШЗГ20/02 дугаар зээлийн гэрээгээр 200,000,000 төгрөгийг жилийн 36 хувийн хүүтэй, 2021 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаатай;
мөн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн нэмэлт гэрээгээр хугацааг 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл сунгах;
3.4. 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн ЗГ20/191 дугаар зээлийн гэрээгээр 50,000,000 төгрөгийг жилийн 36 хувийн хүүтэй, 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хугацаатай;
2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн нэмэлт гэрээгээр хугацааг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл сунгах;
3.5. 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ20/203 дугаар зээлийн гэрээгээр 20,000,000 төгрөгийг жилийн 36 хувийн хүүтэй, 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаатай;
2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн нэмэлт гэрээгээр хугацааг 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сунгах;
3.6. 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ20/226 дугаар зээлийн гэрээгээр 50,000,000 төгрөгийг жилийн 36 хувийн хүүтэй, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хугацаатай;
2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн нэмэлт гэрээгээр хугацааг 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл сунгах;
3.7. 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ЗГ20/241 дугаар зээлийн гэрээгээр 50,000,000 төгрөгийг жилийн 36 хувийн хүүтэй, 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацаатай;
2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн нэмэлт гэрээгээр хугацааг 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн нэмэлт гэрээгээр хугацааг 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл тус тус сунгах;
3.8. 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ20/306 дугаар зээлийн гэрээгээр 25,000,000 төгрөгийг жилийн 36 хувийн хүүтэй, 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаатай;
2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн нэмэлт гэрээгээр хугацааг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл сунгах.
4. Дээрх гэрээгээр нэг талын илэрхийлсэн хүсэл зоригийг нөгөө тал хүлээн авч, гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцсон, гэрээг бичгээр байгуулж гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Мөн нэхэмжлэгч банк бус санхүүгийн байгууллага нь хариуцагч нарт нийт 595,000,000 төгрөгийн зээлийг шилжүүлсэн талаар зохигч маргаагүй.
Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан, түүнчлэн гэрээгээр хүү тохиролцсон нь мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр байна. Анхан шатны шүүх эрх зүйн харилцааг зөв тодорхойлжээ.
Харин Н.Зоригт нь Женерал-Импэкс ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээдээс гадна өөрийн нэрийн өмнөөс хүсэл зоригоо илэрхийлэн зээлийн гэрээг байгуулсан, энэ талаар гэрээний талууд маргаагүй байхад шүүх түүнийг зөвхөн хуулийн этгээдийг төлөөлж гэрээ байгуулсан агуулгаар дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцээгүй.
Иймд анхан шатны шүүх Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсгийн зохицуулалтыг үндэслэн Н.Зоригтод холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй.
5. Талуудын байгуулсан ШЗГ20/01, ШЗГ20/02 дугаар гэрээнүүдийн 2.1.10, 4.2.3, 7.4, ЗГ20/22, ЗГ20/191, ЗГ20/203, ЗГ20/226, ЗГ20/241 дугаар гэрээнүүдийн 2.1.5, 4.2.2, 7.4, ЗГ20/306 дугаар гэрээний 1.2.5, 2.1.5, 4.2.13, 7.4 дэх заалтууд, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгчийг үндсэн хүүнээс гадна хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэйг анхан шатны шүүх зөв тогтоожээ.
Харин зохигчид зээлийн гэрээний тооцоололд дор дурдсанаар маргасан байх ба шүүх зээлийн гэрээгээр зээлдэгчийн хүлээсэн үүргийг зөв тодорхойлж чадаагүйг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн дүгнэх боломжтой байна.
5.1. Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг зээлд 305,773 төгрөг, зээлийн хүүнд 92,236,215 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 20,285 төгрөг, нийт 92,562,273 төгрөг төлсөн гэсэн тооцоо гаргасан ба хариуцагч 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 25,582,470 төгрөгийг тооцоонд оруулаагүй гэж маргажээ.
5.1.а. Хэргийн 2 дахь хавтсын 32 дахь талд авагдсан 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн төлбөрийн даалгаварт төлбөр төлөгч Женерал-Импэкс ХХК-аас хүлээн авагч Очир ундраа ОМЗ ББСБ ХХК-д 25,582,470 төгрөгийг мерседес бенз с 550 маркийн суудлын автомашин-зээлийн төлбөр гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн байна.
5.1.б. Нэхэмжлэгч уг төлбөрийг хүлээн авснаа маргаагүй боловч нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ20/165 дугаар зээлийн гэрээний үүрэгт тооцож, Бенз Эс 550 маркийн суудлын автомашиныг буцаан шилжүүлсэн гэж тайлбарласан боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй байна.
Хэрэгт авагдсан 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ФГ20/241 дугаар фидуцийн гэрээнд уг автомашинаар 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ЗГ20/241 дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тухайлан зааж тохиролцсон ба энэ зээлийн гэрээ нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарч байна. (хэргийн 1 дэх хавтас 21-23, 83-84, 2 дахь хавтас 53-58 дахь тал)
5.1.в. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв дүгнэж, 25,582,470 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.
5.2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар хүү 512,994,605 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 46,548,664 төгрөг тооцсон ба хариуцагч тал 2020, 2021 онуудад давагдашгүй хүчин зүйл болох коронавируст халдвар (ковид-19)-ын цар тахлын улмаас үйл ажиллагаа хязгаарлагдсан учир хүү, нэмэгдүүлсэн хүүнээс чөлөөлөгдөх үндэслэлтэй гэж маргажээ.
5.2.1. Шүүх дээр дурдсан 25,582,470 төгрөг төлөгдсөнийг ЗГ20/241 дугаар зээлийн гэрээний үүрэгтэй уялдуулаагүй нь буруу болжээ. Тодруулбал, төлбөр хийгдсэн 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар гэрээний хугацаа дууссан байсан тул уг төлбөрийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар зээлд тооцно. Үүнтэй холбоотойгоор уг дүнгээс хүү, нэмэгдүүлсэн хүү бодогдохгүй тул тухайн зээлийн гэрээний нөхцөлөөр 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал тооцсон хүү 14,582,008 (25,582,470*3%*19сар) төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,916,402 (14,582,008*20%) төгрөг, нийт 17,498,410 төгрөг нэхэмжлэлээс хасагдах үндэслэлтэй.
5.2.2. Хариуцагч Женерал-Импэкс ХХК-д олгогдсон Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимын 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 02/192 дугаар Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл (force majeure)-ийн гэрчилгээнд зохигчдын зээлийн гэрээний хэрэгжилтийн явцад ковид-19 цар тахлын улмаас 2020, 2021 онд нийт 9 удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн, энэ хугацаанд үйл ажиллагаанд нь хязгаарлалт тогтоогоогүй байгууллагад гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага ороогүй, уг нөхцөл байдал нь гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл мөн болохыг тодорхойлсон. (хэргийн 1 дэх хавтас 223-224 дэх тал)
Иймд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийг 2020, 2021 онуудад зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.
5.2.3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ковид-19 цар тахалтай холбоотойгоор зээлийн гэрээнүүдэд нэмэлт өөрчлөлт оруулж, хугацааг 9-15 сараар сунгасан, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцоогүй гэж дүгнэсний зарим хэсэг нь үндэслэлгүй байна. Учир нь, зарим зээлийн гэрээний хугацаа дуусч сунгагдаагүй байсан 2021 оны хувьд давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд байсан тул дор дурдсанаар нэмэгдүүлсэн хүү тооцсон нь үндэслэлгүй байна:
- ЗГ20/22 дугаар гэрээгээр 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 103 хоногт 1,034,201 төгрөгийн, (хэргийн 2 дахь хавтас 14 дэх тал)
- ЗГ20/191 дугаар гэрээгээр 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 103 хоногт 1,006,021 төгрөгийн, (хэргийн 2 дахь хавтас 16 дахь тал)
- ЗГ20/226 дугаар гэрээгээр 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 103 хоногт 644,969 төгрөгийн, (хэргийн 2 дахь хавтас 18 дахь тал)
- ЗГ20/241 дугаар гэрээгээр 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 103 хоногт 1,015,890 төгрөгийн, (хэргийн 2 дахь хавтас 19 дэх тал) нийт 3,701,081 төгрөг.
5.3. Дээрх тооцоог нэгтгэн нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрөөс 21,199,491 (17,498,410+3,701,081) төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Давагдашгүй хүчин зүйл нь гэрээний үүргээс чөлөөлөх үр дагавар үүсгэхгүй тул мөнгөн хөрөнгийг ашигласны хариу төлбөр-үнэ болох зээлийн хүүг багасгах хууль зүйн үндэслэлгүй, мөн Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл (force majeure)-ийн гэрчилгээ нь 2022 онд хамаарахгүй тул уг хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэлтэй. Иймээс хариуцагч Женерал-Импэкс ХХК-ийн гаргасан давж гомдлоор нийт хүү, нэмэгдүүлсэн хүүний 50 хувь болох 266,980,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгох боломжгүй.
6. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор зохигчдын хооронд дор дурдсан барьцааны гэрээ байгуулагдсан, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Тодруулбал,
6.1. 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ШБГ20/01, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн БГ20/22, 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн БГ20/226 дугаар барьцааны гэрээгээр Женерал-Импэкс ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203039799 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 20/1 дүгээр барилгын 5 дугаар давхрын хэсэг хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг,
6.2. 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ШБГ20/02, 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн БГ20/226 дугаар барьцааны гэрээгээр Женерал-Импэкс ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203039975 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 20/1 дүгээр байрны 5 дугаар давхрын хаягт байршилтай, 66 м.кв талбайтай, үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалжээ.
6.3. Нэхэмжлэгч нь барьцааны зүйл болох хариуцагч Женерал-Импэкс ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203039799, Ү-2203039975 дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцсэн ба хариуцагч үүнийг татгалзаагүй.
6.4. Харин нэхэмжлэгч Очир ундраа ОМЗ ББСБ ХХК болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Ариунчимэг нарын хооронд байгуулагдсан 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн БГ20/191, 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн БГ20/203, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн БГ20/306 дугаар барьцааны гэрээнүүдээр Г.Ариунчимэгийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205017757 дугаартай, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 29 дүгээр байрны 237 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалахаар тохиролцжээ.
Гэвч хариуцагч Женерал-Импэкс ХХК, Н.Зоригт нар дээрх барьцааны гэрээний тал биш бөгөөд барьцаалагчийн өмнө үүрэг хүлээгээгүй тул тэдгээрт холбогдуулан гаргасан уг шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт Шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй гэж зохицуулсан ба барьцаалагч нь барьцаалуулагчид холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргахад шүүхийн энэ шийдвэр саад болохгүй.
Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагч нараас 1,107,455,536 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах өөрчлөлт оруулж, мөн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох агуулга бүхий заалт нэмж, найруулгын болон хариуцагч Женерал-Импэкс ХХК-ийн нэрийг буруу бичсэн техникийн шинжтэй алдааг залруулсан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2023/00834 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Женерал-Импэкс ХХК, Н.Зоригт нараас 1,107,455,536 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Очир ундраа ОМЗ ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 46,781,961 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Женерал-Импэкс ХХК, Н.Зоригтод тус тус холбогдуулан гаргасан З.Эрдэнэбулганы өмчлөлийн, 29-69 УБИ улсын дугаартай, Бенз Эс 550 загварын суудлын зориулалттай автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Очир ундраа ОМЗ ББСБ ХХК татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж 2 дахь заалт болгон нэмж,
2 гэж дугаарласныг 3 гэж дугаарлан Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Женерал-Импэкс ХХК, Н.Зоригт нар шүүхийн шийдвэрийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд Женерал-Импэкс ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203039975 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 20/1 дүгээр байрны 5 дугаар давхрын хэсэг хаягт байршилтай, 66 м.кв талбайтай, үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон эрхийн улсын бүртгэлийн Ү-2203039799 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 20/1 дүгээр барилгын 5 дугаар давхрын хэсэг хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас Г.Ариунчимэгийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205017757 дугаартай, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 29 дүгээр байрны 237 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
3 гэж дугаарласныг 4 гэж ...5,871,425.1 /5,801,225.1+70,200/... гэснийг 5,765,427 гэж,
4 дэх заалтын дугаарлалтыг 5 гэж тус тус өөрчилж, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Очир ундраа ОМЗ ББСБ ХХК-ийн төлсөн 356,063 төгрөг, хариуцагч Женерал-Импэкс ХХК-ийн төлсөн 1,492,852 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Д.ЗОЛЗАЯА