| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2018/0128/Э |
| Дугаар | 138 |
| Огноо | 2018-10-31 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | С.Энхням |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 138
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Бүжмаа
улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун,
шүүгдэгч Ч.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь аймгийн Цагдаагийн газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.От холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ч.О
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Ч.О нь 2018 оны 08 дугаар сарын 10-ны шөнө тус аймгийн Сайншанд сумаас Улаанбаатар хот орох зорилгоор өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай Хюндай соната-6 маркийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Даланжаргалан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмийн 9 дүгээр бүлэг /Тээврийн хэрэгслийн хурд/-ийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчин тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлж яваад Г.Аыг дайрч, Э.Бг мөргөсний улмаас хохирогч Э.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, Г.Аын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:
Шүүгдэгч Ч.Оийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 08 дугаар сарын 10- ны өдөр 17 цагийн үед Дорноговь аймгаас 3 хүнтэй Улаанбаатар хот явсан. Даланжаргалангийн автобусны буудал дээр очиж зогсоход 20 цаг 43 минут болж байсан. Тэнд зогсож бууж тамхи татчихаад цааш хөдлөөд явтал өөдөөс хурц гэрэлтэй машин ирсэн. Гэрлээ шилжүүлэхэд холын гэрэл дээр тавихад хүн хэвтэж байсан. Тормоз гишгээд замын нөгөө тал руу дарсан. Бууж ирээд цагдаа дуудсан гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Ч.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна ...өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай соната-6 маркийн автомашинаар такси үйлчилгээнд явдаг юм ...би урдаас чиглэн яваа том оврын автомашинтай гэрлээ шилжүүлэн зөрөөд холын гэрлээ асаатал зам дээр нэг хүн дээшээ харчихсан хэвтэж байсан мөн хажууд нь нэг хүн зогсож байх шиг байсан би харангуутаа тормоз гишгэж хажуу урсгал руу орж зогссон тухайн үед зам дээр хэвтэж байсан хүний дээгүүр нь гарчих шиг болсон би машинаа зогсоогоод харахад зам дээр хэвтэж байсан хүн доошоо харсан байдалтай хэвтэж байсан зогсож байсан хүн нь замын хажууд суучихсан байх шиг харагдсан..." гэсэн мэдүүлэг. /хх-ийн 127-128/,
Хохирогч Э.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Д А нар хоорондоо маргалдаад байсан ...Д Аыг хардаад маргасан болов уу гэж бодсон ...Д Аыг нүүрэн тус газар луу нь цохиод унагаачихсан тэгэхээр нь би буцаж очоод Дт боль гэж хэлсэн Д чамд ямар хамаатай юм пизда минь гэж хэлж байсан ...намайг замруу алхаж байхад талийгаач А учиргүй уйлаад хажуугаар гүйгээд засмал зам дээр дээшээ хараад хэвтээд өгсөн би араас нь гүйж очоод та яаж байгаа юм, машин тэрэг явна шүү дээ та бос л доо гээд хоёр гараас нь босгох гэж татсан босохгүй эхэр татаад уйлаад байсан тэгтэл гэнэт л машин орж ирээд мөргөсөн. Тухайн үед би машин ирж байгааг ч сайн анзаараагүй талийгаачийг зам дээр хэвтээд өгөхөөр нь босгох гээд хоёр гарнаас нь татаж байсан ...ослын улмаас миний баруун хөл шилбэ хэсгээрээ хугар
Гэрч Б.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ” Би Дорноговь аймгийн Сайншанд сумаас Улаанбаатар хот орохоор таксинд суусан бөгөөд уг таксины улсын дугаарыг хараагүй ба саарал өнгийн Соната-6 маркийн автомашин байсан. Тэгээд Сайншандаас гараад явж байгаад ойролцоогоор 21 цагийн орчимд Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт ирсэн ба Даланжаргалан сумын нутаг дэвсгэр дээр байдаг автобусны зогсоол дээр зогсоод жолооч болон хойд талд сууж явсан ах бууж бие засаж тамхи татчихаад хөдөлсөн. Ингээд дөнгөж хөдлөөд явж байтал замын эсрэг талаас...машин зөрөх үед зам дээр нэг хүн хэвтчихсэн, замын хойд талаас нь саарал хувцастай хүн гарнаас нь татсан байдалтай харагдсан ба миний сууж явсан таксины жолооч зогсож амжилгүй дээгүүр нь гараад явчихсан..." гэсэн мэдүүлэг. /хх-ийн 40/,
Гэрч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Соната-6 маркийн...автомашины жолоочийн ар талын суудал дээр унтаж явсан ...гэнэт л урд талын суудал дээр явсан эмэгтэй хүн “наана чинь хүн байна шүү дээ” гэж хашхирсан ...жолооч тормоз гишгээд зогссон. Ингээд буутал миний сууж явсан машины ар талд улаан цамцтай эмэгтэй хүн хөндлөн хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 44 /,
Хохирогч Д.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2018 оны 08 сарын 10- ны орой 21 цаг 05 минутанд ...Г.А аваарт орчихлоо яаралтай ...ир гэж хэлсэн тэгээд оройдоо эхнэр бид хоёр охиноо нас барсан талаар мэдсэн ...зам тээврийн осол гаргасан гэх залуу бидэнд оршуулгын зардалд зарцуулсан мөнгө болох 8.000.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан ...нэхэмжлэх зүйл байхгүй ...гомдол. санал байхгүй..." гэсэн мэдүүлэг. /хх-ийн 30- 33 /,
Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний ... дугаартай шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 97-99/,
Шинжээч эмч Э.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...амь хохирогчийн цогцост учирсан гэмтлүүдээс баруун нүдний дээд зовхины цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих үед үүссэн байх боломжтой гэмтэл байсан. Бусад гэмтлүүдийн хувьд хүний гараар цохиж зодох үед үүсэх боломжгүй юм. Учир нь хүний амь насанд нь хүртэл ийм олон тооны гэмтэл учиртал хатуу, мохоо зүйлээр цохьвол гадна биед их хэмжээний цус хуралт үүсэхээс гадна нурууны 8 дугаар нугаламын хугарал, нугасны тасрал, нурууний сэртэнгийн хугарал, баруун 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 дүгээр хавирга, зүүн 1. 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 дугаар хавирганы хугарал, өвчүү ясны хугарал, баруун зүүн уушгины эдийн няцрал, баруун зүүн уушгины дэлбэнгийн олон тооны хатгагдсан шарх, баруун бөөр элэг дэлүүний эдийн задрал, зүрхний титэм судасны бүрэн бус тасрал, тархины баруун тал бөмбөлөгийн аалзан хальсан доорх цус харвалт гэмтлүүд нь учрах үедээ шууд үхэлд хүргэх гэмтэл юм. Хүн ийм гэмтэл авчихаад амьдрах чадваргүй юм ...хатуу, мохоо зүйлд хавчуулагдаж чирэгдэх, үрэгдэх зэрэг үйлдлүүдээр үүсгэгдсэн байх боломжтой байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59-60 /,
Хохирогч Э.Бгийн биед учирсан гэмтлийн талаар тогтоосон аймгийн шүүхийн шинжилгээний албаны .. дугаартай шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 64/,
Зам тээврийн ослын талаар тогтоосон 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 39 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:"...Хюньдай Соната-6 маркийн ... улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Ч.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлэг /Тээврийн хэрэгслийн хурд/-ийн 9.1-д заасан "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг ...зөрчсөний улмаас осол гарсан гэж үзэхээр байна. /хх-ийн 118-р тал/,
Ч.Оын эзэмшлийн ... улсын дугаартай автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ. /хх-ийн 87-88-р тал/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хх-ийн 3- 11/, Амь хохирогчийн цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл. /хх-ийн 12-20/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Ч.О нь 2018 оны 08 дугаар сарын 10-ны шөнө тус аймгийн Сайншанд сумаас Улаанбаатар хот орох зорилгоор өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай Хюндай соната-6 маркийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Даланжаргалан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөнөөс Г.Аыг дайрч, Э.Бг мөргөсний улмаас хохирогч Э.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, Г.Аын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Д.Ж, гэрч О.И, Т.Б, Б.Г, Т.Г нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.О нь тухайн нөхцөлд тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авсан боловч 84,13 км/цагийн хурдтай явсан болох нь 2018 оны 09 сарын 05-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүгдэгч Ч.От аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-д заасныг журамлан мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч Ч.От холбогдох хэргийг прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Ч.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журамт зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ,эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ч.О нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Амь хохирогч Г.А нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.9-д заасан “Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно. б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох,саатах,тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх, г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах, Явган зорчигч Э.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.9-д заасан “явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно. г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах” гэсэн заалтуудыг зөрчжээ.
Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн/, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Ч.От тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэх хязгаарлалтыг тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг сануулав.
Хохирогч Э.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “Ч.Оаас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй би түүнтэй эвлэрсэн ...” гэсэн тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй. Шүүгдэгч Ч.О нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар /хх-ийн 43/ тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.Оын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүй ба Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ч.О нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ч.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Ч.От тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-т зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Ч.От мэдэгдсүгэй.
4. Монгол улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.От оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэсэн үеэс тоолохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ч.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдсугай.
6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүний биеэс гарсан байж болзошгүй цагаан шаргал мөн улаан хүрэн өнгийн эдүүдийг устгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН