Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2023/01131

 

 

 

 

 

 

 

2023 06 07 210/МА2023/01131

 

 

Х.Цэвээнхүүгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2023/01755 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Х.Цэвээнхүүгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох

60,683,938 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Цэвээнхүү, түүний өмгөөлөгч Д.Туяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Х.Цэвээнхүү 2001 оноос хойш амьдарсан газраа хуулийн дагуу эзэмших хүсэлт гаргаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 276 дугаар захирамжаар Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Чулуун-Овоот АОС 7-8 тоот хаягт байрлах, 497 м.кв талбайтай газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.

1.2. Гэвч Б.Өнөгэрэлийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0124 дугаар шийдвэрээр Баянзүрх дүүргийн Засаг даргын дээрх 276 дугаар захирамжийн Х.Цэвээнхүүд холбогдох хэсэг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Уг газрыг Ц.Цэрэндоржид Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2005 оны 74 дүгээр захирамжаар өмчлүүлсэн байсныг Баянзүрх дүүргийн Засаг дарга анхаарч үзэлгүй давхардуулан гэрчилгээ олгож газар эзэмшүүлснээс болоод нэхэмжлэгч эзэмшлийн газраа алдсан.

1.3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2019/02543 дугаар шийдвэрээр Б.Өнөгэрэлийн нэхэмжлэлийн дагуу Х.Цэвээнхүү нарын эзэмшлээс тус газрыг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн.

  1.4. Б.Өнөгэрэлийн хэлцэл хийсэн Ц.Батбаярт өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүйд тооцсон Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2020/00259 дугаар шийдвэр гарсан боловч тус шийдвэрийг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдаанаар шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцоогүй.

1.5. Тухайн газарт 2008 онд 41.43 м.кв талбайтай нэг давхар палкан хийцтэй, шавар, тоосгон өнгөлгөөтэй өвлийн сууцыг тухайн үеийн ханшаар 2,500,000 төгрөгөөр, цутгамал бетон суурьтай блокон хашаа, дэлгэгддэг төмөр хаалга, явган хүний хаалга, модон бүхээгтэй, 2.4 м.кв хэмжээтэй гадна жорлонг шинэчилж 250,000 төгрөгөөр, харин 2009-2010 онд палкан хийцтэй, тоосгон өнгөлгөөтэй, 87.08 м.кв талбайтай, хоёр давхар өвлийн сууцыг 15,000,000 төгрөгөөр тус тус барьсан.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шаардлагын дагуу 2 байшин, блокон хашаа, модон жорлонг нурааж, газрыг чөлөөлж, эд хөрөнгөөрөө хохирсон.

Виннэр вэй ХХК-ийн үнэлгээгээр бодит хохирлыг 60,133,938 төгрөгөөр үнэлсэн. Мөн хөрөнгийн үнэлгээний ажлын хөлсөнд 550,000 төгрөг төлсөн, эдгээрийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0124 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 221/MA2018/0230 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 256 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 276 дугаар захирамжийн Х.Цэвээнхүүд холбогдох хэсэг болон Х.Цэвээнхүүгийн нэр дээр олгосон 2008 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн.

2.2. Нэхэмжлэгч дээрх газарт зөвшөөрөлгүй бууж Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг зөрчсөн, Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Ц.Цэрэндоржид олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгож Х.Цэвээнхүүд олгож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Газар эзэмшихтэй холбоотой маргааныг хяналтын шатны шүүхийн тогтоолоор эцэслэн шийдвэрлэхдээ газар давхцалтайг нэхэмжлэгч мэдсээр байж эзэмших хүсэлт гаргасан нь дээрх хуулийг зөрчсөн гэж дүгнэсэн. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3 дахь хэсэгт хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол энэ хуулийн 498.1, 498.2-т заасан байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болно гэж заасан.

2.3. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасан. Нэхэмжлэгч өөр бусад газар өөрийн эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрх нь нээлттэй байгааг харуулж байна.

2.4. Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт заасны дагуу өмчлөх эрх нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэгдээгүй. Эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ гэж заасан. Дээр дурдсан хуулийн шаардлагыг хэрэгжүүлээгүй байхад аливаа эрхийг шүүх сэргээхгүй. Захиргааны байгууллага, албан тушаалтны улмаас хохирол учирсан гэж үзэх боломжгүй.

2.5. Нэхэмжлэгч хуульд заасан арга хэрэгслээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй. Ц.Цэрэндорж гэх хүн уг газрыг эзэмшдэгийг мэдсээр байж тус гэрчилгээг хүчингүй болгож өөрийн нэр дээр болгуулах хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч газрыг чөлөөлсөн боловч байшингийн материал, эд зүйлс нь байгаа тул өөр газарт өмнөх байдалд нь сэргээж барих эрхтэй. Тиймээс нэхэмжлэгчийн санаатай үйл ажиллагаатай шууд холбоотой хохирол үүссэн нь хууль болон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Иргэдийн төлөөлөгч Н.Батсүхийн дүгнэлтийн агуулга:

Баянзүрх дүүргийн газрын алба алдаа гаргаж иргэдэд газар давхардуулж олгосон буруутай гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргаас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 60,883,938 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Цэвээнхүүд олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 461,730 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 461,730 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1. Эд хөрөнгөд учруулсан хохирол гэх 60,883,938 төгрөг санхүүгийн баримтаар нотлогдоогүй бөгөөд хуульд заасан журмаар улсын бүртгэлд бүртгэгдсэн өмчлөгчгүй, хэн хэзээ, хэрхэн яаж, ямар зардлаар барьсан нь тодорхойгүй нь нотлох баримтуудаар тогтоогдож байгаад анхан шатны шүүх эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

5.2. Нэхэмжлэгч нь хуульд заасан арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүй. Байшин барилгыг өөр байршилд шилжүүлж, эд материалыг нь ашиглаж хуучин байдлыг сэргээж ашиглах боломж бүрэн нээлттэй байхад зөвхөн мөнгөн хэлбэрээр хохирол барагдуулах нэхэмжлэл гаргасан нь дээр дурдсан хуулийн зохицуулалт, баримтуудаар бүрэн үгүйсгэгдэж байна.

5.3. Хохирол нь нэхэмжлэгчийн санаатай үйлдэл, үйл ажиллагаатай шууд холбоотойгоор үүссэн болох нь хууль болон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдсоноор Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3 дахь хэсэгт заасны дагуу байгууллагыг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл бүрдсэн. Гэтэл шүүхээс хохирлыг зайлшгүй төлүүлэх зорилго агуулж, хууль зөрчсөн нэхэмжлэгчийг хариуцлагаас чөлөөлж, хууль зөрчсөн үйлдлийг зөвтгөж буй нь хууль тогтоомжийн үндэслэлийг оновчтой тодорхойлж чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй шийдвэрлэсэн.

5.4. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлүүд холбогдох хууль тогтоомж болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгааг анхаарч эрх зүйн дүгнэлт огт хийгээгүй.

Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

6.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн шаардлагыг хангасан, хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

6.2. Баянзүрх дүүргийн Засаг дарга 2008 оны 276 дугаар захирамж гаргахдаа Х.Цэвээнхүүгийн өмчлөх хүсэлт гаргасан газарт өөр этгээд давхар өмчилж, эзэмшиж буй эсэхийг шалгах үүргийг биелүүлээгүйн улмаас олон жил тус маргаан үргэлжилж байна. Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийн 2 үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлангийн талаар маргадаггүй ба энэ талаар шүүхийн шийдвэрт дурдсан. Үнэлгээний байгууллага тухайн 2 хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээг гаргасан. Нэхэмжлэгч тухайн хөрөнгийг хэдэн төгрөгөөр барьсан талаарх санхүүгийн баримтыг гаргах шаардлагагүй, хамааралгүй.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Х.Цэвээнхүү нь хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гэм хорын хохиролд 60,683,938 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх дараах үйл баримтыг хэрэгт авагдсан баримтын хүрээнд зөв тогтоосон байна.

3.1. Нэхэмжлэгч Х.Цэвээнхүүд Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Чулуун-Овоот АОС 7-8 тоот хаягт байршилтай, 497 м.кв талбайтай газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 276 дугаар захирамжаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0124 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2018/0230 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 256 дугаар тогтоолоор уг захирамжийн Х.Цэвээнхүүд холбогдох хэсэг болон Х.Цэвээнхүүд олгосон газар эзэмших гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Дээрх шийдвэрт Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар Х.Цэвээнхүүд эзэмшүүлсэн газар нь Нийслэлийн Засаг даргын 2005 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 74 дүгээр захирамжаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу Ц.Цэрэндоржид өмчлүүлсэн 590 м.кв талбайтай газартай давхацсан болох нь тогтоогдсон, Х.Цэвээнхүүгийн гаргасан газар эзэмших хүсэлт нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг зөрчсөн, хүсэлтийг Баянзүрх дүүргийн газрын алба хүлээн авч шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсгийг хэрэгжүүлээгүй, хууль зөрчсөн, мөн Б.Өнөгэрэл газрыг 2014 онд Ц.Цэрэндоржоос худалдан авч, өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлсэн хууль ёсны өмчлөгч болохыг тус тус дүгнэжээ.

3.2. Түүнчлэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2019/02543 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1895 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 001/ХТ2021/00413 дугаар тогтоолоор Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Чулуут амины орон сууц 7-8 тоот хаягт байршилтай, 315 м.кв талбайтай газрыг Х.Цэвээнхүү нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэжээ.

3.3. Дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хугацаанд явагдаж, Х.Цэвээнхүү нар нь шүүхийн шийдвэрт заасан газар дээр байрлах 2 хувийн сууц, хашаа, жорлон зэргийг буулган газрыг чөлөөлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байна.

Дээрх үйл баримтын талаар зохигчид маргаагүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.

 

4. Хариуцагч нь нэхэмжлэгчийг бусдын газар гэдгийг мэдсээр байж эзэмших хүсэлт гаргаж хууль зөрчсөнийг шүүхийн шийдвэрт дүгнэсэн, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3 дахь хэсэгт заасны дагуу байгууллагыг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл бүрдсэн гэж маргажээ.

4.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар захиргааны байгууллага, албан тушаалтан нь хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэхийг шүүх тогтоодог тул дээр дурдсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 128/ШШ2018/0124 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Х.Цэвээнхүүгийн гэм бурууг тогтоосон гэж үзэхгүй.

4.2. Нэхэмжлэгч Х.Цэвээнхүүгийн гаргасан газар эзэмших хүсэлт нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт нийцээгүй боловч тухайн хүсэлтийг нягтлан хянаж, шаардлага хангаагүй хүсэлтийг бүртгэлээс хасах чиг үүргээ Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт зааснаар холбогдох газрын алба хэрэгжүүлээгүй болох нь тогтоогдсон.

Нөгөө талаар, Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамж нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т заасан Монгол Улсын иргэнд газар эзэмшүүлэх шийдвэр гаргах Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд гарсан тул уг шийдвэр хууль бус болохыг, мөн шийдвэрээс гарах үр дагаврыг мэдсэн буюу мэдэх боломжтой байсан гэж хүсэлт гаргагч иргэнийг буруутгах үндэслэлгүй.

4.3. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Х.Цэвээнхүүг хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын хууль бус захирамжийн улмаас учирсан хохирлоо Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь зөв байна.

Дээрх үндэслэлээр гаргасан хариуцагчийн татгалзал болон давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

5. Нэхэмжлэгч нь тухайн газарт 2008 онд палкан хийцтэй, шавар, тоосгон өнгөлгөөтэй, 41.43 м.кв талбайтай, нэг давхар өвлийн сууц, цутгамал бетон суурьтай блокон хашаа, дэлгэгддэг төмөр хаалга, явган хүний хаалга, модон бүхээгтэй, 2.4 м.кв хэмжээтэй жорлон, 2009-2010 онд баригдсан палкан хийцтэй, тоосгон өнгөлгөөтэй, 87.08 м.кв талбайтай, хоёр давхар өвлийн сууцыг барьсан, үнэлгээчин зах зээлийн үнийг 60,133,938 төгрөгөөр тогтоосон гэж тайлбарласан ба хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэгдээгүй, байшингийн материал эд зүйлсийг өөр газарт өмнөх байдалд нь сэргээж барих эрх нэхэмжлэгчид байсан гэж маргажээ.

5.1. Хэрэгт авагдсан Брайт пойнт ХХК-ийн сууцны талбайн хэмжилтийн дүгнэлт, Виннэр вэй ХХК-ийн үнэлгээний тайлангаар нэг давхар сууцыг 15,269,027 төгрөг, хоёр давхар сууцыг 43,778,599 төгрөг, хашаа, хаалга, жорлонг 1,086,313 төгрөгөөр тус тус үнэлсэн байх ба эдгээр хохирол хариуцагчийн хууль бус үйлдэлтэй шалтгаант холбоотой эсэхэд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүйг давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй.

5.1.а. Нэхэмжлэгч нь газар дээр баригдсан 2 хувийн сууцын өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй боловч тус маргаан нь өмчлөх эрхтэй холбоогүй, мөн бүртгэл хийлгээгүй нь тухайн иргэний хөрөнгө болохыг үгүйсгэхгүй, хөрөнгөтэй холбоотой хохирол шаардах эрхийг хязгаарлахгүй. Иймээс өмчлөгч бус этгээд хохирол шаардсан гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

5.1.б. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан 2008 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн кадастрын зурагт маргаан бүхий газарт 44.85 м.кв талбай бүхий байшин тусгагдсан, 2008 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хийгдсэн Эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудаст тухайн газар дээрх хашаа, байшинг бүртгэсэн, Баянзүрх дүүргийн Засаг даргад 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан нэхэмжлэгчийн өргөдөлд 2001 онд ... хүнгүй газар хашаа бөглөж буусан, энэ хугацаанд өөрийн гэсэн орох орон байшин барьсан ... гэж дурдсаныг хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 276 дугаар захирамжтай харьцуулан үзэхэд, нэхэмжлэгч нь тус захирамж гарахаас өмнө буюу 2001 оноос эхлэн зөвшөөрөл авалгүй газрыг ашиглахдаа 1 давхар хувийн сууц, хашаа, жорлон барьсан болох нь тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл, уг сууцтай холбоотой хохирол хариуцагчийн үйлдэлтэй холбоогүй.

5.1.в. Харин хоёр давхар сууц дээрх захирамж гарснаас хойш баригдсан болохыг няцаасан баримт хэрэгт авагдаагүй, мөн хариуцагч нь Виннэр вэй ХХК-ийн үнэлгээний тайланд сууцны зах зээлийн үнийг 43,778,599 төгрөгөөр тогтоосныг баримтаар үгүйсгээгүй, байшингийн материал эд зүйлсийг өөр газарт өмнөх байдалд нь сэргээж барих эрх нэхэмжлэгчид байсан гэх татгалзалтай холбоотой нотлох баримт шүүхэд гаргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Хариуцагч нь хохирол санхүүгийн баримтаар нотлогдоогүй, хэн хэзээ, хэрхэн яаж, ямар зардлаар барьсан нь тодорхойгүй гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан ба Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмын дагуу Виннэр вэй ХХК-ийн үнэлгээний тайланд тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг тус тус харгалзан хөрөнгийн аргуудыг хослуулан, хөрөнгийн үнэлгээний стандарт, аргачлалд нийцүүлэн үнэлгээг тодорхойлсон тул холбогдох гомдол мөн үндэслэлгүй.

5.1.г. Түүнчлэн хэрэгт авагдсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баримтуудаар газар дээрх барилгыг буулгаж газрыг чөлөөлсөн болох нь нотлогдож байх тул Виннэр вэй ХХК-ийн үнэлгээ 43,778,599 төгрөгийг Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасан бодит хохиролд тооцох үндэстэй.

5.2. Иймд хариуцагчаас хоёр давхар сууцны зах зээлийн үнэ болох 43,778,599 төгрөг, үнэлгээний ажлын хөлсөнд төлсөн 550,000 төгрөг, нийт 44,328,599 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

5.3. Иргэдийн төлөөлөгч Н.Батсүхийн ... Баянзүрх дүүргийн газрын газар алба алдаа гаргаж иргэдэд газар давхардуулж олгосон буруутай гэх дүгнэлтийг давж заалдах шатны шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзэв.

 

6. Дээрх үндэслэлээр хариуцагчаас 44,328,599 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2023/01755 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргаас 44,328,599 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Цэвээнхүүд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 16,355,339 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын ...56.1... гэснийг 56.2 гэж, ...хариуцагчаас 461,730 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэснийг хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргаас 379,593 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Цэвээнхүүд олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД  Э.ЭНЭБИШ

 

Д.ЗОЛЗАЯА