| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 183/2022/04788/И |
| Дугаар | 210/МА2023/01172 |
| Огноо | 2023-06-12 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 210/МА2023/01172
2023 06 12 210/МА2023/01172
Ж.Амаржаргалын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2023/01089 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Ж.Амаржаргалын нэхэмжлэлтэй
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох
Үл хөдлөх эд хөрөнгийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг болон шинжээч томилох тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхсайхан, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Рилайнс ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Аззаяа, түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 1985 дугаар шийдвэрээр Г.Мөнхтөрөөс 463,497,252 төгрөг гаргуулж Рилайнс ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206022150 дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, International reht хотхон /17025/, Ар зайсангийн гудамж, 90/8 дугаар байр, 1 тоот хаягт байрлах, 303.38 м.кв талбайтай, 7 өрөө орон сууцыг битүүмжлэн, хурааж, улмаар шинжээчээр 1,239,513,295 төгрөгөөр үнэлүүлсэн. Анхны болон хоёр дахь дуудлага худалдаанд оруулж 632,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан байна.
1.2. Шийдвэр гүйцэтгэгч дээрх ажиллагааг явуулахдаа эд хөрөнгийн өмчлөгч Ж.Амаржаргалд огт мэдэгдээгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулаагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 7 дугаар зүйлийн 7.2, 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлээгүй, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу өмчлөгчид мэдэгдэл өгөөгүй.
Өмчлөгч Ж.Амаржаргал нь 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Т.Дэлгэрбаярт шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлөн оролцох итгэмжлэл олгосон байхад түүнд мэдэгдэл өгөх, тайлбар авах, баримт гаргуулах зэрэг ажиллагааг хийгээгүй.
Үүний улмаас нэхэмжлэгч Ж.Амаржаргал эд хөрөнгийн үнийн санал өгч чадаагүй бөгөөд энэхүү ажиллагаанаас эхлэн түүний эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж байгаа тул анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгож, шинжээч томилсон тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 1985 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1790 дугаар магадлалаар Г.Мөнхтөрөөс 463,427,052 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 2,475,085 төгрөг, Ж.Амаржаргалаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг тус тус гаргуулж Рилайнс ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.
2.2. Дээрх шийдвэрийн дагуу гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч үүргээ биелүүлээгүй тул төлбөр төлөгч Г.Мөнхтөрийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ж.Амаржаргалын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206022150 дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, International reht хотхон /17025/, Ар зайсангийн гудамж, 90/8 дугаар байр, 1 тоот хаягт байрлах, 303.38 м.кв талбайтай, 7 өрөө орон сууцыг 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 22410097/02 дугаар тогтоолоор битүүмжилж, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 22410097/03 дугаар тогтоолоор хураан авч, тогтоолын хувийг төлбөр төлөгчид гардуулан өгч тэмдэглэл хөтөлсөн.
2.3. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас үнийн санал авахаар 4-97/13315, 4-97/13477 дугаар мэдэгдлүүдийг Ж.Амаржаргалын шүүхэд мэдүүлсэн Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, Грийн хаус АОС, 37в тоот хаягаар, 4-97/13314, 4-97/13478 дугаар мэдэгдлүүдийг Г.Мөнхтөрийн тайлбарт өгсөн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 38 дугаар байр, 130 тоот хаягаар тус тус мэдэгдсэн.
Төлбөр төлөгч Г.Мөнхтөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Базаррагчаа 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр тухайн орон сууцыг 606,760,000 төгрөгөөр үнэлж, уг орон сууцыг төлбөр авагчид санал болгох хүсэлт ирүүлсэн. Төлбөр авагч Рилайнс ББСБ ХХК зах зээлийн үнийг шинжээчээр тогтоолгох хүсэлт гаргасан. Иймд шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 7-198 дугаар тогтоолоор хөрөнгийн үнэлгээчин Г.Отгонбаярыг томилсон бөгөөд 1,239,513,295 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний мэдэгдлийг 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 4-97/13983, 4-97/13982 дугаар мэдэгдлүүдээр төлбөр төлөгч Г.Мөнхтөр, Ж.Амаржаргал нарын оршин суух хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн бөгөөд энэ талаар тэмдэглэл хөтлөн баталгаажуулсан.
2.4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай саналтай эсэхийг төлбөр төлөгч Г.Мөнхтөр, Ж.Амаржаргал нарт мэдэгдэхэд санал ирүүлээгүй тул орон сууцыг шинжээчийн тогтоосон зах зээлийн үнэ болох 1,239,513,295 төгрөгийн 70 хувь буюу 867,659,306 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 4-97/15127 дугаар мэдэгдлийг Ж.Амаржаргалын оршин суух хаягийн дагуу баталгаат шуудангаар, Г.Мөнхтөрийн болон төлбөр авагч Рилайнс ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт биечлэн гардуулсан. 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд зарласан боловч үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй.
2.5. Төлбөр төлөгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт хоёр дахь дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлүүдийг ирж авах талаар мэдэгдсэн боловч аваагүй тул 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 4/17224, 4-97/17225 дугаар мэдэгдлүүдийг тус тусын оршин суух хаягийн дагуу баталгаат шуудангаар хүргүүлсэн. Төлбөр авагчид биечлэн гардуулж тэмдэглэл хөтлөн баталгаажуулсан. 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаагаар оруулахад 632,000,000 төгрөгөөр худалдан борлогдож, Е.Энхбаяр дуудлага худалдааны ялагчаар тодорсон.
Төлбөр төлөгч Г.Мөнхтөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид дээрх үл хөдлөх хөрөнгийг худалдан борлогдсоныг 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 4-97/18534 дугаар мэдэгдлийг биечлэн гардуулж, мөн өмчлөгч Ж.Амаржаргалын оршин суух хаягаар 4-97/18535 дугаар мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:
3.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хуульд заасан журмын дагуу эд хөрөнгийн үнийн санал ирүүлэх тухай, мэдэгдэл хүргүүлэх тухай хэд хэдэн албан бичгийг шуудангаар болон утсаар мэдэгдсэн нь хавтаст хэрэгт авагдсан бөгөөд Ж.Амаржаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дэлгэрбаярт 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хоёр дахь дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг хэрхэн авах талаар тодруулж утсаар холбогдоход очиж авна гэсэн хариу өгсөн. Гэтэл нэхэмжлэгч Ж.Амаржаргал нь надад огт мэдэгдээгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд намайг огт оролцуулаагүй хэмээн дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар маргаж байгаа нь үндэслэлгүй.
3.2. Ж.Амаржаргал нь үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийн дагуу санал хүсэлтээ ирүүлээгүй.
Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14, 22 дугаар зүйлийн 22.1, 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4, 66 дугаар зүйлийн 66.3, 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг тус тус баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 7/198 дугаар шинжээч томилох тухай тогтоолыг болон үл хөдлөх эд хөрөнгийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ж.Амаржаргалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Амаржаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210.600 төгрөгийг улсын орлогод үлдээж,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШЗ2022/18013 дугаар Хүсэлт хянан шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
5.1. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгийн өмчлөгч Ж.Амаржаргал нь өөрийн эрх ашиг, эрх, үүргийг хангахын тулд Т.Дэлгэрбаярт 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох итгэмжлэл олгосон.
Шийдвэр гүйцэтгэгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 14 дүгээр зүйлийн 14.1, 13 дугаар зүйлийн 13.1 дэх заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлээгүй.
2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн мэдэгдлийг хүргүүлэхдээ хуулийн шат дараалсан арга хэмжээг авч, боломжгүй тохиолдолд баталгаат шуудангаар хүргүүлэхээр хуульд заасан байхад итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дэлгэрбаяр, өмчлөгч Ж.Амаржаргал нарт гар утсаар мэдэгдэх, дуудан ирүүлэх ажиллагаа огт хийгээгүй талаар шүүгч хууль зүйн дүгнэлт өгөөгүй, шүүгч шуудангаар явуулсан байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.
5.2. Үнийн санал өгөх, үнэлгээ танилцуулах мэдэгдэл зэрэг нь шуудангаар буцаагдаад байхад 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны мэдэгдэл, тогтоолуудыг Т.Дэлгэрбаяр, өмчлөгч Ж.Амаржаргал нарыг дуудан ирүүлээгүй, биечлэн хүргүүлэх, гар утас ашиглах үүргээ шийдвэр гүйцэтгэгч хэрэгжүүлээгүй. Шийдвэр гүйцэтгэгч зөвхөн Ж.Амаржаргалд урьд нь шуудангаар хүргүүлсэн мэдэгдлүүд нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад буцаад ирж байгааг мэдсээр байж дахин дахин шуудангаар явуулсан нь мэдэгдлийг хүргүүлэхгүй гэсэн зорилго агуулсан гэж үзэхээр байна.
5.3. Шүүгч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 97 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч ээлжийн амралттай байх хугацаанд 221 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч ажиллагаа явуулж шинжээч томилсон нь харьяалал зөрчөөгүй гэж дүгнэсэн. Энэ тохиолдолд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн албан даалгавраар явуулах боломжтой байсан. 97 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч ээлжийн амралт авсан талаарх амралтын хуудас, мөн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 221 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчид олгосон албан даалгавар зэрэг нь хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөөгүй, харьяалал зөрчөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
6.1. Шийдвэр гүйцэтгэгч нь 89086097 дугаараас Ж.Амаржаргалын гэр бүлийн хүн болох У.Баярмагнайгийн 99119282 дугаарт холбогдоход нэхэмжлэгчийн 99110909 гэх дугаарыг өгсөн. Энэ дугаараар Ж.Амаржаргалтай холбогдоход хөдөө орон нутагт байгаа учраас хот орохоороо очиж уулзъя гэх тайлбарыг хэлсэн. Мөн итгэмжлэлд дурдсан итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дэлгэрбаярын 91910697 дугаарт залгахад тийм хүн байхгүй гэсэн. Харин Т.Дэлгэрбаярын 99110914 дугаарт залгаж, дуудлага худалдааны талаар мэдэгдлийг ирж авахыг мэдэгдэхэд өөрөө ирж авна гээд ирээгүй тул оршин суух хаягаар нь баталгаат шуудангаар хүргүүлсэн. Мөн нэхэмжлэгч Ж.Амаржаргалын оршин суух хаягаар хоёр дахь дуудлага худалдааны тогтоол, мэдэгдлийг шуудангаар хүргүүлж баталгаажуулсан.
6.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар жил бүр 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхэлж нийтээрээ амардаг. Шийдвэр гүйцэтгэгч Н.Байгальтуяа шинжээч томилох тогтоол үйлдсэн бөгөөд бусад ажиллагааг би өөрөө хариуцаж хийсэн. Иймд харьяалал зөрчсөн талаарх асуудал үүсээгүй гэжээ.
7. Давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбарын агуулга:
7.1. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангах ажиллагаа явагдаж байна. Өмчлөгч Ж.Амаржаргалыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна. Энэ нь анхан шатны шүүхийн шийдвэр бодитой хэрэгжих болон нэгэнт барьцааны зүйлээ тавьсан учраас үүргээ биелүүлэх ёстой. Нэхэмжлэгч нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан оролцож, өмч хөрөнгөө бодитой тогтоох үүргээ биелүүлээгүй байна. Уг мэдэгдлийг утсаар мэдэгдсэн бөгөөд баримт нь хэрэгт нотлох баримтаар авагдсан. Мөн шинжээч томилсон тогтоолд Шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу гомдол гаргаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль нь журмын шинжтэй бөгөөд тодорхой хугацаатай байдаг.
7.2. Мөн төрийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах ёстой учраас ээлжийн амралттай байх хугацаанд нь өөр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна. Мөн анхны дуудлага худалдаанд гомдол гаргаагүй бөгөөд хоёр дахь дуудлага худалдаанд гомдол гаргасан байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Ж.Амаржаргал нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн анхны болон хоёр дахь дуудлага худалдааг болон шинжээч томилох тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2021/01985 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1790 дугаар магадлалаар Г.Мөнхтөрөөс 463,427,052 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 2,475,085 төгрөг, Ж.Амаржаргалаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг тус тус гаргуулан Рилайнс ББСБ ХХК-д олгож, Г.Мөнхтөр шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох Ж.Амаржаргалын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206022150 дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж, 90/8 дугаар байр, 1 тоот хаягт байрлах, 303,38 м.кв талбайтай, 7 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.
3.2. Мөн шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 183/ГХ2019/00326 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, шүүхийн шийдвэрт заасан орон сууцыг 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 22410097/02 дугаар тогтоолоор битүүмжилж, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 22410097/03 дугаар тогтоолоор хураасан бөгөөд талууд эдгээр ажиллагааны талаар гомдол гаргаагүй, хүчин төгөлдөр болсон байна.
4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өмчлөгч Ж.Амаржаргалыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулаагүй, түүнд болон итгэмжлэгдсэн төлөөлөгчид ажиллагааны талаар мэдэгдээгүй гэж тайлбарласныг хариуцагч татгалзаж, хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан гэж маргажээ.
4.1.Хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримтуудыг анхан шатны шүүх хуульд заасан журмын дагуу үнэлж, дор дурдсан үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:
4.1.а. Төлбөр төлбөгч Г.Мөнхтөр орон сууцыг 606,760,000 төгрөгөөр үнэлэх, төлбөр авагч Рилайнс ББСБ ХХК шинжээчээр үнэлүүлэх саналыг тус тус хариуцагчид хүргүүлсэн.
Харин өмчлөгч Ж.Амаржаргалд орон сууцны үнийн санал ирүүлэх талаар 2022 оны 07 дугаар сарын 01, 06-ны өдрийн 4-97/13315, 4-97/13477 дугаар мэдэгдлүүдийг тус тус шуудангаар хүргүүлсэн ба өмчлөгчөөс үнийн санал ирүүлээгүй.
Улмаар шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 7/198 дугаар тогтоолоор Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Отгонбаярыг шинжээчээр томилжээ.
4.1.б. Шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн үнэлгээний тайланд орон сууцны зах зээлийн үнэлгээг 1,239,513,295 төгрөгөөр тогтоосон ба энэ талаар талуудад шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 4-97/13982, 4-97/13983, 4-97/13984 дугаар мэдэгдлүүдийг шуудангаар хүргүүлсэн.
4.1.в. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 9/1 дугаар тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр явуулахаар тогтоож, талуудад 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 4-97/15125, 4-97/15126, 4-97/15127 дугаар мэдэгдлүүдийг шуудангаар хүргүүлсэн.
4.1.г. Анхны албадан дуудлага худалдаагаар орон сууцанд санал ирээгүй бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 10/1 дугаар тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааг 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр явуулахаар тогтоож, талуудад 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 4-97/17223, 4-97/17224, 4-97/17225 дугаар мэдэгдлүүдийг шуудангаар хүргүүлсэн, мөн Ж.Амаржаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгчид 99110914 дугаарын утсаар 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр мэдэгдэж тэмдэглэл үйлдсэн байна.
4.1.д. Хоёр дахь албадан дуудлага худалдаагаар орон сууцанд 2 санал ирүүлснээс оролцогч Е.Энхбаяр 632,000,000 төгрөгөөр худалдан авах эрхтэй болсон байна.
Улмаар шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 4-97/18534, 4-97/18535, 4-97/18536 дугаар мэдэгдлүүдийг талуудад хүргүүлж, албадан дуудлага худалдаагаар орон сууц худалдан борлогдсоныг мэдэгдэж, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дотор төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд дуудлага худалдааны ялагчид өмчлөх эрх үүсэхгүй болохыг тайлбарласан байна.
4.2. Нэхэмжлэгчид дээрх ажиллагаануудын талаар тухай бүр хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн гэх хариуцагчийн тайлбар дор дурдсанаар үндэслэлтэй байна.
4.2.а. Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсний дараа 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төрийн байгууллагын системд бүртгэгдсэн мэдээлэлд үндэслэн Ж.Амаржаргалын нөхөр У.Баярмагнайгийн 99119282 дугаарын утсаар холбогдож авсан 99110909 дугаарын утсаар төлбөр төлөгч Ж.Амаржаргалд ажиллагааны талаар мэдэгдсэн боловч ирээгүй гэж тайлбарласан ба шүүхийн журмаар гаргуулсан Юнител ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 05-01/1400 дугаар лавлагааны хавсралтад 89086097 дугаараас 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 99119282 дугаарт 20 секунд, 99110909 дугаарт 77 секундын хугацаагаар тус тус ярьсан талаар бүртгэгдсэн байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн дээрх тайлбар, нотлох баримтыг үгүйсгэж няцаагаагүй.
Иймээс хариуцагчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид мэдэгдэх хуудсыг утсаар мэдэгдсэн гэж үзнэ.
4.2.б. Гүйцэтгэх баримт бичигт тусгагдсанаар төлбөр төлөгч Ж.Амаржаргалын хаяг Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, Грийн хаус АОС 37в тоот байх ба дээр дурдсан шийдвэр гүйцэтгэгчийн 4-97/13315, 4-97/13477, 4-97/13982, 4-97/15127, 4-97/17225, 4-97/18535 дугаар мэдэгдлүүдэд уг хаягийг заасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4 дэх хэсэгт нийцсэн.
Мөн мэдэгдлүүдэд Монгол шуудан ХК-ийн хүлээн авсан огноо бүхий тэмдэг дарагдсан байх ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасан мэдэгдэх хуудсыг баталгаат шуудангаар мэдэгдэх зохицуулалтад нийцсэн байна.
4.2.в. Шийдвэр гүйцэтгэгч 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төлбөр төлөгч Ж.Амаржаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дэлгэрбаярт дуудлага худалдааны мэдэгдлийг авах талаар 99110914 дугаарын утсаар мэдэгдсэн гэх тэмдэглэл үндэслэлтэй. Дээр дурдсан Юнител ХХК-ийн лавлагаанд 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 89086097 дугаараас 91910697 дугаарт залгасан, 99110914 дугаарт 99 секундын хугацаагаар ярьсан талаар бүртгэгдсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон давж заалдах гомдолд дурдсан Шийдвэр гүйцэтгэгч ажиллагааг явуулахдаа өмчлөгч Ж.Амаржаргалд огт мэдэгдээгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулаагүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дэлгэрбаярт мэдэгдэл өгөх, тайлбар авах, баримт гаргуулах зэрэг ажиллагааг хийгээгүй гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.
4.2.г. Монгол шуудан ХК-аас 2022 оны 07 дугаар сарын 01, 06-ны өдрийн 4-97/13315, 4-97/13477 дугаар мэдэгдлүүдийг буцаасан баримт хэрэгт авагдсан ба хаягаар очиход эзгүй, хөдөө явсан сарын дараа ирнэ, буцаа гэсэн тул буцаав гэсэн тэмдэглэгээ бүхий магадлагаа үйлдсэнээс үзвэл, Ж.Амаржаргал нь шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудсын талаар мэдсэн атлаа гардаж аваагүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэл буцаагдсаныг мэдсээр байж дахин шуудангаар явуулсан нь мэдэгдлийг хүргүүлэхгүй гэсэн зорилго агуулсан, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дэлгэрбаяр, өмчлөгч Ж.Амаржаргал нарыг дуудан ирүүлээгүй, биечлэн хүргүүлэх, гар утас ашиглах үүргээ хэрэгжүүлээгүй гэх гомдол үндэслэлгүй. Учир нь, өмнөх мэдэгдэл шуудангийн байгууллагаас буцаагдсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар дараагийн мэдэгдлийг хүргүүлэхгүй байх үндэслэл болохгүй.
Мөн гүйцэтгэх баримт бичигт Ж.Амаржаргалын утасны дугаар тусгагдаагүйгээс гадна Ж.Амаржаргал утасны дугаараа итгэмжлэлд бичээгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн буруу дугаар тусгасан зэрэг нь хариуцагчийн үйл ажиллагаатай холбоогүй болно.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч Ж.Амаржаргал нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тал бөгөөд оршин суух хаягаа өөрчилсөн бол мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт заасан шийдвэр гүйцэтгэгчид даруй мэдэгдэх үүрэгтэй тул үүнд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.
5. Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдлоо шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 4-97/13982 дугаар мэдэгдлийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаагүй тул гомдол гаргах эрхээ алдсан байна. Иймээс Шийдвэр гүйцэтгэгч харьяалал зөрчиж шинжээч томилох ажиллагаа явуулсан гэх агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.
Түүнчлэн шийдвэр гүйцэтгэгчээс хүргүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 4-97/15127 дугаар мэдэгдлийг, хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 4-97/17225 дугаар мэдэгдлийг тус тус хүлээн авсан атлаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт заасан журмын дагуу ахлах болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хуулиар тогтоосон 7 хоногийн хугацаанд гомдол гаргаагүй тул эдгээр ажиллагаа нь тухай бүрдээ хүчин төгөлдөр болжээ.
Тодруулбал, нэхэмжлэгч нь шүүхэд 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд, 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд тус тус гомдол гаргасан нь үндэслэлгүй болно.
6. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэгч Ж.Амаржаргалын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй. Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн шаардах эрхийн талаарх хуулийн зохицуулалтыг оновчтой баримтлаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2023/01089 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14, 22 дугаар зүйлийн 22.1, 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4, 66 дугаар зүйлийн 66.3, 122 дугаар зүйлийн 122.5-д ... гэсний ...14, 22 дугаар зүйлийн 22.1, ...44.3, ... 66 дугаар зүйлийн 66.3, 122 дугаар зүйлийн 122.5... гэснийг тус тус хасаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Амаржаргалаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Д.ЗОЛЗАЯА