Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 264

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сум, Магсаржав баг, 1 р гудамж, 36 тоотод оршин суух, 1965 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, ПЭ65091808 тоот регистрийн дугаартай, Аатынхан овогт Дэнсээгийн Алтантуяагийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Алтантуяа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн дунд сургуулийг 1981 оны 06 дугаар сард төгсөөд тус сумын Давшилт нэгдлийн үйлдвэр бригадын фермд саальчнаар томилогдон 1991 он хүртэл ажилласан.

Одоо өндөр насны тэтгэвэрт гаргах гэсэн боловч тус сумын архив шатсаны улмаас миний ажиллаж байсан талаарх тушаал, баримтууд олдохгүй байгаа тул шүүхэд хандаад байна.

Иймд Д.Алтантуяа миний 1981-1991 он хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн үйлдвэр бригадын фермд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Алтантуяа хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байх тул шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар хэргийг нэхэмжлэгч Д.Алтантуяагийн эзгүйд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.Алтантуяа нь 1981-1991 он хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн үйлдвэр бригадын фермд саальчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан ба хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгаас ирүүлсэн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 750 дугаартай албан бичигт Мянгад сумын Үйлдвэр бригадын 1981-1989 оны 70 дугаар данс байхгүй тул Дэнсээ овогтой Алтантуяад лавлагаа олгох боломжгүй болно гэжээ.

-Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 02/81 тоот албан бичигт иргэн Дэнсээ овогтой Алтантуяа нь 1965 онд төрсөн, ам бүл-5, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг. Д.Алтантуяа нь 1981 оноос эхлэн 1990 он хүртэл тус сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан болно. Д.Алтантуяагийн ажиллаж байсан хугацааны баримтууд архив шатсаны улмаас олдохгүй байгаа болно. Тус сумын архив 1998 онд шатсан болохыг тодорхойлов гэжээ,

-Д.Алтантуяагийн 1981-1990 оны 10 дугаар сар хүртэл ажиллаж байсан талаар бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-1988 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Аймгийн хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны баярын бичиг,

-1990-2000 он дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тэмдэглэлийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Гэрч Д.Баянтөрийн Д.Алтантуяа нь надтай хамт нэг ангид сурч байгаад 1981 онд эвлэлийн илгээлтээр гараад Мянгад сумын нэгдэл тарах хүртэл мал маллаж байсан. Түүнээс хойш одоог хүртэл хөдөө хувиараа мал малладаг. Би 1981 онд тус суманд 8 дугаар ангийг төгсөөд эвлэлийн илгээлтээр гараад 1983 онд цэргийн албанд яваад 1986 онд халагдаж ирээд түүнээс хойш 1991 оныг хүртэл мал маллаж байгаад 1992 онд аймгийн төвд орж ирсэн. Д.Алтантуяа нь ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн шагнал урамшуулал авч байсан талаар сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг,

-Гэрч О.Чулууны Д.Алтантуяа нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд саальчнаар 1981-1991 онуудад ажиллаж байгаад, түүнээс хойш Давшилт нэгдэлд түрээсийн малчин байсан. Би Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн нягтлан бодогчоор, мөн туслах нягтлангаар 1978-1991 оныг хүртэл, түүнээс хойш Давшилт компанид брокероор тус тус ажиллаж байсан. Алтантуяа нь ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн шагнал урамшуулал авч байсан талаар сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

Хүсэлт гаргагч Д.Алтантуяа нь 1981-1991 он хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн үйлдвэр бригадын фермд саальчнаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хүсэлт гаргагч Д.Алтантуяа нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулиар 1990-1991 оныг дуусталх хугацааг нөхөн тооцуулсан байх боловч Д.Алтантуяа нь 1990-1991 он хүртэлх хугацаанд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд саальчнаар ажиллаж байснаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан байх тул хэрэгт авагдсан баримтуудыг үнэлэн Д.Алтантуяагийн 1990-1991 он хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

Хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч Д.Алтантуяагийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Аатынхан овогт Дэнсээгийн Алтантуяаг 1981-1991 он хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн үйлдвэр бригадын фермд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч Д.Алтантуяагийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.МАРИНА