Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 167

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Удаанжаргалыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “4” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Б

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар

Гуравдагч этгээд: “М” ХХК, “К” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “...”М” ХХК-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-**********043, Ү-**********067, Ү-**********251, Ү-**********148 дугаарт бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *********551, ********611, *********236, *********212 дугаартай  гэрчилгээнүүдийг хүчингүй болгож, Х дүүргийн ** дүгээр хороо, Згийн тойруу, “***” хотхоны 0000 байрны зоорийн давхрын 00,000,0000,00000 тоот авто зогсоолуудын өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, авто зогсоолуудыг иргэн Б.Бгийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах”

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц, гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С, гуравдагч этгээд “К” ХХК-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Я, Г.Ч нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Б.Б 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн Б.Б нь 2009 оны 07 дугаар сарын 29-ний өдөр “М” ХХК-тай автомашины зогсоол захиалгаар бариулах гэрээгээр Х дүүргийн ** хороо, “***” хотхон, 0000 байрны 0,00,000,0000 тоот нийт 4 авто зогсоолыг захиалж, төлбөрт тус бүр нь 5.000.000 төгрөг буюу нийт 20.000.000 төгрөгийг 2009 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 15.000.000 төгрөг, 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 5.000.000 төгрөг бүрэн төлж барагдуулсан. 

Ийнхүү гэрээний дагуу “М” ХХК-иас авто зогсоолын өмчлөх эрхийг хууль ёсны өмчлөгчийн нэр дээр бүртгүүлэхийг удаа дараа шаардсаар ирсэн боловч тус компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Б, Х, С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Х дүүрэг, ** дүгээр хороо, “***” хотхоны 0000 байрны зоорийн давхрын 0,00,000,0000 тоот авто зогсоолуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч “М” ХХК нь уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн бөгөөд тус шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 102/Ш2016/01745 дугаар шүүгчийн захирамжаар авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр Б.Бг тогтоосон юм. 

Дээрх шүүгчийн захирамжийг үндэслэн авто зогсоолын өмчлөх эрхийг Б.Бгийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэхээр Х дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт хандсан боловч уг зогсоолын өмчлөгчөөр "М" ХХК бүртгэгдсэн, Кны барьцаанд бүртгэлтэй, мөн өмчлөх эрхийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн тул бүртгэх боломжгүй гэх үндэслэлээр хууль ёсны өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан.

Миний бие уг хариуг авсны дагуу Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт гомдол гаргасан бөгөөд тус байгууллагаас 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 12/5514 тоот албан бичгээр “...Х дүүргийн бүртгэлийн хэлтэс нь таны 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гаргасан мэдүүлгийг бүртгэхээс татгалзаж, буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй байна” гээд Кинд хүсэлт гаргаж, өөрийн өмчийг салгаж бүртгүүлэх зөвшөөрөл авч хавсаргасан мэдүүлэг дахин гаргана уу гэх хариу өгч, намайг авто зогсоолын өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Зүй нь Х дүүргийн ** дүгээр хороо, “***” хотхоны 0000 байрны зоорийн давхрын 0,00,000,0000 тоот авто зогсоолууд нь иргэн Б.Б миний өмч хөрөнгөөр бий болсон байхад “М" ХХК нь тэдгээрийн өмчлөх эрхийг хууль бусаар өөрийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлж, хууль ёсны өмчлөгч болох Б.Б надад огт мэдэгдэж, зөвшөөрөл авалгүйгээр Ктай 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/208 тоот зээлийн барьцааны гэрээ, Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээг байгуулан, надад огт хамааралгүй зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан нь миний эрх ашгийг ноцтой хохироосон үйлдэл юм. Гэтэл Х дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасаг нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1 дэх хэсэгт заасныг зөрчиж, “М" ХХК нь тухайн авто зогсоолыг өмчлөх эрхтэй эсэхийг нягтлан шалгалгүйгээр улсын бүртгэлд бүртгэсэн нь мөн хуулийн 7 дугаар зүйлд заасан “эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх” шаардлагыг ноцтой зөрчсөн байна. 

Түүнчлэн К нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар зээлийн барьцаалсан эд хөрөнгө нь хуулиар хориглоогүй бөгөөд иргэн, хуулийн этгээдийн өөрийн хөрөнгөөр баригдсан орон сууц, үл хөдлөх эд хөрөнгө, түргэн борлогдох бараа материал, үнэт эдлэл, үнэт цаас болон зээлдүүлэгчээс хүлээн зөвшөөрсөн бусад хөрөнгө байж болно. 

Зээлийн барьцаанд бариулах үл хөдлөх эд хөрөнгө нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байна. Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолтод иргэн, хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг зээлдүүлэгч банк, эрх бүхий хүмүүсээс газар дээр нь очиж, нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна. Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2 дахь хэсэгт барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх үүрэгтэй гэж заасныг тус тус зөрчиж, хууль ёсны өмчлөгч Б.Б миний зөвшөөрөлгүйгээр, миний өмч хөрөнгөөр бий болсон үл хөдлөх хөрөнгүүдийг надад огт хамааралгүй зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан байх тул миний зүгээс өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд тус банкнаас зөвшөөрөл авах шаардлагагүй юм. 

Тиймээс дээрх авто зогсоолуудын өмчлөгчөөр иргэн Б.Бг улсын бүртгэлд бүртгэснээр Кны эрх, ашиг сонирхол зөрчигдөхгүй бөгөөд эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасан “...эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох этгээд гэдэгт К хамаарахгүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хоёр. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Х дүүргийн ** дүгээр хороо, “Х” цогцолбор /17021/, Згийн тойруу, 0000 дүгээр байрны зоорийн давхарын 0,00,000,0000 тоот авто зогсоолуудын холбогдох нотлох баримтыг үндэслэн 90%-ийн гүйцэтгэлтэйгээр 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “М” ХХК /РД:2714728/-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-**********043, Y-2206014067, Y-2206014251, Y-2206014148 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн *********212, *********236, *********551, ********611 тоот гэрчилгээнүүдийг олгосон.

2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Т07/141, 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141, 2010 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Т07/141, 2010 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Т07/141 тоот Ктай байгуулсан барьцаат зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтүүд тус тус бүртгэлтэй байна.

Х дүүргийн шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 28 -ны өдрийн 124 дүгээр захирамжаар “М” ХХК-ийн эд хөрөнгийг битүүмжилж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2/16085 тоот албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д “Улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох”, 18.1.10-т “Улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийхийг хориглоно” гэж тус тус заасан байдаг. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” хэмээн заасан байдаг. “М” ХХК нь тухайн үл хөдлөх хөрөнгүүдээ барьцаалан Кнаас зээл авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээ нь өнөөдрийн байдлаар албан ёсоор дуусгавар болоогүй байна. Иймд барьцаалагчийн зөвшөөрөлгүй тухайн үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэх боломжгүй байна. Иргэн Б.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гурав. Гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Б.Б нь хэд хэдэн авто зогсоолуудыг худалдаж авсан. Маргаан бүхий 4 авто зогсоолоос бусад авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээнүүд нь гарсан. "М" ХХК нь Ктай зээлийн гэрээ байгуулж, 2007 оноос хойш одоог хүртэл зээлийн төлбөрийн төлж байгаа. Эдийн засгийн байдал, төлбөрийн чадваргүй болсны улмаас Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 1,9 тэрбум төгрөгийн төлбөрийг төлөх шийдвэрүүд гарсан. Кны зээлийн мөнгийг тухайн орон сууцны хотхонд зарцуулсан. Мөн иргэдтэй орон сууц захиалгаар барих, авто зогсоол захиалгаар барих гэрээнүүдийг байгуулж, төлбөрийг нь авч, мөн л тухайн орон сууцны хотхон барих ажилдаа зарцуулсан. Нийт 45 орчим тэрбум төгрөгөөр уг орон сууцыг барьж дуусгасан. Ингээд 2010 оны 12 дугаар сард улсын комисс хүлээн авч, ашиглалтад орсон боловч өмнө нь 2009 оны 10 дугаар сард дулаанаа авч 12 дугаар сараас эхлэн айлууд нь байрандаа нүүж орсон. Иргэдтэй 2007 оноос эхлэн гэрээ байгуулсан бөгөөд төлбөрийг нь дансаар болон бэлнээр авч байсан. Ганцхан Кнаас авсан зээлийн мөнгөөр орон сууцыг барьсан гэдэг бол өрөөсгөл ойлголт юм. Зээл олгосны дараагийн сараас эхлэн зээлийн төлбөр хүүгээ банк шаардаж эхэлдэг. К болон иргэдтэй байгуулсан гэрээний мөнгөөр тухайн барилгыг босгосон. Б.Бд мэдэгдэлгүйгээр Кны зээлийн барьцаанд тавьсан нь “М” ХХК-ийн буруутай ажиллагаа юм. Иймд "М" ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна” гэв. 

Дөрөв. Гуравдагч этгээд “К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч        С.Я, Г.Ч нар 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мэдүүлэг гаргаж байх үеийн үйл баримтыг үндэслэж хариуцагч байгууллагаас шийдвэр гаргасан гэж ойлгож байна. Мэдүүлэг гаргах үед барьцаа нь бүртгэлтэй байсан. Б.Б мэдүүлэг гаргаад хүрээд ирэхэд улсын бүртгэлийн байгууллага нь барьцааны бүртгэл хүчинтэй байгаа учраас бүртгэх боломжгүй гэсэн хариуг өгдөг. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасны дагуу шүүгчийн захирамж байгаа учраас өмчлөгчийг өөрчилж бүртгэх ёстой гэж нэхэмжлэгч тал тайлбарладаг. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээс 3 дахь хэсэгт заасан үндэслэлүүд нь 19.2 дахь заалттай хамааралтай байдаг. Шүүхийн шийдвэрийн үндсэн дээр эрхийн улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулахаар болвол эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасны дагуу нэмэлт өөрчлөлт гэх утгаараа холбогдох зөвшөөрлийг авах ёстой гэж үзэж байна. Мэдүүлэг гаргах үеийн үйл баримтыг дахин шинжлэн судлаад өөрчлөх боломж байхгүй. 2016 онд мэдүүлэг гаргах өдрийн байдлаар барьцааны гэрээ хүчинтэй эсэх асуудлыг улсын бүртгэлийн байгууллагаас дүгнэх ямар ч боломжгүй юм. Тиймээс Б.Бг бүртгэхээс татгалзсан үйлдэл нь хууль зүйн үндэслэлтэй байна. Б.Бгийн хувьд өмнө нь хэнтэй ямар гэрээ байгуулж, ямар асуудал үүсэн яаж шүүгчийн захирамж гаргасныг мэдэх боломжгүй байсан. 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлагын хувьд тухайн гэрчилгээ буюу захиргааны акт гарах өдрийн үйл баримтаар өмчлөх эрх нь нэхэмжлэгчид үүссэн гэж үзэхгүй. Учир нь улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, гэрчилгээг авахад "М" ХХК-ийн өмч гэж мэдүүлсэн байдаг. Өмнө 55 хувийн гүйцэтгэлтэйгээр бүртгүүлэхдээ тухайн барилгын газрын гэрчилгээ болон бусад баримтуудыг мэдүүлэгтээ хавсаргасан. Дараа нь 90 хувийн гүйцэтгэлтэйгээр бүртгүүлэхдээ мөн л "М" ХХК-ийн өмч гэж мэдүүлгээ гаргасан. Улсын бүртгэлийн байгууллагаас бүртгэлийг хийхдээ Б.Б эсвэл өөр хүнийг хайгаад явах чиг үүргийг хүлээхгүй. Тиймээс 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн гэрчилгээг хуульд заасан журмаар гаргасан. Дээрх гэрчилгээ нь зөвхөн тухайн өдрийн мэдүүлэгт хавсаргасан баримтаар биш өмнөх 55 хувийн гүйцэтгэлтэйгээр бүртгүүлсэн баримтуудад үндэслэж гарсан байдаг. Өөрөөр хэлбэл өмнөх гэрчилгээ нь дараагийн шийдвэрийг гаргахад тодорхой үндэслэл болсон. 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс өмнө болон мэдүүлэг гаргах хүртэлх хугацаанд Б.Бтай холбоотой мэдээлэл улсын бүртгэлийн байгууллагад ирээгүй. Тиймээс улсын бүртгэлийн байгууллагаас дээрх бүртгэлийг хийхдээ "М" ХХК-ийн цаана өөр нэг иргэн өмчлөгч нь байна гэж мэдэх ямар ч боломжгүй юм. Тэгэхээр улсын бүртгэлийн байгууллагын буруутай үйл ажиллагаа огт байхгүй гэж бодож байна. 

Бүртгэл болон гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр "М" ХХК-ийн нэр дээр 90%-ийн гүйцэтгэлтэй улсын бүртгэлийн гэрчилгээг өмчлөгч бус этгээдийн нэр дээр гаргасан, Б.Б нь өмчлөгч байсан гэж тайлбарладаг. Мөн улсын бүртгэлийн байгууллага нь чиг үүргийнхээ хүрээнд хяналт шалгалт хийсэнгүй, захиалагч нарын мэдээллийг аваагүй журам зөрчсөн, өмчлөгч гэдгийг баттай нотолсон баримт байхгүй байхад бүртгэсэн гэж нэхэмжлэгч тал тайлбарладаг. Өмчлөгч гэдгийг баттай нотолсон баримт байхгүй талаар яг нотолж хэлэхгүй байгаа. Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.5.1, 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэгт өмчлөгч этгээдийг баттай нотолсон баримтын талаарх зохицуулалт байдаг. Улсын дээд шүүхийн 45 дугаар тогтоолын 7 болон 8 дахь хэсэгт эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй болсон баримт бичиг гэдэгт уг хуулийн 13.5.2-13.5.5 дахь хэсэгт заасан баримт бичгүүд орно. Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 13.5.2-13.5.5 дахь хэсэгт ямар баримт бичгүүдийг заасан бэ гэхээр газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, газар өмчлөгч гэдгийг нотолсон баримт бичиг, шийдвэр, гэрчилгээний хуулбар, барилга байгууламжийн план зураг, 4 талаас нь харуулсан баримт бичиг байна. Тэгэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2007 оны баримт бичгүүдийг Кны зүгээс гаргуулж авсан. Өөрөөр хэлбэл улсын бүртгэлд бүртгэл хийхдээ юуг баримталж, ямар мэдүүлгийн хүрээнд бүртгэл хийгдсэн бэ гэдгийг харахад газрын гэрчилгээ, газрын гэрээ, захирамж, кадастрын зураг, барилга байгууламжийн план зураг, 4 талаас нь авсан гэрэл зургууд байсан. Тэгэхээр улсын бүртгэлийн байгууллага нь дээрх бичиг баримтуудыг үндэслэж 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр бүртгэлийг хийсэн. "М" ХХК-ийг тухайн барилгын өмчлөгч биш гэж буруутгах үндэслэл тухайн үед байгаагүй. Захиалагч нь Б.Б байхад захиалагчийн мэдээллийг авахгүйгээр "М" ХХК-ийг бүртгэсэн байна гэж маргадаг. Хянан шалгалтыг хийнэ. Таамаглах байдлаар дэвшүүлж бүртгэл хийхгүй байх юм бол Б.Бгын талаарх баримт биш өөрсдийн баримтыг гаргаж өгсөн. Улсын дээд шүүхийн 45 дугаар тогтоолд улсын бүртгэлийг ямар хүрээнд хянан шалгаж бүртгэлийг хийх талаар заасан. Өөрөөр хэлбэл улсын бүртгэлийн ерөнхий хуулийн  15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг  тайлбарласан. Тухайн улсын бүртгэлд өөрчлөлт хийх гэж байгаа этгээдийн мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийн хүрээнд хянан шалгалтыг хийдэг. Тэгэхээр "М" ХХК-ийн гаргаж өгсөн мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийн хүрээнд л хянан шалгалтыг явуулна. "М" ХХК-ийн ард хэн нэгэн захиалагч байгаа, захиалагчийн мэдээллийг гаргаж өгөөгүй байна гэдгийг улсын бүртгэлийн байгууллага тааварлаж мэдэх боломжгүй.  "М" ХХК нь Б.Бгийн хувиар биш, зөвхөн өөрийгөө өмчлөгч гэж мэдүүлсэн мэдүүлэг гаргасан учраас улсын бүртгэлийн байгууллага хянан шалгалтаа явуулаад гэрчилгээ олгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Тухайн барилгын улсын комисс хүлээж авсан акт дээр гүйцэтгэгч нь “А” ХХК, захиалагч нь "М" ХХК гэж бичсэн байдаг. Захиалагч нь "М" ХХК учраас би энэ барилгыг өөрийн газар дээрээ “А” ХХК-иар гүйцэтгүүлж бариулж байгаа гэж тухайн үед мэдүүлэг гаргасан байдаг учраас улсын бүртгэлийн байгууллагыг буруутгах үндэслэлгүй.  2016 оны 02 дугаар 19-ний өдөр Б.Бг өмчлөгчөөр тогтоосон тухай Иргэний хэргийн шүүхийн шүүгчийн захирамж гарсан. Иргэний хэргийн шүүх дээр өмчлөгч этгээдтэй холбогдуулж маргасан мөртлөө захиргааны хэргийн шүүх дээр "М" ХХК-тай маргаагүй. Ийм маргаантай 2 өөр зүйл яваад байгааг шүүхээс анхаарч үзнэ үү. Улсын бүртгэлийн байгууллага нь 3 үндэслэлээр бүртгэхээс татгалзсан. Үүнд "М" ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй бүртгэл болон гэрчилгээ нь хүчинтэй байгаа учраас 1 үл хөдлөх эд хөрөнгө дээр 2 өмчлөх эрхийн гэрчилгээ олгож болохгүй, Канд эх хувиараа хадгалагдаж гэрчилгээг хурааж авч, хүчингүй болгосны дараа өөр хүнийг өмчлөгчөөр бүртгэж гэрчилгээ олгох боломжтой гэсэн хариуг өгсөн байдаг. Б.Бд өмчлөх эрх үүсэхээс өмнө Кны барьцааны эрх түрүүлж үүссэн. 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч нь анх удаа мэдүүлэг гаргасан. Б.Бг мэдүүлэг гаргаж байх үед Кны барьцааны эрх бүртгэлтэй байсан учраас Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасны дагуу барьцаалагчаас зөвшөөрөл ав гэж хариуцагч байгууллагаас шаардсан нь хууль зүйн үндэслэлтэй. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5, 20 дугаар зүйлийн 20.1.5 24 дүгээр зүйлийн 24.9 дэх хэсэгт заасан үндэслэлүүдээр хэрвээ тухайн хөрөнгөнд эрх түдгэлзүүлсэн тусгай тэмдэглэгээ байвал шилжилт хөдөлгөөнийг нь хориглодог. Дээрх заалтыг зөрчиж бүртгэл хийх эрх улсын бүртгэлийн байгууллагад байхгүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

          Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “...“М” ХХК-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-**********043, Ү-**********067, Ү-**********251, Ү-**********148 дугаарт бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *********551, ********611, *********236, *********212 дугаартай  гэрчилгээнүүдийг хүчингүй болгож, Х дүүргийн ** дүгээр хороо, Згийн тойруу, “***” хотхоны 0000 байрны зоорийн давхрын 0,00,000,0000 тоот авто зогсоолуудын өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, эдгээр авто зогсоолуудыг иргэн Б.Бгийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах” гэж тодорхойлжээ. 

          Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

1. “М” ХХК-ийн нэр дээрх эрхийн улсын бүртгэлийн Ү-**********043, Ү-**********067, Ү-**********251, Ү-**********148 дугаарт бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *********551, ********611, *********236, *********212 дугаартай  гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлагын тухайд: 

Маргаан бүхий авто зогсоолыг худалдан авах гэрээг нэхэмжлэгч Б.Б “М” ХХК-тай 2009 онд байгуулж, төлбөрийг 2009 онд бүрэн төлснөөр уг үл хөдлөх хөрөнгийг өөрийн эзэмшилд хүлээн авч, өмчлөх эрхтэй болсон байхад “М” ХХК-ийг өмчлөгчөөр бүртгэсэн захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь хууль бус бөгөөд 2016 онд шүүхээс түүнийг эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтооосон тул түүний нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хийж, гэрчилгээ олгох үндэслэлтэй гэж маргажээ.

Нэхэмжлэгч  Б.Б “М” ХХК-тай “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ”-г 2009 онд байгуулж, гэрээгээр тохиролцсон авто зогсоолын үнэ 20,000,000 төгрөгийг 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төлж, тооцоо нийлсэн акт үйлджээ. Байрыг ашиглахыг зөвшөөрсөн “Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын акт” 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гарсан байна.

Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ”, 243 дугаар зүйлийн 243.1.”Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж тус тус зааснаас үзвэл нэхэмжлэгч Б.Б нь 0,00,000,0000 тоот авто зогсоолуудын үнийг бүрэн төлснөөр тус үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхтэй болсон гэж үзэх үндэслэлтэй боловч, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн тухайд Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д “Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ”, 182.3-т ”Энэ зүйлд заасан эрхийг бүртгэх журмыг хуулиар зохицуулна” гэж, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүлийн 4.1-д ”Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч Б.Б нь өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан 0,00,000,0000 тоот авто зогсоолуудыг эрхийн улсын бүртгүүлж, гэрчилгээ авсанаар өмчлөх эрх үүсэхээр байна.  

Нэхэмжлэгч Б.Б “***” хотхоны 0000 байрны зоорийн давхрын 0,00,000,0000 тоот авто зогсоолуудын үнийг бүрэн төлсөнөөс хойш 2016 оныг хүртэл эд хөрөнгө өмчлөх эрхээ бүртгүүлэхээр улсын бүртгэлийн асуудал хариуцсан захиргааны байгууллагад хандаж байгаагүй байна. Харин уг үл хөдлөх хөрөнгийг хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохоор 2016 онд Иргэний хэргийн шүүхэд хандаж, “М” ХХК-иас уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр шүүхээс хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

 Хавтас хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нэхэмжлэгч  Б.Б нь “***” хотхоны 0000 байрны зоорийн давхрын 0,00,000,0000 тоот авто зогсоолын өмчлөх эрхээ эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр анх удаа 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлэг гаргаж, улсын бүртгэлийн байгууллагаас уг үл хөдлөх эд хөрөнгө нь “М” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн бөгөөд түүний “К” ХХК-тай байгуулсан зээлийн барьцааны гэрээ бүртгэлтэй байх тул “К” ХХК-д хүсэлт гаргаж, өөрийн өмчийг салгаж бүртгүүлэх зөвшөөрөл авч хавсаргаж, дахин мэдүүлэг гаргах талаар хариуг өгсөн байна. 

Нэхэмжлэгч Б.Б нь маргаан бүхий авто зогсоолуудыг өмчлөх эрхээ баталгаажуулж бүртгүүлэхээр улсын бүртгэлийн байгууллагад хандаагүй, “М” ХХК-ийн нэр дээр өмчлөх эрхийн бүртгэл хийгдэж, мөн “К” ХХК-ийн зээлийн барьцааны гэрээ бүртгэгдсэний дараа мэдүүлэг гаргасан байх тул захиргааны байгууллагыг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй байна. 

Тухайлбал 2010 оны 08 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 55 хувийн гүйцэтгэлтэй “***” хотхоны 0000 барилгын зоорийн давхрын 0,00,000,0000 дугаар  авто зогсоол зээлийн барьцааны гэрээний барьцааны зүйл хэвээр байсан гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд нэхэмжлэгч Б.Бг “М” ХХК-тай  “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ” байгуулахаас өмнө уг дуусаагүй барилга нь “М” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн төдийгүй зээлийн гэрээний барьцааны зүйлээр бүртгэгдсэн байж гэж дүгнэхээр байна.  

Өөрөөр хэлбэл “М” ХХК нь 90%-ийн гүйцэтгэлтэй, дуусаагүй барилгын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулснаар зээлийн барьцааны гэрээг 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр шинэчлэн байгуулж, гэрээний хавсралтаар барьцааны зүйл болох 205 автомашины зогсоолын жагсаалтаар баталгаажуулжсны дотор маргаан бүхий 0,00,000,0000 тоот зогсоолууд багтсан байх ба мөн өдөр “М” ХХК улсын бүртгэлийн байгууллагад хүсэлт гаргаж, барьцааны гэрээг бүртгүүлжээ. Эд хөрөнгө өмчлөх эх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Баригдаж дуусаагүй барилга байгууламж өмчлөх эрхийг газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, иргэний өмчийн газар дээр баригдаж байгаа бол газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тухайн газрыг өмчлөгч иргэний зөвшөөрлийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэж болно” гэж заасан байх тул маргаан бүхий авто зогсоолууд хамаарах орон сууцны барилгыг 55 хувь болон 90 хувийн гүйцэтгэлтэйгээр бүртгэсэн нь хууль зөрчөөгүй байх бөгөөд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д мэдүүлэг гаргахад хавсаргах баримт бичгийг хуульчилж, 13.9, 13.10-т мэдүүлэг үнэн зөв гаргаагүйгээс бусдад хохирол учруулах, гэрээг бүртгүүлэх тохиолдолд түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг талууд хариуцахаар заажээ. 

Энэ нь “***” хотхоны 0000 дуусаагүй барилгын 0,00,000,0000 тоот авто зогсоолыг “М” ХХК-ийн нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн 2010 оны бүртгэл нь 2007 онд уг барилгыг 55 хувийн гүйцэтгэлтэйгээр бүртгүүлсэн бүртгэл, зээлийн барьцааны гэрээний барьцааны зүйлтэй холбоотой байх тул уг бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж дүгнэх боломжгүй байна. 

Хариуцагчаас уг бүртгэлийн талаар нэхэмжлэгчид мэдэгдэх ёстой байсан эсэх тухайд Эд хөрөнгө өмчлөх эх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан дуусаагүй барилгыг өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх шаардлагад хамаарахгүй, уг бүртгэл нь 2007 онд бүртгүүлсэн зээлийн барьцааны гэрээг шинэчлэн бүртгэхтэй холбоотой бөгөөд уг гэрээнд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг өмчлөгч өөрчлөгдөөгүй, нэхэмжлэгч уг бүртгэлийг хийгдэхээс улсын бүртгэлийн байгууллагад мэдүүлэг гаргаж байгаагүй байх тул энэ талаар үүрэг хүлээх үндэслэлгүй байна.  

Харин уг бүртгэл хийгдэхээс өмнө нэхэмжлэгч “М” ХХК-тай байгуулсан орон сууц худалдан авах гэрээний үнийг бүрэн төлсөн байхад маргаан бүхий авто зогсоолыг түүний нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх талаар арга хэмжээ аваагүйд “М” ХХК буруутай бөгөөд зээлийн барьцааны гэрээний талаар нэхэмжлэгчид мэдэгдэх, улмаар түүний төлсөн гэрээний дүнг “К” ХХК-д шилжүүлэх замаар хүсэлт гаргаж, зээлийн барьцааны зүйлээс чөлөөлүүлэх замаар өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх боломжтой байжээ.    

Иймд  2010 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “М” ХХК-ийн нэр дээр “***” хотхоны 90 хувийн гүйцэтгэлтэй 0000 байрны зоорийн давхрын 0,00,000,0000 тоот авто зогсоолыг өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хийж, гэрчилгээг олгосон болон барьцааны гэрээг бүртгэсэн захиргааны байгууллагын үйл ажиллагаа хууль зөрчөөгүй байх бөгөөд “М” ХХК-иас нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх талаар арга хэмжээ аваагүй, нэхэмжлэгч өөрөө энэ талаар улсын бүртгэлийн байгууллагад хандаж байгаагүйд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна. 

2. Х дүүргийн ** дүгээр хороо, Згийн тойруу, “***” хотхоны 0000 байрны зоорийн давхрын 0,00,000,0000 тоот авто зогсоолуудын өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, дээрх авто зогсоолыг Б.Бгийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах шаардлагын тухайд: 

Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө болох “***” хотхоны 0000 байрны зоорийн давхрын 0,00,000,0000 тоот авто зогсоол нь “М” ХХК болон “К” ХХК нарын хооронд 2007, 2010 онд тус тус байгуулсан “Зээлийн барьцааны гэрээ”-ний барьцаанд байх ба уг гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн байх тул нэхэмжлэгч Б.Бг шүүхийн шийдвэрийг үндэслэн өмчлөгчөөр сольж бүртгэх үндэслэлгүй гэж нэхэмжлэгчийн гаргасан мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгохыг улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хориглох...”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9-д “..мэдүүлэгт дурдсан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол... улсын бүртгэгч мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах...” гэж зааснаас үзэхэд маргаан бүхий авто зогсоолуудыг барьцааны зүйлд бүртгүүлсэн улсын бүртгэл хүчинтэй байгаа тохиолдолд нэхэмжлэгчийн нэр дээр давхар бүртгэх эсвэл өөрчлөн бүртгэх хууль зүйн үндэслэл байхгүй байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна", Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т “Эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулна”, 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгчийн шүүхийн шийдвэрээр эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоогдсон үйл баримт нь урд бүртгэгдсэн эрхийн бүртгэлд өөрчлөлт орох үндэслэл болох хэдий ч уг бүртгэлд барьцааны гэрээ бүртгэлтэй байх тул түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөхөөр байгаа “К” ХХК-иас зөвшөөрөл авах хуулийн шаардлагыг улсын бүртгэлийн байгууллагаас шаардсан нь буруу биш байна. 

Мөн нэхэмжлэгч Б.Б нь  маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхээр захиргааны байгууллагад мэдүүлэг гаргаж байгаагүй, уг эрхийг бүртгэхэд эрх хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөх барьцаалагч “К” ХХК-ийн зөвшөөрлийг аваагүй болох нь тогтоогдож байна.

Иймд Х дүүргийн ** дүгээр хороо, Згийн тойруу, “***” хотхоны 0000 байрны зоорийн давхрын 0,00,000,0000 тоот автомашины зогсоолуудын өмчлөгчөөр Б.Бг бүртгэхээс татгалзсан захиргааны байгууллагын шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байх тул “өмчлөгчөөр сольж бүртгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 14 дүгээр зүйлийн 14.1.9, 19 дүгээр зүйлийн 19.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бгийн нэхэмжлэлээр Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт холбогдуулан гаргаснаар “М” ХХК-ийн нэр дээрх эрхийн улсын бүртгэлийн Ү-**********043, Ү-**********067, Ү-**********251, Ү-**********148 дугаарт бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *********551, ********611, *********236, *********212 дугаартай гэрчилгээнүүдийг хүчингүй болгож, Х дүүргийн ** дүгээр хороо, Згийн тойруу, “***” хотхоны 0000 байрны зоорийн давхрын 0,00,000,0000 тоот авто зогсоолуудын өмчлөгчөөр Б.Бг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, дээрх авто зогсоолыг түүний нэр дээр эрхийн улсын бүртгэлийн бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Д.ЧАНЦАЛНЯМ