Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 201/МА2016/00031

 

                               ******* нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн

Дашбалбар сумын Засаг даргын Тамгын газарт

холбогдох хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Я.Алтаннавч, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул, нэхэмжлэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 сарын 25-ны өдрийн 138/ШШ2016/00666 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн төлөөлөгч Ү.Бөхчулууны давж заалдах гомдлоор******* нэхэмжлэлтэй, Дашбалбар сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох соёолон морины бай шагнал 8500000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 06 сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* миний бие итгэмжлэлийн дагуу төлөөлөн нэхэмжлэл гаргасан. 2015 оны 7 сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар сумын 90 жилийн ой болж соёолон насны морьдын уралдаан болсон. Уг уралдаанд Ц.Батболдын цавьдар зүсмийн морь түрүүлж, ******* хээр зүсмийн морь аман хүзүүлж, ******* морь гуравт, ******* морь дөрөвт, ******* морь тавд тус тус хурдалсан. Тус сумын баяр наадмын комиссоос түрүүлсэн моринд 2000000 төгрөг, нутгийн шилдэг моринд 2000000 төгрөг, аман хүзүүдсэн моринд 1500000 төгрөг, гурваас тавд орсон моринд 1000000 төгрөг өгөхөөр зарласан. Гэтэл сумын баяр наадмын комисс түрүүлж айрагдсан морьдын бай шагналыг одоо болтол өгөөгүй учир шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Тухайн үед Дашбалбар сумын Засаг даргын Тамгын газар, Иргэдийн хурлаас наадамд түрүүлж, айрагдсан морьдод өргөмжлөл, түрүүлсэн морьдод өгөх мөнгө авах эрхийн бичгийг өгч мөнгийг дансаар шилжүүлнэ гэсэн боловч одоо болтол шилжүүлээгүй байна. Иймд Дашбалбар сумын Засаг даргын Тамгын газраас ойд түрүүлж  айрагдсан морьдын бай шагнал болох 8500000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагч Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг дарга ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг даргын 2015 оны 7 сарын 10-ны өдрийн А/123 тоот захирамжаар “Баяр наадам зохион байгуулах комисс“ байгуулагдсан ба соёолон морьдын бай шагнал тусгагдаагүй байсан. Тухайн үед иргэдийн хурлын дарга баяр наадмын бай шагналын мөнгийг хариуцан төвлөрүүлэх ажлыг хариуцаж байсан. Морьдын уралдаан болж дуусаад шагнал гардуулах үед соёолон морьдын бай шагнал өгөхөөр амалсан ******* өөрөө хүрэлцэн ирээгүй боловч мөнгө олгох пайзыг гардуулчих мөнгийг дансаар нь шилжүүлнэ гэсэн учир мөнгө авах пайзыг гардуулсан. ******* нь амалсан бай шагналын мөнгийг одоо болтол өгөөгүй байгаа. Тэгээд баяр наадам зохион байгуулах комиссоос Засгийн газрын 2010 оны 271 дүгээр тогтоолд зааснаар соёолон насны айргийн тавд хурдалсан морьдын бай шагналыг  хүмүүст нь шилжүүлэн өгсөн. Иймээс Дашбалбар сумын Засаг даргын Тамгын газрын дансанд сумын ойд түрүүлсэн морьдын бай шагналд өгөх мөнгө тусгагдаагүй тул нэхэмжлэлийн шаардлага болох 8500000 төгрөгийг төлөх боломжгүй гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 сарын 26-ны өдрийн 138/ШШ2016/00666 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.1-д зааснаар  Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг даргын Тамгын газраас соёолон морьдын бай шагналд 8010000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 490000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураажинд 143110 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгохоор тус тус шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн төлөөлөгч Ү.Бөхчулуун давж заалдах гомдолдоо: Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 138/ШШ2016/00666 дугаар шийдвэрийг Дашбалбар сумын Засаг даргын Тамгын газар үл зөвшөөрч гомдол гаргаж байна.

            Дорнод аймгийн Дашбалбар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 11 сарын 20-ны өдрийн 9 дүгээр хуралдааны “Шагналын жишиг тогтоох” тухай 06 дугаар тогтоол гарсан. Уг тогтоолд шагналын дээд хязгаарыг л тогтоосон. Тогтоолоор морины бай шагналыг бүрдүүлэхийг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга З.Зоригтбаатарт даалгасан байдаг. Иймд сумын Засаг даргын Тамгын газарт даалгаагүй.

Шагналын эрхийн пайзан дээр Засаг даргын Тамгын газар гэсэн үг байхгүй. ******* ивээн тэтгэсэн гэсэн байгаа.

Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг даргын 2015 оны 07 сарын 10-ны өдрийн А/123 дугаар захирамжаар “Баяр наадмыг зохион байгуулах комисс” байгуулагдсан. Уг захирамжид баяр наадмын зардал 5 сая төгрөгийн эрх олгогдсон. Иймд сумын Засаг даргын Тамгын газар болон баяр наадмыг зохион байгуулах комисст соёолон морины бай шагналыг хандиваар цуглуулж бүрдүүл гэсэн үүрэг өгөгдөөгүй. Соёолон морины бай шагналыг амалсан хүн нь өгөөгүй байсан тул Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 10 сарын 20-ны өдрийн 271 дүгээр тогтоолоор соёолон моринд түрүүлүүлсэн 133000 төгрөг, 2 дугаар байр эзэлсэн 85500 төгрөг, 3 дугаар байр эзэлсэн 76000 төгрөг, 4 дүгээр байр эзэлсэн 66500 төгрөг, 5 дугаар байр эзэлсэн Нямдоржийн Энхбатад 57000 төгрөгийг тус тус олгосон. Иймд Засаг даргын Тамгын газрын дарга Ү.Бөхчулуун би Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 сарын 25-ны өдрийн 138/ШШ2016/00666 шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хариуцагч Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг даргын Тамгын газраас 2015 оны 07 сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар сум байгуулагдсаны 90 жилийн ойн баяр наадмаар соёолон насны морины уралдаанд түрүүлж, айрагдсан морьдын бай шагнал 8500000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Дашбалбар сумын Засаг даргын Тамгын газар нь сум байгуулагдсаны 90 жилийн ойн баяр наадмаар соёолон насны морины уралдаанд түрүүлж, айрагдсан морьдод 10,0 сая төгрөгийн бай шагнал өгөхөөр нийтэд зарласан атлаа тус баяр наадмаар бай шагналаа өгөөгүй болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.  /хх-ийн 9-11, 37-38, 47/

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.1 дэх заалттай нийцэж байна. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Хариуцагч байгууллагын давж заалдсан гомдлоор шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 05 сарын 25-ны өдрийн 138/ШШ2016/00666 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг даргын Тамгын газрын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг даргын Тамгын газар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн  хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
  3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

               

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Л.НАРАНБАЯР      

                        ШҮҮГЧ                                   Я.АЛТАННАВЧ

                                                                                    З.ЭНХЦЭЦЭГ