| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 182/2023/00580/И |
| Дугаар | 210/МА2023/01173 |
| Огноо | 2023-06-12 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 210/МА2023/01173
2023 06 12 210/МА2023/01173
О.Оюунтуяагийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2023/01267 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч О.Оюунтуяагийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Оюунтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2022/02012 дугаар шийдвэрээр О.Оюунтуяагаас 73,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 593,150 төгрөг, нийт 73,593,150 төгрөг гаргуулж Арвайн Үр ХЗХ-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцааны эд хөрөнгө болох О.Оюунтуяагийн өмчлөлийн, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Дипломат-95, 122-70 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202025694 дугаартай, 68.86 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг дуудлага худалдаанд оруулах зорилгоор битүүмжилж, хурааж, шинжээчээр үнэлгээ тогтоох ажиллагаа хийсэн.
1.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Виннэр вэй ХХК-аар үнэлгээ тогтоох ажиллагааг хийлгүүлж улмаар шинжээч уг орон сууцыг 216,000,000 төгрөгөөр үнэлгээ тогтоосон. Миний бие дуудлага худалдаанд оруулах үнийн саналаа 415,000,000 төгрөгөөр худалдан борлуулахаар өгсөн байтал шинжээч нь уг орон сууцыг 216,000,000 төгрөгөөр зах зээлийн үнэ ханшаас хямд үнэлсэн нь миний эрхийг хохироож байна. Уг орон сууц нь хуучны барилга бөгөөд гэрчилгээн дээр 68.86 м.кв буюу зөвхөн өрөөний ашигтай талбайг хэмжсэн талбайн хэмжээ юм. Одооны мөрдөгдөж буй стандартын дагуу ханаас ханын хооронд хэмжихэд орон сууцны нийт талбайн хэмжээ 80 м.кв байна. Манай байр нь хотын хамгийн төв цэгт байрлалтай бөгөөд 1 м.кв нь 3,500,000-8,000,000 төгрөгөөр худалдагдаж байгаа.
Иймд үл хөдлөх хөрөнгийг 216,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2012 дугаар захирамжаар О.Оюунтуяагаас 73,000,000 төгрөгийг Арвайн Үр ХЗХ-д олгохоор, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202025694 дугаартай, О.Оюунтуяагийн өмчлөлийн, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байрлах үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 22300115/02 дугаар тогтоолоор битүүмжилж, 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 22301105/05 дугаар тогтоолоор хураасан.
2.2. Үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг талуудад мэдэгдэхэд төлбөр төлөгч О.Оюунтуяа 415,000,000 төгрөгөөр, төлбөр авагч Арвайн үр ХЗХ 150,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн ба үнийн саналууд зөрсөн тул Виннэр вэй ХХК-ийг шинжээчээр томилоход үл хөдлөх эд хөрөнгийг 216,000,000 төгрөгөөр үнэлсэн. Шинжээчийн тогтоосон үнэлгээг талуудад 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн албан бичгээр мэдэгдэж, хөрөнгийн үнэлгээний тайланг танилцуулсан. Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2 дах заалтуудыг зөрчөөгүй, шинжээчийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд нийцэж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, 6 дугаар хороолол, 122 дугаар байр, 70 тоот, 68.86 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 216,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч О.Оюунтуяагийн гомдлыг хэрэгсэхгүй болгож,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай тус шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШЗ2023/02002 дугаар захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол хүчинтэй хэвээр байх болохыг дурдаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг байрны зах зээлийн ханш 280,000,000 төгрөг байгаа бөгөөд шийдвэр гүйцэтгэгчийн үнэлгээгээр зарахад надад маш их хохиролтой байна.
4.2. Дэлхий нийтээр ковид-19 цар тахал гарсантай холбоотойгоор бизнес эрхлэгч бидэнд давагдашгүй хүчин зүйл тохиолдож ийм нөхцөл байдалд хүрсэн. Би хадгаламж зээлийн хоршооноос авсан зээлээ төлнө гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагчаас тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч О.Оюунтуяа нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв дүгнэсэн байна.
3.1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2022/02012 дугаар захирамжаар О.Оюунтуяа 73,000,000 төгрөгийг 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн хугацаанд Арвайн Үр ХЗХ-д хуваарийн дагуу төлөх, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох О.Оюунтуяагийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202025694 дугаартай, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Дипломат-95, 122 дугаар байр, 70 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202025694 дугаартай, 68.86 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3.2. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 22301105 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 22300115/02 дугаар тогтоолоор битүүмжилж, 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 22301105/05 дугаар тогтоолоор хураасан байна.
Эдгээр ажиллагааны талаар зохигчид гомдол гаргаагүй байна.
3.3. Мөн тус үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгч О.Оюунтуяа 415,000,000 төгрөгөөр, төлбөр авагч Арвайн үр ХЗХ 150,000,000 төгрөгөөр тус тус үнэлэх санал гаргаж, төлбөр төлөгчийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй гэх төлбөр авагчийн хүсэлтийг үндэслэн шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 12/461 дугаар тогтоолоор О.Бат-Эрдэнийг шинжээчээр томилжээ.
Дээрх ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т нийцсэн байна.
3.4. Шинжээч Виннэр вэй ХХК-ийн үнэлгээчин О.Бат-Эрдэнийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн үнэлгээний тайланд үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 216,000,000 төгрөгөөр тогтоосон байна.
Шинжээч томилох тухай тогтоолд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэнээр талбайг 68.86 м.кв гэж тусгасан ба Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн (2010 оны) 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасны дагуу шинжээч нь хөрөнгийн шинж байдлыг тодорхойлохдоо тусгай зөвшөөрөл бүхий Геометр прогресс ХХК-ийн талбайн хэмжилтийг үндэслэн нийт талбайг 69.6 м.кв-аар тооцсон нь үндэслэл бүхий болжээ.
Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд орон сууцны талбайг стандартын дагуу хэмжихэд 80 м.кв дурдсан гэх боловч үүнтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй байна.
3.5. Шинжээчийн дүгнэлтэд өртгийн хандлагын арга, орлогын хандлагын арга, зах зээлийн жишиг үнийн аргыг хослуулан хэрэглэж, зах зээлийн жишиг үнийн аргын үнэлгээнд 100 хувийн ач холбогдол өгч дүгнэсэн. Түүнчлэн тухайн аргаар үнэлэхдээ нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгөтэй адил байршилтай Дипломат 95 5/4, 95 5/1 хаягт байрлах 2 үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулах замаар нэг м.кв талбайн дундаж үнэлгээг 3,100,864.8 төгрөг гэж тооцжээ.
3.6. Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгө хотын төв цэгт байрлалтай, 1 м.кв нь 3,500,000-8,000,000 төгрөгөөр худалдагдаж байгаа, шинжээч зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүйг шүүх зөв дүгнэжээ.
4. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2023/01267 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Оюунтуяагаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Д.ЗОЛЗАЯА