| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2018/0148/Э |
| Дугаар | 159 |
| Огноо | 2018-12-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 159
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Бүжмаа
улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч
хохирогч С.М
хохирогчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ж.Чимэг
шинжээч эмч Э.Анхбаяр
шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун
шүүгдэгч Ц.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Мд холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2018 оны 05 сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ц.М
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Ц.М нь 2018 оны 09 дүгээр сарын 10-ны шөнө 01 цагийн орчимд Дорноговь аймгийн ... тоотын гадаа иргэн С.Мийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:
Гэрч Л.Лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М та нар яахаараа миний ээжийг ингэдэг юм бэ гэсэн чинь өндөр үүргэвч үүрсэн цагаан юүдэнтэй цамцтай залуу нь Мийг цохьсон... Тэгээд М газар нүүр нь цус болоод суучихсан байхаар нь цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Н.Мий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Туранхай жижигхэн залуу нь Ц.Мийг багалзуурдаж байхаар нь би очоод салгах гээд явж байсан чинь тас гээд чимээ гараад Ц.М над руу хүрээд ирсэн. Тэгсэн чинь нөгөө жижигхэн туранхай залуу нь намайг яаж байгаа юм бэ хөөе гээд орилоод үлдсэн... Мийг ирэхээр нь чи яачихваа гэсэн чинь би саяын залууг цохьчихлоо гэсэн...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 20-21 дүгээр хуудас/
Гэрч Б.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд бид нар явж байсан чинь М нэг залууг нүүр лүү нь цохьсон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/
Шинжээчийн ...дугаартай: “...С.Мийн биед хамрын нурууны дээд хэсгийн шарх, баруун нүдний дээд доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо... Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 23 дугаар хуудас/
Шинжээчийн ... дугаартай: “...Эмнэлгийн бичиг баримтаас үзэхэд С.Мийн биед баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нурууны дээд хэсгийн шарх, баруун нүдний дээд доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. С.Мийн биед учирсан баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нурууны шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун нүдний дээд доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн нэмэлт дүгнэлт Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн ...../ Шинжээчийн дүгнэлт /хх-ийн ..../
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн ..../ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Ц.М нь 2018 оны 09 дүгээр сарын 10-ны шөнө 01 цагийн орчимд Дорноговь аймгийн ... тоотын гадаа иргэн С.Мийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч С.М, гэрч ....... нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ц.Мийг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар гэм буруутайд тооцож ,ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Ц.М нь бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн/, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурор, өмгөөлөгч нарын санал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд төлүүлэхээр тогтоов.
Хохирогч С.М нь мөрдөн шалгах ажиллагаанд эмчилгээний зардалд 213 000 төгрөг, шүүхийн шатанд 2070400 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Ц.М нь 213000 төгрөгийг төлж барагдуулсан байна.
Шүүхийн шатанд нэхэмжилсэн 2260000 төгрөгнөөс хагалгааны зардал 880000 төгрөг, эмийн үнэ 131250 төгрөг, хамрын мэс засал хийлгэсэн 507960 төгрөг, шинжилгээ хийлгэсэн/картанд бичигдсэн гуурсны үнэ 30000 төгрөг, ЭН АР БИ-д хийлгэсэн 100000 төгрөг/ 140000 төгрөг, шатахууны үнээс /2018.11.12-нд авсан 70000 төгрөг, 2018.11.13-нд авсан 43400 төгрөг/ 113400 төгрөгийг нийт 1772610 төгрөгийг гаргуулан олгохоор шийдвэрлэв.
Нийт 371830 төгрөгний шатахууны НӨТ-ын баримтаас 258430 төгрөгний шатахууныг энэ хэргийн улмаас учирсан бодит хохирол гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзлээ.
Харин 2018.11.12-ноос 13-нд авсан шатахууны үнийг Сайншандаас Улаанбаатар луу хувийн тээврийн хэрэгслээр явсан болохоо шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул 113400 төгрөгийг гаргуулан олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс зарим эм буюу фталазол/гэдэсний эм/, мезимфорте,анаферон зэргийг энэ гэмтлийн улмаас ууж хэрэглэсэнд эргэлзээтэй гэж байгааг хүлээн авах үндэслэлгүй байх ба харин шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирогч нь эмчлүүлэх гэж Улаанбаатарт очсон үед гэдэс нь хямарснаас дээрх эмийг авч хэрэглэсэн гэсэн нь эм авсан болон хохирогчийн Улаанбаатарт очсон хугацаатай тохирч байна гэж үзлээ. Хохирогчийн нэхэмжилсэн 2260000 төгрөгнөөс 2031040 төгрөгний баримт хэрэгт хавсаргагдсан байх тул нэхэмжлэлийн зөрүү 228960 төгрөг, 258430 төгрөгний шатахууны зардал нийт 487390 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.М нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн ....../ тогтоогдож байна. Шүүгдэгч Ц.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурьдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ц.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Мийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.М 450000 төгрөгийн торгох ялыг хуулийн хугацаанд хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч С.Мийн нэхэмжилсэн 2260000 төгрөгнөөс 487390 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 1772610 төгрөгийг шүүгдэгч Ц.Мэс гаргуулан олгосугай.
6.Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7.Шүүгдэгч Ц.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН