Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 269

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 01-09 тоотод оршин суух, ПВ78091711 тоот регистрийн дугаартай, Ша Бэйс овогт Батчулууны Гомбосүрэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 48 айлын орон сууцны 33 тоотод оршин суух Т.Нямд холбогдох бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулахыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Гомбосүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ган-Очир, хариуцагч Т.Ням, хариуцагчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, Ц.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Гомбосүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Ням 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Онч мэлмий ХХК-ийг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авахыг ятган гэрээ хийсэн. Тухайн компанийг шилжүүлж аваад өнөөдрийг хүртэл нэг ч үйл ажиллагаа явуулаагүй. Гэтэл аймгийн Татварын хэлтсээс 12,848,400 төгрөгийг намайг төл гэсэн Татварын албаны албан тоот ирсэн. Тухайн албан тоотод цалин хөлсний болон тэдгээртэй адилтгах орлогоос суутган төлөх албан татвар, НӨАТ төлөх ёстой гэж дурдсан байдаг.

Бэлэглэлийн гэрээгээр Онч мэлмий ХХК-ний гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, түүний хавсралт гэрээ миний нэр дээр шилжсэн байдаг. Тус гэрээг байгуулахдаа би хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан. Гэрээг байгуулаад 4 жил болж байна. Гэхдээ би энэ татварын өрийг мэдсэн даруйдаа шүүхэд хандаж байсан. Энэ талаарх шүүхийн шийдвэрийг хэрэгт хавсаргасан байгаа.

Иймд дээрх бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл гаргаж байна гэв.

Хариуцагч Т.Ням шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ гэрээг анх байгуулахдаа бэлэглэлийн гэрээ байгуулбал татвар төлдөггүй гэж Б.Гомбосүрэн хэлсэн учир бид бэлэглэлийн гэрээ байгуулсан. Гэхдээ би Онч мэлмий ХХК-нийг Б.Гомбосүрэнд өгөөд 30,000,000 төгрөг авсан нь үнэн.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулахаар гаргасан нэхэмжлэлийг гэрээ байгуулснаас хойш 3 жилийн дараа гаргасан байна. Энэ нь Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Гомбосүрэн нь хариуцагч Т.Нямд холбогдуулан бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ. Үүнд:

1.Нэхэмжлэгч Б.Гомбосүрэн нь хариуцагч Т.Нямаас 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Онч мэлмий ХХК-ийг бэлэглэлийн гэрээ байгуулж авсан болох нь 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн бэлэглэлийн гэрээ /хх-3/, зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба тус бэлэглэлийн гэрээ байгуулсан талаар зохигчид маргаагүй болно.

Харин бэлэглэлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргахдаа Ховд аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй хариуцагч Онч мэлмий ХХК-аас 12,848,400 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 360/А дугаартай шийдвэр /хх-48-51/, Сум дундын 25 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 270 дугаартай шийдвэр /хх-31-33/, Сум дундын 25 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 102 дугаартай шийдвэрүүдийг /хх-23-27/ үндэслэжээ.

Нэхэмжлэгч Б.Гомбосүрэн нь бэлэглэлийн гэрээ хийснээс хойш 5 хоногийн дараа 12,848,400 төгрөгийн албан татвар төлүүлэхээр Татварын хэлтсээс албан бичиг ирсэн тул 12,848,400 төгрөгийн татварыг Онч мэлмий ХХК төлөх ёсгүй. Иймд энэ нь уг бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох үндэслэл болно гэж маргажээ.

Гэтэл бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох үндэслэл гэх Онч мэлмий ХХК-нд ногдуулсан НӨАТ болон бусад татварын өр 12,848,400 төгрөгийн маргааныг Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 102 дугаартай шүүхийн шийдвэрээр /хх-23-27/ хянан шийдвэрлэсэн байх бөгөөд Онч мэлмий ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Т.Нямд холбогдох НӨАТ, бусад татварын өр 12,848,400 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тус шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

Онч мэлмий ХХК нь Т.Нямтай 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр бэлэглэлийн гэрээ байгуулсан байх ба нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа бэлэглэлийн гэрээ хийснээс хойш 5 хоногийн дараа 12,848,400 төгрөгийн татвар ирсэн гэж мэтгэлцэх боловч шүүхэд татварын асуудлаар нэхэмжлэгч нь анх 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна /хх-31-33/. Харин тус гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байна.

Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3-д Бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй гэжээ.

Иймд Онч мэлмий ХХК-нд ногдуулсан НӨАТ болон бусад татварын өр 12,848,400 төгрөгийн маргаан нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагатай холбогдолгүй бөгөөд бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох хугацаа өнгөрсөн байна.

2.Нэхэмжлэгч нь бэлэглэлийн гэрээ байгуулж Онч мэлмий ХХК-ийг шилжүүлэн авсан боловч уг чанартаа худалдах, худалдан авах гэрээ хийж хариуцагч Т.Нямд 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Хаан банкны орлогын мэдүүлэг /хх-20/, бэлэн мөнгөний зарлагын баримт /хх-21/-аар нотлогдож байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч тал нь эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд хариуцагчийн тайлбарлаж байгаагаар худалдагч тал нь Онч мэлмий ХХК-ийг худалдан авагч талд татваргүйгээр шилжүүлэхийн тулд бэлэглэлийн гэрээг хийсэн болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч намайг ятган бэлэглэлийн гэрээ байгуулсны улмаас дээрх хэлцлийг хийсэн гэж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээ нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж тус тус тайлбарлаж байх боловч зохигчид татвар төлөхөөс зайлсхийж бэлэглэлийн гэрээ хийсэн нь тус гэрээний талуудын хүсэл зоригийн илэрхийллийг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Иргэний эрх үүргийг үүсгэх, өөрчлөх шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэсэн байх бөгөөд хариуцагч Т.Ням нь Онч мэлмий ХХК-ийг бэлэглэх тухайгаа илэрхийлж түүнийг нэхэмжлэгч Б.Гомбосүрэн хүлээн авснаар хүчин төгөлдөр хэлцэл хийгдсэн байна.

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-д нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг хийхэд нотариат буюу хуульд заасан бусад этгээдээр гэрчлүүлнэ гэсэн байх бөгөөд Б.Гомбосүрэн, Т.Ням нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээ нь нотариатаар гэрчлүүлсэн байна.

Зохигчдын тайлбар, 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн бэлэглэлийн гэрээнээс үзэхэд зохигчдын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээ талуудын хүсэл зоригийн үндсэн дээр сайн дураар хийгдсэн хүчин төгөлдөр гэрээ байх ба нэхэмжлэгч Б.Гомбосүрэнгийн шүүх хуралдаанд Тус гэрээг байгуулахдаа би хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан. Гэрээг байгуулаад 4 жил болж байна гэх тайлбараар мөн нотлогдож байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлд хүчин төгөлдөр бус байх хэлцэл-д ямар хэлцлийг тооцох нөхцөлүүдийг заасан байх тул нэхэмжлэгч Б.Гомбосүрэнгийн хувьд уг хэлцлээс гарах хууль зүйн үр дагаврыг нь ойлгохгүй хийсэн байна гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч Б.Гомбосүрэнгээс хариуцагч Т.Нямд холбогдох бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан баримтуудаас нэхэмжлэгч Б.Гомбосүрэнгийн шүүхэд гаргаж өгсөн Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 360 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж нь /хх-35-37/ Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 15 дугаартай тогтоолоор /хх-28-30/ хүчингүй болсон байх тул Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 360 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 276 дугаар зүйлийн 276.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Гомбосүрэнгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Нямд холбогдох бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА