| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2018/0153/Э |
| Дугаар | 166 |
| Огноо | 2018-12-18 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 17.2.2., |
| Улсын яллагч | С.Энхням |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 166
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан,
Шүүгдэгч Э.С, Шүүгдэгч Э.Г,
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.С, Э.Г нарт холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Э.С
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Э.С, Э.Г нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 27-ны шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Бүгд Найрамдах Өмнөд Солонгос улсын иргэн Р зодож улмаар 750.000 төгрөгийн үнэ бүхий гар утас, түрийвч зэргийг нь авч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсоны улмаас 1.168.750 төгрөгийн хохирол, хохирогч Р-ны эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Ргийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ” 2018 оны 10 дугаар сарын 27-ны шөнө 23 цагийн орчимд ...харанхуй газар аваачаад нэг нь намайг дагуулж яваад ...цохьсон цохиод эхлэхээр нь би англиар “надаас мөнө авч болно би авна гэсэн зүйлийг чинь өгье" гэж хэлсэн. ..намайг цохиод л зодсон ...ойролцоогоор 5-10 минут болсон ...зодуулаад босоод арын кармаанд байсан түрийвч, гар утсаа үзэхэд түрийвч, гар утас алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 29-р тал/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай /хх-ийн 44/
Шинжээчийн дүгнэлт /хх-иийн 45/
Ашид билгүүн ХХК-ний 2018 оны 11 сарын 06-ны өдрийн ТХҮ6/12-007 дугаартай хохирлын үнэлгээ /хх-ийн 52-53 дугаар хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90-91/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.С, Э.Г нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 27-ны шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Бүгд Найрамдах Өмнөд Солонгос улсын иргэн Рг зодож улмаар 750.000 төгрөгийн үнэ бүхий гар утас, түрийвч зэргийг нь авч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсоны улмаас 1.168.750 төгрөгийн хохирол, хохирогч Р-ны эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэжээ. Дээрмийн гэмт хэрэг нь өөрийн санаа зорилгыг хэрэгжүүлсэн, хэрэгжүүлээгүйгээс үл хамаарч хүч хэрэглэхээр довтолгоон эхэлсэн үеэс төгсдөг, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн дотор хамгийн хүнд гэмт хэрэгт тооцогддог. Дээрмийн гэмт хэргийн довтолгоон хохирогчид мэдэгдэхгүйгээр хийж болдог бөгөөд Э.Г нь хохирогчийг араас нь боогоод газар унагаагаад дээр нь гараад сууж байтал С нэг удаа хөшиглөсөн, би зүүн гараараа нүүррүү нь нэг удаа цохисон, ..... Солонгос хүний курикруу нь хартал түрийвч нь халааснаасаа ил гараад харагдаж байхаар нь түрийвчийг нь аваад машин руугаа гүйгээд машиндаа суугаад явсан ....хэлбэрээр үйлдэж байгаа нь дээрмийн гэмт хэргийн довтолгоон бөгөөд хүний эд юм болох ....... шууд өөрийн болгон авч байгаа шунахай сэдэлттэй идэвхтэй үйлдлээр бүлэглэн үйлдсэн болох нь хохирогч болон шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.С, Э.Г нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 27-ны шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Бүгд Найрамдах Өмнөд Солонгос улсын иргэн Рг зодож улмаар 750.000 төгрөгийн үнэ бүхий гар утас, түрийвч зэргийг нь авч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсоны улмаас 1.168.750 төгрөгийн хохирол, хохирогч Р-ны эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэстэй гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч нар нь Э.Г, Э.С нар нь 20 бөгөөд 21 нас хүрээгүй тул ял шийтгэл оногдуулахдаа анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан, хохирлыг нөхөн төлсөн, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, цаашид сурч боловсрох нөхцөл, бололцоог хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.
Хохирогч Р нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Э.Г, Э.С нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний баримт бичиг тус шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Э.С,Э.Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Э. Г, Э.С нарыг тус бүр 1 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Э.Г, Э.С нарт оногдуулсан ялуудыг тус тусад нь эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С, Э.Г нарт оногдуулсан тус бүрийн 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Э.Г, Э.С нар нь цагдан хоригдсон хоноггүй,бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б Э.С, Э.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөж цагдан хорьсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН