Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 271

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Түвшинжаргал, Б.Марина нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сум, Жаргалан баг 48 айлын 3 дугаар орц, 33 тоотод оршин суудаг, Шар бургууд овогт Зинамэдэрийн Лхамхүүгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сум, 11 дүгээр баг, Хайрханы 43 тоотод оршин суух, Хойд овогт Ариунаагийн Алимаа,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сум, Наран баг, Жаргалант төв байрны 4 дүгээр давхар, 2 тоотод оршин суух, Багшийнхан овогт Балжаагийн Ганзориг,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав баг, Домбот хотхоны 1-2 тоотод оршин суух, Агвааны Бямбасүрэн нарт холбогдох нэр төр сэргээлгэхийг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, А.Бямбасүрэн, Б.Ганзориг нарын З.Лхамхүүд холбогдох нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, тараасан арга хэлбэр, хэрэгслээр няцаалт хийлгүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Лхамхүү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Даваасүрэн, Л.Эрдэнэцэцэг, хариуцагч А.Алимаа, А.Бямбасүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Б.Алтанбадралт, Б.Мөнхбат, иргэдийн төлөөлөгч Ж.Ганцогт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Лхамхүү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч А.Алимаа нь ажилд орно гээд төрийн албаны шалгалт өгчихөөд ирсэн. Би түүнд Төрийн албаны зөвлөлийн шийдвэр гарсны дараа ирэх ёстой гэсэн. Тэгээд төрийн албаны шийдвэр гарсны дараа хүрч ирсэн. Нөхөртэйгөө 2 удаа ирэхэд нь би чам дээр тушаал гаргахгүй. Төрийн албаны шийдвэрийг Булган сум руу явуулж танилцуулна гэсэн. Булган сум руу явуулж танилцуулаад ажилд авахгүй гэж бичиг ирсэн. Тэр хооронд нөхөртэйгөө 2 удаа орж ирээд ширээ цохиод загнаад байсан. Би хүний нөөцийн ажилтнаа байлгаж байгаад хууль уншуулсан. Би чамайг томилохгүй. Булган сумын Засаг дарга н.Баатарсүрэн гуай томилох ёстой гэдгийг хэлсэн. Өөрөө хууль уншчихаад энэ чинь улсын байцаагчтай холбоотой хууль байна гээд загнаад байсан. Би миний хүүхэдтэй ялгаа юу байхав гээд чимээгүй орхисон.

Тэгээд А.Алимаа нь 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 07 цаг 40 минутад Ард Аюушийн талбай дээр намайг буруу үйлдэл хийгээгүй байхад доромжилж БОАЖГ-ын дарга З.Лхамхүү огцор, яаралтай төрийн албанд мэргэжлийн бус хүн ажиллуулахаа зогсоо..., нутгийн залуучуудыг ажлын байраар ханга гэсэн лоозон барьж нөхөртэйгээ, найзтайгаа гурвуулаа зогссон, мөн тэр фото зургаа facebook, Jaagii mongolia цахим мэдээллээр, Ховд аймгийн Зарын групп, Ховд аймгийн Залуусын нэгдэл зэрэг группээр олон нийтэд тараан мэдээлсэн. Мөн 2016 оны 02 дугаар сарын 17,18,19-нд ТV-9, Молор телевиз, Ховд TV,SBN, МОНЦЕМО-гийн үндэсний мэдээллийн хэрэгслээр миний нэр төр, ажил хэргийг гутаан доромжилсон зураг гаргаж, худал зар мэдээг цацуулж, хуулинд байхгүй эрх мэдлийг гүйцэтгүүлэх гэж миний нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан.

Б.Ганзориг нь А.Алимаагийн хууль бус үйл ажиллагааг дэмжиж facebook, Jaagii mongolia цахим мэдээлэлд Тэтгэврийн эмээ тэтгэвэрт гарах хэрэгтэй гэж бичсэн нь Иргэний хуулимйн 21 дүгээр зүйлийн 21.1-т заасан иргэний нэрийг хууль бусаар ашиглахыг хориглох заалтыг зөрчиж, миний нэр хүндэд халдан намайг доромжилсон.

Ховдын мэдээ сонины эрхлэгч А.Бямбасүрэн нь А.Ариунаагийн ташаа мэдээллээр сурталчилгаа хийж, Jaagii mongolia хаягаар миний хийгээгүй үйлдлийг хийсэн болгож, мэдээллийг оруулж гутаан доромжлоод зогсохгүй МОНЦАМЭ үндэсний мэдээллийн агентлагийн мэдээллийн сайтаар нэг талыг барьж гүтгэн гуйвуулсан, хэт дэврүүлэн гүжирдсэн мэдээг нийтэлж, 30 хоносон боловч татаж авахгүй байна.

Дэлхий даяар цацагддаг мэдээллийн хэрэгслээр миний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаан, ард түмний дунд буруу мэдээлэл өгч, ах дүү, хамаатан садан, үр хүүхдүүддээ нэр хүндгүй болж, буруу үлгэр дуурайлал үзүүлж байгаагаар харагдуулж байгаад хариуцагч А.Алимаа, Б.Ганзориг, А.Бямбасүрэн нарт гомдолтой байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,497.3, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-д заасны дагуу миний нэр төрийг сэргээж, А.Алимаагаас 5,000,000 төгрөг, Б.Ганзоригоос 3,000,000 төгрөг, Б.Бямбасүрэнгээс 4,000,000 төгрөгийг тус тус гаргуулах, уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээрээ няцаалгах үүрэг хүлээлгэж өгнө үү гэв.

Хариуцагч А.Алимаа шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрийн албан хаагчийн шалгалтад орсон. Булган сум хариуцсан байгаль хамгаалагч гэдэг орон тоон дээр өрсөлдөөд нэгээр гарч тэнцсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга З.Лхамхүү гэдэг хүн намайг одоо хүртэл ажилд томилж, ажилд аваагүй нь үнэн. Би талбай дээр жагсаал хийсэн нь үнэн. Би талбай дээр мэргэжлийн бус хүн ажиллуулахаа зогсоо, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Лхамхүү огцор, нутгийн ажилгүй залуучуудыг ажлаар ханга гэсэн лоозон барьж зогссон. Талбай дээр лоозон барьж зогсож байхад зөвшөөрөл авах хэрэгтэй, зөвшөөрөл аваад зогс гэж шаардахад нь би зогсохоо больсон. Энэ хүний нэр төрд халдсан зүйл байхгүй. Намайг зогсож байх хэсэг хугацаанд маш олон хүн харж байсан. Маш олон хүн ирж уулзаад дэмжиж байна гэж гарын үсгээ зураад санал бодлоо илэрхийлээд явж байсан.

Face book.com, Jagii Mongol гэсэн хаягаар нийтлэл тавигдсан. Тэр хүмүүсийн хэн нэгэн нь тавьсан байх. Би ийм хаяг мэдэхгүй, би тавиагүй. Би хүний нэр төрд халдаагүй. Намайг ажилд аваач гэсэн шаардлага тавьсан. Би энэ хүний ажлын өрөөнд нөхөртэйгөө орсон нь үнэн. Гэхдээ би зохисгүй аашлаагүй. Манай нөхөр өөртөө анхаарлыг нь хандуулах гэж ширээ тоншсон. Түүнээс биш ширээ цохиж зохисгүй үйлдэл гаргаагүй. Дараа нь намайг цагдаад өгсөн. Цагдаагаас прокурор луу шилжсэн. Прокурорын тогтоолоор иргэн А.Алимаа нь Face book.com, Jagii Mongol гэх хаягаар Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга З.Лхамхүүгийн алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тараасан болох нь тогтоогдоогүй гээд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч Б.Ганзориг шүүхэд гаргасан тайлбартаа:Миний бие Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга З.Лхамхүүгийн алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тараасан аливаа үйлдэл гаргаагүй. Иймд З.Лхамхүүгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Ганзориг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие Балжаагийн Ганзориг нь Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч. Б.Ганзориг миний нийгэмд эзлэх байр суурь, хувийн болон ажил хэргийн нэр дээр үндэслэн Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багиин иргэд 2012 оны орон нутгийн сонгуулиар аймгиин ИТХ-д өөрсдийгөө төлөөлүүлэн сонгосон юм.

Гэтэл Ховд аймгийн Байгаль орчин аялал, жуулчлалын газрын дарга З.Лхамхүү нь 2016 оны 02 дугаар сарын 16-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд үйл ажиллагаа явуулдаг олон нийтийн Ховд телевизээр аймгийн ИХТ-ын хурлын төлөөлөгч Балжаагийн Ганзориг гэдэг хүн намайг доромжилсон, аймгийн ИТX-ын төлөөлөгч хүнд ийм эрх байхгүй, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч хүн хуулиа мэдэхгүйгээр fасеbоок" дагаад жиргээд сууж байдаг юм, цаана нь хүн доромжлоод зогсохгүй төрийн албыг доромжиллоо гэх агуулга бүхий мэдээллийг хийж, миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжиллоо.

З.Лхамхүүгийн дээрхи үйлдлээс болж намайг аймгийн ИТХ-д сонгосон иргэд, сонгогчид буруу мэдээлэлтэй болж миний цаашдын улс төрийн нэр хүндэд нөлөөлж байна. Иймд мэдээ, мэдээлэл тараасан арга хэлбэр, хэрэгслээр няцаалт хийлгүүлэхийг даалгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Бямбасүрэн шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Би Face book.com, Jagii Mongol нэртэй хуудас байдгийг мэдэхгүй, уг хуудасны админтай найз ч биш, уг хуудасны дагагч биш, хайлтын системээр хайхад ч илэрцгүй байгаа. Би Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга З.Лхамхүү нь төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалтад 1-р байранд орж тэнцсэн А.Алимааг томилохгүй байгаа талаар талбай дээр суулт хийж байгаа байдлыг ямар нэг байдлаар гуйвуулалгүйгээр нийтлэл бичсэн.

Нэхэмжлэгчийн мэдээ тараагдсан гээд байгаа МОНЦАМЭ сайтыг А.Бямбасүрэн би эрхэлдэггүй. МОНЦАМЭ агентлаг гэсэн тусдаа бие даасан хуулийн этгээд эрхэлдэг гэв.

Хариуцагч А.Бямбасүрэн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч З.Лхамхүү нь хариуцагчА.Бямбасүрэн миний нэр, нэр төр алдар хүндийг гутаасан үндэслэлгүй мэдээг тараалаа. Тодруулбал нэхэмжлэгч З.Лхамхүү нь шүүхэд хандсан нэхэмжлэлдээ А.Бямбасүрэн Jaagii mongol хаягаар миний хийгээгүй үйлдлийг хийсэн болгож, мэдээлэл оруулж гутаан доромжилсон..." гэж илт үндэслэлгүй мэдээ тараасан.

Илт үндэслэлгүй мэдээ гэхийн учир нь А.Бямбасүрэн би www.facebook.com сайт Jaagii mongol нэртэй хуудас миний хуудас биш, уг хуудасны admin нь ямар хүн байдгийг би огт мэдэхгүй. Миний бие "Ховдын зарын групп", "Ховд аймгийн залуучуудын нэгдэл зэрэг бүлгэмүүдэд З.Лхамхүүгийн талаар ямар нэг мэдээ бичиж постлоогүй.

Ийм байхад З.Лхамхүү нь намайг уг www.facebook.com сайтын Jaagii mongol нэртэй хуудас, "Ховдын зарын групп", Ховд аймгийн залуусын нэгдэл бүлгэмүүдээр нэр төр, ажил хэргийг гутаан доромжилсон зураг гаргаж, худал зар мэдээг цацуулсан гэж үндэслэлгүй мэдээг Ховд аймгийн Цагдаагийн газар, Прокурорын газарт тараасан.

Гэтэл З.Лхамхүү нь А.Бямбасүрэн намайг www.facebook.com сайтын Jaagii mongol хуудсаарнэр төрийг гутаан доромжилсон мэтээр надад ямар ч холбоогүй асуудалд холбож, миний нэр, нэр төр, алдар хүндийг гутаалаа.

З.Лхамхүү нь миний талаар өөрийнх нь нэр төрийг гутаасан гэж илт худал мэдээ баримтыг бусдад тарааж байгаа нь сэтгүүлч миний хэвлэн нийтлэх эрх чөлөөг боомилсон хэрэг юм.

Иймд нэхэмжлэгч З.Лхамхүүгээр хариуцагч А.Бямбасүрэн миний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан бодит байдалд үл нийцэх мэдээ тараасан арга хэрэгслээрээ няцаалт хийхийг даалгуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэл гаргалаа гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.Лхамхүү нь хариуцагч А.Алимаа, Б.Ганзориг, А.Бямбасүрэн нарт холбогдох нэр төр сэргээлгэхийг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, А.Бямбасүрэн, Б.Ганзориг нарын З.Лхамхүүд холбогдох нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, тараасан арга хэлбэр, хэрэгслээр няцаалт хийлгүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч З.Лхамхүү нь шүүх хуралдаанд:

-хариуцагч А.Алимаа нь 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 07 цаг 40 минутад Ард Аюушийн талбай дээр намайг буруу үйлдэл хийгээгүй байхад доромжилж БОАЖГ-ын дарга З.Лхамхүү огцор. Яаралтай төрийн албанд мэргэжлийн бус хүн ажиллуулахаа зогсоо. Нутгийн залуучуудыг ажлын байраар ханга гэсэн лоозон барьж зогссон. Мөн 2016 оны 02 дугаар сарын 16-нд Face book.com, Jagii Mongol цахим хаягаар, Ховд аймгийн зарын групп, Ховд аймгийн залуусын нэгдэл зэрэг группээр олон нийтэд мэдээллэсэн,

-хариуцагч Б.Ганзориг нь А.Алимаагийн хууль бус үйл ажиллагааг дэмжиж Face book.com, Jagii Mongol цахим мэдээлэлд тэтгэвэрийн эмээ тэтгэвэрт гарах хэрэгтэй гэж бичсэн нь хуульд заасан иргэний нэрийг хууль бусаар ашиглахыг хориглох заалтыг зөрчиж, миний нэр хүндэд халдан намайг доромжилсон,

-хариуцагч А.Бямбасүрэн нь А.Ариунаагийн ташаа мэдээлэлээр суртачилгаа хийж Jagii Mongolцахим хаягаар миний хийгээгүй үйлдэлийг хийсэн болгож мэдээлэлийг оруулж, МОНЦАМЭ үндэсний мэдээллийн агентлагийн сайтаар нэг талыг барьж гүтгэн гуйвуулсан мэдээг нийтэлсэн зэрэг хохирол учирсан гэж, хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж мэтгэлцлээ.

Тус хэргийг хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбар зэргийг үндэслэн дараахь байдлаар шийдвэрлэх нь зүйтэй байна. Үүнд:

1.З.Лхамхүүгийн нэхэмжлэлтэй хариуцагч А.Алимаад холбогдох нэхэмжлэлийн тухайд:

Нэхэмжлэгч нь хариуцагч А.Алимаа нь 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 07 цаг 40 минутад Ард Аюушийн талбай дээр намайг буруу үйлдэл хийгээгүй байхад доромжилж БОАЖГ-ын дарга З.Лхамхүү огцор. Яаралтай төрийн албанд мэргэжлийн бус хүн ажиллуулахаа зогсоо. Нутгийн залуучуудыг ажлын байраар ханга гэсэн лоозон барьж зогссон гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

Хариуцагч А.Алимаа нь 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 07 цаг 40 минутад Ард Аюушийн талбай дээр БОАЖГ-ын дарга З.Лхамхүү огцор, яаралтай төрийн албанд мэргэжлийн бус хүн ажиллуулахаа зогсоо..., нутгийн залуучуудыг ажлын байраар ханга гэсэн лоозон барьж жагссан талаар хариуцагч маргаагүй болно.

Хариуцагч А.Алимаа нь Төрийн албаны мэргэшлийн шалгалтад Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Булган сум хариуцсан байгаль хамгаалагчийн сул орон тоонд өрсөлдөн тэнцэж, хамгийн өндөр оноо авсан нь Ховд аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дүгнэлт /хх-42/, Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын дүнгийн хуудас /хх-43/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 6-д зааснаар Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас  байгаль орчны чиглэлээр сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий сургуулийн  мэргэжлийн сургалтанд хамрагдаж төгссөн иргэнийг байгаль хамгаалагчаар ажиллуулна гэжээ.

Байгаль орчин аялал жуулчлалын газарт тухайн ажлын байранд тавигдах дээрх хуулийн шаардлага хангаагүй, мэргэжлийн бус хүн ажиллаж байгаа нь хэрэгт авагдсан гэрч Х.Тунгалаг /хх-189-191/, Б.Цогзолмаа /хх-192-194/, 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл /хх-214-222/, А.Цэен-Ойдовын бакалаварын дипломын хуулбар, хавсралт /хх-224-226/, А.Цен-Ойдовын үр дүнгийн гэрээ /хх-227-231/, Ш.Дэмбэрэлдовдонгийн бакалаврын дипломын хуулбар /хх-232-233/, Х.Тунгалагийн магистрын дипломын хуулбар /хх-234-235/, Х.Тунгалагийн бакалаварын дипломын хуулбар, хавсралт /хх-237-238/, А.Нансалмаагийн бакалаварын дипломын хуулбар, хавсралт /хх-239/, Ховд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/13 дугаартай Ажилд томилох тухай тушаал /хх-240/, түүний бакалаварын дипломын хуулбар, хавсралт /хх-241-242/, Б.Цогзолмаагийн магистрын дипломын хуулбар /хх-243-244/, төрийн удирдлагын менежерийн дипломын хуулбар /хх-245/, Д.Буянтогтохын мебель мужааны үнэмлэхний хуулбар /хх-246/, Д.Мөнх-Эрдэний бакалаварын дипломын хуулбар, хавсралт /хх-247-248/, Б.Эрдэнэсүрэнгийн бакалаварын дипломын хуулбар /2-р хавтаст хэргийн 1-р хуу/, Г.Наранбатын бакалаварын дипломын хуулбар /2-р хавтаст хэргийн 2-4-р хуу/, Ч.Баянмөнхийн дунд боловсролын үнэмлэх /2-р хавтаст хэргийн хх-5/, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын бодлогын хэрэгжилт, хүний нөөу хариуцсан ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт /2-р хавтаст хэргийн хх-11-13/, Ус, усны нөөц, хамгаалалт, зохистой ашиглалт, судалгаа шинжилгээ, байгууллагын ил тод байдал хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт /2-р хавтаст хэргийн хх-14-16/, Амьтаны олон янз байдал, мэдээллийн сан, сургалт суртачилгаа хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт /2-р хавтаст хэргийн хх-17-19/, Аялал жуулчлал, байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл хариуцсан мэрэгжилтний ажлын байрны тодорхойлолт /2-р хавтаст хэргийн хх-20-22/, Орчны бохирдол, нөөц ашиглалт, уур амьсгалын өөрчлөлт, хиймийн хорт бодис, байгалийн гамшигийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт /2-р хавтаст хэргийн хх-23-25/, 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл /2-р хавтаст хэргийн х-44-45/, 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл /2-р хавтаст хэргийн хх-46-47/, Байгаль орчны газрын даргын ажлын байрны тодорхойлолтын хуулбар /2-р хавтаст хэргийн хх-48-53/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Иймд хариуцагч А.Алимаагийн ...төрийн албанд мэргэжлийн бус хүн ажиллаж байна... гэсэн нь бодит байдалд нийцэж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй... гэж заасны дагуу тайван жагсаал хийснийг хууль бус, буруутай үйл ажиллагаа гэж дүгнэх хууль зүйн үндэсгүй.

Харин Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д Гудамж, талбайд жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг сум, дүүргийн Засаг даргад өгч бүртгүүлнэ, 14 дүгээр зүйлийн 1.1-д ... энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу бүртгүүлэлгүйгээр жагсаал, цуглаан зохион байгуулсан бол албадан тараах буюу тус хуулийн 15 дугаар зүйлийн 2-д зааснаар хариуцлага хүлээнэ гэсэн заалтын дагуу уг жагсаалыг тараасан байна.

Монгол Улсын иргэдээс улс төр, нийгэм,эдийн засаг, хүний эрх, эрх чөлөөтэй холбогдсон асуудлаар үзэл бодол, санал, шаардлагаа нийтэд илэрхийлэх зорилгоор жагсаал, цуглаан хийх үйлдэл нь Үндсэн хуульд заасан иргэний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөөнд нийцэж байгаа тул дээрх үндэслэлээр хариуцагчийг буруутгах үндэслэлгүй юм.

Тус жагсаалыг нэхэмжлэгч нь 2016 оны 02 дугаар сарын 16-нд Face book.com, Jagii Mongol цахим хаягаар, Ховд аймгийн зарын групп, Ховд аймгийн залуусын нэгдэл зэрэг группээр А.Алимаа нь олон нийтэд мэдээллэсэн гэж нэхэмжлэлийн дараагийн шаардлагыг гаргажээ.

Гэтэл нэхэмжлэгч нь Face book.com, Jagii Mongol цахим хаягт тавигдсан мэдээлэл нь А.Алимаагийн тавьсан мэдээлэл гэдгийг, Face book.com, Jagii Mongol цахим хаяг нь А.Алимаагийн цахим хаяг мөн болох, мөн Ховд аймгийн зарын групп, Ховд аймгийн залуусын нэгдэл зэрэг групп дээр ямар мэдээлэл тавигдсан талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

Иймд хариуцагч А.Алимааг Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга З.Лхамхүүгийн нэр төрийг гутаасан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин нэхэмжлэгч З.Лхамхүүгийн шүүхэд гаргасан хавтаст хэргийн 13-39 дугаар хуудаст авагдсан материалуудыг нотлох баримтын шаардлага хангаагүй байна гэж үзлээ. Учир нь Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д нотариатын үйлдэлхийх төрөлүүдийг заасан байна. Иймд Face book.com болон цахим мэдээлэлийн хэрэгсэлээс хуулбарласан материалд нотариатын үйлдэл хийх талаар тусгагдаагүй байх тул уг баримтуудыг нотлох баримтаас хасах үндэслэлтэй байна.

2.Хариуцагч Б.Ганзоригт холбогдох хэргийн тухайд: -хариуцагч Б.Ганзориг нь А.Алимаагийн хууль бус үйл ажиллагааг дэмжиж Face book.com, Jagii Mongol цахим мэдээлэлд тэтгэвэрийн эмээ тэтгэвэрт гарах хэрэгтэй гэж бичсэн нь хуульд заасан иргэний нэрийг хууль бусаар ашиглахыг хориглох заалтыг зөрчиж, миний нэр хүндэд халдан намайг доромжилсон гэжээ.

Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд өгсөн Б.Ганзориг нь өмнө 10 жилийн 2-р сургуулийн засварын ажил хийж байхдаа алдаа гаргасан. Залуу хүн байна чамд нүүрэн дээр нь хэлье. Ухаантай залуу бол өлгөөд явах ёстой. Ухаангүй учраас Face book-р жиргээд явж байна... гэх тайлбараас үзвэл нэхэмжлэгчЗ.Лхамхүү, хариуцагч Б.Ганзориг нар нь өмнө нь хувийн таарамжгүй харилцаатай байсан байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар Face book.com, Jagii Mongol цахим мэдээлэлд тэтгэвэрийн эмээ тэтгэвэрт гарах хэрэгтэй гэж бичсэн нь мэдээллийн тарсан хүрээ тодорхойгүй, ямар хүрээнд мэдээ, мэдээлэл тараагдсан байдлыг нэхэмжлэгч З.Лхамхүү нотлохгүй байна.Мөн тус өгүүлбэр нь З.Лхамхүүгийн нэр төрийг ямар байдлаар гутаасан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

3.Хариуцагч А.Бямбасүрэнд холбогдох хэргийн тухайд:

-хариуцагч А.Бямбасүрэн нь А.Ариунаагийн ташаа мэдээлэлээр суртачилгаа хийж Jagii Mongolцахим хаягаар миний хийгээгүй үйлдэлийг хийсэн болгож мэдээлэлийг оруулж, МОНЦАМЭ үндэсний мэдээллийн агентлагийн сайтаар нэг талыг барьж гүтгэн гуйвуулсан мэдээг нийтэлсэн зэрэг хохирол учирсан гэж үзжээ.

Хариуцагч А.Бямбасүрэн нь Ард Аюушийн талбай дээр болсон жагсаалыг Jagii Mongol цахим хаяг, МОНЦАМЭ үндэсний мэдээллийн агентлагийн сайтаар нийтэлсэн гэдгийг нэхэмжлэгч З.Лхамхүү нь нотлож, холбогдох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна. Харин хариуцагч А.Бямбасүрэн нь Ард Аюушийн талбай дээр болсон жагсаалыг талаар мэдээ бичсэн нь иргэний Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д заасан эрхээ эдлэж, үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийн үзэл бодлын илэрхийлэлийг шууд дамжуулсан нь бусдын нэр төр, алдар хүндэд халдсан гэж үзэх үндэслэлгүй юм.

4. Б.Ганзоригийн сөрөг нэхэмжлэлтэй З.Лхамхүүд холбогдох нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, тараасан арга хэлбэр, хэрэгсэлээр няцаалт хийлгүүлэхийг даалгуулах тухайд:

Б.Ганзориг нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ З.Лхамхүү нь 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд үйл ажиллагаа явуулдаг олон нийтийн Ховд телевизээр аймгийн ИТХ-ын төлөөлөгч Балжаагийн Ганзориг гэдэг хүн намайг доромжилсон, дээрх үйлдэлээс болж намайг ИТХ-д сонгосон иргэд сонгогчид буруу мэдээлэлтэй болж, миний цаашдын улс төрийн нэр хүндэд нөлөөлж байна гэжээ.

Тус Ховд телевизээр цацагдсан нэвтрүүлэг явагдсанаар Б.Ганзоригт ямар байдлаар нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд нь гутаагдсан нь тодорхойгүй, уг нэвтрүүлэг гарснаар хэрхэн ямар байдалтай болгож гутаасан гэдэг нь тогтоогдоогүй бөгөөд энэ нь Б.Ганзоригийн шүүхэд гаргасан хуурцагт бичигдсэн бичлэгээр /хх-120/ тогтоогдохгүй байна.

5.А.Бямбасүрэнгийн сөрөг нэхэмжлэлтэй З.Лхамхүүд холбогдох нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, тараасан арга хэлбэр, хэрэгсэлээр няцаалт хийлгүүлэхийг даалгуулах тухайд:

А.Бямбасүрэн нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: З.Лхамхүү нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...А.Бямбасүрэн нь Face book.com, Jagii Mongol хуудасаар миний хийгээгүй үйлдэлийг хийсэн болгож, мэдээлэл оруулж гутаан доромжилсон гэж илт үндэслэлгүй мэдээ тараасан. Намайг Face book.com, Jagii Mongol хуудасаар нэр төрийг гутаан доромжилсон мэтээр надад ямар ч холбоогүй асуудлыг холбож, миний нэр, нэр төр, алдар хүндийг гутаалаа гэжээ.

З.Лхамхүүгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн улмаас А.Бямбасүрэнд ямар байдлаар нэр төр нь гутаагдсан, хэрхэн яаж алдар хүндийг нь гутаасан, З.Лхамхүүгийн ямар буруутай үйлдлээс ажил хэргийн нэр хүнд яаж унасан зэрэг байдлуудыг тодорхойлоогүй байна. Энэ байдлаа нотолсон баримтыг А.Бямбасүрэн нь шүүхэд гаргаагүй байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэж үзэхэд нэхэмжлэгч З.Лхамхүү нь А.Ариунаа, Б.Ганзориг, А.Бямбасүрэн нарт холбогдуулан нэр төрийг сэргээлгэх, Б.Ганзориг, А.Бямбасүрэн нар нь З.Лхамхүүд холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх тухай шаардлага гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаагүй байна. Тухайлбал ямар байдлаар нэр төр нь гутаагдсан, хэрхэн яаж алдар хүндийг нь гутаасан, хариуцагчийн буруутай үйлдлээс ажил хэргийн нэр хүнд яаж унасан зэрэг байдлуудыг тодорхойлоогүй байна.

Хэрэгт цугларсан баримтуудаар тухайлбал телевизорт ярилцлага өгсөн болон веб сайтад тавигдсан нийтлэл зэргээс нэхэмжлэгч З.Лхамхүүгийн нэр төрийг гутаасан мэдээллийг олон нийтэд А.Ариунаа, Б.Ганзориг, А.Бямбасүрэн нар тараасан, хариуцагч Б.Ганзориг, А.Бямбасүрэн нарын нэр төрийг гутаасан мэдээллийг олон нийтэд З.Лхамхүү тараасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн дээрх үйлдэлтэй холбоотойгоор нэхэмжлэгч З.Лхамхүүд гэм хор нэхэмжлэх эрх үүсээгүй байна гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч З.Лхамхүүгийн А.Ариунаа, Б.Ганзориг, А.Бямбасүрэн нарт холбогдох нэр төр сэргээлгэж А.Алимаагаас 5,000,000 төгрөг, Б.Ганзоригоос 3,000,000 төгрөг, А.Бямбасүрэнгээс 4,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Б.Ганзориг, А.Бямбасүрэн нарын З.Лхамхүүд холбогдох нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, тараасан арга хэлбэр, хэрэгслээр няцаалт хийлгүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 , 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1.2-д зааснаар З.Лхамхүүгийн нэхэмжлэлтэй хариуцагч А.Ариунаа, Б.Ганзориг, А.Бямбасүрэн нарт холбогдох нэр төр сэргээлгэж, А.Алимаагаас 5,000,000 төгрөг, Б.Ганзоригоос 3,000,000 төгрөг, А.Бямбасүрэнгээс 4,000,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Ганзориг, А.Бямбасүрэн нарын нэхэмжлэгч З.Лхамхүүд холбогдох нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, тараасан арга хэлбэр, хэрэгслээр няцаалт хийлгүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч З.Лхамхүүгийнулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,150 төгрөг, хариуцагч Б.Ганзоригийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 70,200 төгрөг, хариуцагч А.Бямбасүрэнгийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД Л.ТҮВШИНЖАРГАЛ

Б.МАРИНА