Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/01214

 

Р- сууц өмчлөгчдийн холбооны

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа, даргалж, шүүгч М.Баясгалан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2023/01963 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Р- сууц өмчлөгчдийн холбооны хариуцагч Э.А-д холбогдуулан гаргасан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 9,420,000 төгрөг, хохиролд 70,200 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Р- СӨХ нь 2006 онд байгуулагдаж, 2014 онд гэрчилгээ авсан. 2006 онд бүх гишүүдийн анхдугаар хурлаар дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрийг сар тутам 170,000 төгрөг байхаар тогтоосныг өнөөдрийг хүртэл дагаж мөрдөж байна. 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 01/04 тоот удирдах зөвлөлийн шийдвэрээр гэрийн тэжээвэр амьтантай оршин суугчаас сард 20,000 төгрөг авч байхаар тогтоосон. Мөн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн БГ/03 тоот бүх гишүүдийн хурлын тогтоолоор сар бүр авто зогсоолын төлбөр нэг зогсоолоос 20,000 төгрөг авч байхаар тус тус тогтоосон. Гэтэл 101 дүгээр байр 402 тоотод оршин суугч Э.А- нь 2018 оны 08 сараас 2022 оны 11 сар хүртэлх хугацааны төлбөрийг төлөөгүй. Э.А- нь 2018 оны 09, 10, 11, 12 сарын төлбөр нийт 810,000 төгрөг, 2019 оны 1-12 сарын төлбөр 2,040,000 төгрөг, тэжээвэр амьтны төлбөр 1 сарын 20,000 төгрөг буюу 1-12 дугаар сарын 240,000 төгрөг, нийт 2,280,000 төгрөг, 2020 оны 1-12 дугаар сарын төлбөр 2,040,000 төгрөг, тэжээвэр амьтны төлбөр 1-9 сарынх 180,000 төгрөг, нийт 2,220,000 төгрөг, 2021 оны 1-12 дугаар сарын төлбөр 2,040,000 төгрөг, 2022 оны 1-11 сарын төлбөр 1,870,000 төгрөг, 2 авто зогсоолын төлбөрт 1 зогсоолыг 20,000 төгрөгөөр тооцож 7-11 сарын 200,000 төгрөг, нийт 2,070,000 төгрөгийн өр төлбөртэй байна. Иймд Э.А-гээс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт нийт 9,420,000 төгрөгийг, эрэн сурвалжлуулсны зардал 70,200 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр нь гэрээний эрх зүйн харилцаа бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 6 дугаар зүйлд холбооны дүрэмд зайлшгүй тусгах шаардлагатай зүйлсийг тусгасан байна. Гэтэл тус сууц өмчлөгчдийн холбооноос гаргаж өгсөн дүрэмд тус хуулийн 6.1.6-т зардлыг санхүүжүүлэхэд оролцох журмыг огт тусгаагүй, мөн тус хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт заасны дагуу дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээтэй холбоотой зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлээгүй тул дээрх нэхэмжлэл нь хуульд заасан үндэслэл бүхий биш байна. Э.А- нь хэзээ ч гэртээ амьтан байлгаж байгаагүй байхад тэжээвэр амьтаны төлбөрийг шаардаж байгаа нь үндэслэлгүй. Мөн 2 авто гараашгүй, нэг л авто гарааш эзэмшдэг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Э.А-гээс 8,330,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Р- сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,160,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 165,670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 148,233 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч анх 2021 оны 12 сард шүүхэд нэхэмжилсэн буюу үүнээс өмнө хугацааны төлбөрийг шаардах эрхийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр 2018 оны 09,10,11 дүгээр сарын төлбөрийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Учир нь нэхэмжлэгч нь 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч Э.А-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн шүүгчийн 101/Ш32021/22182 дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгчийн тайлбарыг анхаараагүй тул хариуцагчаас 2018 оны 9,10,11 дүгээр сарын төлбөр болох 510,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. ( 2018 оны төлөгдөөгүй үлдэгдэл зөрүү 130 000 төгрөгнөөс татгалзаж байгаа болно).

4.а.Мөн Э.А- нь 109, 110 гэсэн 2 авто зогсоол эзэмшдэг тул 2022 оны 07-11 сарын 2 авто зогсоолын төлбөр 200,000 төгрөг нэхэмжилсэн юм. Гэтэл шүүхээс, хариуцагч нь 1 авто зогсоол эзэмшдэг болохоо хүлээн зөвшөөрч тайлбарласнаар 1 авто зогсоолын үнээр тооцож 100,000 төгрөг гаргуулсныг зөвшөөрөхгүй. Иймд тогтоолтой хавсаргасан 2 авто зогсоолын баримтыг шүүхээс үнэлээгүй тул 2 авто зогсоолын үнээр тооцож 100,000 төгрөгийг хариуцагчаас нэмж гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулаж өгнө үү. (хэргийн 15,16 р хуудас). Э.А- нь тэжээвэр амьтан буюу нохойгоо салхилуулдаг байсан учраас нохойны төлбөр 2019 онд 240,000 төгрөг, 2020 онд 180,000 төгрөг нэхэмжилсэн ба шүүхээс нотлох баримтгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. 2015 оноос эхэлж нохойны төлбөр /69-р хуудас/ авч байсан ба хариуцагч 2018 оны 10 сараас эхэлж төлж байгаад 2019 оноос төлөөгүй ба бүртгэл хөтлөөгүй гэсэн үндэслэлээр хассанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт 1,030,000 төгрөгийг хариуцагч Э.А-гээс гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5.Хариуцагч тал давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч Р- сууц өмчлөгчдийн холбоо цаашид /СӨХ гэх/ нь хариуцагч Э.А-д холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 9,420,000 төгрөг, хохиролд 70,200 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Баянзүрх дүүргийн Засаг дарга нь тус дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 101, 102, 103 дугаар байруудыг хамруулан, Р- СӨХ-г бүртгэж, 111 тоот гэрчилгээг олгосон байх бөгөөд хариуцагч Э.А- нь 101 дүгээр байрны 402 тоотод оршин суудаг болох нь талуудын тайлбар, СӨХ-ны гэрчилгээ зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 8-р тал/

3.а.Нэхэмжлэгч Р- СӨХ-ны оршин суугчдын анхдугаар хурлаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрийг нэг сарын 170,000 төгрөгөөр тогтоосон үйл баримтын талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

3.б.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт Сууц өмчлөгч нь ... дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлнө гэж, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй гэж тус тус заасан тул хариуцагч Э.А- нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг СӨХ-нд төлөх үүрэгтэй юм.

3.в.Нэхэмжлэгч Р- СӨХ нь 2018 оны 09 сараас 2022 оны 11 сар хүртэлх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөр шаардсан ба анхан шатны шүүх 2018 оны 12 сараас 2022 оны 11 сар хүртэлх хугацааны төлбөрийг хариуцагч Э.А-гээс гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Харин шүүх 2018 оны 9, 10, 11 сарын төлбөрийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь буруу болжээ.

3.г.Хэргийн хөдөлгөөний нэгдсэн систем буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны нэгдсэн систем Иргэн-2014 системээс үзвэл нэхэмжлэгч Р- СӨХ нь хариуцагч Э.А-д холбогдуулан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргаж, тус шүүх дээрх нэхэмжлэлд 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн, улмаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

3.д.Дээрх хугацаанд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байх тул нэхэмжлэгч Р- СӨХ нь 2018 оны 09, 10, 11 сарын төлбөрийг хариуцагч Э.А-гээс шаардах эрхтэй гэж үзнэ. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч Э.А-гээс 510,000 төгрөгийг нэмж гаргуулан, нэхэмжлэгч Р- СӨХ-нд олгох нь зүйтэй.

3.е.Түүнчлэн, анхан шатны шүүх 2022 оны 07 сараас 11 сар хүртэлх хугацааны авто зогсоолын төлбөрт нийт 100,000 төгрөг болон эрэн сурвалжлуулахад гарсан зардал болох 70,000 төгрөгийг тус тус хариуцагч Э.А-гээс гаргуулж, нэхэмжлэгч Р- СӨХ-нд олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн байна.

3.ё.Хэргийн 15-16, 69 дүгээр талд авагдсан баримтууд нь хариуцагч Э.А-г хоёр автозогсоол эзэмшдэг, мөн тэжээвэр амьтантай гэх байдлыг эргэлзээгүй нотолсон баримтууд биш байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь зарим шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч Э.А-гээс нийт 8,840,200 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Р- СӨХ-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2023/01963 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтын ... 8,330,200 төгрөг ... гэснийг 8,840,200 төгрөг гэж, ... 1,160,000 төгрөгт ... гэснийг 650,000 төгрөгт гэж,

 

2 дахь заалтын ... 148,233 төгрөг ... гэснийг 156,393 төгрөг гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Р- СӨХ-өөс төлсөн 29,300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

Г.ДАВААДОРЖ