Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 282

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 62 айлын орон сууц 10 тоотод оршин суух, Тольтон бургууд овогт Даваажавын Басбишийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Капитал банканд холбогдох зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Басбиш, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Галцацрах, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өсөхгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяанар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Капитал банктай байгуулсан 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүсжээ.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээг биелүүлээгүйгээс

үндсэн зээл 247,267,776 төгрөг, зээлийн хүү 37,217,328 төгрөг, торгуулийн хүү 1,891,014 төгрөг, нийт 286,376,120 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Д.Басбиш шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймагт байрлах Анод банк 2011 онд татан буугдах үед тус банканд манай компани 388,000,000 төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй байсан. Татан буугдсан Анод банкны захирлаар одоогийн Капитал банкны захирал П.Батбаяр ажиллаж байсан. Тэр үед ажил тарсны дараа 18 цагийн үед Капитал банкны захирал П.Батбаяр, Б.Ганбаатар нар намайг дуудаад төвтэйгээ хийж байсан радио хуралд суулгасан. Тэд намайг Анод банканд төлөх өрийг яаралтай төл тэгэхгүй бол хөрөнгийг чинь хураана эсвэл манай банктай зээлийн гэрээ байгуул гэж тулган шаардсан. Би арга буюу хөрөнгөө хураалгахгүйн тулд гэрээ хийхээр болж дараа нь надаар хэдэн баримт дээр гарын үсэг зуруулж, Капитал банканд 584,000,000 төгрөг төлөхөөр зээлийн гэрээ байгуулсан. Энэ гэрээний дараа банкнаас би нэг ч төгрөг авч бизнес хийгээгүй. Харин банканд би сар бүр 15,460,500 төгрөгийг төлсөөр өнөөдрийн байдлаар 680,000,000 төгрөгийн зээл, зээлийн хүү төлсөн. Өөрөөр хэлбэл банк надад ганц ч төгрөг өгч бизнес хийлгээгүй мөртлөө татан буугдсан Анод банканд төлөх өрийг хүүтэйгээр төлүүлж, мөнгө угааж эхэлсэн. Энэхүү зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Дээрх зээлийн гэрээ нь миний хөрөнгийг хураана гэж намайг сүрдүүлж, сүрдүүлгийн доор байгуулагдсан. Мөн би Капитал банканд 584,000,000 төгрөгийн зээл өгөөч гэсэн ямар нэг зээл хүссэн өргөдөл хүсэлт гаргаагүй.

Би банкнаас ганц ч төгрөгийн зээл аваагүй байхад аваагүй зээлийн төлөө яагаад хүү төлдөг юм бэ. Капитал банк надад ганц ч төгрөг өгөөгүй мөртлөө өгсөн мэтээр өгөөгүй зээлийн хүү авч байна.

Зээлийн гэрээний 3.4.1-д зээлийн зориулалт дээр жижиг дунд бизнесийн зээлд зориулагдана гэж тодруулж байгаад бичсэн байгаа. Харин би гурилын бизнест ганц ч төгрөгийн зарцуулалт хийгээгүй.

Хэрэв Анод банканд төлөх өрийг Капитал банк татан авч зээл болгоогүй бол би зээлийн өр, хүүгийн дарамтад орохгүй байсан тул 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 153 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өсөхгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Капитал банкнаас иргэн Д.Басбиш нь 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр зээл хүссэн өргөдлөө бичиж өгөөд Анод банкнаас шилжүүлсэн зээлээ хааж дуусгаад 584,000,000 төгрөгийн зээлийгавсан. Д.Басбиш 584,000,000 төгрөгийн зээлийг бэлнээр авсан. Энэ талаар харилцах дансны хамт баримтууд гаргаж өгсөн байгаа. Д.Басбиш нь 584,000,000 төгрөгийг өөрөө бэлнээр авсан болохоор ямар зориулалтаар зарцуулсан талаар бид нарын зүгээс мэдэхгүй. Д.Басбиш нь зээлээ 2011 оны 11 дүгээр сараас 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хэвийн төлж байгаад түүнээс хойш төлөхгүй болсон. Тухайн үед зээлээ хүлээн зөвшөөрөөд төлөлт хийгээд явж байсан. 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 153 тоот зээлийн гэрээ нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр бөгөөд зээл авсан талаар чекийн баримт нь байгаа.

Нэхэмжлэгч Д.Басбиш нь 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тус банктай 153 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 584,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, сарын 1,6 хувийн хүүтэй жижиг дунд бизнесийн зээл авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож иргэн Д.Басбиш нь зээлийн барьцаанд ТД:8414110093 улсын бүртгэлийн дугаартай, ГД0277430 гэрчилгээний дугаартай эзэмшлийн газар, Ү-1617000696 улсын бүртгэлийн дугаартай, ГД000128561 гэрчилгээний дугаартай ресторан, Ү-1617003071 улсын бүртгэлийн дугаартай, ГД000128562 гэрчилгээний дугаартай агуулахын барилга, бараа материал /гурил/, Ү-1617002458 улсын бүртгэлийн дугаартай, ГД000029528 гэрчилгээний дугаартай Цамбагарав зочид буудал, Ү-1617002335 улсын бүртгэлийн дугаартай, ГД000147077 гэрчилгээний дугаартай Мичид хүнсний дэлгүүр, Ү-1617002433 улсын бүртгэлийн дугаартай, ГД000147267 гэрчилгээний дугаартай граж, Ү-1617002340 улсын бүртгэлийн дугаартай, ГД000147083 гэрчилгээний дугаартай эзэмшлийн газар цехийн барилга зэрэг эд хөрөнгүүдийг барьцаалсан.

Д.Басбиш нь Анод банкнаас авсан зээлээ бүрэн төлж дууссан бөгөөд 2011 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тус банктай 153 тоот зээлийн гэрээ байгуулж авсан 584,000,000 төгрөгийн зээл нь Анод банктай ямар нэгэн байдлаар холбоогүй болно гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлээ тайлбарлахдаа: Зээлдэгч Д.Басбиш нь тус банкнаас 584,000,000 төгрөгийн зээл аваад өнөөдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээл 336,732,223 төгрөг, зээлийн хүү 328,478,454 төгрөг, торгуулийн хүү 2,294,895 төгрөг, нийт 667,505,574 төгрөгийг төлсөн.

Д.Басбиш нь 153 тоот зээлийн гэрээний үүргээ зөрчин 340 хоног зээлийн эргэн төлөлтийн графикаа зөрчин зээлээ төлөхгүй байгаа тул зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцлуулах, үндсэн зээл 247,267,776 төгрөг, зээлийн хүү 37,217,328 төгрөг, торгуулийн хүү 1,891,014 төгрөг, нийт 286,376,120 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамж 1,589,830 төрөг, нотариатын хураамжийг нэмж тооцон, барьцаа хөрөнгө болон бусад орлогоос гаргуулж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Басбиш нь хариуцагч Капитал банканд холбогдуулан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн нэхэмжлэл, Капитал банк нь Д.Басбишид холбогдуулан зээлийн төлбөр 286,376,120 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Басбиш нь Капитал банк нь миний Анод банканд төлөх ёстой өрийг хүүтэйгээр төлүүлсэн, би Капитал банкнаас 584,000,000 төгрөгийн зээл аваагүй гэж, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Д.Басбишийн Анод банкнаас авсан зээл бүрэн төлөгдсөн бөгөөд 584,000,000 төгрөгийн зээлийг Д.Басбиш Капитал банкнаас авсан. Тэрээр зээлийн эргэн төлөлтөө зөрчсөн тул одоо 286,376,120 төгрөгийг төлөх ёстой гэж мэтгэлцлээ.

Тус хэргийг хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбар зэргийг үндэслэн дараах байдлаар шийдвэрлэх нь зүйтэй байна. Үүнд:

а. Гэрээ байгуулагдсан эсэх талаар:

Хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Басбиш, хариуцагч Капитал банк нь 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 153 дугаартай зээлийн гэрээ байгуулан 584,000,000 төгрөгийг сарын 1,6 хувийн хүүтэйгээр жижиг дунд бизнесийн зээлийн журам /хх-148-150/-д зааснаар зээлийн гэрээ, барьцааны гэрээг /хх-5-9/ тус тус байгуулж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу /хх-10/ зээлийн хугацаагаар тус гэрээ нь 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр дуусгавар болох нь зохигчдын тайлбар болон зээлийн гэрээгээр нотлогдож байна.

Түүнчлэн, талуудын хооронд дээрх зээлийн гэрээ байгуулагдаж, эргэн төлөлт хийгдэж байсан болох нь зохигчийн тайлбараас гадна хэрэгт хуульд заасан журмаар цугларсан зээлийн гэрээ /хх-26-27/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-28-/, барьцааны гэрээ /хх-2931/, барьцааны нэмэлт гэрээ /хх-32-33/, зээлийн дансны хуулга /хх-34-42/, зээл хүсэгчийн өргөдөл /хх-43/, бэлэн мөнгө хүлээн авсан баримт /хх-44/, балансын гадуурх орлогын баримт /хх-45-47/, Ү-1617002458 улсын бүртгэлийн дугаартай, ГД000029528 гэрчилгээний дугаартай Цамбагарав зочид буудлын гэрчилгээний хуулбар /хх-51/, Ү-1617002340 улсын бүртгэлийн дугаартай, ГД000147083 гэрчилгээний дугаартай эзэмшлийн газар цехийн барилгын гэрчилгээний хуулбар /хх-52/, Ү-1617003071 улсын бүртгэлийн дугаартай, ГД000128562 гэрчилгээний дугаартай агуулахын барилгын гэрчилгээний хуулбар /хх-53/, Ү-1617002433 улсын бүртгэлийн дугаартай, ГД000147267 гэрчилгээний дугаартай гражийн гэрчилгээний хуулбар /хх-54/, Ү-1617002335 улсын бүртгэлийн дугаартай, ГД000147077 гэрчилгээний дугаартай Мичид хүнсний дэлгүүрийн гэрчилгээний хуулбар /хх-55/, Ү-1617000696 улсын бүртгэлийн дугаартай, ГД000128561 гэрчилгээний дугаартай рестораны гэрчилгээний хуулбар /хх-56/, 8414110093 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар /хх-57/, зээл хүсэгч хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээдийн анкетын хуулбар /хх-62/, 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Зээлийн хугацааг сунгах хүсэлт тавих тухай хүсэлтийн хуулбар /хх-63/, депозит дансны хуулга /хх-132-139/, мөнгөний урсгалын шинжилгээ /хх-140/, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /хх-141146/, Д.Басбишийн гадаад паспортын хуулбар /хх-147/, зээл олгохыг хүссэн чек /хх-176-177/, зээлийн гүйлгээ хийх шийдвэр /хх-178/, мемориалын баримт /хх-179/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Зээлийн эргэн төлөлттэй холбогдуулан зээлийн гэрээний 5.1.5-д зааснаар Капитал банк нь зээлийн зарцуулалт, ашиглалт, эргэн төлөлтийг хянах үүднээс зээлдэгчээс зээл ашиглалтын талаар мэдээлэлийг авч байсан нь Дарья ХК, иргэн Д.Басбиш нарын хооронд байгуулагдсан гэрээ /хх-88-117/, борлуулалтын орлогын түүвэр /хх-157-159/, ОХУ-аас импортлох гурилын тооцоо /хх-164168/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч Д.Басбишийн 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Капитал банк нь намайг сүрдүүлж гэрээ байгуулсан, Анод банканд төлөх өрийг хүүтэйгээр Капитал банканд шилжүүлж төлүүлсэн, Капитал банкнаас нэг ч төгрөг аваагүй гэх тайлбар нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдсэн ба нэхэмжлэгчийн эдгээр үндэслэлүүд баримтаар нотлогдоогүй буюу тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан шаардлагын үндэслэлээ нотлох үүргээ биелүүлээгүй байна.

Мөн нэхэмжлэгчийн энэхүү тайлбар нь талууд гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулж, улмаар гэрээний заалтыг хэрэгжүүлснээр гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж байсан, нэхэмжлэгч нь тус зээлийг 2011 оноос хойш тасралтгүй төлж байсан нөхцөл байдлуудаас үзэхэд үндэслэлгүй, бодит байдалд нийцээгүй байна.

б. Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаарх эрх зүйн үндэслэл:

Тус гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргахдаа нэхэмжлэгчээс би тус гэрээг сүрдүүлгийн үндсэн дээр байгуулсан. Оюу мандал ХХК-ний Анод банканд төлөх ёстой өрийг Капитал банканд шилжүүлэн төлүүлсэн гэж мэтгэлцсэн ба Иргэний хуулийн 57, 59 дүгээр зүйлд заасан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

Харин хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс Оюу мандал ХХК-ний Анод банканд төлөх ёстой өр төлөгдөж дууссан, энэ нь Ховд аймгийн шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 21 дугаартай магадлалаар Д.Басбишийн Анод банкнаас зээлсэн 150,000,000 төгрөгийн зээлийн маргааныг хянан шийдвэрлэсэн гэж тус магадлалыг үндэслэсэн бөгөөд уг үйл баримт хэрэгт авагдсан Ховд аймгийн шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 21 дугаартай магадлал /хх-152-156/-аар тогтоогджээ.

Мөн нэхэмжлэгч Д.Басбиш нь Анод банкнаас авсан 130,000,000 төгрөгийн, 249,874,301 төгрөгийн зээлүүдийг тус тус төлж дууссан нь хэрэгт авагдсан эргэн төлөлтийн хүснэгт /хх-48-49/-ээр, Капитал банкнаас 2011 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 100,000,000 төгрөгийн зээлийг 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төлж хаасан /хх-50/ зэрэг нь нотлогдож байна.

Тус баримтуудыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Галцацрах Excel программ дээр хийгдсэн тул нотлох баримтын шаардлага хангаагүй гэж мэтгэлцсэн бөгөөд уг баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангаж буй тул нотлохбаримтуудыг үнэллээ.

 

Иймд гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх эрх зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийннэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

в.Капитал банкны Д.Басбишид холбогдох сөрөг нэхэмжлэлийн талаарх эрх зүйн үндэслэл:

Нэхэмжлэгч Д.Басбиш нь 153 тоот зээлийн гэрээний үүргээ зөрчин 340 хоног зээлийн эргэн төлөлтийн графикаа зөрчин зээлээ төлөхгүй байгаа тул үндсэн зээл 247,267,776 төгрөг, зээлийн хүү 37,217,328 төгрөг, торгуулийн хүү 1,891,014 төгрөг, нийт 286,376,120 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Д.Басбиш нь 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тус банктай 153 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 584,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, сарын 1,6 хувийн хүүтэй жижиг дунд бизнесийн зээл зээлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр төлж дуусгахаар, хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг, үндсэн хүү, хэтэрсэн хугацааны хүүгийн хамт гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд хийх, зээлийн гэрээг биелүүлээгүй нөхцөлд барьцаа хөрөнгөөр зээлийг үл маргах журмаар төлүүлэхээр гэрээ байгуулсан байна.

2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 153 тоот зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д гэрээний 3.4-д /зээлийн ерөнхий хугацаа/ заасан хугацаа дуусгавар болоход зээлдэгч нь зээл, зээлийн хүүгээ бүрэн төлөөгүй, эсхүл гэрээний 8.3-д /зээлдэгч гэрээний үүргээ зөрчсөн, эс биелүүлсэн, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй.../ заалтад заасан үндэслэлээр хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд төлөгдөөгүй зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг барьцаа, батлан даалтын гэрээнд заасан хөрөнгө, эх үүсвэрээс үл маргах журмаар төлүүлнэ гэжээ.

Мөн гэрээний 8.3.1-д зээлдэгч гэрээний үүргээ зөрчсөн, эс биелүүлсэн, 8.3.2-д зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, 8.3.11-д гэрээний заалтуудыг ноцтой зөрчиж байгаа талаар зээлдэгчид мэдэгдэл хүргүүлсэн боловч зохих арга хэмжээ аваагүй бол банк гэрээг өөрийн санаачилгаар цуцална гэж заасан байна. Уг зээлийн гэрээний 8 дугаар зүйлд заасны дагуу Капитал банк зээлдэгч Д.Басбиштэй 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг цуцлаагүй болох нь нэхэмжлэгч болон хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна.

Хэдийгээр зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан үүргээ зөрчиж зээлээ хугацаандаа төлөөгүй боловч Капитал банктай байгуулсан 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн гэрээ хүчин төгөлдөр байгаа ба банк зээлийн гэрээний 8 дугаар зүйлд зааснаар зээлийн гэрээг цуцлаагүй байна.

Харин Капитал банк нь зээлийн гэрээний 8 дугаар зүйлд зааснаар зээлийн гэрээг цуцалсны дараа шүүхэд нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүй бөгөөд нотлох баримтаа бүрдүүлэн дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч Д.Басбишийн Капитал банктай 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэл, Капитал банкны Д.Басбишид холбогдох үндсэн зээл 247,267,776 төгрөг, зээлийн хүү 37,217,328 төгрөг, торгуулийн хүү 1,891,014 төгрөг, нийт 286,376,120 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийн 75-87 дугаар хуудаст авагдсан хариуцагч байгууллагаас гаргасан зээлийн дансны хуулга, диспозит дансны хуулгууд нь хариуцагч байгууллагын тамга дарсан хуулбар байх бөгөөд эдгээр баримтууд нь дахин хавтаст хэргийн 132-139 дугаар хуудаст нотлох баримтын шаардлага хангаж авагдсан байх тул хавтаст хэргийн 75-87 дугаар хуудаст авагдсан баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Басбишийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, Капитал банкны сөрөг нэхэмжлэлд төлсөн 1,589,830 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 , 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Басбишийн нэхэмжлэлтэй, хариуцагч Капитал банканд холбогдох 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 153 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэл, Капитал банкны Д.Басбишид холбогдох үндсэн зээл 247,267,776 төгрөг, зээлийн хүү 37,217,328 төгрөг, торгуулийн хүү 1,891,014 төгрөг, нийт 286,376,120 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Басбишийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, Капитал банкны сөрөг нэхэмжлэлд төлсөн 1,589,830 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Б.МАРИНА