| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2019/0013/э |
| Дугаар | 12 |
| Огноо | 2019-01-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 12
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж, нарийн бичгийн дарга Б.Бүжмаа улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч шүүгдэгч А.Эрдэнболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт А.Эд холбогдох эрүүгийн 1919000050003 дугаартай хэргийг 2018 оны 01 сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, А.Э.
Холбогдсон хэргийн талаар Шүүгдэгч А.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 5 дугаар багийн нутагт 2018 оны 12 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө иргэн Н.Гийн чихийг тас хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох: Шүүгдэгч А.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Гтэй муудалцаад миний хурааг хазахаар нь чихийг нь хазсан гэсэн мэдүүлэг, Хохирогч Н.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр манай ангийн М, Э, Б, Ө, М нарын хамт Оын гэрт хөзөр тоглоцгоосон юм. Хөзөр тоглонгоо 2 шил архи хувааж уусан. Тэгээд архи уугаад дуусч байхад Э над руу Мны далбаан дор далдагнаад байгаарай гэхээр нь би Этой маргалдаж Э бид хоёр Оын гэрээс гарч 00-ийн хажууд зодолдсон гэсэн мэдүүлэг, Гэрч Г.Өын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э, Г хоёр түрүүлж гараад араас нь очиж байхад Г, Э хоёр хашгираад байсан. Намайг яваад очтол Г чих ийм болчихлоо Э хазчихлаа гээд чихээ дарчихсан баруун чих, баруун гар хоёр нь цус болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Г.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Э, М ах хоёр бид гурав дээр ирсэн тэгээд Э хэлэхдээ Г миний хурууг хазчихлаа гэж байсан... 2018 оны 12 дугаар сарын 25-ны өглөө Г манайд орж ирсэн тэгэхдээ хоёулаа гарч миний чихний тасархайг хайгаадахъя гэхээр нь яасан юм гэхэд Г хэлэхдээ өчигдөр орой Этой муудаад миний баруун чихний дээд хэсгийг тас хазсан, эмнэлгээс чихний тасархайг олоод ир гэж хэлсэн. Тэгэхэд л энэ талаар мэдсэн. Тэгээд найман айлын зүүн талын орон сууцны зүүн талд очиж Э Г нарын муудалцсан гэх газарт очиж Ггийн чихний тасарсан хэсгийг олж өгч явуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/ Шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 02/026 дугаартай: “...Н.Ггийн биед баруун чихний дэлбэнгийн 3/1 хэсгийн тасарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үүсгэгдсэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5 хувь нөлөөлөх тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт, Зодолдож байхдаа би Эын баруун гарын эрхий хурууг хазахад Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 16, 21/ Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17, 22/ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27/ зэргийг шинжлэн судлав. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзэв. Шүүгдэгч А.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 5 дугаар багийн нутагт 2018 оны 12 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө иргэн Н.Ггийн баруун чихийг хазаж чихний дэлбэнгийн 3/1 хэсгийг таслан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Н.Г, гэрч Г.Б, Г.Ө нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, 2018оны 12 сарын 27-ны өдрийн 02/026 тоот шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч А.Эыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч А.Э нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн/, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурор, өмгөөлөгч нарын санал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд төлүүлэхээр тогтоов. Хохирогч Н.Г нь мөрдөн шалгах ажиллагаанд эмчилгээний зардалд 2000000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч А.Э нь 2000 000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч А.Э нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар /хх-ийн 27/ тогтоогдож байна. Шүүгдэгч А.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овогт А.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эод 500 000 төгрөгийн торгох ялыг хуулийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 5.Шүүгдэгч А.Э нь хохирогчид 2000000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
6.Шүүгдэгч А.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Эод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН