Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
Хэргийн индекс | 102/2023/01363/И |
Дугаар | 210/МА2023/01231 |
Огноо | 2023-06-21 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 210/МА2023/01231
“Н-” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг, даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2023/01673 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Н-” ХХК-ийн хариуцагч Л.С-т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 11,493,385 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Хариуцагч Л.С- манай байгууллагатай 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 20,000,000 төгрөгийг, 10 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлсэн. Гэрээний хугацаа 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр дууссан бөгөөд зээлдэгчийн 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр төлсөн 19,999,000 төгрөг үндсэн зээлийн төлбөрт тооцогдсон. Энэ төлөлт автвомашин зарагдсаны үнэ юм. Ингээд зээлийн гэрээний хугацаа дууссан учраас дарааллын дагуу үндсэн зээлээс дээрх мөнгө хасагдаад зээлийн данс 1000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа буюу энэ мөнгийг бид зээлийн тооцоонд оруулаагүй. Харин зээлийн хүүгээс 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр газар зарагдсаны төлбөр 4,300,000 төгрөгийг хассан. Зээлдэгч нь фидуцийн гэрээнд шилжүүлсэн 67-55 УБЛ улсын дугаартай автомашинаас татгалзсан. Тухайн үед хөрөнгүүдээ өгөхдөө гэрээ байгуулаагүй. Албан ёсоор зээл хаагдаагүй. 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл бодогдсон хүүг нэхэмжилж байна. Иймд хариуцагчаас хүү 8,976,997 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,515,346 төгрөг, нийт 11,493,385 төгрөгөөс газрын үнийн зөрүү 700,000 төгрөгийг хасаад 10,793,385 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн тайлбар, татгалзын агуулга: Зээлийн төлбөрийг автомашин болон газраар хаасан. Тухайн үеийн зээл хариуцаж байсан хүмүүс болон одоо ажиллаж байгаа хүмүүс мэдэж байгаа. Н.Б- тухайн үед “Н-” ХХК-ийн бүх эрсдэлийг хариуцсан захирал байсан. Н.Б-, н.Энхманлай нартай тохиролцоод 67-55 УБЛ улсын дугаартай автомашинаа эргүүлэн авч, оронд нь “киа спортэйж” маркийн автомашиныг 25,000,000 төгрөгт, зуслангийн газрыг 4,300,000 төгрөгт тооцож өгөөд зээлийг хаасан. Үүнээс хойш ямар нэгэн төлбөр нэхэмжилж байгаагүй. Зээл хаагдсан гэсэн баримт өгөө ч гэхэд “барьцааг чинь суллаж өгч байгаа нь хамгийн том баримт шүү” гэж хэлсэн болохоор би итгэсэн. Хэрэгт 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэс гэсэн албан бичигт автомашины гэрээний үүргийн гүйцэтгэл дууссан гэж бичсэн байгаа. Энэ бичгийг надад үзүүлсэн. Тухайн үед надад энэ бичгээ өгөө ч гэхэд өөр байхгүй гэж хэлсэн санагдаж байна. Үүнээс хойш нэг ч удаа зээлээ төлөөрэй гэж хэлээгүй. Зээл бүрэн төлөгдсөн учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Н-” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.С-т холбогдох зээлийн хүүд 10,793,385 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198,844 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн тооцооллыг буруу тооцож шийдвэр гаргасан. Зээлдэгч нь 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаа хэтрэлгүй зээлийг төлж байсан бол 24,108,126 төгрөг төлөх байсан. Гэвч хариуцагч Л.С- нь 2019 оны 04 дүгээр 05-ны өдөр манай байгууллагаас 20,000,000 төгрөгийн зээл аваад 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд буюу 1366 хоног ямар ч төлөлт хийгээгүй. Энэ хугацаанд бодогдсон үндсэн хүү 12,576,997.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,515,346.84 төгрөг, үндсэн зээл 20,000,000 төгрөг нийт 35,092,343.99 төгрөг байсан. Үүнээс 2020 оны 09 дүгээр сарын 25-нд үндсэн зээл болон хүүнд нийт 23,600,000 төгрөг төлөгдөж, 11,493,343 төгрөг үлдсэн. 11-74 УНЯ улсын дугаартай, суудлын автомашиныг сольж авснаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон үйл баримт талуудын тайлбар, бичгийн нотлох баримтаар тогтоогдож, аман тохиролцоо бодитоор хэрэгжсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч автомашиныг 20,000,000 төгрөгөөр зарсан гэх тайлбарыг гаргасан. Гэвч 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Автотээврийн үндэсний төвийн 580 дугаартай албан бичиг, тээврийн хэрэгслийн лавлагаагаар “Н-” ХХК-ийн өмчлөлд кia sportage маркийн суудлын автомашин бүртгэлтэй болох нь нотлогдож байна гэж үзсэн нь Л.С- нь зээлийн төлбөрөөс хасалт хийлгүүлэхээр kia sportage автомашиныг өгсөн бөгөөд талуудын хооронд энэ автомашин дээр фидуцийн гэрээ байгуулагдаагүй, тус автомашиныг “Ашид билгүүн” ХХК-аар үнэлгээ хийлгэхэд 20,000,000 төгрөгийн үнэлгээтэй гэж тодорхойлсон. Тус үнэлгээг үндэслэн автомашиныг зээлээр худалдан борлуулсан байдаг ба тус харилцагчийн зээлийн үүрэг дуусаагүй, зээл хаагдаагүй байгаа тул манай компанийн нэр дээр барьцаа хөрөнгө бүртгэлтэй байгаа. Иймд автомашины сольж авснаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж шүүх үзсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүүнээс 700,000 төгрөг хасаж, үндсэн зээл болон түүний хүү 10,793,385 төгрөгийг хангаж өгнө үү гэжээ.
5.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгч тал фидуцийн гэрээнд барьцаалсан автомашиныг авахгүй, харин миний унаж байгаа автомашиныг авахаар тохиролцсон. 4,500,000 төгрөгийн үнэ бүхий газар “Н-” ХХК-ийн өмчлөлийн газар юм. Надад зээл гаргасан гэж өгсөн газрыг нь би буцаагаад өгсөн гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй
хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, харин шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2.Нэхэмжлэгч “Н-” ХХК нь хариуцагч Л.С-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 11,493,385 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн дүнг багасган 10,793,385 төгрөг болгосныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх-ийн 59-р тал/
3.Зохигчид 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр зээл болон фидуцийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “Н-” ХХК нь 20,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатай зээлдүүлэх, хариуцагч Л.С- нь зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгө болох 20,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх-ийн 7-10-р тал/.
4.Нэхэмжлэгч “Н-” ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг болох нь тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон. /хх-ийн 5-р тал/. Иргэний хуульд зээлдүүлэгч буюу субьектээс нь хамаарч зээлийн гэрээний төрлийг тодорхойлсон бөгөөд барьцаалан зээлдэх журмаар олгох зээлийн харилцааг Иргэний хуулийн 286 дугаар зүйлд тусгайлан зохицуулсан. Уг зээлийн харилцаа нь мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт хамаардаг.
4.а.Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасан барьцаалан зээлдэх журмаар олгох зээлийн харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн байна.
4.б.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагч Л.С- нь зээлийн гэрээний үүрэгт 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөгийн автомашин, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 4,300,000 төгрөгийн газар өгсөн бөгөөд дээрх төлбөрүүд нь үндсэн зээл, хүүгээс хасагдсан, 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 10,793,385 төгрөгийг хариуцагчаас гаргуулна” гэсэн агуулгаар тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч “зээлийн төлбөрт автомашин, газар өгснөөр гэрээний үүрэг дуусгавар болсон” гэж тайлбарлажээ.
4.в.Зээлийн гэрээний хугацаанд хариуцагч Л.С-т нийт 24,108,126 төгрөгийн үүрэг үүссэн байх бөгөөд гэрээний хугацаа 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр дууссан байна. /хх-ийн 9-р тал/.
4.г.Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулна гэж заасан, талууд дээрх зээлийн гэрээний хугацааг хууль болон гэрээнд заасны сунгасан талаарх баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэгч “Н-” ХХК нь гэрээний хугацаа дууссанаас хойшхи хугацааны хүүг хариуцагч Л.С-ээс шаардах эрхгүй гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, хариуцагч Л.С- нь зээлийн төлбөрт автомашин болон газар өгснөөр гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй, анхан шатны шүүх энэ талаар дүгнэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн байна. Иймд нэхэмжлэлийг хангуулахаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.
5.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв боловч шийдвэрийн тогтоох хэсэгт шаардах эрхийн үндэслэл болсон хуулийн зохицуулалтыг буруу баримталсныг залруулах шаардлагатай.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2023/01673 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын “Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.2 дахь ...” гэснийг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Н-” ХХК-аас төлсөн 187,645 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН
Г.ДАВААДОРЖ