| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2019/0014/э |
| Дугаар | 13 |
| Огноо | 2019-01-11 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж
нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,
шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Б.Дагийнамжил,
шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар: Дорноговь аймгийн Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бт холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Д.Б.
Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн .... гэх газарт гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Г.Э толгой, цээж, хөлөн тус газарт гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 09 сарын 11-ний өдөр ямаагаа сааж байгаад хэдэн ямаа заръя гээд эхнэртэйгээ муудалцаад уураа барьж чадахгүй эхнэрээ зодсон нь үнэн. Цаашид ийм үйлдэл гаргахгүй, гэр бүлдээ сайн хандаж байхаа амлаж байна гэсэн мэдүүлэг,
Хохирогч Г.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 09 сарын 11-ний өдөр Б хүнд 20 тооны ямаа зарна гэж ирэхээр нь 10 ямаа заръя, арьс шир үнэ хүрэхээр нэмж зарвал яасан юм бэ гэхэд чи чимээгүй бай би мэдэж байна гээд намайг барьж аваад дугтарч унагаагаад дээрээс дэвсээд, өшигчөөд нарийн шилбүүрийн модоор ороолгож зодоод 20-30 минут болсон. Мөн үстээд газар мөргүүлээд чирээд яасан үхдэггүй пизда вэ үхээч гээд зодоод байсан гэсэн мэдүүлэг
Гэрч Б.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэрт байж байхад өдөр 12 цагийн орчимд гадаа хүмүүс маргалдаж байхаар нь гараад очиход ээж, аав 2 маргалдаж байсан юм. Тэгээд аавыгаа салгаад гэрлүү авч орсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/
Гэрч Д.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Тэр үед Э, Б ах хоёр өөрсдийнхөө ямаагаа хүнд зарах талаар ярьж байгаад хоорондоо маргалдаж зодолдсон юм. Тэр үед ээж бид 2 салгах гээд чадаагүй юм..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/
Гэрч Т.Дны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э, Б руу хандаж өр зээл ихтэй байж ямаагаа хүнд зарлаа гэж уурлаад доромжилж эхэлсэн юм. Тэгээд Б, Э 2 маргалдаж эхэлсэн ба Эийг Б 1 удаа хөлөөрөө өшиглөхөд нь Э хувингаараа цохиод авсан юм. Хоорондоо барилцаж аваад Б 2-3 удаа өшиглөөд авсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/
Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “...Г.Э биед баруун талын 10, 11-р хавирга хугарсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Бусдад зодуулсан гэх үйлдэлд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ирүүлсэн материалаар дээрх гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь байнгын хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн .... дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27 дугаар хуудас/
Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “...Г.Э биед баруун талын 10, 11-р хавирга хугарсан гэмтэл тогтоогдсон байна. 2018.10.24-ний өдрийн 180200326 дугаартай шинжилгээний дүгнэлт хэсгийн 4-т шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох шалгуур шинжийн 2.3.1-т заасан үндэслэл зөв бичигдсэн боловч гэмтлийн зэргийн хэлбэрийг хөнгөн гэсэн бичиглэлийн алдаа гарчээ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн ..... дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32 дугаар хуудас/
Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоол / хх-ийн 22, 30-31/
Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27,32 /
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзэв.
2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ...гэх газарт Г.Э толгой, цээж, хөлөн тус газарт гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Д.Б үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Г.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 09 сарын 11-ний өдөр ...намайг барьж аваад дугтарч унагаагаад дээрээс дэвсээд, өшигчөөд нарийн шилбүүрийн модоор ороолгож зодоод 20-30 минут болсон...”гэсэн мэдүүлэг, гэрч Д.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...гэрт байж байхад өдөр 12 цагийн орчимд гадаа хүмүүс маргалдаж байхаар нь гараад очиход ээж, аав 2 маргалдаж байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Тэр үед Э, Б ах хоёр өөрсдийнхөө ямаагаа хүнд зарах талаар ярьж байгаад хоорондоо маргалдаж зодолдсон юм...” гэсэн мэдүүлэг, гэрч Т.Дны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б, Э 2 маргалдаж эхэлсэн ба Эийг Б 1 удаа хөлөөрөө өшиглөхөд нь Э хувингаар цохиод авсан юм. Хоорондоо барилцаж аваад Б 2-3 удаа өшиглөөд авсан юм...” гэсэн мэдүүлэг болон 190200013 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Д.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Д.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлцэгдсэн шүүгдэгч Д.Бт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна гэж үзлээ.
Хохирогч Г.Э нь шүүгдэгч Д.Баас нэхэмжлэх зүйлгүй гомдол, саналгүй болохоо шүүхийн шатанд мэдүүлсэн байна.
Шүүгдэгч Д.Б нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар / хх-ийн 56/ тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч цаашид зан үйлээ засаж гэр бүлдээ тавих анхаарал халамжаа сайжруулахаа илэрхийлсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх болон хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хэрэв шүүгдэгч Д.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж байна.
Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг хураагдаж ирээгүй болохыг дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Бт хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавьж ажиллахыг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч Д.Бт тэнссэн хугацаанд гэр бүлтэйгээ харьцах зан үйлээ засах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь тэнссэн хугацаанд тогтоосон үүргийг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах учрыг анхааруулсугай. 5.Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг хураагдаж ирээгүй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН