Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/01232

 

 

“Э-” сууц өмчлөгчдийн холбооны

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг, даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2023/00943 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Э-” СӨХ-ны хариуцагч П.А-д холбогдуулан гаргасан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд нийт 2,036,000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Э- СӨХ нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны, 19 дүгээр хороолол, дунд гол гудамж 46а, 46б байрын харуул хамгаалалт, цэвэрлэгээ, ашиглалт үйлчилгээ хангах зорилгоор 2017 онд байгуулагдаж, СӨХ-ны гэрчилгээ авсан. “Э-” СӨХ-ны нийт оршин суугчдын 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн хурлаар дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдон нэг сард гарах зардлын 1 сууц өмчлөгчид ногдох зардлыг орон сууцны 1-2-р давхрын сууц өмчлөгчид 36,500 төгрөгөөр, хоёроос дээшх давхрын сууц өмчлөгчид 40,000 төгрөгөөр 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тогтоосон. Мөн тус СӨХ-ны удирдах зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 220729 дугаар тогтоолоор дээрх зардлыг шинэчлэн тогтоож, 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1-2 давхарт 49,000 төгрөгөөр, 3-20 давхарт 55,000 төгрөгөөр тус тус тогтоосон байна. Хариуцагч П.А- нь  2018 оны 08 сараас хойшхи СӨХ-ны төлбөрийг төлөөгүй тул 2018 оны 08 сараас 2022 оны 09 сар хүртэлх хугацааны төлбөрт нийт 2,036,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

           2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлд заасан мөнгөн дүн сар саруудад хэрхэн, яаж хуваагдаж байгаа талаар тодорхойгүй. Хуваагдсан гэж бодоход хогны цэвэрлэгээ болон харуул хамгаалалт хэдэн төгрөг болохыг тус тусд нь гаргаагүй. Тухайн төлбөрийн задаргаа байхгүйн улмаас маргаан үүсээд байна. “Э-” СӨХ байгуулагдахад үнэ тариф хэрхэн тогтоогдсон талаар баримт байдаггүй. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримт дээр байдаг ч нийт оршин суугчдын хурлаар тухайн үнэлгээг тогтоогдоогүй. Зөвхөн удирдах зөвлөлийн гишүүд нь тодорхой бусаар гаргасан. П.А- нь тус орон сууцны 1 давхарт амьдарч гадагшаа хаалга гаргаж гутлын дэлгүүр ажиллуулж тодорхой хэмжээний орлого олдог. Гадагш гаргасан хаалгаар өөрөө орж гардаг учир ойр тойрны цэвэрлэгээ болон ногоон байгууламж, цэцэг зүлэгжүүлэлтийг өөрөө гардаж хийдэг. Мөн дэлгүүрийн нэрээр хог хаягдыг улсад тушаадаг. “Э-” СӨХ-оос төлбөр тооцоо гэж ирэхэд П.А- нь харуул хамгаалалтын зардлыг зөвшөөрч, хог хаягдлын зардал болон цэвэрлэгээ үйлчигээг хасах тухай хэлэхэд бүхэлд нь шаарддаг. Түүнчлэн зардалд өөрчлөлт оруулах саналыг цахимаар асууж шийдвэрлэсэн гэж тайлбарлан үзлэг хийх ажиллагааг нэхэмжлэгчийн хүсэлтээр гүйцэтгэсэн. Тухайн хотхоны сууц өмчлөгчдийн ашигладаг фэйсбүүк групп үзлэг нь тодорхой бус тухайн групп дотор тус хотхоны яг хэдэн оршин суугч санал гаргасан талаар мэдээлэл байхгүй. Мөн цаасаар тараасан талаар нотлох баримт байхгүй. Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээний зардлыг хуваарилах асуудлыг хуульд зааснаар бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ гэсэн заалтыг ноцтой зөрчсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 9 дүгээр зүйлийн 9.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э-” СӨХ-ны хариуцагч П.А-д холбогдуулан гаргасан 2,036,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар  гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалтай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8.4 дэх хэсэгт дагуу 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хуралдсан бүх гишүүдийн хурлаас гаргасан тогтоолыг хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Хариуцагч П.А- нь СӨХ-оос тогтоосон төлбөрийг зөвшөөрөхгүй буюу хууль бусаар тогтоосон эсэх талаар ямар нэгэн маргаан үүсгэж байгаагүй. Цар тахалын улмаас олон хүн нэг дор цуглахыг улсын хэмжээнд хязгаарласан үед оршин суугчдаас саналыг нь цахимаар авахаас өөр аргагүй байсан тул оршин суугчдын фэйсбүүк группээр санал авсан. Орцны самбарт мэдээллийг мөн адил тавьсан. Шүүх хэргийг нотлох баримтын хүрээнд шийдвэрлэлгүй, хариуцагч тал СӨХ-ны төлбөрийг тогтоосон хэмжээнд гомдол гаргаагүй, 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэрт гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрсөн байхад эрх нь байгаа мэтээр тайлбарлаж, СӨХ-ны үйл ажиллагааг үгүйсгэж, СӨХ-ны төлбөрийг 4 жил төлөөгүй сууц өмчлөгчөөс яагаад СӨХ-ны бүх гишүүдын хуралдаа ороогүй, СӨХ-ны төлбөртэй холбоотой мэдээллийг авсан эсэх, СӨХ-нд төлбөрийг төлөхгүй тухай хүсэлт өгч байсан эсэхийг тодруулалгүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул тус шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

            5.Хариуцагч тал давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч “Э-” сууц өмчлөгчдийн холбоо нь /цаашид СӨХ гэх/ хариуцагч П.А-д холбогдуулан 2018 оны 08 сараас 2022 оны 09 сар хүртэлх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт нийт 2,036,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Анхан шатны шүүх дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлын талаар зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

 

4.Хан-Уул дүүргийн Засаг дарга нь 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр тус дүүргийн 1 дүгээр хороо, 46А, 46Б дугаар байруудыг хамруулан, “Э-” СӨХ-г бүртгэж, 18/27 дугаар гэрчилгээг олгосон байх бөгөөд хариуцагч П.А- нь 46Б байрны 101 тоот орон сууцны өмчлөгч болох нь талуудын тайлбар, СӨХ-ны гэрчилгээ, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна. /хх-ийн 5, 88-р тал/

 

4.а.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт “Сууц өмчлөгч нь ... дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлнө” гэж, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т “сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй” гэж тус тус заасан тул нэхэмжлэгч “Э-” СӨХ нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрийг хариуцагч П.А-гаас шаардах эрхтэй.

 

4.б.Хариуцагч П.А- нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “... “Э-” СӨХ нь надтай гэрээ байгуулаагүй, мөн СӨХ-ны төлбөрийг бүх гишүүдийн хурлаар тогтоогоогүй, тайлангаа тавьдаггүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж тайлбарлаж байх боловч энэхүү тайлбар нь хариуцагчийг хуульд заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг оршин суугч бүр хуульд заасан журмын дагуу СӨХ-нд төлөх үүрэгтэй буюу энэ нь хуулийн дагуу үүсэж байгаа тогтмол гарах зардал юм.

4.в.Түүнчлэн, хариуцагч П.А- нь татгалзалдаа дурьдаж буй асуудлуудын талаар нэхэмжлэгч “Э-” СӨХ-д саналаа гаргаж шийдвэрлүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй. 

 

4.г.Нэхэмжлэгч “Э-” СӨХ-ны нийт оршин суугчдын 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн хурлын 3 дугаар тогтоолоор дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдон нэг сард гарах зардлын 1 сууц өмчлөгчид ногдох зардлыг орон сууцны 1-2-р давхрын сууц өмчлөгчид 36,500 төгрөгөөр, хоёроос дээш давхрын сууц өмчлөгчид 40,000 төгрөгөөр 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тогтоосон, /хх-ийн 9-р тал/

Мөн тус СӨХ-ны удирдах зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 220729 дугаар тогтоолоор дээрх зардлыг шинэчлэн тогтоож, 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1-2 давхарт 49,000 төгрөгөөр, 3-20 давхарт 55,000 төгрөгөөр тус тус тогтоосон байна. /хх-ийн 52-53-р тал/

 

4.д.Нэхэмжлэгч “Э-” СӨХ нь дээрх зардлыг шинэчлэн тогтоохдоо 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр “Э-”-ны оршин суугчид нэртэй фэйсбүүк группээр санал асуулга авахад оршин суугчдын 96 хувь нь дэмжсэн болох нь цахим баримт, түүнд үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон, хариуцагчийн хувьд дээрх үйл баримтыг  няцаасан баримтыг шүүхэд гаргаагүй. /хх-ийн 73-76, 106-107-р тал/

 

4.е.Хариуцагч П.А- нь нэг давхрын оршин суугч болох талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарласан тул хариуцагч П.А-гаас нийт 1,850,000 төгрөг /2018 оны 08 сараас 2022 оны 07 сар хүртэл 48 сар х 36,500 = 1,752,000, 2022 оны 08 сараас 2022 оны 09 сар хүртэл 2 сар х 49,000 = 98,000, 1,752,000 + 98,000 = 1,850,000/ гаргуулж, нэхэмжлэгч “Э-” СӨХ-нд олгож, нэхэмжлэлээс 186,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрлөлт оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2023/00943 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар хариуцагч П.А-гаас 1,850,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Э-” СӨХ-нд олгож, нэхэмжлэлээс 186,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж ,

2 дахь заалтын “... 56.1 ...” гэснийг “56.2” гэж, “... үлдээсүгэй.” гэснийг “үлдээж, хариуцагч П.А-гаас 44,550 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Э-” СӨХ-нд олгосугай.” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Э-” СӨХ-оос төлсөн 47,600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

                                            ШҮҮГЧИД                                     Д.БЯМБАСҮРЭН

                                                                                                   Г.ДАВААДОРЖ