| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдын Амарбаясгалан |
| Хэргийн индекс | 141/2020/0024/Э |
| Дугаар | 73 |
| Огноо | 2021-01-29 |
| Зүйл хэсэг | 24.6.2.2., |
| Улсын яллагч | Б.Ууганбаатар |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2021 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 73
З.Ж, Ж.Э нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоол, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 11 дүгээр магадлалтай, З.Ж, Ж.Э нарт холбогдох 2024 00022 0013 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Энхболдын гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, З.Ж
2. Монгол Улсын иргэн, Ж.Э
Шүүгдэгч З.Ж, Ж.Э нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүх шүүгдэгч З.Ж, Ж.Э нарыг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “Зил-131” маркийн 60-63 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 2.000.000 төгрөг, 300 ширхэг хэрэглээний мод, хөх алаг өнгийн цахилгааны хөрөөг тус тус улсын орлого болгож, “Зил-131” маркийн 60-63 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигчид, 50 ширхэг түлээний модыг шүүгдэгч нарт тус тус буцаан олгохор шийдвэрлэжээ.
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Ж, Ж.Э нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Энхболд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Шүүх шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг эс зөвшөөрч Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн байх хоёр үндсэн шинжийг агуулахаар хуульчилсан байна. Гэтэл шүүгдэгч нарын үйлдэл эс үйлдэл нь дээрх гэмт хэргийн үндсэн шинжийг агуулаагүй зохих мод бэлтгэх эрхийн бичгийг авсан байсан тул гарал үүслийн гэрчилгээгүй, зөвшөөрөлгүй хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэх боломжгүй байна. Хэрэгт авагдсан баримтаар 044547 дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийг 2020 оны 03 дугаар сарын 16-наас 19-нийг хүртэл 3 хоног, тээвэрлэх хугацаа 2020 оны 03 дугаар сарын 18-наас 21-нийг хүртэл 3 хоногийн хугацаатай авсан бөгөөд тээвэрлэн ирэхдээ 21-ний шөнө явсаар 22-ны шилжих шөнө 01-02 цаг орчимд хяналт шалгалттай таарсан байна. Тээвэрлээд ирж явахдаа сумын төвөөс 70 км-ийн зайд машинд эвдрэл гарснаар шаардлагатай сэлбэгийг сумын төв орж авч ирж машинаа хээрээр засварлан орж ирсэн үйл явц нь мод бэлтгэх зохих зөвшөөрлийн тогтоосон хугацаанд мод бэлтгэж явсан гэж үзэх үндэслэл бүхий байна. Нөгөө талаар шуүгдэгч нарын үйлдэл эс, үйлдэл нь Эрүүгийн хуулийн өрөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “... Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох”-оор заасантай нийцэхгүй байх тул гэмт хэрэгт тооцох боломжгүй байна. Учир нь шүүгдэгч нарын үйлдэл эс үйлдэхүйн улмаас нийгэмд аюулгүй, хохирол хор уршгийн хувьд мөн хуулийн ерөнхий ангид заасан бага хэмжээнээс ялимгүй их, хөдөлмөр хөлсний доод хэмжээнээс бага хэмжээний хохирол учруулсан байна. Шүүгдэгч нар нь хэргийн улмаас учирсан хохирол болох 389.631 төгрөг буюу байгаль экологид учруулсан нөхөн төлбөр болох нийт 1.168.893 төгрөгийг төлсөн тул хохирол, хор уршиг учирсан гэж үзэх үндэслэлгүй байна. Энэхүү нөхцөл байдлаас үндэслэн мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийг хэлбэрийн төдий агуулсан, хувийн байдлын хувьд ямар нэгэн санаа зорилгогүй, нийгмийн аюулын хэр хэмжээ нь хохирол хор уршиг учруулаагүй байдлыг харгалзан гэмт хэрэгт тооцохгүй байх боломжтой гэж үзнэ. Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн тухайд өнөөдөр БОХ-ийн улсын байцаагч шинжээчийн дүгнэлт гаргаж байгаа боловч энэ нь өнөөгийн хууль эрх зүйн шаардлагыг хангахгүй байгааг дурдах нь зүйтэй. Учир нь Эрүүгийн хууль шинэчлэн өөрчлөгдсөн боловч Эрүүгийн хуульд дагаж мөрдөх захиргааны акт болох Байгаль орчны яамны захиргааны акт дагаад шинэчлэгдэх нийгмийн шаардлагыг хангахгүй байна. Өнөөдөр түлшний модны стандартыг Монгол улсын стандарт хэмжил зүйн газраас MNS 5413:2011 стандартаар: 5-24 см голчтой модыг 2.20, 24-36 см голчтой модыг 1.83, 38 см-ээс дээш голчтой модыг 1.43 гэсэн итгэлцүүрээр тооцож байгаа. Харин хэрэглээний модыг түлшний модны стандарттай харьцуулахад итгэлцүүр нь ямар зөрүүтэй байгааг тухайлан гаргаагүй байгаа нь учир дутагдалтай байна. Миний үйлчлүүлэгч нь 2.30-2.40см-ийн урттай, голч 6-12 см 5.5503 м.куб модыг хууль бусаар бэлтгэсэн гэх боловч энэ нь хэрэглээний модны хэмжээтэй харьцуулахад уртын хувьд 10-20см, голч нь нэг дахин бага байгаа тул итгэлцүүрээр нь бодож зөрүүг нь нарийвчлан тогтоогоогүй нь хэргийг үнэн зөв шударгаар шийдвэрлэсэн гэхэд эргэлзээ төрөхөөр байна. Өөрөөр хэлбэл итгэлцүүрээр нь тооцоход уртын хувьд 20 см, голчийн хувьд нэг дахин бага байхад яаж ч бодсон түлшний модны стандартад багтахаар байна. Иймд дээрх эргэлзээ бүхий байдлыг тогтоохын тулд стандарт хэмжил зүйн төвийн шинжээч томилох шаардлага ч гарч байна. Тээвэрлэсэн модны тухайд мод бэлтгэх зөвшөөрлийн бичигт заасан төрөл, зориулалтыг зөрчсөн гэх үйлдэл эс үйлдэл нь Ойн тухай хуулийн 35 дугэар зүйлийн 35.4.1 дэх хэсэгт зааснаар: “... зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо, төрөл, зориулалтыг зөрчиж мод бэлтгэсэн”-г хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэх хэдий ч уг хуулинд дээрх зөрчлийн талаар 47 дугаар зүйлийн 47.2.4 дэх хэсэгт зааснаар: “... эрхийн бичигт заасан нөхцөл, болзлыг зөрчиж үйл ажиллагаа явуулсан бол ...” торгох хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна. Эрүүгийн эрх зүйн харилцааны талаас нь авч үзвэл хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг Эрүүгийн хуульд тухайлан хуульчилж заасан хэм хэмжээнд нь харгалзан шүүх шийдвэрлэх тогтоолдоо захиргааны акт болох Ойн тухай салбар хуулийг тухайлан зааж хэрэглэхгүй. Иймд хэрэгт авагдсан баримтаар миний үйлчлүүлэгчид нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Гарал үүслийн гэрчилгээтэйн зэрэгцээ модоо бэлтгэхдээ зөвшөөрлийн баримт бичигт заасан төрөл, зориулалтыг зөрчсөн явдал нь шууд утгаараа зөрчлийн шинжийг агуулж байна гэж үзнэ. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч, прокурорт хэргийг хэрэгсэхгүй болгож, зөрчлийн хуулиар шийдвэрлүүлэхээр санал, хүсэлтээ өгсөн боловч мөрдөгч, прокурор нь бэлтгэсэн модыг ашиглах төрөл, зориулалтыг зөрчсөн тул гэмт хэргийн шинжтэй гэж мэтгэлцэж байх тул хууль бусаар мод бэлтгэх, гэмт хэрэг, зөрчлийн ялгааг ялгаж салгаж ойлгон хүлээлгэх хариуцлагын асуудлаар нэгдсэн ойлголттой болох шаардлагатай болсон байна. Иймд шүүгдэгч нарын үйлдэхүй нь зөрчлийн шинжтэй байх тул гэм буруугүй гэж үзэж, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах үндэслэлтэй байна. ...” гэв.
Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч З.Ж, Ж.Э нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг үнэлж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. Шүүгдэгч нар нь түлээний мод бэлтгэх зөвшөөрлөөр хэрэглээний мод бэлтгэсэн болохыг шинжээч тодорхой тайлбарлаж мэдүүлсэн. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Энхболдын гомдлыг үндэслэн З.Ж, Ж.Э нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасан анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх, шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Прокуророос З.Ж, Ж.Э нарыг бүлэглэн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Зүүн эхний Ганга цагаан гэх газрын ойгоос 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хооронд зохих зөвшөөрөлгүйгээр 5.5503 м3 хэрэглээний шинэс мод бэлтгэж, Зил-131 маркийн 60-63 БӨА улсын дугаартай автомашинаар тээвэрлэн ойн санд 389.631 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх З.Ж, Ж.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
Түүнчлэн шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн гэх зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр зэрэгт тохирчээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн үндсэн шинжийг “зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” гэж хуульчилсан ба энэ гэмт хэргийн хувьд бланкет диспозицтой байх тул Ойн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэх нь зүйтэй юм.
Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт модыг аливаа этгээд, тодорхой зориулалтаар бэлтгэх зохицуулалтыг хуульчилсан бөгөөд мөн зүйлийн 35.2 дахь хэсэгт зөвшөөрөл авсан иргэн хэрхэн мод бэлтгэх талаар, мөн хуулийн 35.4 дүгээр зүйлд “... хууль бусаар мод бэлтгэсэн” гэх ойлголтыг хуульчлахдаа тус зүйлийн 35.4.1 дэх хэсэгт “... төрөл, зориулалт ... зөрчиж мод бэлтгэсэн”, 35.4.2 дахь хэсэгт “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” гэх үйлдлүүдийг хамруулжээ.
Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд шүүгдэгч З.Ж, Ж.Э нар нь ахуйн (түлээ) зориулалтаар мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий албан тушаалтнаас зохих журмын дагуу авсан хэдий ч “ахуйн” (түлээ) гэх зориулалтыг өөрчлөн “хэрэглээний” зориулалтад хамаарах мод бэлтгэсэн санаатай үйлдэл нь дээрх гэмт хэргийн “зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” гэх шинжийг хангаж байгаа тул энэ талаар хийсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон гэж үзэв.
Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Энхболдын зүгээс “Зөрчлийн шинжтэй үйлдэл тул эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоол, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 11 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Энхболдын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
С.БАТДЭЛГЭР
Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР