Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 114/2018/0011/З |
Дугаар | 221/МА2019/0150 |
Огноо | 2019-03-13 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2019/0150
2019 оны 3 сарын 13 өдөр Дугаар 221/МА2019/0150 Улаанбаатар хот
Г.З нарын 8 иргэний нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц нарыг оролцуулан Дархан-уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 114/ШШ2019/0002 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу Г.З нарын нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Дархан-уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 114/ШШ2019/0002 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/437 дугаартай “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамж, мөн өдрийн А/438 дугаартай “Газар өмчлөх эрхийг хүчингүй болгох тухай” захирамжуудын нэхэмжлэгч Г.З, Д.Д, Б.Н, А.Ж, Д.М, Н.Э, Э.О, Б.Ч нарт холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоож” шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ч миний бие Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.6, 114 дүгээр зүйлийн 114.1-д заасан эрхийн дагуу давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна” гэж заасан байдаг. Гэтэл Г.З, Д.Д, Б.Н, А.Ж, Д.М, Н.Э, Э.О, Б.Ч нарын 8 иргэн нь шинээр газар эзэмших, өмчлөх эрхээ эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж баталгаажуулаагүй байгаа тул аймгийн Засаг дарга дээрх иргэдийн өмчлөх эрхэд халдаагүй гэж үзэж байна.
Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах”, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-т “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй ...” зааснаар нэхэмжлэгч нар нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 173 дугаар тогтоол, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Газрын тухай хууль, Дархан-Уул аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө зэргийг зөрчиж газар эзэмших, өмчлөх эрх олж авсан нь шударга бус, хууль зөрчсөн үйлдэл байхад анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт нь газар өмчилж авсан иргэнд эрх бүхий байгууллагаас олгосон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний салшгүй хэсэг байна” гэж заасан байдаг. Гэтэл бодит нөхцөл байдалд дээрх нэр бүхий иргэдийн өмчлөх эрхтэй газарт хянан баталгаа хийгдээгүй учраас цаашид гарах үр дагавар нь өмчлөх эрхийг бүртгэх боломж бүрдэхгүй юм.
Иймд анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлгүй, бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй шийдвэр гаргасан тул Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байх тул шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/246 дугаар захирамжаар Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт эзэмшиж байгаа газраа гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөх хүсэлт гаргасан нэхэмжлэгч нарт газар өмчлүүлж, улмаар өмчлөх эрхийн гэрчилгээ олгожээ.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” тохиолдолд захиргааны акт илт хууль бус болохоор зохицуулжээ.
Гэтэл Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/437 нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг, мөн өдрийн А/438 дугаар захирамжаар нэхэмжлэгч нарын газар өмчлөх эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна. Учир нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д зааснаар “аймаг, нийслэлийн Засаг даргын шийдвэрээр газар өмчилж авсан иргэн өмчийнхөө газрыг гадаадын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөл, эзэмшилд шилжүүлсэн, газар тариалангийн газрыг зориулалт бусаар ашигласан, хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан тохиолдолд тухайн газрыг хураан авах шийдвэр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах”-аар зохицуулжээ.
Үүнээс үзвэл хүчин төгөлдөр гэрчилгээний үндсэн дээр хэрэгжүүлж буй нэхэмжлэгч нарын газар өмчлөх эрхэд халдах дээрх хуулийн зохицуулалтад тусгагдсан үндэслэл байгаа гэж үзвэл газрыг нь хураан авах шийдвэр гаргуулахаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэх зохицуулалттай байна. Өөрөөр хэлбэл, иргэнд газар өмчлүүлсэн шийдвэрийг хүчингүй болгох шийдвэр гаргах эрх Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар Засаг даргад олгогдоогүй байна.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд иргэний газар өмчлөх эрхийг дуусгавар болгох үндэслэлүүдийг заасан бөгөөд 31.1.4-т заасан хууль тогтоомжид заасан бусад үндэслэл гэдэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр эсхүл Засгийн газрын шийдвэрээр дуусгавар болгох зохицуулалттай байна.
Эдгээр үндэслэлүүдээр анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, маргаан бүхий захиргааны актуудыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн нь зөв байх боловч шийдвэрийн тогтоох хэсэгт газар өмчлөх эрхийг хүчингүй болгох эрх Засаг даргад олгогдоогүй, тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх эрх хэмжээ хуулиар олгоогүй болохыг заасан Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй байх тул залруулсан өөрчлөлт оруулав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг баримтлан
ТОГТООХ нь:
1. Дархан-уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 114/ШШ2019/0002 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 31 дүгээр зүйлийн 31.1.4” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ч-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Ц.ЦОГТ