Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 128/2019/0054/З |
Дугаар | 001/ХТ2021/0108 |
Огноо | 2021-05-17 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2021 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 001/ХТ2021/0108
Л д р а НҮТББ-ын
нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал
жуулчлалын яаманд холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч Х.Батсүрэн
Танхимын тэргүүн Ч.Тунгалаг
Шүүгчид: Д.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Ц.Цогт
Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2020/0767 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 92 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М-Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гуравдагч этгээд С т ХХК-ийн төлөөлөгч Д.Н-Э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-Э, гуравдагч этгээд Д у у ХХК-ийн төлөөлөгч Л.Ө, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л нарыг оролцуулж,
Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 29 дүгээр тогтоолтой хэргийг гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/222 дугаар тушаалын С тХХК-д холбогдох хэсгийг, 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/59 дүгээр тушаалын Д у у ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Л д р а НҮТББ-ын 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 25 дугаар, 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1/21 дүгээр албан бичгээр хандсан хүсэлтэд хавсаргасан кадастрын зургийн дагуу газар ашиглах шийдвэрийг хууль бусаар гаргаагүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу газар ашиглах шийдвэр гаргахыг даалгуулах, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/189 дүгээр тушаалын П ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Хэргийн нөхцөл байдал: Нэхэмжлэгчээс Богдхан уулын Чандманы аманд 5 га газарт Цэцгэн эрхт Ловон бурхны цогцолбор, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар газар ашиглах хүсэлт гаргаж, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны саналыг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2014 оны А/340 дүгээр тушаалаар 1.7 га газрыг, мөн сайдын 2016 оны А/116 дугаар тушаалаар 0,62 га, 2016 оны А/129 дүгээр тушаалаар 1 га газрыг ашиглуулахаар олгосон, мөн гуравдагч этгээд нарын гаргасан хүсэлтийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/222 дугаар тушаалаар С тХХК-д 0,5 га газрыг, 2016 оны А/189 дүгээр тушаалаар П ХХК-д 1 га газрыг, 2017 оны А/59 дүгээр тушаалаар 5 га газрыг тус тус олгосон, энэ нь газрын хувьд нэхэмжлэгчийн анх олгохыг хүсч буй 5 га газартай хэсэгчлэн давхцалтай. Нэхэмжлэгчээс ... 2014 онд хүсч буй 5 га газрыг бүхэлд нь олгоогүй атлаа тухайн газартай давхцуулан гуравдагч этгээд нарт газар ашиглах зөвшөөрөл олгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн ... гэж маргасан.
3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2020/0767 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л д р а НҮТББ-ын гаргасан хүсэлттэй давхцуулан олгосон Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/222 дугаар тушаалын С тХХК-д холбогдох хэсгийн олгогдсон 0.5 га гэснийг 594 м.кв хэмжээгээр, 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн А/59 дүгээр тушаалын Д у у ХХК-д холбогдох хэсгийн олгогдсон 5 га гэснийг 3418 м.кв хэмжээгээр тус тус хүчингүй болгож, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/189 дүгээр тушаалын П ХХК-д холбогдох хэсгийн 1 га гэснийг 3377 м.кв хэмжээгээр хууль бус байсан болохыг тогтоож, нэхэмжлэгч Л д р а НҮТББ-ын 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн албан бичгээр хандсан хүсэлтэд хавсаргасан кадастрын зургийн дагуу газар ашиглах шийдвэрийг гаргаагүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгчийн гаргасан уг хүсэлтийн дагуу газар ашиглах шийдвэр гаргахыг хариуцагчид даалгаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 92 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 767 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд Д у у ХХК-ийн төлөөлөгч, гуравдагч этгээд С тХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
5. Гуравдагч этгээд С тХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнээс шүүхийн шийдвэр, магадлалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, 123.2.2-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Үүнд:
-Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.3-т ашиглалтын зориулалтыг өөрчлөхөд хүрвэл холбогдох зураг төслөө төрийн захиргааны төв байгууллагад танилцуулж зөвшөөрөл авах гэж газар ашиглагчийн үүргийг хуульчилсан байна. Хавтаст хэрэгт авагдсан Л д р а НҮТББ-ын Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүргүүлсэн 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1/21 тоот албан бичгээс үзэхэд тухайн газрын зориулалтаа авто зогсоол болон иргэдэд үйлчлэх хэсэг байгуулах гэж өөрчилсөн ба энэ дагуу холбогдох зөвшөөрлийг аваагүй байна. Мөн Хан-Уул дүүргийн 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн №44 тоот албан бичиг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №73 тоот албан бичгээс үзэхэд Цэцгэн эрхит ловон бурханы цогцолбор байгуулах төсөл нь 2014 оны 07, 09 дүгээр саруудад хүсэлт гаргах үед дэмжигдэх боломжгүй буюу эрх бүхий этгээдийн шийдвэр байгаагүй болох нь тодорхой нотлогддог ба хэрэгт авагдсан Цэцгэн эрхит ловон бурханы цогцолборын ажлын зургийг эрх бүхий албан тушаалтнаас батлаагүй, авто зогсоол болон иргэдэд үйлчлэх хэсгийн ажлын зураг, уг зургийг эрх бүхий албан тушаалтнаас батлаагүй болох нь тодорхой харагддаг. Үүнээс үзэхэд Л д р а НҮТББ-ын Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад гаргасан газар ашиглах хүсэлтүүдийг хүлээн авах ямар ч боломжгүй болох нь тодорхой нотлогдож байна.
-Нэхэмжлэгчийг шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж гуравдагч этгээдүүд болон хариуцагчийн зүгээс маргасан ба анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээс 5 га газрыг шат дараалалтайгаар олгох юм байна гэсэн итгэл, үнэмшил төрсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
-Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д Төрийн захиргааны төв байгууллага нь ... иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана гэж заасан. Нэхэмжлэгч нь Богдхан уулын Чандманийн аманд нийтдээ 50 гаруй га талбайд газар ашиглах эрхтэй ба 2014 оны 07, 09 дүгээр сард гаргасан хүсэлтэд хамгаалалтын захиргаанаас санал аваагүй, ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг хийлгэж батлуулаагүй байтал үе шаттай олгосон гэж үзэх үндэслэл болохгүй. Нөгөөтэйгүүр 5 га газар ашиглах хүсэлтэд хавсаргасан кадастрын зургийг Л д р а НҮТББ-ын одоо ашиглаж буй газрын кадастрын зургуудтай албан ёсоор давхцуулсан баримт хэрэгт авагдаагүй байдал анхан болон давж заалдах шатны шүүхээс шат дараалан олгож байсан гэж хийсвэрлэн дүгнэлт хийж байгаад нь гомдолтой байна.
6. Гуравдагч этгээд Д у у ХХК-ийн төлөөлөгч Л.Ө-аас шүүхийн шийдвэр, магадлалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Үүнд:
-Нэхэмжлэлийн Д у у ХХК-д холбогдуулан гаргасан хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 92, 93, 94-р зүйлүүдийг тус тус зөрчсөн хууль бус нэхэмжлэл бөгөөд бусдын эзэмшиж ашиглаж байгаа газрыг манай хүсэлт гаргасан газартай давхацсан гэх Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон бусад холбогдох дүрэм журамд огт байхгүй үндэслэлээр нэгэнт хуулийн дагуу олгогдсон ААН-үүдийн газар ашиглах эрхэд хууль бусаар халдаж байгаа ёс зүйгүй үйлдэл билээ.
-Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар хариуцагч нь сонголтоо хийн шийдвэр гаргасныг хуулийн заалтанд байхгүй ашиглахаар хүсэлт гаргасан газартай давхцалтай эсэхийг хариуцагч судлалгүйгээр маргаан бүхий захиргааны актуудыг гаргасан хэмээн шүүхүүд дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Түүнчлэн хариуцагчийн Л д р а НҮТББ-ын анхны хүсэлт гаргасан газрын кадастрын зурагтай гуравдагч этгээдүүдийн эзэмшиж буй газар нь давхцалгүй гэсэн тайлбарыг шүүх үндэслэлтэйгээр судалж дүгнэлт өгөөгүй.
ХЯНАВАЛ:
7. Анхан болон давж заалдах шатны шүүх Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох заалтыг маргааны үйл баримтад холбогдуулан буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
8. Нэхэмжлэгч Л д р а НҮТББ-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/222 дугаар тушаалын С тХХК-д, 2017 оны А/59 дүгээр тушаалын Д у у ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, сайдын 2016 оны А/189 дүгээр тушаалыг П ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, нэхэмжлэгчийн 2014 онд гаргасан хүсэлтийн дагуу газар ашиглах шийдвэрийг хууль бусаар гаргаагүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ... анх 2014 онд хүсэлт гаргасан 5 га газрыг бүхэлд нь олгоогүй атлаа тухайн газартай давхцуулан С тХХК, П ХХК, Д у у ХХК-иудад тус тус газар ашиглах зөвшөөрөл олгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн ... гэж маргажээ.
9. Нэг. Нэхэмжлэгч төрийн бус байгууллагаас 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 25 дугаар, 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1/21 дүгээр албан бичгүүдээр Богдхан уулын Чандманы аманд 5 га газар ногоон байгууламж бүхий Цэцгэн эрхт Ловон бурхны цогцолбор, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар газар ашиглах хүсэлтийг, кадастрын зураг бусад баримт бичгийн хамт зохих байгууллагуудад гаргажээ.
10. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д зааснаар дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газарт газар ашиглуулах-д хамгаалалтын захиргааны болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргах зохицуулалттай.
11. Нэхэмжлэгч 2014 онд Цэцгэн эрхт Ловон бурхны цогцолбор, цэцэрлэгт хүрээлэн байгуулах зорилгоор 5 га газар ашиглах хүсэлт гаргасныг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн албан бичгээр Чандманы амны хязгаарлалтын бүсэд шашны зан үйлийн зориулалттай Цэцгэн эрхт Ловон бурхны цогцолбор байгуулахаар хүсэлтээ ирүүлснийг судлан үзээд .... 17,531 кв.метр талбайтай газрын 52 солбицлыг жагсаан зааж ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгэхийг зөвшөөрсөн саналыг яаманд хүргүүлжээ.
12. Байгаль орчин, аялал жуулчлалын яам Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх зохицуулалтын дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас нэхэмжлэгчийн хүссэн 5 га газраас 1.7 га газрыг ашиглуулах боломжтой гэсэн санал ирүүлсэн учраас уг саналд үндэслэн 1.7 га газар ашиглуулах эрх олгосон байна.
13. Нэхэмжлэгч төрийн бус байгууллагын хүсэлтийг шийдвэрлэсэн дээрх үйл ажиллагаа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа ... -д гаргана, 35.2-т Хамгаалалтын захиргаа ... нь газар ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна гэж заасантай нийцжээ.
14. Иймд, нэхэмжлэгчийн 5 га газар ашиглах хүсэлтийг хариуцагч захиргааны байгууллага хуульд заасан журмын дагуу шийдсэн байх бөгөөд шийдвэрт хүсэлт гаргагч гомдол гаргаж байгаагүй, ингэснээр 2014 оны 5 га газар ашиглах хүсэлт хууль, журмын дагуу бүрэн шийдвэрлэгдэж дууссан байна.
15. Харин анхан болон давж заалдах шатны шүүх ... нэхэмжлэгчээс 2014 оны 1.7 га газрыг олгосон атлаа дараа нь тухайн хүсэлт гаргасан газартай давхцуулж гуравдагч этгээд нарт газар олгосон нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хөнджээ гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимд нийцэхгүй.
16. Түүнчлэн, нэхэмжлэгч төрийн бус байгууллагад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/539 дүгээр тушаалаар Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Чандманы аманд 23.5 га талбайг Түүх, соёлын дурсгалт зүйлсийн зориулалттай, мөн дээрх тушаалаар уг байршилд 26.3 га талбайг Аялагч түр буудаллах, орон байрны зориулалтаар ашиглуулахаар олгосон байна. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч хуулийн этгээдэд Чандманы аманд 5 удаагийн шийдвэрээр нийт 53.12 га газрыг ашиглуулахаар шийдвэрлэсэн.
17. Хоёр. Нэхэмжлэгчээс Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 2015 онд гаргасан газар ашиглах хүсэлт болон холбогдох бичиг баримтыг үндэслэн сайдын 2016 оны А/116 дугаар тушаалаар 0.62 га, 2016 оны А/129 дүгээр тушаалаар 1 га газрыг тус тус олгожээ.
18. Нэхэмжлэгч төрийн бус байгууллагад 2016 онд 0.62 га, 1 га газар ашиглуулахаар шийдсэн нь 2014 онд гаргасан хүсэлт-д үндэслэсэн бус харин 2015 онд гаргасан хүсэлт болон холбогдох баримтыг үндэслэн хамгаалалтын захиргааны саналыг авч олгосон байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс тухай бүрт гаргасан хүсэлтийг үндэслэн газар ашиглах эрх олгох эсэхийг дээрх хуулийн зохицуулалтын дагуу тухай бүрт нь шийдвэрлэсэн байна.
19. Нэхэмжлэгчийн маргаж буй нэг үндэслэл болох ... захиргааны байгууллага шат дараалалтайгаар газрыг олгож байгаа ... гэснийг нотолсон баримт байхгүй, хариуцагчийн татгалзал, тайлбараар няцаагдсан. Анхан шатны шүүхийн ... анхан хүсэлт гаргасан газрын хэмжээг багасгасан, дараа нь дахин газар нэмж олгоод байгаа нь нэхэмжлэгчийн анх хүсэлт гаргасан 5 га газрыг шат дараалалтайгаар олгож байсан гэж үзэхээр байна ... гэсэн дүгнэлт нотлох баримт болон хуульд үндэслээгүй, Газрын тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд газрыг шат дараалалтайгаар олгох зохицуулалт байхгүй, нэхэмжлэгч төрийн бус байгууллагын хүсэлтийг захиргааны байгууллага 2014 онд зохих журмын дагуу шийдвэрлэсэн гэж үзнэ.
20. Мөн, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1, 2, 36 дугаар зүйлийн 1, 2 дахь зохицуулалтаас үзвэл хамгаалалтын захиргаа зөвшөөрөөгүй, санал өгөөгүй байхад нэхэмжлэгчид газар ашиглуулах шийдвэр гаргахыг хариуцагч захиргааны байгууллагад даалгах хууль зүйн үндэсгүй байхад шүүхүүд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.
21. Гуравдагч этгээд нарын гаргасан хүсэлтийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/222 дугаар тушаалаар С тХХК-д 0.5 га газрыг, 2016 оны А/189 дүгээр тушаалаар П ХХК-д 1 га газрыг, 2017 оны А/59 дүгээр тушаалаар Д у у ХХК-д 5 га газрыг тус тус 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийджээ. Гуравдагч этгээд нарт ашиглуулахаар зөвшөөрсөн газар нь нэхэмжлэгчийн 2014 онд хүсэлт гарган ашиглаж буй 1.7 га газартай давхцалгүй учир тэдэнд газар ашиглуулахаар шийдсэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.
22. Иймд, дээрх үндэслэлээр гуравдагч этгээд Д у у ХХК-ийн төлөөлөгч Л.Өлзийбат, гуравдагч этгээд С тХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2020/0767 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 92 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2, 36 дугаар зүйлийн 36.1, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л д р а НҮТББ-аас гаргасан Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/222 дугаар тушаалын С тХХК-д холбогдох хэсгийг, 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/59 дүгээр тушаалын Д у у ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Л д р а НҮТББ-ын 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 25 дугаар, 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1/21 дүгээр албан бичгээр хандсан хүсэлтэд хавсаргасан кадастрын зургийн дагуу газар ашиглах шийдвэрийг хууль бусаар гаргаагүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу газар ашиглах шийдвэр гаргахыг даалгуулах, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/189 дүгээр тушаалын П ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гуравдагч этгээд нараас гомдол гаргахдаа тус тус төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН
ТАНХИМЫН ТЭРГҮҮН, ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Ц.ЦОГТ