Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 15

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Амарзаяа даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар Э.*******ын нэхэмжлэлтэй Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох 2016 оны 9 сарын 26-ны өдрийн Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх тухай Б/40 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын хэлтсийн боловсрол, соёлын бодлого хариуцсан мэргэжилтнээр томилохыг даалгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.*******, нарийн бичгийн даргаар Д.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа: Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 09 сарын 26-ний өдрийн Б/40 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2. Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын хэлтсийн боловсрол, соёлын бодлого хариуцсан мэргэжилтнээр бүр томилохыг даалгуулах гэж тодорхойлжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг Б/40 дүгээр тушаалаар түр орлон гүйцэтгэгчээр томилсон байгаа. Үүний үндэслэлийг ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөн хэмээн үзсэн. Хэрвээ би дээрх тушаалыг хүлээн зөвшөөрвөл тухайн ажлын байран дээр сонгон шалгаруулалт зарлаж, миний ажлын байр хадгалагдах боломжгүй болоод байна. Тийм учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын хэлтсийн боловсрол, соёлын бодлого хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн томилуулах шаардлага тавьж байна. Б/40 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Би анх ажилд орохдоо боловсрол, соёлын бодлого хариуцсан мэргэжилтнээр томилогдож байсан. Тухайн ажлын байрны тодорхойлолтын гуравдугаарт шинжлэх ухааны талаар тусгагдсан байдаг. Мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 1433 дугаар тоотод шинжлэх ухаан, урлаг гэж нарийн тусгаагүй бөгөөд ерөнхийд нь зааж өгсөн байна лээ. Тийм учраас ажлын байрны тодорхойлолтонд өөрчлөгдсөн зүйл байхгүй. Өмнө нь соёлын асуудалд урлагийн асуудал нь ороод хамт хэрэгжиж байсан гэв.

Хариуцагч Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 9 сарын 26-ны өдрийн Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх тухай Б/40 дүгээр тушаал нь Засгийн газрын 2016 оны 9 дүгээр тогтоол, мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 1433 дугаар албан бичгийг хэрэгжүүлэх зорилгоор гарсан байгаа. Маргаан бүхий тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-т заасныг үндэслэж Э.*******ыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Өмнө нь Э.******* бол нийгмийн бодлогын хэлтсийн боловсролын бодлого хариуцсан мэргэжилтнээр ажилладаг байсан. Гэтэл Засгийн газрын тогтоол болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын чиглэлийн дагуу Э.*******ыг боловсрол, шинжлэх ухаан, соёл, урлагийн бодлого хариуцсан мэргэжилтнээр томилсон байгаа. Өөрөөр хэлбэл Э.*******ын өмнөх ажлын байрны тодорхойлолтон дээр боловсрол, соёлын талаар тусгасан байдаг. Харин шинэ ажлын байрны тодорхойлолт дээр шинжлэх ухаан, урлаг гэсэн хоёр салбарыг нэмсэн байна. Ийнхүү ажлын байрны тодорхойлолт нь өөрчлөгдсөн учраас тухайн албан хаагчийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Төрийн жинхэнэ албан хаагчийг түр орлон гүйцэтгэх журмын 3.2.7, 3.3.4 дэх заалт болон Төрийн албан тухай хуулийн 27.2.3-т заасныг үндэслэж, Төрийн албаны тухай хуулийн 21.1-д заасныг баримталсан юм гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.******* нь Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/40 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын хэлтсийн боловсрол, соёлын бодлого хариуцсан мэргэжилтнээр томилохыг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан хууль зүйн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг: Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 26ы өдрийн Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх тухай Б/40 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Анх Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/97 дугаар тушаалаар /хавтаст хэргийн 5-р хуудас/ Э.*******ыг нийгмийн хөгжлийн хэлтсийн Боловсрол, соёлын асуудал хариуцсан мэргэжилтнээр туршилтын хугацаагаар томилж, төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад тэнцэж, Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлсэн тул /хавтаст хэргийн 7-8р хуудас/ 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/140 дүгээр тушаалаар /хавтаст хэргийн 6-р хуудас/ боловсролын асуудал хариуцсан мэргэжилтнээр тус тус томилсон байна.

Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/40 дүгээр тушаалаар /хавтаст хэргийн 3-р хуудас/ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоосон гэсэн үндэслэлээр хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийг чөлөөлж, буцаан томилохдоо Э.*******ыг боловсрол, соёлын асуудал хариуцсан мэргэжилтнээс чөлөөлж, шинжлэх ухаан, боловсрол, соёл, урлагийн бодлого хариуцсан мэргэжилтний үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх Б/40 дүгээр тушаалын үндэслэлийг тайлбарлахдаа Э.*******ын өмнө эрхэлж байсан ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдөж, шинэ ажлын байрны тодорхойлолт дээр шинжлэх ухаан, урлаг гэсэн хоёр салбарыг нэмсэн. Ийнхүү ажлын байрны тодорхойлолт нь өөрчлөгдсөн учраас Төрийн жинхэнэ албан хаагчийг түр орлон гүйцэтгэх журмын 3.2.7, 3.3.4 дэх заалт болон Төрийн албан тухай хуулийн 27.2.3-т заасныг үндэслэж тухайн албан хаагчийн ажлын байрыг сул орон тоо гэж үзээд түр орлон гүйцэтгэгчээр томилсон гэжээ. Харин нэхэмжлэгч Э.******* миний ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдөөгүй, өмнө хэрэгжүүлж байсан чиг үүрэг хэвээрээ байгаа, өмнө нь боловсрол, соёл, шинжлэх ухааны бодлогыг хариуцаж, соёл дотроо урлагийн асуудал нь хамаарч байсан гэж маргажээ.

Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх журмын 3.1-д зааснаар Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан эзгүй байгаа албан хаагчийн, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд уг орон тоог нөхөх хүртэлх хугацаанд тухайн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Э.*******ын ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөн учраас тухайн албан тушаалын сул орон тоо бий болсон гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх журмын 3.3-т сул орон тоо гарсан гэдэгт ямар тохиолдлыг хамааруулахыг зохицуулсан байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж буйгаар ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөнийг сул орон тоо гарсан гэж үзэхээргүй байна. Мөн Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ эзгүй байгаа албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлж болохоор заасан бөгөөд ...эзгүй байгаа албан хаагч... гэдэгт хууль тогтоомжид заасны дагуу ээлжийн амралт эдлэж байгаа, эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар чөлөө авсан, албан томилолтоор ажилласан, түр хугацаагаар сургалтад хамрагдсан, эдгээртэй адилтгах бусад шалтгааны улмаас албан үүргээ түр хугацаагаар гүйцэтгээгүй этгээдийг хамааруулахаар байна. Иймд ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөн гэсэн үндэслэлээр Э.*******ыг өмнө эрхэлж байсан албан тушаалд түр томилсон хариуцагчийн Б/40 дүгээр тушаалын холбогдох заалт эрх зүйн үндэслэлгүй байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай 9 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг 6 хэлтэс, 1 штабтай байхаар тогтоосон байна. Үүний дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/50 дугаар тушаалаар аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоо, чиг үүргийг баталжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тушаал гаргахдаа Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн ХЭГ/1433 дугаар албан бичгээр /хавтаст хэргийн 46-р хуудас/ ирсэн чиглэлийг баримталсан, нэхэмжлэгч болохоор тухайн албан бичигтшинжлэх ухаан, урлаг гэж нарийн тусгаагүй бөгөөд ерөнхийд нь зааж өгсөн байсан гэж маргажээ.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ХЭГ/1433 дугаар албан бичгээр Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 9 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх асуудлаар чиглэл өгсөн байх бөгөөд аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсүүдийн чиг үүргийг тодорхойлсон байна. Э.*******ын эрхэлж байсан боловсрол, соёлын асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаал нь нийгмийн бодлогын хэлтэст хамаарч байсан ба нийгмийн бодлогын хэлтэс нь аймгийн нийгмийн хөгжлийн стратеги, бодлогыг боловсруулах, төлөвлөх, боловсрол, соёл, урлаг, шинжлэх ухаан, эрүүл мэнд, нийгмийн халамж үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлт, ядуурлыг бууруулах, хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд, ахмадууд зэрэг хүн ам зүйн чиглэлээр явуулах бодлого, хөтөлбөр, төсөл боловсруулах, зөвлөлгөө, дэмжлэгээр хангах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэх талаар чиглэл өгсөн байна.

Нэхэмжлэгч Э.*******ын ажиллаж байсан боловсрол, соёлын бодлого хариуцсан мэргэжилтэн гэсэн ажлын байрны нэр нь хариуцагчийн дээрх 2016 оны А/50 дугаар тушаалаар Шинжлэх ухаан, боловсрол, соёл, урлагийн бодлого хариуцсан мэргэжилтэн гэж өөрчлөгдсөнөөс бус хэрэгт авагдсан 2013 оны 01 дүгээр сарын 07-ний өдрийн /хавтаст хэргийн 10р хуудас/ болон 2016 оны 10дугаар сарын 04-ны өдрийн /хавтаст хэргийн 66р хуудас/ Ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтыг харьцуулан үнэлж дүгнэхэд хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, өмнөх ажлын байрны тодорхойлолтод заасан боловсрол, соёл, шинжлэх ухааны чиглэлээрх зорилт, чиг үүрэг хэвээрээ, сүүлийн ажлын байрны тодорхойлолтод шинжлэх ухааны чиглэлээрх зорилт, чиг үүргийг өмнөхөөс илүү нарийвчлан тодорхойлсноос өөрөөр өөрчлөгдөөгүй, ажлын байрны зорилго өөрчлөгдөөгүй ижил болох нь нотлогдож байна. Э.*******ын 2016 оны үр дүнгийн гэрээ /хавтаст хэргийн 49-53-р хуудас/, түүнийг дүгнэсэн баримтаас /хавтаст хэргийн 54-61-р хуудас/ харахад нэхэмжлэгч нь шинжлэх ухааны чиглэлээс бусад боловсрол, соёл, урлагийн чиглэлээрх ажил, үүргийг гүйцэтгэж байсан нь тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч Э.*******ын эрхэлж байсан албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн, орон тоо нь бодит байдал дээр хасагдаагүй /энэ талаар нэхэмжлэгч, хариуцагч нар маргаагүй/ байхад хуульд нийцээгүй үндэслэлээр нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан албан тушаалд түр томилсон хариуцагчийн маргаан бүхий 2016 оны Б/40 дүгээр тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасан Төрийн жинхэнэ албан хаагч дараах нэмэгдэл баталгаагаар хангагдана:, 27.2.3-т төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажлын байр/-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна; гэсэн заалтыг зөрчсөн байх тул нэхэмжлэгчид хамаарах хэсгийг хүчингүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Э.*******ыг түр томилсон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/40 дүгээр тушаалын Э.*******ад холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлтэй байх тул Э.*******ыг нийгмийн бодлогын хэлтсийн шинжлэх ухаан, боловсрол, соёл, урлагийн бодлого хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Нэхэмжлэгч Э.******* боловсрол, соёлын бодлого хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилуулах шаардлага гаргаж байх ч аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын Б/40 дүгээр тушаалаар түүний өмнө эрхэлж байсан ажлын байрны нэр шинжлэх ухаан, боловсрол, соёл, урлагийн бодлого хариуцсан мэргэжилтэн гэсэн нэртэй болсон, нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан ажлын чиг үүрэг өөрчлөгдөөгүй байх тул шинжлэх ухаан, боловсрол, соёл, урлагийн бодлого хариуцсан мэргэжилтэн-ий албан тушаалд томилсон шийдвэр гаргахыг даалгаж шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/40 дүгээр тушаалын 2-р хавсралтад Э.*******ыг шинжлэх ухаан, боловсрол, соёл, урлагийн бодлого хариуцсан мэргэжилтний үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсныг хүчингүй болгож, Э.*******ыг нийгмийн бодлогын хэлтсийн шинжлэх ухаан, боловсрол, соёл, урлагийн бодлого хариуцсан мэргэжилтнээр томилохыг Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан хариуцагч Завхан аймгийн Засаг даргын Тамгын газраас 70 200 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА