Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 201/МА2016/00032

 

 

 “Талын сувд” ХХК-ний нэхэмжлэлтэй,

“Петрочайна Дачин Тамсаг Монгол” ХХК-ний XIX талбайд

холбогдох хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Я.Алтаннавч, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул, нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Хүрэлбаатар, хариуцагчийн өмгөөлөгч О.Оюунтунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 сарын 13-ны өдрийн 138/ШШ2016/00621 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгч О.Оюунтунгалагийн давж заалдах гомдлоор “Талын сувд” ХХК-ний нэхэмжлэлтэй, “Петрочайна Дачин Тамсаг Монгол” ХХК-ний XIX талбайд холбогдох тамсагийн газрын тосны гаалийн хяналтын бүсийн барилгын ажил гүйцэтгэсэн үнийн нэмэлт зардал 190000 ам доллар буюу 394000000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 06 сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Талын сувд” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь 2012 оны 8 сард Дорнод аймгийн Матад суманд байрлах Тамсагийн газрын тосны гаалийн хяналтын бүсийн барилгыг батлагдсан зураг төслийн дагуу бүрэн хийж гүйцэтгэсэн. “Петрочайна Дачин Тамсаг Монгол” ХХК нь барилгын зурагт нэмэлт өөрчлөлт оруулах саналыг гаргасан. Энэ саналыг хүлээн авч зураг төсөвт нэмэлт өөрчлөлт оруулан төсөв гаргахад анхны төсөв дээр 190000 ам доллар нэмэгдэж байсан. Энэ талаар бусад компаний удирдлагад албан ёсоор мэдэгдэн зураг төсвийг хүргүүлэхэд “Ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж бай, хөрөнгийн эх үүсвэрийг шийднэ” гэж тус компаний гүйцэтгэх захирал С.Мэргэнсод амаар хэлсэн. Мөн энэ байдлыг Монгол Улсын Гаалийн ерөнхий газарт мэдэгдсэн. Манай компани нь Тамсагийн газрын тосны гаалийн хяналтын бүсийн барилгыг захиалагчийн санал болгосноор бүрэн хийж гүйцэтгэн 2013 оны 5 сарын 8-ны өдөр ашиглалтанд оруулахаар улсын комиссын актаар баталгаажуулан тус компанид хүлээлгэн өгсөн. Уг актанд дурьдсаны дагуу 390000 ам долларын өртөгтэй барилгыг “Петрочайна Дачин Тамсаг Монгол” ХХК-ний өмчлөлд бүрэн шилжүүлсэн. Гэтэл тус компани нь Тамсагийн газрын тосны гаалийн хяналтын бүсийн барилгын үнэ 190000 ам доллар буюу 394000000 төгрөгийг төлөхгүй манай компанийг хохироож байна. Бид мөнгөө төлөхийг удаа дараалан шаардсан боловч одоог хүртэл төлөөгүй байна. Иймд энэ ажлыг дуусгахын тулд ХААН банкнаас 2013 онд 150000000 төгрөгийг сарын 1,7 хувийн хүүтэй зээл авч хэрэглэсэн. Уг зээлийг одоо хүртэл төлж барагдуулаагүй санхүүгийн хүнд байдалд ороод байна. Тус байгууллагатай уулзахаар УБ хот руу 13 удаа явсан ч олигтой хариу өгөлгүй өнөөдрийг хүрсэн. Мөн Тамсагийн 19-р талбайн захиралтай 7 удаа уулзаж нэхэмжилсэн болно. Иймд тус компаниас 190000 ам доллар буюу мөнгөн дүнд шилжүүлбэл 394000000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч “Талын сувд” ХХК-ний захирал О.Хүрэлбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 онд Гаалийн ерөнхий газар, “Петрочайна Дачин Тамсаг Монгол” ХХК, “Талын сувд” ХХК нар гурвалсан гэрээ хийсэн. Энэ гэрээний дагуу “Петрочайна Дачин Тамсаг Монгол” ХХК-ний 19-р талбайд Гаалийн хяналтын бүс барих, хүлээлгэн өгөх үүргийг манай компани хүлээсэн. Гэрээнд тусгагдсан үнийн дүнгээс илүү өртөг гарч байж барих шаардлагатай болсон. Гаалийн ерөнхий газар болон “Петрочайна Дачин Тамсаг Монгол” ХХК-д төсөвт өртөгтөө багтахгүй юм байна гэдгийг миний бие мэдэгдсэн. Тэгтэл “Петрочайна Дачин Тамсаг Монгол” ХХК нь барилгаа барьж бай, барьж дуусахаар нь төсөвт өртгийг нэмэгдүүлж олгоно гэж тухайн байгууллагын дарга байсан Мэргэнсод гэдэг хүн хэлсэн юм. Энэ уулзалтан дээр Гаалийн ерөнхий газрын дарга Цэвээнжав болон бусад 12 хүн байсан. Энэ ажлын төсөвт өртгийг нэмэгдүүлж өгнө гэж хэлснийх нь дагуу манай компани ажлаа гүйцэтгэхээр болсон. Ингээд уг барилгыг барьж дуусгаад улсын комисст албан ёсоор хүлээлгэн өгсөн. Барилгыг чанарын онц түвшинд барьж хүлээлгэн өгсөн. Хамгийн их зардал нь газар шорооны ажилд зарцуулагдсан. Хэрвээ шаардлагатай гэж үзвэл, нотлох баримтууд байгаа. Тусгай зөвшөөрлийн хувьд тухайн үед эрх нь нээлттэй байсан. Харин одоо хугацаа нь дууссан байгаа. Өнөөдөр доллар ямар үнэтэй байгаа билээ. Тэгтэл би 1900 төгрөгөөр бодож нэхэмжилж байгаа. Иймд хариуцагч “Петрочайна Дачин Тамсаг Монгол” ХХК-ний XIX талбайд холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна гэжээ.

Хариуцагч “Петрочайна Дачин Тамсаг” (Монгол) ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус компани нь “Талын сувд” ХХК-тай Тамсагийн талбайн хяналтын талбайн барилгын ажил гүйцэтгэх “DATAMO12CF015” тоот гэрээг 2012 онд байгуулан хамтран ажилласан билээ. Тус гэрээнд заасан барилгын ажлын төлбөр болох 200000 ам долларыг гэрээнд заасны дагуу төлж барагдуулсан. Иймд “Талын сувд” ХХК-иас нэхэмжилсэн 190000 ам долларыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгааг энэ албан бичгээр мэдэгдэж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Цолмон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь “Талын сувд” ХХК-ний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй талаар тайлбарыг шүүхэд гаргасан тул энэхүү тайлбарыг миний бие дэмжиж оролцож байна. Манай өмгөөлөгч хууль зүйн талаас нь тайлбарлах байх, миний хувьд нэмж тайлбарлах зүйл байхгүй гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунтунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. “Петрочайна Дачин Тамсаг Монгол” ХХК-ний 19-р талбайгаас нэхэмжлээд байгаа юм уу, “Петрочайна Дачин Тамсаг Монгол” ХХК-иас нэхэмжлээд байгаа юм уу хэнийг нь хариуцагчаар татаад байгаа нь ойлгомжгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаар татах ёстой. Хэрвээ “Петрочайна Дачин Тамсаг Монгол” ХХК-иас нэхэмжилж байгаа бол “Петрочайна Дачин Тамсаг Монгол” ХХК нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа. Тийм учраас Улаанбаатар хотын шүүхээр шийдвэрлүүлнэ гэж гэрээнд тусгасан байна. “Петрочайна Дачин Тамсаг Монгол” ХХК нь Гаалийн хяналтын талбайн барилгын ажил гүйцэтгэх хамтын гэрээний маргаан шийдвэрлэх 6.1 дэх хэсэгт зааснаар хэргийн харъяалал зөрчигдөж байна гэж үзэж байна. Мөн гэрээний 4.1.2-т зааснаар уг үнэнд бүрэн ашиглалтанд орох бүх зардал хамаарах ба зардлыг “Петрочайна Дачин Тамсаг Монгол” ХХК хариуцана гэж заасан байдаг. Гэтэл “Петрочайна Дачин Тамсаг Монгол” ХХК нь гэрээний дагуу төлбөрийг бүрэн барагдуулсан байгаа. “Петрочайна Дачин Тамсаг Монгол” ХХК нь 2012 оны 07 сарын 16-ны өдөр 40000 ам доллар, 2012 оны 11 сарын 18-ны өдөр 120000 ам доллар, 2014 оны 03 сарын 24-ний өдөр 40000 ам долларыг тус тус төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн байна. 390000 ам доллар болсон талаар тохиролцоо, хэлцэл, нэмэлт гэрээ огт байдаггүй. Архитекторчин, төсөвчний хийсэн үнэлгээ 2 янз хийгдсэн байдаг. Нийтдээ 530000000 төгрөг гэж байгаа боловч төсвийн доторх барилга, авто замын төсөв зөрүүтэй байна. Мөн гүйцэтгэлийн тайлан байхгүй байна. Гэрээний 3.3.2 дэх хэсэгт зааснаар Гаалийн ерөнхий газарт хүлээлгэж өгөхөөр байдаг. Харин “Петрочайна Дачин Тамсаг Монгол” ХХК төлбөрийг төлөх л үүрэгтэй байна. Энэ үүргээ биелүүлсэн. 2013 оны 10 сарын 25-ны өдрийн хурлын тэмдэглэл дээр Гаалийн ерөнхий газрын хяналт бүрдүүлэлтийн хэлтсийн дарга Д.Гантулгын хэлсэн үгээр хяналтын бүсийг зарлах асуудлыг Гаалийн ерөнхий газрын 619 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Гаалийн хяналтын бүсийн журмын нөхцөл шаардлагыг хангасан тохиолдолд Петрочайна Дайчин Тамсаг Монгол ХХК хяналтын бүсээр зарлуулах хүсэлтийг Дорнод аймгийн Гаалийн газарт бичгээр гаргасны дагуу тус Гаалийн газар тухайн хяналтын бүсийг журмын нөхцөл шаардлагыг хангасан гэж үзвэл тодорхойлолт гаргаснаар Гаалийн ерөнхий газар асуудлыг шийдвэрлэдэг юм байна. Иймд “Петрочайна Дачин Тамсаг Монгол” ХХК гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн учраас одоо нэхэмжилж байгаа 190000 ам долларыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 сарын 13-ны өдрийн 138/ШШ2016/00621 дугаар шийдвэрээр:

            Монгол Улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч “Петрочайна Дачин Тамсаг Монгол” ХХК-ний XIX талбайгаас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 190000 ам доллар буюу 273271300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Талын сувд” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 120728700 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 1524307 төгрөгийг, нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 603643 төгрөгийг тус тус гаргуулж орон нутгийн төсвийн орлого болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч “Талын сувд” ХХК-ийг улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 2127950 төгрөг төлөх хугацааг шүүхийн шийдвэр гарах хүртэл 2016 оны 01 сарын 25-ны өдрийн 317 дугаартай “Иргэний хэрэг үүсгэх тухай” шүүгчийн захирамжаар хойшлуулсан болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч О.Оюунтунгалаг давж заалдах гомдолдоо: Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 сарын 13-ны өдрийн 138/ШШ2016/00621 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргаантай хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүйгээс гадна нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь ИХШХШТХ-ийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйлийн 116.2–д зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байгаа учраас дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэлээ нотолсон баримтад тулгуурлан ИХШХШТХ-ийн 40-р зүйлд заасны дагуу нотлох баримтыг хэрхэн үнэлэх үүргээ шүүх биелүүлсэн байхаас шууд хамааралтай. Анхан шатны шүүх ИХШХШТХ-ийн 40-р зүйл, 40.1, 40.2, 40.3, 40.4-т заасныг ноцтой зөрчсөн нь шүүхээс үндэслэлгүй шийдвэр гарах нөхцлийг бүрдүүлсэн гэж үзэж байна. Учир нь талуудын хооронд Иргэний хуулийн 343-358-р зүйлд заасан харилцаа үүссэн байна. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан тул дээрх үүргийн харилцаа үүсэж, мөн нэхэмжлэгч “Талын сувд” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага нь гүйцэтгэсэн ажлын үр дүнгээр тодорхойлогдохоор хуульчилжээ. Өөрөөр хэлбэл гэрээ дүгнэсэн баримт буюу ажлын үр дүнг тооцсон баримтыг заавал авсан байхыг хуулиар шаардсан зохицуулалтыг Иргэний хуулийн 343.2-р хуульчилж өгсөн байхад шүүх ийм баримт авагдаагүй байхад 2013.05.08-ны өдрийн 01 тоот актыг гүйцэтгэлийн баримт гэж үзсэн нь учир дутагдалтай дүгнэлт хийсэн гэж үзэхэд хүргэж байна. ... Гэтэл дээрх акт нь шалгагдаж дуусаагүй байхдаа 2013.05.08-ны өдөр огноологдсон байхаар тогтохгүй Дорнод аймгийн Архивын газарт дээрх акт болон уг акттай холбогдолтой баримтууд хүргэгдэн архивлагдаагүй нь уг баримтыг нотлох баримтаар үнэлсэн нь шүүх хууль зөрчсөн шийдвэр гаргасан болохыг нотолж буй бөгөөд энэ баримт нь 2016.04.12-ны өдрийн 33 тоот албан бичгээр нотлогдож байгаа юм.

Мөн нөгөө талаар нэхэмжлэгч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд шүүх хэргийг хянан хэлэлцэх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үүрэгтэй байснаа биелүүлээгүй гэж үзэж байна. Учир нь анхны гэрээний үүргийн гүйцэтгэлийн хугацаа нь 2012.08.01-ний өдөр дуусгавар болж 2012.09.01-ний өдөр улсын комисс хүлээн авахаар тогтож гэрээнд заагдсан байдаг. Мөн нөгөө талаар шүүхийн хэлэлцүүлэг болон нэхэмжлэлдээ 2012 оны 8 сард ажлын гүйцэтгэл дуусгавар болсон гэж дурдсанаар шаардах эрхийн хугацаа нь 2012 оны 9 сараас эхлэн тооцогдох байсан гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 351-р зүйлийн 351.1.1-д зааснаар хариуцагч нь ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүрэг хүлээхээр хуульчлагдсан байх тул нэхэмжлэгч талын шаардах эрх нь 2012 оны 9 сард эхлэн тооцогдох нь Иргэний хуулийн 75-р зүйлд нийцэх байсан байна. Шүүх эдгээр тодорхой хуулийн заалтуудыг анхаараагүй, хууль хэрэглээний талаар алдаа гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг алдагдуулсан шийдвэр болжээ.

Мөн хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад удаа дараа гаргаж ирсэн хүсэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбараар шүүхэд хариуцагчаар татагдсан этгээд нь “Петрочайна дачин Тамсаг Монгол” ХХК XIX талбай гэх хуулийн этгээд биш бөгөөд ийм нэртэй хуулийн этгээд, салбар нэгж огт байхгүй болох нотолж 2016.04.13-ны өдрийн 461 тоот албан бичгийг шүүхэд гаргаж өгсөн  байх боловч “Петрочайна дачин Тамсаг Монгол” ХХК нь хуулийн этгээд, Улаанбаатар хотод байрладаг, түүний салбар нь Дорнод аймгийн Матад суманд “Петрочайна дачин Тамсаг Монгол” ХХК-ний XIX талбай гэсэн нэртэйгээр ажил хэргээ байнга явуулдаг болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар тогтоогдож байна гэсэн нь ИХШХШТХ-ийн 40.4-т заасныг зөрчсөн болохыг нь харин нотолсон баримт  гэж үзэж байна. Иймд хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэгдээгүй этгээдийг харъяалал зөрчин хариуцагчаар татсан нь ИХШХШТХ-ийн 14-р зүйлийн 14.2-ыг зөрчсөн байхаар тогтохгүй 19-р талбай нь зөвхөн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг, хуулийн этгээдийн бүртгэлгүй, тамга тэмдэггүй, эрх нь хязгаарлагдмал этгээд болохыг шүүх мэдсэн атлаа хариуцагчаар татаж шийдвэр гаргасан нь хууль бус гэж үзэж байна. Энэ нь ИХШХШТХ-ийн 62-р зүйлийн 62.1.3-г зөрчсөн болох нь тогтоогдсон тул шүүх хэргийг хянан хэлэлцээд мөн хуулийн 117.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үүрэгтэй байтал энэ үүргээ биелүүлээгүй.

... Шүүх хуралд оролцсон гэрч Ж.Энхээ нь өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв өгөх атал хэргийн материалд авагдсан баримтыг үнэлж дүгнэж, мөн нэхэмжлэгч талд мэдүүлэг өгсөн зэрэг нь хуульд нийцэхгүй бөгөөд, гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж дүгнэсэн нь буруу гэж үзэж байна. Мөн DATAMO12CF015 дугаартай гэрээнд заасан хугацаанд хариуцагч төлбөр төлөх үүрэг хүлээж, барилгын ажлын төлбөр нийт 200000 ам доллар, уг үнэнд ашиглалтад орох бүх зардал хамаарах талаар зааж хүлээсэн үүргээ биелүүлсэн, нэмэлт гэрээ байгуулаагүй, ямар нэг нотлох баримт хэргийн материалд авагдаагүй байгааг анхаарч үзсэнгүйд гомдолтой байна. Уг гэрээний 4.2-т заасны дагуу 200000 ам доллар буюу 292657200 төгрөгийг төлсөн болохоо шүүх хуралдаанд тайлбарласан бөгөөд DATAMO12CF015 дугаартай гэрээний үүргээ бүрэн биелүүлсэнг анхаарч үзэх нь зүйтэй.

Хавтаст хэргийн материалд Тамсагийн Гаалийн Хяналтын талбайн барилгын ажил гүйцэтгэх хамтын гэрээний DATAMO12CF015 дугаартай гэрээ бүрэн биелэгдсэн байдаг. Тамсагийн гаалийн хяналтын талбайн барилгын ажил гүйцэтгэх нэмэлт гэрээ, нотлох баримт, ямар нэг бичгийн нотолгоо баримт байхгүй байсаар байтал шүүх үнэлж дүгнэж шийдвэр гаргасан нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Иймд хууль бус шийдвэрийг шүүх гаргасан болох нь нотлогдож байх тул Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 сарын 13-ны өдрийн 138/ШШ2016/00621 дугаар шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                               ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатгны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох “Тамсагийн Гаалийн хяналтын талбайн барилгын ажил гүйцэтгэх хамтын гэрээ“-ний 6.1-д “Тус гэрээнээс маргаан үүсвэл 2 тал хэлэлцэж шийдвэрлэнэ. Хэрвээ зөвшилцөж чадахгүйд хүрвэл Монгол Улсын шүүхээр /Улаанбаатарт/ шийдвэрлүүлнэ“ гэж заажээ. /хх-ийн 66 дахь тал/

Талууд гэрээний харилцаанаас үүссэн маргааныг аль шүүхээр шийдвэрлүүлэх талаар гэрээндээ тодорхой заасан байхад анхан шатны шүүх дээрх зохицуулалтыг анхаарахгүй шүүхийн харъяалал зөрчиж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалттай нийцээгүй байна. Энэ талаар хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй байна.    

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Хариуцагч “Петрочайна Дачин Тамсаг Монгол“ ХХК-ний өмгөөлөгч О.Оюунтунгалагийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 сарын 13-ны өдрийн 138/ШШ2016/00621 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас тус шүүхэд давж заалдах гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1524307 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

               

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Л.НАРАНБАЯР

            ШҮҮГЧИД                                                Я.АЛТАННАВЧ           

                                                                               З.ЭНХЦЭЦЭГ