Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадарчийн Марина |
Хэргийн индекс | 153/2016/00245/И |
Дугаар | 291 |
Огноо | 2016-06-17 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 291
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, РД:******* дугаарын регистртэй, ******* овогт *******гийн *******гийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Д.*******, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн шаардлага: Хүсэлт гаргагч Д.******* нь 1984 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оныг дуустал Ховд аймгийн Мод боловсруулах үйлдвэрт мужаанаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсчээ.
Хүсэлт гаргагч Д.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.******* нь 1966 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрсөн. Сэлэнгэ аймгийн Ойн ТМС-д нарийн мэргэжлийн мужааны ангид элсэн орж суралцаад, 1984 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн даргын 1984 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 39 тоот тушаалаар тус үйлдвэрт хувиарлагдаж, 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан. Миний ажиллаж байсан хугацааны анх ажилд орсон тушаал байгаа боловч гарсан тушаал олдохгүй байгаа учраас миний шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг үнэлээд намайг 1984 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оныг дуустал Ховд аймгийн Мод боловсруулах үйлдвэрт мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.******* нь 1984 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оныг дуустал Ховд аймгийн Мод боловсруулах үйлдвэрт мужаанаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 450 тоот лавлагаа,
-1982 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Д.*******д олгосон №099200 дугаартай ажлын тухай мэдээний бичилттэй хөдөлмөрийн дэвтэр,
-Ховд аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн даргын 1984 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 39 тоот тэтгэмж олгох тухай тушаал,
-Ховд аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн даргын 1986 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 119 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаал,
-Ховд аймгийн Ой агнуурын аж ахуйн даргын 1987 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 1 тоот ажилд авах тухай тушаал,
-Ховд аймгийн Ой агнуурын аж ахуйн даргын 1987 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 121 дугаартай ажилчид чөлөөлж, шилжүүлэх тухай тушаал,
-Ховд аймгийн Ой агнуурын аж ахуйн даргын 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 126 дугаартай ажилд авах тухай тушаал,
-1989 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Мод боловсруулах үйлдвэрийн эмэгтэйчүүдийн зөвлөлөөс олгосон Сайшаалын үнэмлэх,
-1991 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Мод боловсруулах үйлдвэрийн ҮЭ-ийн хорооноос олгосон Баярын бичиг,
-1985 онд хамт олноороо авахуулсан гэх фото зураг,
-Гэрч Ж.*******ийн ...Д.******* нь 1984 оны 07 дугаар сараас эхлэн 1990 оныг хүртэл Ховд аймгийн Мод боловсруулах үйлдвэрт мужаанаар ажиллаж байсан. Би 1983 онд цэргийн алба хааж ирээд, 1983-1990 оныг хүртэл Мод боловсруулах үйлдвэрийн эсгэвэрийн цехийн суурь машинчаар ажиллаж байсан гэх мэдүүлэг,
-Гэрч Р.*******ийн Би 1987-1991 онуудад Ховд аймгийн Мод боловсруулах үйлдвэрт токарьчноор ажиллаж байсан. Д.******* нь 1984 оны хавраас Ховд аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн мужааны цехэд мужаанаар ажиллаж байсан. Би 1991 оны эхээр жирэмсэний амралтаа авч яваад 1992 оны 06 дугаар сард хөдөлмөрийн дэвтэрээ очиж авсан. Тэгэхэд Ховд аймгийн Мод боловсруулах үйлдвэр хувьчлагдаж байсан ба Д.******* нь үйлдвэр хувьчлагдах хүртэл ажилласан. Д.******* нь үйлдвэрлэлийн даалгаварыг байнга давуулан биелүүлж, цехийн тэргүүний ажилтнаар шалгарч байсан гэх мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байх тул Д.******* нь 1984 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оныг дуустал Ховд аймгийн Мод боловсруулах үйлдвэрт мужаанаар ажиллаж байсан болохыг тогтоож, 1992-1994 оныг дуусталх хугацаанд Ховд аймгийн Мод боловсруулах үйлдвэрт мужаанаар ажиллаж байсан талаарх байдал нь баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул Д.*******гийн 1992-1994 оныг дуустал Ховд аймгийн Мод боловсруулах үйлдвэрт мужаанаар ажиллаж байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч нь дээрх хугацаанд ажиллаж байсан талаарх баримтаа бүрдүүлэн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй.
Хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******гийн *******г 1984 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оныг дуустал Ховд аймгийн Мод боловсруулах үйлдвэрт мужаанаар ажиллаж байсныг тогтоож, 1992-1994 оныг дуустал Ховд аймгийн Мод боловсруулах үйлдвэрт мужаанаар ажиллаж байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА