| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2019/0022/э |
| Дугаар | 24 |
| Огноо | 2019-01-28 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.2., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 24
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа
Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Б.Дагийнамжил
Хэлмэрч О.Цэндсүрэн
Шүүгдэгч А.Т нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Тт холбогдох эрүүгийн ....дугаартай хэргийг 2019 оны 01 дугаар сарын 14-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, А.Т
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч А.Т нь 2018 оны 11 сарын 14-ний шөнө Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 5-р багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ SJCMO маркийн улсын дугааргүй мотоцикл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гарсан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас HAOJIE маркийн мотоциклыг жолоодон явсан Г.Г эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Тийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Маргах зүйл байхгүй гэв.
Хохирогч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн”...би өөрийн эзэмшлийн улаан өнгийн HAOJIE маркийн мотоцикл унаад Э гэж хүүхдийг сундлаад багаж авахаар сумын төвийн зүүн хойд захад байдаг жижиг хашаанд байх Ц гэх айлд очиход хүн байгаагүй. Тэгээд буцаж гэр лүүгээ сумын төвд байдаг тоглоомын саадны урд талаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш явж байгаад Б гэх айлын хашааны баруун хойд булангаар зүүн гар тийшээ эргээд гудамжны голоор урагшаа явсан замд урд зүг рүү эргээд явж байтал өөдөөс их тод гэрэлтэй мотоцикл гарч ирээд яахын зуургүй мөргөлдсөн” гэсэн мэдүүлэг,
Насанд хүрээгүй гэрч Х.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018.11.14-ний өдрийн 21 цагийн орчим ...Оын хүргэн Г ахын улаан өнгийн мотоциклын ард сундлаад сумын төвийн зүүн хойд талд байдаг жижиг хашаанд очиж Г ах хүн хайгаад байхгүй болохоор нь буцаад урагшаа явж байгаад хашааны булангаар зүүн талруу эргэх гэтэл зүүн зүгээс мотоциклын гэрэл гэрч ирээд Г ахын хөлийг зүүн талаас нь мөргөсөн. Г ах зүүн талаар нь зөрөх гээд байсан нөгөө мотоцикл шууд орж ирээд Гэрэлтөгс ахын хөлийг мөргөсөн...” гэсэн мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Ц.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2018 оны 11 сарын 14-ний өдөр О над руу залгаад Э нь Гтэй мотоциклтой сундалдаж яваад осолд орчихлоо гэсэн. Тэгээд очтол Эын толгой нь хагарсан цус гарсан байдалтай байсан гэсэн мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3-12/,
Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоол /хх-ийн 23, 32, 54, 57, 59,63,99 /
Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24, 33, 55, 58, 62-63, 64-66, 100-101/
Ашид билгүүн ХХК-ний үнэлгээ /хх-ийн 64-66/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх -110/ зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан судалсны үндсэн дээр шүүгдэгч А.Т нь 2018 оны 11 сарын 14-ний шөнө Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 5-р багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ SJCMO маркийн улсын дугааргүй мотоцикл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 10.9-д заасан “уулзвараас бусад газарт зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа баруун тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Г.Г эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулжээ.
Шүүгдэгч А.Т нь энэ гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн”...би өөрийн эзэмшлийн улаан өнгийн HAOJIE маркийн мотоцикл унаад Энхбаяр гэж хүүхдийг сундлаад багаж авахаар сумын төвийн зүүн хойд захад байдаг жижиг хашаанд байх Ц гэх айлд очиход хүн байгаагүй. Тэгээд буцаж гэр лүүгээ сумын төвд байдаг тоглоомын саадны урд талаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш явж байгаад Б гэх айлын хашааны баруун хойд булангаар зүүн гар тийшээ эргээд гудамжны голоор урагшаа явсан замд урд зүг рүү эргээд явж байтал өөдөөс их тод гэрэлтэй мотоцикл гарч ирээд яахын зуургүй мөргөлдсөн” гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Х.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018.11.14-ний өдрийн 21 цагийн орчим ...Оын хүргэн Г ахын улаан өнгийн мотоциклын ард сундлаад сумын төвийн зүүн хойд талд байдаг жижиг хашаанд очиж Гэрэлтөгс ах хүн хайгаад байхгүй болохоор нь буцаад урагшаа явж байгаад хашааны булангаар зүүн тал руу эргэх гэтэл зүүн зүгээс мотоциклын гэрэл гэрч ирээд Г ахын хөлийг зүүн талаас нь мөргөсөн. Г ах зүүн талаар нь зөрөх гээд байсан нөгөө мотоцикл шууд орж ирээд Г ахын хөлийг мөргөсөн...”гэсэн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл “...Осол хэрэг болсон газарт очиход БНХАУ-д үйлдвэрлэсэн SJCMO маркийн улсын дугааргүй, улаан өнгийн мотоциклын өмнө дугуй ертөнцийн зүгээр баруун зүгт чиглэсэн, баруун гар талаараа хажуулдаж унасан байрлалтай, SJCMO маркийн мотоциклын ертөнцийн зүгээр баруун урд хэсэгт БНХАУ-д үйлдвэрлэсэн HAOJIE маркийн улаан өнгийн улсын дугааргүй, мотоциклын өмнө дугуй нь ертөнцийн зүгээр зүүн урд зүгт чиглэлтэй баруун гар талаараа хажуу тийшээ унасан байдалтай байлаа...” гэсэн тэмдэглэл, Зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 сарын 23-ны өдрийн 02/0408 дугаартай шинжээчийн дүгнэлт, Замын Цагдаагийн албаны 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 51 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 10.9-д “уулзвараас бусад газарт зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа баруун тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “А.Төөс авсан цусны шинжилгээгээр спиртийн агууламж илрээгүй болох нь 2018 оны 11 сарын 29 өдрийн 12510 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа тул шүүгдэгчийг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь тогтоогдохгүй байна. Мөн энэ гэмт хэрэг гарахад хохирогч Гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ мотоцикл жолоодож явсан нь нөлөөлсөн байгаа. Иймд иргэний нэхэмжлэгчид хохирлыг хувааж төлөх ёстой” гэсэн тайлбар гаргасан болно.
Шүүгдэгч А.Тийн цусанд хийсэн шинжилгээгээр спиртийн агууламж илрээгүй боловч хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар шүүгдэгч нь согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдож байна гэж үзлээ.
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 3.1-т “Хүнсний зориулалтын түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, бүх төрлийн архи, 2 хувиас дээш этилийн спирт агуулсан дарс, пиво, сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архи согтууруулах ундаанд хамаарна” гэж заажээ.
Мөн Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны хамтарсан тушаалаар “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох “ журмыг баталсан ба энэ журмын 2 дугаар зүйлийн 2.3-т зааснаар тандагч багаж ашиглан шүүгдэгчийн согтуурлын зэргийг /хх-ийн 12, 48-р тал/ шалгахад амьсгал дахь спиртийн агууламж 0.27 промиль илэрсэн тэмдэглэл, шүүгдэгч нь найзтайгаа 1 лааз пиво хувааж уусан болохоо хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч А.Тийг согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзнэ.
Хохирогч Г.Г нь осолд өртөх үедээ HAOJIE маркийн мотоциклыг эрхийн үнэмлэхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодон явсан нь осол гарах шалтгаан нөхцөл болоогүй болох нь тогтоогдож байх ба энэ нь Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинжийг агуулсан байх тул Цагдаагийн байгууллага шалгаж шийдвэрлэх нь зүйтэй.
Иймд шүүгдэгч А.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан мансуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч А.Тийг Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч А.Тт ял оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал/ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хөдөлмөрийн чадвар алдалтын 100 хувь группэд байдаг/, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугийн талаар маргахгүй хүлээн зөвшөөрч байгаа байдал, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзсан болно.
Шүүгдэгч А.Тт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгэээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгчийг тэнсэж хянан харгалзсантай холбогдуулан түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-т зааснаар согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх хязгаарлалтын албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Хохирол төлбөрийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас Г.Г эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба хохирогч Г.Г нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй болохоо мөрдөн шалгаж ажиллагаанд мэдүүлсэн байна.
Хохирогч Г.Г мотоциклын ард сундалж явсан Х.Эын эрүүл мэндэд энэ гэмт хэргийн улмаас хөнгөн гэмтэл учирч түүний ээж Ц.О нь мөрдөн шалгах ажиллагааны явцаднасанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдоншүүгдэгч А.Төөс мэс заслын 312420 төгрөг, тархины зураг авахуулсан 120 000 төгрөг, эм тарианд зарцуулсан 26 000 төгрөг, замын зардалд 43600 төгрөг, тарианы үнэ 18 000 төгрөг нийт 520020 төгрөгийг нэхэмжилжээ.
Хохирогч Х.Э нь 2006 оны 12 сарын 07-нд төрсөн одоо 12 настай болох нь төрсний гэрчилгээний /хх-ийн 21/ хуулбараартогтоогдожбайх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8.2.3-т зааснаар 0-18 насны даатгуулагчийн шимтгэлийг улсын төсвөөс сар бүр төлөхөөр заажээ.
Харин мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг ...буруутай этгээдээр төлүүлэхээр хуульчилжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О нь 432420 төгрөгийн эрүүл мэндийн үйлчилгээний зардлыг 100 хувь өөрөө хариуцсан төлсөн баримтаа шүүхэд ирүүлсэн тул энэ хохирлыг шүүгдэгчээс гаргуулан олгох нь зүйтэй байна: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс эм тариа,замын зардлын нийт 87600 төгрөгийн нотлох баримт хэрэгт хавсаргагдан ирээгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Т нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын мэдэээлэл судалгааны төвийн лавлагааны санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх шүүхэд ирээгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Б овогт Аын Тийг согтуурсан үедээ, тээврийн хэрэгжолоодох эрхгүйгээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч А.Тийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 3.4-т зааснаар шүүгдэгч А.Тт согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх хязгаарлалтыг тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар А.Тийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т нь тэнссэн хугацаанд тогтоосон үүргийг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах учрыг анхааруулсугай.
6.Шүүгдэгч А.Тийн иргэний бичиг баримт, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Ц.Оын нэхэмжилсэн 520 000 төгрөгнөөс 432420 төгрөгийг шүүгдэгч А.Төөс гаргуулан олгож, 87000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН