Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 28

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Бүжмаа

улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Т.Урангоо

шүүгдэгч М.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,  Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  М.Аэд холбогдох эрүүгийн ....  дугаартай хэргийг 2019 оны 01 сарын 24-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Монгол Улсын иргэн, М.А.   

          Холбогдсон хэргийн талаар 

          Шүүгдэгч М.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 16-ны орой Сайншанд сумын 5 дугаар баг ... тоотод байрлах гэрийнхээ гадна хохирогч С.Отай маргалдаж улмаар түүний биеийн олон газарт хутгаар зүссэний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан "Онц, харгис, хэрцгийгээр” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн  гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:

Шүүгдэгч М.Аийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Миний буруу,буруугаа ойлгож байгаа. Болсон үйл явдлыг сайн санахгүй байгаа. Хохирогчид 500000 төгрөг өгсөн  гэсэн мэдүүлэг,

 

           Хохирогч С.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...эхнэр О рүү дайрахаар нь би Аийг түлхсэн чинь дахиад дайрахаар нь барьж аваад тонгорч унагаад дээр нь гараад дараад хэвтсэн чинь доороос гарах гээд дийлдэхгүй байхаар нь 2 гарыг нь хөлөн доороо оруулах гэсэн зүүн талаас цохих шиг болохоор нь гарыг бариад доош нь дарсан нөгөө гараараа нуруу руу цохих шиг болохоор нь нөгөө гарыг нь барьж аваад доороо хийсэн чинь зүүн талаас гараараа цохиод хэд хэдэн удаа цохьсон. ...Тэгсэн чинь миний зүүн талаас нойтон оргиод хүйтэн болоод байхаар нь бариад үзсэн чинь гар цус болохоор нь босоод А намайг хутгалчихлаа та нар больцгоо гээд би шууд эмнэлэг рүү очоод үзүүлсэн ...гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 12-13-р тал/,

 

          Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ... дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: "...С.Оын биед зүүн мөр, нуруу, хэвлийн шарх гэмтэл тогтоогдлоо ...гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн  ...гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна...” гэсэн дүгнэлт. /хх-ийн 23-р тал/,

 

          Гэрч Т.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...А би уумаар байна гэж хэлтэл манай охин шилтэй архийг гаргаад хагалчихсан тэр үед манай дүү О та нар одоо болиоч гэр оронд хүүхдүүдийн хажууд архи уугаад амгалан тайван байдал алдагдуулаад байх юм гэж хэлэхээр нь би дүүдээ уурлаад чамд хамаагүй гэж хэлсэн. Бид нар гадаа маргалдаад зогсож байхад О намайг орж унт гэхээр нь чадахгүй гэж хэлээд бие засчихаад ирэхэд А, О хоёр хоорондоо зодолдоод ...О би ер нь эмнэлэг явахгүй бол болохгүй байна миний хажуу талаас нойтон оргиод болохгүй байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 14-15-р тал/,

Гэрч Т.Лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...тус багийн иргэн О бусдад хутгалуулсан гэх зовиуртай ирсэн ...биед нь үзлэг хийхэд ...хатгагдаж зүсэгдсэн шархтай ...8 тооны хатгагдаж зүсэгдсэн шарх учирсан байсан шарханд оёдол тавьж эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлсэн ...хүргэн ахтайгаа маргалдаад намайг хутгалсан гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг,

             Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 16, 21/

             Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17, 22/

             Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27/ зэргийг шинжлэн судлав.

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

             Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзэв.

   Шүүгдэгч М.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 16-ны орой Сайншанд сумын 5 дугаар баг ... тоотод байрлах гэрийнхээ гадна хохирогч С.Отай маргалдаж улмаар түүний биеийн олон газарт хутгаар зүссэний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь  хохирогч С.О, гэрч Т.О, О.Э, Т.Л нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, 2018 оны 12 сарын 19-ны өдрийн 02/017 тоот  шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч М.А нь хохирогч С.Оын биеийн олон газарт хутгаар зүссэний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1-д  заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангажээ.

Тухайн хэргийн хувьд хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд прокуророос М.Аийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж,яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт үйлдэлд нь тохирсон байна.  

Иймд шүүгдэгч М.Аийг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан "Онц харгис хэрцгийгээр” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар  үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч М.А нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан "Онц, харгис, хэрцгийгээр” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан ялын төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аийг  1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1350 000 төгрөгөөр торгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д  заасан хугацаанд төлүүлэхээр тогтоов.

Хэргийн хохирогч С.О нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол,хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт,гомдол гаргах эрхтэй хэдий ч тэрээр хэрэгт хохирогчоор тогтоогдон өгсөн мэдүүлэгтээ: гомдол санал,нэхэмжлэх зүйлгүй” гэдгээ илэрхийлсэн ба хохирол,төлбөрт мөнгөн дүнгээр тооцсон нэхэмжлэл,гомдлын шаардлага гаргаагүй тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч М.А нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар /хх-ийн 48/ тогтоогдож байна.

Шүүгдэгч М.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн хуйтай, 11 см урттай, хүрэн өнгийн модон иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт М Аийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аийг 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1350000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аэд 1350000 төгрөгийн торгох ялыг хуулийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хар өнгийн хуйтай, 11 см урттай, хүрэн өнгийн модон иштэй хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6.Шүүгдэгч М.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.АДЪЯАСҮРЭН