| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 183/2021/00070/И |
| Дугаар | 210/МА2023/01237 |
| Огноо | 2023-06-23 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2023/01237
А.Б-ы нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Нямбазар, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2023/00904 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.Б-ы хариуцагч “Ж-” ХХК, Ж.Г- нарт холбогдуулан гаргасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 95,939,660 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, түрээсийн төлбөр болон бусад зардалд 35,044,543 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Б-, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “Ж-” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 04 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж, 6/4 тоотод байрлах, 1,495 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1 жилийн хугацаатай сарын 20,000,000 төгрөгөөр түрээсэлсэн. Эхний нэг сарын түрээсийн хөлс 20,000,000 төгрөг, барьцаа 20,000,000 төгрөг, нийт 40,000,000 төгрөгийг “Ж-” ХХК-ийн захирал Ж.Г-ын данс руу шилжүүлсэн. Дээрх обьектыг анх түрээслэх үед 8 ширхэг модон ширээнээс өөр зүйлгүй, ямар ч тохижилтгүй, засвар хийгдээгүй байсан. Би өөрөөсөө 90 гаруй сая төгрөг зарцуулж, барилгын бригадаар засвар хийлгүүлсэн. 2019 оны 08 дугаар сар хүртэл хугацааны хөлсөө төлж дуусгаад түрээсийн төлбөр бууруулах тухай саналаа Ж.Г-ад хэлэхэд зөвшөөрч, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр нэмэлт гэрээ бичгээр байгуулсан. Энэ гэрээгээр 2019 оны 08 дугаар сараас эхлэн түрээсийн төлбөрийг сар бүр 12,000,000 төгрөг байхаар бууруулсан. Ж.Г- нь 2020 оны 02 дугаар сарын 10-ны шөнө хэсэг нөхдийн хамт согтуугаар ирж, түрээсийн байрнаас намайг хөөж гаргасан ба энэ өдрөөс эхлэн талууд түрээсийн гэрээг харилцан цуцалсан юм. Иймд бараа материал, ажлын хөлс, засварын зардалд нийт 95,939,660 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга: Уг үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь караоке, ресторан, зочид буудлын үйлчилгээний зориулалтаар ашиглахад бэлэн тоног төхөөрөмж, сандал, ширээ, засал чимэглэл гээд бүхий л тохижилтыг хийж гүйцэтгэсэн байсан. 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгч А.Б-тай нэг сарын түрээсийн төлбөр 20,000,000 төгрөг байхаар тохиролцож түрээсийн гэрээг Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1-д заасны дагуу байгуулж, түрээсийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг гэрээнд өөрөөр заагаагүй бол Иргэний хуулийн 289.2.7, 232.1 дэх хэсэгт зааснаар түрээслэгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулан түрээслэхийг хориглосон нөхцөлтэйгөөр байгуулсан бөгөөд нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин хуурамчаар гэрээ үйлдэн бусдад түрээслүүлсэн нь тогтоогдсон байдаг. Огт үндэслэлгүй нэхэмжлэлийг шүүхэд гаргаж тус үл хөдлөх эд хөрөнгөд бусдын хүч, хөдөлмөрөөр бий болсон хөрөнгө, тоног төхөөрөмж, эд зүйлсийг өөрийн эд хөрөнгө мэтээр нэхэмжилж байгаад гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр түрээсийн гэрээ бичгээр байгуулж, Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 04 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж, 6/4 тоотод байрлах 1495 м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг караоке, бар рестораны чиглэлээр 1 жилийн хугацаатай сарын 20,000,000 төгрөгийн төлбөртэй байхаар тохиролцсон. А.Б- нь нэг сарын түрээсийн төлбөр 20,000,000 төгрөг, барьцаа 20,000,000 төгрөгийг төлж 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр нэмэлт гэрээг байгуулж тус гэрээгээр түрээсийн төлбөр сарын 20 сая төгрөг байсныг 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн бууруулж 12,000,000 төгрөг байхаар болсон. А.Б-ы барьцаанд төлсөн 20 сая төгрөгийг талууд хэлэлцэн тохирч, 2019 оны 6, 7 дугаар сарын түрээсийн төлбөрт суутгуулж, 2019 оны 12 дугаар сарыг дуустал түрээсийн төлбөрийн үлдэгдэлгүй гэж тохиролцсон. Гэтэл А.Б- нь 2020 онд ч мөн адил гэрээний үүргээ биелүүлэлгүй зөрчсөөр байсан бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн түрээсийн байрыг орхин явсан. 2020 оны 01 дүгээр сарын түрээсийн төлбөрт 10,500,000 төгрөгийг төлж тус сарын төлбөрийн үлдэгдэл 9,500,000 төгрөг, 02 дугаар 10-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 6,667,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарыг хүртэлх хугацааны ашиглалтын зардал 4,877,543 төгрөгийг мөн төлж барагдуулахгүйгээр орхин явсан. 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн зүгээс түрээсийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан А.Б-тай уулзахаар очтол А.Б- нь бусдад буюу иргэн М.У-т түрээслүүлсэн байдалтай, түүнээс 14,000,000 төгрөгийг түрээсийн төлбөр нэрийн дор авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Улмаар иргэн М.У- нь надад холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд дараа, дараачийн ажлууд хүлээгдэж, шүүх хуулийн байгууллагаар удаа дараа ирэх цаг зав хомс байсан тул М.У-ын нэхэмжилсэн үнийн дүнг хүлээн зөвшөөрч шүүхийн шийдвэр гарч бидний зүгээс 14,000,000 төгрөгөөр хохирсон. Иймд хохиролд 14,000,000 төгрөг, гэрээний үүрэгт 21,054,543 төгрөг, нийт 35,044,543 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
4.Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэжээ.
5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.3, 227.4-т зааснаар хариуцагч Ж.Г-, “Ж-” ХХК-иудаас 34,118,100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 61,511,785 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.3, 227.4-т зааснаар нэхэмжлэгч А.Б-аас 4,666,666 төгрөгийг гаргуулж, хариуцагч Ж.Г-, “Ж-” ХХК-иудад олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 30,377,877 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 921.050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Г-, Ж- ХХК-иудаас 328,540 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Б-д олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 333,172 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, А.Б-аас 89,617 төгрөгийг гаргуулан хариуцагч Ж.Г-, Ж- ХХК-иудад тус тус олгуулахаар шийдвэрлэжээ.
6.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний 1.6-д заасныг зөрчсөн. Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 2020 оны 08 дугаар сарын 06- ны өдрийн 2790 дугаартай прокурорын тогтоолд авагдсан М.У-ын хохирогчоор өгсөн мэдүүлэгт: “Би 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гэртээ байж байхдаа мөнгөө өсгөх зорилгоор караоке ашигтай байдаг гэж хүнээс сонсоод түрээслэхээр цахим фэйсбүүк орчинд хайж явж байгаад Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сити” нэртэй караокег 1 сарын 6,000,000 төгрөгөөр түрээслэнэ гэсэн зар байхаар нь 90998782 дугаар руу залгаж холбогдоход “хүрч ирээд үзээд таалагдвал гэрээгээ хийгээд орж болно” гэж надад хэлэхээр нь очиж үзээд боломжийн санагдаад тухайн өдрөө тохиролцоод бичиг баримтыг нь үзэхэд Ж.Г- гэх хүний нэр дээр байхаар нь “Энэ хүн чинь ямар учиртай хүн юм бэ” гэж асуухад “миний төрсөн ах” гэх хариулаад тус газрыг түрээслэхээр болсон юм ... 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр караокед ороод 3,000,000 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг аваад ажиллуулж эхлээд явж байтал 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр караоке хаачихаад байж байтал надруу залгаад “2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр битгий ажиллуулаач, энд жоохон асуудал гарчихлаа” гэж хэлэхээр нь ажиллуулахгүй байж байгаад өөрий нөхрийг 22 цагийн орчим караоке руу явуулахад дотор нь байсан зочид буудлын эзэн Ж.Г- гэх залуу “Би энэ газрын эзэн нь байна, та нар эндээсээ гар, мөнгө төгрөгний асуудлаа Батсайхантай шийд” гэж хэлсэн. Маргааш нь очиход Гарьд надаас Батсайхан түрээслэж байсан гээд бичиг баримтуудаа үзүүлээд надад түрээсийн үлдэгдэл мөнгөө өгөхгүй байгаа учраас эдгээр хүмүүсийг гаргаж байна, мөн надад мэдэгдэлгүйгээр бусдад уг газрыг хувааж түрээслэсэн байна гэж хэлсэн юм ... гэх мэдүүлэг. Нэхэмжлэгч А.Б-ы гэрчээр өгсөн “... Би 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гэрээ хийж Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ж-” ХХК-ийн эзэмшлийн Сити нэртэй зочид буудал, караоке ресторан бүхий 4 давхар байгууламжийг Гарьд гэх хүнээс түрээсэлж авахаар болоод эхний удаад 1 сарын 20,000,000 төгрөгөөр түрээсийг тохиролцсон юм. Тэгтэл тухайн байгууламж нь ашиг орлого муутай байсны улмаас түрээсээ төлж чадахгүй байдалд хүрсэн юм... Сүүлдээ уг байгууламжийг тусгай зөвшөөрлийн дагуу 3 хувааж бусдад түрээслүүлсэн юм, тэгтэл энэ талаар надад түрээслүүлж байсан Гарьд мэдээд үйл ажиллагааг шууд зогсоосон юм... Би 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс бусдад байгууламжийг 3 хувааж түрээслүүлж байсан юм..., Миний хувьд Уранболорыг санаатай залилсан зүйл байхгүй.... гэх мэдүүлэг" зэргээр гэрээний үүргээ зөрчсөн нь илт байхад үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Уг үйл баримтыг үгүйсгэсэн нотлох баримтыг гаргаж өгөөгүй байхад энэ талаар үнэн зөв дүгнэлтийг өгөөгүй, хэрэгийн гол үйл баримт, чухал ач холбогдол бүхий нотлох баримтыг орхигдуулан дүгнэлт, тайлбар хийсэн байна. Шүүх хэрэгт авагдсан аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тогтоогдож байгаа хэргийн үйл баримтад үнэн зөвөөр нийцүүлэн дүгнэлт өгөх, бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэлт өгөх, нотлох баримтын эх сурвалжийг нягтлах замаар эргэлзээгүй талаас нь үнэлэх ёстой. Ийнхүү хэрэгт авагдсан нотлох баримтууд түүгээр тогтоогдож байгаа жинхэнэ үйл баримтын талаар үнэн зөв, үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй бол шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадахгүй юм.
6.а.Шүүх “Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ, түүний нэмэлт өөрчлөлт гэрээнээс үзэхэд нэхэмжлэгч А.Б- 2019 оны түрээсийн төлбөрийг бүрэн төлсөн, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл түрээсийн төлбөрт 26,666,666 төгрөг төлөх байснаас 10,500,000 төгрөгийг дансаар, 12,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн болох нь гэрч Алтаншагайн мэдүүлэг, нэхэмжлэгч А.Б-ы дансны хуулга /хх-ийн 92 дугаар тал/, 2022.05.11-ний өдрийн Б.Алтаншагай, Энхмэнд нарыг нүүрэлдүүлэн байцаасан мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Нэхэмжлэгч А.Б- 2020 оны 1 сарын төлбөр 20,000,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл төлбөр 6,666,666 төгрөг, нийт 26,666,666 төгрөгийн түрээс төлөх байсан бөгөөд үүнээс 22,500000 төгрөгийг төлсөн баримт хэрэгт авагдсан, хариуцагч Ж.Г- 12,000,000 төгрөгийг бэлнээр аваагүй гэх боловч энэ байдлаа баримтаар нотлоогүй болно” гэж дүгнэлт хийсэн. Гэвч шүүхийн дээрх дүгнэлт нь нотлох баримтад тулгуурлаж үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй бөгөөд 12,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн болох нь гарч Алтаншагайн мэдүүлэг, 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б.Алтаншагай, Энхмэнд нарыг нүүрэлдүүлэн байцаасан мэдүүлэг зэргээр тогтоогдож байна гэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь нүүрэлдүүлэн байцаасан гэрчийн мэдүүлэгт гэрч Б.Алтаншагай нь 12,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн, гэрч н.Энхмэнд нь 12,000,000 төгрөгийг бэлнээр огт аваагүй гэж мэдүүлсээр байхад дээрх үйл баримтыг тогтоох өөр баримтаар бус зөвхөн гэрч Б.Алтаншагайн би мөнгө өгсөн гэсэн мэдүүлгээр мөнгө өгсөн болох нь тогтоогдож байна гэж байгаа нь учир дутагдалтайгаас гадны бэлэн 12,000,000 төгрөгийг аваагүй гэдгээ баримтаар нотлоогүй гэж баримтаар нотлох боломжгүй, аваагүй гэдэгээ аваагүй гэж хэлэхээс өөрөөр нотлогдох боломжгүй үйл явдлыг хэт явцуу байдлаар тайлбарлаж дүгнэж байгаа нь мөн л хэрэгт авагдсан нотлох баримтууд, түүгээр тогтоогдож байгаа жинхэнэ үйл баримтын талаар үнэн зөв, үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй бол шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадахгүй юм. Шүүх А.Б- түрээсийн байранд засвар үйлчилгээ хийсэн, бараа материал худалдан авсан болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн дансны хуулга, зарлагын баримтуудаар тогтоогдож байна гэж үзсэн бөгөөд эдгээр баримтууд нь хэргийн үйл явдал, тухайн цаг хугацаанд хамаарч байна гэж үзэв гэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 34,118,100 төгрөгийг хангаж, эдгээр баримтууд нь хэргийн үйл явдал, тухайн цаг хугацаанд хамаарч байна” гэж үндэслэлгүй тайлбар хийсэн байна. Гэвч талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээний нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний 5.5-т “Түрээслэгч барьцаа хөрөнгөө түрээсийн төлбөрт суутгуулсан тул цаашид барьцаа болгож, түрээсийн байранд байршуулсан тоног төхөөрөм гэрээ байгуулах үед талуудын үйлдсэн хөрөнгийн жагсаалтын дагуу-ийг барьцаанд бариулж энэ талаар талууд ойлгож мэдсэн, аливаа маргаангүй болно” гэж заасан байхад илт үндэслэлгүй тайлбар хийж байна. Шүүх түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 4,666,666 төгрөгийг А.Б-аас гаргуулж, Ж.Г-, “Ж-” ХХК-нд олгох нь зүйтэй байна гэж агуулгын хувьд зөв дүгнэлт хийсэн. Учир нь Нэхэмжлэгч А.Б- нь түрээсийн гэрээний үүргээ биелүүлээгүй прээсийн төлбөрөө төлөөгүй болох нь тогтоогдож байна гэсэн боловч түрээсийн төлбөрийн үлдэгдэл төлбөр, дүн тооцооллын хувьд алдаатай дүгнэлт хийсэн. Шүүхийн дээрх дүгнэлт нь нотлох баримтад тулгуурлаж үндэслэл бүхий дүгнэлт өгч адаагүй бөгөөд 12,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн болох нь гэрч Алтаншагайн мэдүүлэг, 2022.05.11-ний өдрийн Б.Алтаншагай, Энхмэнд нарыг нүүрэлдүүлэн байцаасан мэдүүлэг зэргээр тогтоогдож байна гэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь нүүрэлдүүлэн байцаасан гэрчийн мэдүүлэгт гэрч Б.Алтаншагай нь 12,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн, гэрч н.Энхмэнд нь 12,000,000 төгрөгийг бэлнээр огт аваагүй гэж мэдүүлсээр байхад дээрх үйл баримтыг тогтоох өөр баримтаар бус зөвхөн гэрч 5. Алтаншагайн би мөнгө өгсөн гэсэн мэдүүлгээр мөнгө өгсөн болох нь тогтоогдож байна гэж байгаа нь учир дутагдалтайгаас гадны бэлэн 12,000,000 төгрөгийг аваагүй гэдэгээ баримтаар нотлоогүй гэж баримтаар нотлох боломжгүй, аваагүй гэдэгээ аваагүй гэж хэлэхээс өөрөөр нотлогдох боломжгүй үйл явдлыг хэт явцуу байдлаар тайлбарлаж дүгнэж байгаа нь мөн л үндэслэл бүхий болж чадаагүй. Иймд Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгчийн 34,118,100 төгрөгийг хангаж шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
7.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.
2.Нэхэмжлэгч А.Б- нь хариуцагч “Ж-” ХХК, Ж.Г- нарт холбогдуулан 95,939,660 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч түрээсийн төлбөр болон бусад зардалд нийт 35,044,543 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар дүгнээгүй, мөн үүрэг гүйцэтгэвэл зохих этгээдийг буруу тодорхойлсон зэрэг алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.
4.Нэхэмжлэгч А.Б- нь хариуцагч “Ж-” ХХК-тай 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч компани нь Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол /16064/, Амарсанаагийн гудамж 6/4 тоотод байрлах, 1,495 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, нэг сарын 20,000,000 төгрөгөөр нэг жилийн хугацаатай түрээслүүлэх, нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг түрээсээр эзэмшсэний төлбөрийг сар бүрийн 10-ны дотор төлөхөөр харилцан тохиролцсон байна. Улмаар талууд 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр дээрх түрээсийн гэрээний төлбөрийн нөхцөлд өөрчлөлт оруулжээ. /1хх-ийн 5, 7-8-р тал/
4.а.Гэрээний талууд түрээсийн зүйлийг үйлчилгээний зориулалтаар /караоке, паб, зочид буудал/ буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулах, ашиг олох зорилгоор түрээслэхээр тохиролцсон байгаагаас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.
4.б.Гэвч талууд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Иймд дээрх түрээсийн гэрээг мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзнэ.
4.в.Нэхэмжлэгч А.Б- нь хариуцагч “Ж-” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг тодорхой хугацаанд эзэмшиж, ашигласан үйл баримт тогтоогдсон ба нэхэмжлэгч нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсантай холбоотойгоор түрээсийн зүйлд оруулсан засан сайжруулалтын зардал, бараа материал болон тоног төхөөрөмжийн үнэд нийт 95,939,660 төгрөгийг хариуцагч “Ж-” ХХК, Ж.Г- нараас гаргуулахаар шаардсан.
4.г.Тус хэрэгт хариуцагчаар татагдсан Ж.Г- нь “Ж-” ХХК-ийн захирал болох нь тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон, мөн нэхэмжлэгч А.Б-тай байгуулсан түрээсийн гэрээнд Ж.Г- нь “Ж-” ХХК-ийн захирлын хувиар гарын үсэг зурсан байна. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгө түрээслүүлэх тохиролцоо нэхэмжлэгч А.Б-, хариуцагч “Ж-” ХХК-ийн хооронд хийгдсэн байх тул нэхэмжлэлийг хариуцвал зохих этгээд нь Ж.Г- биш тул түүнд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
4.д.Хэдийгээр талуудын байгуулсан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус байх боловч хариуцагч “Ж-” ХХК нь бусдын оруулсан хөрөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжих ёсгүй юм. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт “Хэн нэг этгээд өөр этгээдийн хөрөнгөд сайн дураараа өөрөө мэдэж буюу андуурч зардал гаргасан бөгөөд нөгөө этгээд үүний улмаас хөрөнгөжсөн бол зардал гаргасан этгээд түүнээс зардлаа нөхөн төлөхийг шаардах эрхтэй” гэж заасан.
4.е.Нэхэмжлэгч А.Б- нь хариуцагч компанийн үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж байх хугацаандаа засвар үйлчилгээ, бараа материал болон тоног төхөөрөмжид нийт 34,118,100 төгрөгийн зардал гаргасан үйл баримтын талаар анхан шатны шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан дансны хуулга, зарлагын баримтууд, нэхэмжлэх, гэрэл зураг болон зохигчийн тайлбар зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн байна.
4.ё.Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 61,511,785 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй болно.
4.ж.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргадаг ба хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нөхцөл байдлыг үндэслэл бүхий баримтаар няцааж чадаагүй байна. Иймд хариуцагч “Ж-” ХХК-аас 34,118,100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Б-д олгуулахаар шийдвэрлэх нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт заасанд нийцнэ.
5.Түрээсийн гэрээний үүрэг болон бусад зардалд нийт 35,044,543 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн тухайд анхан шатны шүүх нэхэмжлэгч А.Б-аас 4,666,666 төгрөг гаргуулж хариуцагчид олгон, сөрөг нэхэмжлэлээс 30,377,877 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг буруутгах боломжгүй бөгөөд энэ талаар зохигчийн хэн аль нь гомдол гаргаагүй гэж үзэхээр байна. Иргэний эрх зүйн диспозитив зарчмын хүрээнд гомдол гаргаагүй асуудлаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийхгүй юм.
5.а.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдлын сүүлийн өгүүлбэрт “... нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 34,118,100 төгрөгийг хангаж шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн ба энэ хэмжээнд улсын тэмдэгтийн хураамжийг тооцон төлсөн гэж үзэхээр байна.
5.б.Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд гомдол гаргаж байгаа этгээд шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон төлнө” гэж заасан. Үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн хэсэг буюу 34,118,100 төгрөг болон сөрөг нэхэмжлэлээс хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн хэсэг буюу 30,377,877 төгрөгт ногдох нийт улсын тэмдэгтийн хураамж 638,379 төгрөг болно.
5.в.Хариуцагч тал давж заалдах шатны шүүхийн улсын тэмдэгтийн хураамжид 351,873 төгрөг төлсөн, үүнийг сөрөг нэхэмжлэлд хамааруулан авч үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт нийцэхгүй юм.
5.г.Түүнчлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээний нэмэлт өөрчлөлтийн 5 дахь заалтыг үндэслэн засан сайжруулалт болон бараа материалын зардлыг эс зөвшөөрч байх боловч хүчин төгөлдөр бус гэрээний заалтыг үндэслэн, түүний гомдлыг хангах боломжгүй.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2023/00904 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Ж-” ХХК-аас 34,118,100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Б-д олгож, нэхэмжлэлээс 61,511,785 төгрөг болон хариуцагч Ж.Г-ад холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
2 дахь заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар нэхэмжлэгч А.Б-аас 4,666,666 төгрөг гаргуулж, хариуцагч “Ж-” ХХК-д олгож,
хариуцагч Ж.Г-ын сөрөг нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлээс үлдэх 30,377,877 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.”
3 дахь заалтын “... Ж.Г-, Ж- ХХК нараас ...” гэснийг “Ж-” ХХК-аас гэж, “... Ж.Г-, Ж- ХХК нарт ...” гэснийг “Ж-” ХХК-д гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 351,873 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Г.ДАВААДОРЖ