Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2023/01278

 

Х- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2023/00939 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х- ХХК-ийн хариуцагч Т- ХХК, Л.О-, Ц.В-, О.Б- нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 343,855,002 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай маргаантай хэргийг хариуцагч Ц.В-ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагч Ц.В-ын өмгөөлөгч Ч.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Т- ХХК, Л.О- нар нь Х- ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр зээл болон барьцааны гэрээ тус байгуулж, 250,000,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай үээлж, барьцаанд Л.О-, Ц.В-, О.Б- нарын өмчлөлийн 432 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг, мөн Ц.В-, О.Б- нарын өмчлөлийн 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газрыг тус тус барьцаалуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт дахь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул банкны зүгээс хариуцагч нарт зээлээ төлөх тухай мэдэгдэл бичгээр өгч, утсаар мэдэгдэх, уулзалт хийх зэрэг арга хэмжээнүүдийг авч, зээлийн төлбөрөө төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилж мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн өр, төлбөр төлөөгүй. Ковид-19 цар тахлын хязгаарлалтын үед зээлдэгч хүсэлт гаргасан тохиолдолд хүү зогсоох зэргээр арга хэмжээ авч байсан боловч хариуцагч энэ талаар ямар нэгэн хүсэлт гаргаж байгаагүй болно. Зээлдэгч нар нь 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 196,771,571 төгрөг 19 мөнгө, зээлийн хүүгийн төлбөрт 137,904,516 төгрөг 10 мөнгө, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 9,178,915 төгрөг 24 мөнгө нийт 343,855,002 төгрөг 53 мөнгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Зээлдэгч нар зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Т- ХХК болон хариуцагч Д.О- нарын тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Дэлхий даяар корона вирус-ын халдвар эрчимтэй тархаж, компаниудын үйл ажиллагааг зогсоосон. 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Т- ХХК нь үйл ажиллагаагаа явуулж чадаагүй. Мөн 2019 оны сүүлээр хариуцагч болох Л.О-ийн төрсөн ахын бие илт муудаж, эм тариа болон эмчилгээний зардалд их хэмжээний мөнгийг хариуцагч нь зарлагадаж байсан. Нэхэмжлэгч Х- ХХК нь зээлийн гэрээний 6.1-т Банкны санаачилгаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө бүрэн төлөхийг шаардана гэх эрхээ хэрэгжүүлээгүй бөгөөд бидний зүгээс 2019 оны 12 дугаар сараас хойших зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэсэн зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нь гэрээний үүргээ шаардах эрхээ хэрэгжүүлэхдээ зээлдэгчийн эрхийг зөрчихгүйгээр, үнэнч шударгаар хэрэгжүүлэх үүргээ гүйцэтгээгүй гэж үзэж байна. Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндсэн зээл 121,298,198 төгрөг 7 мөнгө, хүү 42,948,983 төгрөг 37 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 424,790 төгрөг 64 мөнгө, нийт 164,671,972 төгрөг 73 мөнгө хүртэл хүлээн зөвшөөрч байх тул үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, зээлийн эргэн төлөлтийн алдсан хугацааг нөхөн олгож хариуцагчийн эрх ашгийг хамгаалж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Т- ХХК, Л.О- нараас зээлийн гэрээний үүрэгт 343,855,002 төгрөг 53 мөнгийг гаргуулан, нэхэмжлэгч Х- ХХК-д олгож, иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т- ХХК, Л.О- нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох Л.О-, Ц.В-, О.Б- нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205045744 дугаартай Баянгол дүүргийн 22 дугаар хороо, зүүн наран 18 гудамжны 99 тоот хаягт байршилтай 432 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, Ц.В-, О.Б- нарын өмчлөлийн нэгж талбарын №18640312156073 дугаартай Баянгол дүүрэг, 22 дугаар хороо зүүн наран 18 гудамжны 99 тоот хаягт байршилтай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газар зэргийг албадан дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,263,329 төгрөг 6 мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 2,263,329 төгрөг 6 мөнгийг гаргуулан нэхэмжлэгч Х- ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагч Ц.В-ын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ц.В- болон О.Б- нарыг хамтран хариуцагчаар оролцуулахаар шүүхээс захирамж гарсан боловч нэхэмжлэлийн хувийг гардуулах ажиллагааг хийгээгүй. Барьцаа хөрөнгүүд нь Л.О-, Ц.В-, О.Б- нарын өмчлөлийн эд хөрөнгө байхад шүүх эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдүүд болох Ц. Ванданмагсар, О.Б- нарт нэхэмжлэлийн хувийг гардуулах, холбогдох тайлбарыг авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүх хэргийн оролцогчийн шүүхэд мэдүүлэх эрх буюу Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалах, цаашлаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасан Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ гэх зарчмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Мөн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 14 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг хамтран хариуцагч нарт мэдэгдсэн талаарх баримт авагдаагүй нь шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй гэх үндэслэлтэй.

 

4.а.Ковид 19 цар тахлын улмаас худалдаа, үйлчилгээний ажил эрхэлж буюу Т- ХХК-ийн үйл ажиллагаа бүрэн зогсонги байдалд орсон зэргийг шүүхээс анхаарч үзээгүйд харамсаж байна. Тухайлбал хариуцагч Т-" ХХК нь гадаадаас гоо сайхны бараа бүтээгдэхүүн оруулж ирж, худалдан борлуулах үндсэн үйл ажиллагааны чиглэлтэй. Хэний ч тааварлаж чадаагүй өвчин дэлхий нийтийг бүрхэн авснаас улбаалан Монгол Улсын засгийн газар, Нийслэлийн Засаг даргын хөл хорио тогтоосон захирамж, тогтоолоор 17 сар гарны хугацаанд тус компанийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүх рүү буцаан процессийн алдааг залруулж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Л.О-, Ц.В- нар эх, хүүдийн холбоотой юм. Хэргийн 56 дахь талд шүүхийн мэдэгдэх хуудас авагдсан Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 18-99 тоотод хүргүүлсэн мэдэгдэх хуудсыг Ц.В- гардан авсан. Гэтэл хариуцагч Ц.В- шүүхэд ирээгүй тул албадан ирүүлэх ажиллагаа хийхэд хаягтаа байхгүй нөхцөл байдал үүссэний улмаас эрэн сурвалжлах ажиллагаа явуулсан. Энэ ажиллагааны үр дүнд хариуцагч Ц.В-ыг тус хягтаа байна гэж мэдэгдсэн. Хариуцагч Ц.В-, О.Б- нар алга болоод олдохгүй байсан тул дахин эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, цагдаагийн байгууллага н.Түмэндэлгэр, .Аригүн нарыг батлан даагчаар авсан. Хариуцагч Ц.В-, О.Б- нар шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгааг мэдсэн атлаа санаатайгаар зугтсан. Анхан шатны шүүх тэднийг бүхий л боломжит байдлаар эрэн сурвалжилсан. Энэ хэрэг Ц.В-, О.Б- нар шүүхэд ирээгүйн улмаас 2 жилийн хугацаанд хойшилсон. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд хэрэг шийдвэрлэгдэж байгааг мэдэж байгаа эсэхийг асуухад мэдэж байгаа гэдэг. Хариуцагч нарыг нэхэмжлэлийн хувийг гардан авах боломжоор 2 жилийн турш хангасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

2.Нэхэмжлэгч Х- нь хариуцагч Т- ХХК, Л.О-, Ц.В-, О.Б- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 343,855,002 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

3.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн боловч хариуцагч Ц.В-, О.Б- нарт нэхэмжлэлийн хувийг гардуулаагүй, мөн тэдгээрийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, мэтгэлцэх эрхийг эдлүүлээгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

3.а.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагддаг ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.2-т нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулах нь хэрэг үүсгэсэн шүүгчийн ажиллагаанд хамаарахаар заасан. Гэтэл анхан шатны шүүх хариуцагч Ц.В-, О.Б- нарт нэхэмжлэлийн хувийг гардуулаагүйгээс тэдгээр нь хуульд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх боломжгүй болжээ.

3.б.Анхан шатны шүүх зарим хариуцагч нарыг эрэн сурвалжлуулах, албадан ирүүлэх зэрэг ажиллагаа хийсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдож байх боловч энэхүү нөхцөл байдал нь хуульд заасан хэргийн оролцогчийн эрхийг эдлүүлэхгүй байх, тэдгээрийг шүүх хуралдаанд оролцуулахгүй байх үндэслэл биш юм.

3.в.Барьцаа хөрөнгийн өмчлөгч буюу хариуцагч Ц.В-, О.Б- нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагад дүгнэлт өгөхөд ач холбогдолтой.

4.Дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2023/00939 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ц.В-аас төлсөн 1,877,226 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

Г.ДАВААДОРЖ