Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 294

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 5-10 тоотод оршин суух, РД:ПЮ75052761 дугаарын регистртэй, Донгог овогт Рэнцэнгийн Соёлмаагийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Р.Соёлмаа, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: Хүсэлт гаргагч Р.Соёлмаа нь Б.Ренцэнгийн 1963 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 1965 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Нефть баазад бензиний түгээгчээражиллаж байсан байдлыг сэргээн тогтоолгохыг хүсчээ.

Хүсэлт гаргагч Р.Соёлмаа нь шүүхэд гаргасан хүсэлт боон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний аав Батбаярын Рэнцэн нь 2015 оны 10 дугаар сарын 09-ны өдөр нас барсан. Миний аав Б.Рэнцэн нь 1963 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймгийн нефть баазад бинзен түгээгчээр ажиллаж байгаад 1965 оны 06 дугаар сарын 01-ний өдөр авто жолооны курст явах болсон тул ажлаасаа чөлөөлөгдсөн. 1965 оны 06 дугаар сарын 15-нд жолооны курсээ төгсөж ирээд авто 4 дүгээр баазад диспетчерээр ажиллаж байгаад 1966 оны 06 дугаар сарын 02-нд Ховд аймгийн барилга угсралтын конторт шилжин ажиллах болсон тул ажлаасаа чөлөөлөгдсөн. 1966 оны 06 дугаар сарын 08-нд Ховд аймгийн Барилга угсралтын конторт жолоочоор орж, 1992 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарах болсон тул ажлаасаа чөлөөлөгдсөн.

Ингээд манай аавын асаргаанд байсан Р.Алтанхүүд асаргаа шаардлагатай болоод Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хандахад эцэг Б.Рэнцэнгийн ажиллаж байсныг тогтоолгож ир гэсэн учраас шүүхэд хандсан. Иймд миний эцэг Б.Рэнцэнгийн 1963 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 1965 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Нефть баазад бензиний түгээгчээр ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Р.Соёлмаа нь Б.Рэнцэнг 1963 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 1965 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Нефть баазад бензиний түгээгчээр ажиллаж байсанбайдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 462 тоот лавлагаа,

-Хас түлхүүр ХХК-ийн Автогражийн 1985, 1986, 1987, 1988, 1989 онуудын цалингийн карт,

- Б.Рэнцэнгийн №0000138872 дугаартай нас барсаны гэрчилгээ,

-Ховд аймаг, Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонт СХ-ийн Авто тээвэрийн 4 дүгээр баазын даргын 1965 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 125 тоот ажилд авах тухай тушаал,

-Ховд авто тээврийн 4-р баазын даргаас гаргасан 1966 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 94 тоот жолооч нарыг өөр газар шилжүүлэн тушаах тухай,

-Түлхүүр компанийн жолооч Батбаярын Рэнцэнгийн цалингийн тодорхойлолт,

-4-р авто баазад диспетчерээр ажиллаж байсан Батбаяр овогтой Рэнцэнгийн 1965-1966 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хүртэлх цалингийн тодорхойлолт,

-Түлхүүр компанийн жолооч Б.Рэнцэнгийн цалингийн тодорхойлолт,

-Ховд аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1992 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 140 дугаартай ажилласан хугацааг нөхөн сэргээх тухай тушаал,

-Ховд нефть баазын даргын 1992 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 126 дугаартай ажилласан хугацааг нөхөн сэргээх тухай тушаал,

-Нефть баазад түгээгчээр ажиллаж байсан Батбаяр овогтой Рэнцэнгийн 1963-1965 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны цалингийн тодорхойлолт,

-Ховд аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1992 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 142 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал,

-1969 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Б.Рэнцэнд олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Гэрч Т.Дүнгэнбайгийн ...Би 1964 оноос Ховд аймгийн Барилга угсралтын трестийн нэгдсэн бригадад кранистаар 1993 оныг хүртэл ажилласан. Батбаярын Рэнцэн нь 1964 оноос 1992 оныг дуустал Ховд аймгийн Барилга угсралтын трестийн автогражид жолоочоор ажиллаж байсан. 1967 оноос хойш бид хамтдаа ажиллаж эхэлсэн. Б.Рэнцэн нь жолоочоор ажиллаж байхдаа маш сайн ажлаа хийдэг, тус трестдээ нэртэй сайн жолооч байсан. 1993 онд Барилга угсралтын трест хувьчлагдаж, Хас түлхүүр нэртэй болсон гэх мэдүүлэг,

-Гэрч Р.Сандуйжавын Би 1964-1992 оныг хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын трестэд ажиллаж байсан. Б.Рэнцэн нь 1964-1992 оныг дуустал Ховд аймгийн Барилга угсралтын конторын автогражид жолоочоор ажиллаж байсан. Намайг 1964 онд Ховд аймгийн Барилга угсралтын конторт ороход Б.Рэнцэн нь надаас өмнө ажиллаж байсан. Б.Рэнцэнгийнтэй хамт 1969 оны аймгийн их үерийн аюулаас холдож элсэн толгойн тэнд хамтдаа лагерьт зусаж байсан гэх мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байх тул Б.Рэнцэнг 1963 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 1965 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Нефть баазад бензиний түгээгчээр ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагчийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Донгог овогт Батбаярын Рэнцэнг 1963 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 1965 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Нефть баазад бензиний түгээгчээр ажиллаж байсныг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА