| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2019/0023/Э |
| Дугаар | 31 |
| Огноо | 2019-01-31 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Х.Оюунцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 31
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг,
улсын яллагч Х.Оюунцэцэг,
хохирогч Ч.Амаржаргал, Ч.Хуяг,
шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг,
шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н-д холбогдох 1834008850412 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1995 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Булган аймгийн Рашаант суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Булган аймгийн Рашаант сумын Улаан шивээт 3 дугаар баг төв тойрсон гудамж хөдөө тоотод оршин суух хаягтай, Б овгийн Б.Н гэв.
Хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Б.Н нь 2018 оны 06 дугаар сарын 23-наас 24-ний хооронд Төв аймгийн Эрдэнэсант сумын “Баян-Уул” 1 дүгээр багийн нутаг “Эрээн ухаа” гэх газраас иргэн Ч.Амаржаргалын өмчлөлийн 6 тооны адууг, тээврийн хэрэгсэл хэрэглэн хулгайлж бусдад 6000000 төгрөгийн,
Мөн үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэсант сумын “Баян-Уул” 1 дүгээр багийн нутаг “Хойд Өгөөмөр” гэх газраас иргэн Ч.Хуягийн өмчлөлийн 17 тооны адууг буюу олон тооны малыг тээврийн хэрэгсэл хэрэглэн хулгайлж бусдад 15550000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.Н: “...2018 оны 06 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Булган аймгийн Рашаант суманд 6 тооны адууг ченж Алтанбагана гэдэг хүнд тохиролцож өгсөн байгаа. Нэг адууг нь 600 000 төгрөгөөр өгсөн. Надад 2 000 000 төгрөгийг нь өгөөд үлдэгдэл мөнгийг нь өгөөгүй байгаа” гэв.
Хохирогч Ч.Амаржаргал: “...Эрдэнэсант сумаас гаргасан үнэлгээ нь 6 000 000 төгрөг болсон. Гомдол нь ийм л байна. Аавын төрсөн эгчийн охинтой суусан. Манай аав 06 сарын 21-ний өдөр өнгөрсөн. Маргааш нь 22-ны өдөр хотоор яваад 24-ний үүрээр харьсан. Тэр 23-ны өглөө байсан. Би өөрийнхөө адууг хараагүй. Манай хамаатан надтай чацуу хүн байдаг. Манай морьдыг хамгийн түрүүнд харсан. Бүгдээрээ ижилхэн тамгатай. Санаатайгаар ийм зүйл хийсэн” гэв.
Хохирогч Ч.Хуяг: “....17 тооны адуу алдсан. Унагатай гүүгээ л буцааж авсан. Бусдыг нь бүгдийг нь л хийсэн. 15 тооны адуу үлдсэн. 15 сая төгрөг болж байгаа. Үүнийгээ нэхэмжлэх болно” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 дугаар хуудас/, хохирогч Ч.Хуягийн мэдүүлэг /хх-ийн мэдүүлэг /хх-ийн 04-05 тал/, иргэний нэхэмжлэгч З.Болормаагийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 09-10 тал/, гэрч Д.Гантулгын мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/, хохирогч Ч.Амаржаргалын мэдүүлэг /хх-ийн 66-67 тал/, гэрч Ж.Алтанбаганы мэдүүлэг /хх-ийн 73 тал/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 16 тал/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25, 94 тал/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай /хх-ийн 26 тал, 58 тал/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 27 тал, 38 тал, 57 тал/, Б.Нгийн мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2017 оны тооллого /хх-ийн 34-37 тал/, Д.Чимэдийн мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2017 оны тооллого /хх-ийн 40-42 тал/, Ч.Амаржаргалын цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 56 тал/, Ч.Амаржаргалын мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2017 оны тооллого /хх-ийн 59-61тал/, эд хөрөнгө битүүмжлэх мөрдөгчийн санал /хх-ийн 62 тал/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 63-64 тал/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 75 тал/, “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн мотоциклийн үнэлгээний тайлан /хх-ийн 77-82 тал/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 103-104 тал/, иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай прокурорын тогтоол /хх-ийн 105 тал/, Б.Нгийн хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд зэрэг болно.
Шүүгдэгч Б.Н нь 2018 оны 06 дугаар сарын 23-наас 24-ний хооронд Төв аймгийн Эрдэнэсант сумын “Баян-Уул” 1 дүгээр багийн нутаг “Эрээн ухаа” гэх газраас иргэн Ч.Амаржаргалын өмчлөлийн 6 тооны адууг, тээврийн хэрэгсэл хэрэглэн хулгайлж бусдад 6000000 төгрөгийн,
Мөн үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэсант сумын “Баян-Уул” 1 дүгээр багийн нутаг “Хойд Өгөөмөр” гэх газраас иргэн Ч.Хуягийн өмчлөлийн 17 тооны адууг буюу олон тооны малыг тээврийн хэрэгсэл хэрэглэн хулгайлж бусдад 15550000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:
Хохирогч Ч.Амаржаргалын “..Тэгээд маргааш нь адуугаа бөөгнүүлэхэд миний хамтдаа явдаг 12 тооны морьдноос 6 морь байхгүй байсан байсан болохоор Цагдаагийн байгууллагад хандаж байна. Тухайн үед нь араас нь сар шахуу хайж хүмүүсээс сураглаж явсан боловч олдоогүй. Цагдаагийн байгууллагад бүртгүүлж чадаагүй юм. Миний алдсан адуунууд миний эзэмшлийн адуунууд байгаа юм. Бүгдээрээ дун бүрээ тамгатай. 10 настай хүрэн халзан морь, хамар цагаан, сартай хээр зүсмийн 8 настай морь, хөх саарал зүсмийн 7 настай морь, хөх саарал зүсмийн 8 настай морь, цавьдар зүсмийн 10 настай морь, хул зүсмийн 9 настай морь зэрэг нийт 6 тооны адуунууд байсан. Дээрх адуунууд нь бүгд ижил тамгатай ахар дэлтэй адуунууд байсан. .. Би гомдолтой байна. Манай 6 тооны адууг Б.Н гэх хулгайч мотоциклоор тууж Булган аймгийн Рашаант сумын нутагт Алтанбагана гэх ченжид өгөөд нөгөө ченж нь хулгайн адуу гэдгийг нь мэдчихээд төлбөр тооцоогоо хувилдаж хувааж авсан сурагтай байсан” гэх мэдүүлэг /хх-67 тал/,
Хохирогч Ч.Хуягийн “ Би 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 16 цагийн орчимд өөрийнхөө 18 тооны адууг Баян-Уул нэгдүгээр багийн нутгаас өөрийнхөө өвөлжөө буюу “Хорго” нэртэй газар луу мотоцикльтойгоо тууж ирээд өвөлжөөнийхөө хашаан дотор оруулж өөрийнхөө хээр морийг бариад аргамжиж орхичихоод адуунуудаа баруун тийш орхисон юм. Тэгээд маргааш өглөө адуундаа явахад гэрээсээ холддоггүй байсан хэдэн адуунууд огт байхгүй байхаар нь ойр хавийн газруудаар их хайж явсан боловч сураг ажиг огт гараагүй юм. Би дунд бүрээ тамгатай 12 настай бор хээр азарга-1 ширхэг, долоон настай ухаа зээрд морь нэг ширхэг, 8 настай бор хээр гүү 2 ширхэг, 7 настай бор хээр гүү 1 ширхэг, найман настай улаан хээр гүү 2 ширхэг, найман настай хүрэн гүү 2 ширхэг, есөн настай хонгор морь 1 ширхэг, найман настай буурал духтай цавьдар морь 1 ширхэг, ногоон унага 1 ширхэг, 9 настай хүрэн гүү 1 ширхэг, дөрвөн настай зээрд халзан байдас 1 ширхэг, 9 настай зээрд гүү 2 ширхэг, долоон настай зээрд гүү 1 ширхэг гэсэн нийт 17 тооны адууг Төв аймгийн Эрдэнэсант сумын Баян-Уул нэгдүгээр багийн нутаг “Хойд Өгөөмөр” гэх нэртэй газраас алдсан” гэх мэдүүлэг /хх-04-05 тал/,
Иргэний нэхэмжлэгч З.Болормаагийн гэрчээр мэдүүлсэн “ 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 11 цагийн орчимд би нөхөртэйгөө бойныхоо газар цэвэрлэгээ хийгээд байж байтал улаан хүрэн өнгийн хятад мотоцикльтой цэнхэр дээлтэй, шар өнгийн бүстэй нэг залуу адуу авах уу гэж ирэхээр нь “чи хаанаас яваа юм гэж асуухад” нөгөө залуу би Өвөрхангай аймгийн гаралтай хүн байна танай сумаас урагш отроор ирсэн залуу байна би танай сумын Хараат багт шилжиж ирсэн юм өөрийнхөө хэдэн адууг зарах гэсэн юм” гэж хэлэхээр нь “за адуу чинь хаана байгаа юм бэ” гэхэд “урд гол дээр туугаад ирчихсэн байна одоо очоод туугаад ирье” гэхээр нь за тэг үзье гэтэл нөгөө залуу бүгд ижил дун бүрээ тамгатай бор хээр азаргатай нэг унагатай дээрх адуунуудыг тууж ирээд би “унагатай гүүгээ азаргатай авч буцна харин нөгөө 14 адуугаа зарчихъя” гээд гурван морио 600 000 төгрөгөөр бусдыг нь 500000 төгрөгөөр үнэ тохиролцож 7040000/долоон сая дөчин мянга/ болж би тухайн үед нь бэлэн мөнгө байхгүй болохоор бэлнээр 760000 төгрөг өгөөд харин араас чинь дансаар мөнгийг чинь хийе гэж хэлээд дансыг нь авч үлдээд нөгөө залуу явахаар унагатай гүүгээ азаргатай авч явах гээд хөөтөл нөгөө азарга нь адуундаа хоргодоод байхаар нь за за би орой машинтайгаа эргэж ирж азарга, унагатай гүүтэй гурваа авъя гэж хэлж явчихаад нөгөөдөр нь буюу 11 дүгээр сарын 3-ны надруу тэр залуу залгаж би очиж унагатай гүү, азаргаа авч чадахгүйнээ наана чинь зарчихъя гээд азаргаа 600 000 төгрөгөөр унагатай гүүгээ 500 000 төгрөгөөр тооцож нөгөө үлдэгдэл мөнгө нь дээрээ нэмээд хаан банкны дансруу хийчих гээд надаас авах мөнгөө хаан банкны хоёр өөр дансаар авсан эхлээд Гантулга гэдэг хүний 5278015968 дансруу нэг сая төгрөгийг хийчих гэхээр нь тэр Гантулга гэдэг хүний гар утасны дугаарыг өгчих гээд 94459696 дугаарын утсыг авч Гантулга гэдэг хүнтэй ярьж дансанд нь хийсэн, нөгөөх нь Сосорбарам гэдэг хүний хаан банкны 5748095816 гэдэг дансруу 7140000 /долоон сая нэг зуун дөчин мянга/-н би төгрөгийг нь өөрийнхөө хаан банкны 5276058722 дугаарын данснаас мобайл банкаар хийсэн. Тэр залуу дараа манай нөхөр Алтангэрэл рүү залгаж “манай аав, ээж Улаанбаатар хотод эмнэлэгт байгаа би ахиад хонь, ямаа зарна шүү гээд 80205226” дугаарын утсаар залгасан байсан” гэх мэдүүлэг /хх-10 тал/,
Гэрч Ц.Гантулгын “..2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр над руу Сосорбарамын нөхөр Б.Н 80205226 дугаарын утсаар залгаж Гантулга эгчээ би одоо таны мөнгийг хийнээ та Хаан банкны дансаа өгчих гэж хэлэхээр нь би тэр дугаар луу мессежээр өөрийнхөө дансыг явуулсан тэгтэл маргааш нь над руу нэг хүн залгаж “ та Гантулга гэдэг хүн мөн үү? Сэргэлэн гэдэг хүнийг таних уу? Надад хүн адуу зарсан юм би тэр адууныхаа мөнгөнөөс нэг сая төгрөгийг нь таны данс руу хийх гэсэн юм” гэхээр нь би Б.Нгээс нэг сая төгрөг авах ёстой байсан болохоор “үгүй ээ би тийм хүн танихгүй Баавар Батаагийн хүргэн Б.Н гэдэг хүнээс нэг сая төгрөг авах ёстой” гэж хэлээд тэр хүн рүү дансаар явуулсан. Тэгтэл маргааш нь буюу 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 12 цаг 28 минутанд миний Хаан банкны 5278015968 дугаарын дансанд нэг сая төгрөг орж ирсэн” гэх мэдүүлэг /хх-11-12 тал/,
Гэрч Ж.Алтанбаганын “.. энэ оны 07 дугаар сарын орчим Баасанхүүгийн Б.Н нь 2 тооны бага насны адуу зарна гээд надтай утсаар ярьсан бэлгэнд ирсэн адуу байгаа юм. Ижил буруу учир алга болчих гээд байна гэхээр нь би Б.Нгийн хадам талынх нь хөдөө гэрээс очиж шүдлэн насны хээр зүсмийн нөгөө нь халиун зүсмийн хоёр эмнэг үрээг нэгийг нь 300000 төгрөгөөр нөгөөг нь 250000 төгрөгөөр авч байсан. Эм тамгыг нь одоо сайн санахгүй байна. Мөнгийг нь би эхлээд 250000 төгрөгийг бэлнээр өгсөн харин 300000 төгрөгийг нь сүүлд нь өгсөн. Гарал үүслийн бичиг байгаагүй надад өвөөгөөс бэлгэнд ирсэн гэхээр нь гарал үүслийн бичиггүй авсан. Үүний дараагаар намайг гэртээ байж байхад 2018 оны 07 дугаар сард байх Б.Н мотоцикльтой ирээд надад Сансарын хойно 4 тооны адууг туугаад ирлээ та очиж үзээдэх гэхээр нь би хүний мотоцикль унаж дагаж очиход үзэхэд дэлийг нь засаагүй 4 тооны морь байсан. Тэгээд би тус бүрийг нь 600000 төгрөгөөр бодож 2400 000 төгрөгөөр авсан. Мөнгийг нь надаас Б.Н нь 2-3 удаа тасдаж авсан. Би Б.Нд хулгайн юм биш биз гэхэд тийм юм байхгүй өөрийг чинь алахгүй гэхээр нь авсан. Гарал үүслийн бичиг баримт байхгүй байсан. Нэг айлын болов уу гэмээр ижил хоорондоо салахгүй хээр бараан зүсмийн 4 тооны бүдүүн морьдууд байсан. Тамгыг бол би санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-73 тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 дугаар хуудас/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 16 тал/, Д.Чимэдийн мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2017 оны тооллого /хх-ийн 40-42 тал/, Ч.Амаржаргалын цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 56 тал/, Ч.Амаржаргалын мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2017 оны тооллого /хх-ийн 59-61 тал/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 75 тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Н-гийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.
Бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:
Шүүгдэгч Б.Н-гийн үргэлжилсэн үйлдэлээр хохирогч Ч.Амаржаргалын 6 тооны адуу, хохирогч Ч.Хуягийн 17 тооны адуу нийт 23 тооны адуу хулгайлсан үйлдэл нь энэ хуульд заасан мал гэдэгт хонь, ямаа, адуу, тэмээ, үхэр хамаарна. Энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж хорин дөрвөн бог, найман бодоос дээш малыг ойлгоно. гэж заасан хуулийн зүйл хэсэгт хамаарч байх тул түүний бусдын олон тооны мал хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг
Шүүгдэгч Б.Н нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар бусдын олон тооны мал хулгайлсан зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б.Нгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан хохирлоос хохирогч Ч.Хуяг нь нэг унагатай гүүгээ буцаан авсан, шүүхийн хэлэлцүүлэгт Б.Н нь үлдсэн хохирлыг төлж барагдуулсан нь хохирогч Ч.Хуяг, Ч.Амаржаргал нарын шүүхэд ирүүлсэн тодорхойлолт, ХААН банкны мөнгөн шилжүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар дээрх нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан шаардлагад түүнд оногдуулах зүйл анги нь ялын интервалын хувьд нийцэж байгаа зэргийг харгалзан хуульд заасан хорих ялыг хөнгөрүүлэн 01 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч нарт төлөх төлбөргүй, бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Харин Б.Н-гийн гэмт хэрэг үйлдэх үедээ буюу бусдын олон тооны мал хулгайлахдаа ашигласан улсын номер дугааргүй Саняа маркийн мотоциклийг улсын орлого болгож шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овгийн Б.Н-г үргэлжилсэн үйлдлээр бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй Хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4.Шүүгдэгч Б.Н нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүх хуралдаанаар хохирогч нарт гаргуулах хохирол төлбөргүйг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт зааснаар Б.Нгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Саняа маркийн мотоциклийг улсын орлого болгосугай.
6.Шүүгдэгч Б.Н-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний ял эдлэх хугацааг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн тоолсугай.
7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шат ны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ