| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 164/2019/0014/Э/ |
| Дугаар | 16 |
| Огноо | 2019-02-02 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Х.Гүнжидмаа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 16
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сарантуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лханаасүрэн
Улсын яллагч Х.Гүнжидмаа
Шүүгдэгч Г.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Х-т холбогдох 1916000130011 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Н овогт Г-н Х.
Шүүгдэгч Г.Х нь Д.Н-н ХААН банкны 000 дугаартай N D гэсэн бичиглэл бүхий ногоон өнгийн гээгдэл виза картыг ашиглан 13 удаагийн үйлдлээр 1.275.500 төгрөг завшсан гэмт хэрэг үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Х-н иргэн Д.Н-н ХААН банкны 0000 дугаартай N D гэсэн бичиглэл бүхий ногоон өнгийн гээгдэл виза картыг ашиглан 13 удаагийн үйлдлээр 1.275.500 төгрөг завшсан үйлдэл нь хүний хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд халдаж, бага бус хэмжээний хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Г.Х гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Г.Х-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд өгсөн “...Миний бие Мөст-Алтай баарны урдаас таксинд явж байгаад хоёр хүн гараа өргөсөн тэгээд таксинд явах уу? гээд явна гэхэд би хоёр найзыгаа дагуулаад ирье гээд 5 хүн ирж суусан. Тэгээд явж байтал машины шар гэрэл асаад шатахуун түгээх газраас бензин аваад тооцоогоо хийх гэтэл мөнгө хүрэхгүй болохоор нь тооцоогоо хийчих гэтэл карт гаргаж ирээд уншуулна гэхээр нь ах надад тав байна, та нийлүүлээд 10000 уншуулчих гээд картаа уншуулсан юм. Тэгээд гэрт нь хүргэж өгөөд гэртээ ирээд байж байтал карт нь машины урд уначихсан байсан. Тэгээд би картнаас нь мөнгө авсан юм... Эхлээд 3.000 төгрөгөөр уншуулаад 15.000 төгрөг авсан. Шатахуун түгээх газар очиж бензин хийсэн. Мөнгөний хэрэг гарахаар нь АТМ ороод 500.000 төгрөг авсан... Нийт 1.275.500 төгрөг авсан... Би хийсэн бүх зүйлдээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч Д.Н-н мөрдөн байцаалтад өгсөн “...2018 оны 12 дугаар сарын 27-ны өглөө гэрээсээ гараад А.М-д очоод Ц.Н, Б, А.М нартай 2 савтай пиво хувааж уугаад тэнд байж байгаад орой Мөст-Алтай бааранд очиж Ц.Н, Б, А.М, Н нартай хамт караокед суухад миний куртикны халаасанд Хаан банкны виза карт байсан. Удалгүй Д.Т, Э эхнэртэйгээ ирээд бид нар Мөст-Алтай бааранд архи хувааж ууж байсан. Тэрнээс хойш юу болсныг сайн мэдэхгүй байна. Маргааш өглөө нь Д.Т-нд сэрээд Хаан виза картаа үзэхэд байхгүй байсан... гэртээ буюу 2018 оны 12 дугаар сарын 28-ны орой 19 цагийн орчим очиж хоносон. Тэгээд орой нь 22 цагийн орчим манай эхнэр Н.Г миний утсыг шалгаж үзэхэд мөнгө миний данснаас гарч байхаар нь картаа хаалгасан... 2018 оны 12 дугаар сарын 27-ны оройны 23 цаг 39 минутад 10.000 төгрөг авсан ба түүнээс хойш 12 удаагийн үйлдлээр 1.273.500 төгрөг авсан байсан ...” гэсэн мэдүүлэг /ХХ17-18/,
Гэрч Н.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн “... 2018 оны 12 дугаар сарын 27-ны өглөө гэрээсээ гараад 2018 оны 12 дугаар сарын 28-ны орой 19 цагийн орчим гэртээ ирсэн байсан. Би ажлаасаа тараад 22 цагийн орчим гэртээ ирэхэд нөхөр Д.Н-н утсыг үзэхэд гүйлгээ хийгдэж байсан. Тэгэхээр нь Д.Н-д би гүйлгээ надад виза картаа алга болгочихсон байна гэж хэлсэн. Тэгээд би Хаан банкины төв рүү ярьж хаалгасан... Би ухаалаг мэдээг нь үзэхэд 1.100.000 төгрөг авсан байсан. Бусад гүйлгээг нь сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /ХХ22/,
Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 000 дугаартай виза карт, ХААН банкны АТМ-ээс мөнгө авч байгаа бичлэг зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Х-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байх тул үндэслэлтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй, шүүгдэгч Г.Х нь өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хүсэлтийг бичгээр ирүүлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Г.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх
Шүүхээс шүүгдэгч Г.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломж зэрэг хүчин зүйлсүүдийг тал бүрээс нь харгалзан үзэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Г.Х-г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 0000 дугаартай ХААН банкны картыг эзэмшигч Д.Н-д, цахим үнэмлэхийг шүүгдэгч Г.Х-т тус тус буцаан олгож, 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч Д.Н-н хохиролд 1.300.000 төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н овогт Г-ийн Х-ыг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х-т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сар бүр 150.000 төгрөгөөр 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Х-т танилцуулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 0000 дугаартай ХААН банкны картыг эзэмшигч Д.Н-д, ДЖ00000000 регистрийн дугаартай цахим үнэмлэхийг шүүгдэгч Г.Х-т тус тус буцаан олгож, 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Х-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч Д.Н-н хохиролд 1.300.000 төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Х-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.САРАНТУЯА