Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/01310

 

 

 

З.Г-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Нямбазар, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2023/01222 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч З.Г-ын хариуцагч Н-т холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай маргаантай хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/00048 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 665 дугаар магадлалаар З.Г-аас 434,136,435 төгрөг гаргуулан “Г-” ХХК-д олгож, үүргийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Н- нь миний өмчлөлийн 131 м.кв талбай бүхий таван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн. “Голомт банк” ХХК энэ байранд үнийн санал өгч байгаагүй. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хөрөнгийн үнэлгээний байгууллагатай гэрээ байгуулсан зүйл байхгүй. Гэрчилгээ шийдвэр гүйцэтгэлийн хавтаст хэрэгт алга байна. Гэрчилгээ байхгүй байхад шийдвэр гүйцэтгэх байгууллага хараат бус байдлыг алдагдуулсан. Энэ нь бодит байх боломжгүй. Үнэлгээчнээс тусгай зөвшөөрөл байгаа юу гэж асуухад байхгүй гэж хариулсан. Бид хэмжсэн, хана буулгасан эсэхийг мэдэхгүй гэсэн. Тусгай зөвшөөрөлтэй хүмүүсийг урьж оролцуулдаг. Үнэн зөв хэмжсэн гэж үзэх нотлох баримт байхгүй байх тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Хашаа, байшин авч амьдрах боломжийг үнэлгээгээр хаагаад байна. Үнэлгээ үнэн зөв болж чадаагүй учир үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч З.Г-ын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203009900 дугаартай, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 50 мянгат Хар чонот 11 дүгээр байрны 19 тоот 131 м.кв талбайтай 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 3/18281198 дугаар тогтоолоор битүүмжилж, 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 18281198/152 дугаар тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч З.Г- нь 5 өрөө орон сууцыг 1,500,000,000 төгрөгөөр үнийн санал өгсөн. Төлбөр авагч “Голомт банк” ХХК-аас төлбөр төлөгчийн ирүүлсэн үнийн саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүй шинжээч томилуулж үнэлгээ хийлгүүлэх талаар хүсэлт ирүүлсэн. Тус газрын шинжээч томилох тухай тогтоолоор “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийг томилж, шинжээч Б.Батзаяа нь хөрөнгийг 435,384,970 төгрөгөөр үнэлсэн. Төлбөр төлөгч нь үнэлгээ болон шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой асуудлаар удаа дараа гомдол гаргаж хугацаа хожих замаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж байх тул З.Г-ын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Гуравдагч этгээд “Голомт банк” ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: 131 м.кв гэж гаргасан шинжээчийн дүгнэлттэй санал нэг байна. Өөр нэмж хэлэх зүйл алга байна гэжээ.

 

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч З.Г-ын үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг 05 дугаар сарын 30-ны өдөр гардаж аваад дараах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч хөрөнгийн үнэлгээний тайланг 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гардаж авсан бөгөөд 06 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ч нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүйн улмаас шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Уг шүүгчийн захирамжийг нэхэмжлэгч гардаж аваад нэхэмжлэлээ дахин гаргахад 08 дугаар сарын 02-ны өдөр болсон байжээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

            6.Хариуцагч тал давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

            7.Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээд “Голомт банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр үнэн зөв гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч З.Г- нь хариуцагч Н-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/00048 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 665 дугаар магадлалаар З.Г-аас 434,136,435 төгрөг гаргуулан “Г-” ХХК-д олгож, үүргийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. /хх-ийн 53-58-р тал/

 

3.а.Төлбөр төлөгч З.Г- нь шүүхийн шийдвэрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул төлбөр авагч “Голомт банк” ХХК-ийн хүсэлтээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 867 дугаар гүйцэтгэх хуудсыг олгожээ. /хх-ийн 52-р тал/

3.б.Хариуцагч Н- нь дээрх гүйцэтгэх хуудсыг үндэслэн, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол үйлдэж, барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 50 мянгат Хар чонот, 11-р байр, 19 тоотод байрлах, 131 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр битүүмжилж, 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцсэн байна. /хх-ийн 64-66-р тал/

 

3.в.Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоох зорилгоор төлбөр төлөгч З.Г-аас үнийн санал авахад дээрх 5 өрөө орон сууцыг 1,500,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч “Голомт банк” ХХК эс зөвшөөрч, шинжээч томилуулах хүсэлт гаргажээ. /хх-ийн 68-69-р тал/

 

3.г.Талууд дээрх байдлаар үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнд тохиролцоогүй байх тул хариуцагч Н- нь шинжээч томилж, шинжээч “Хөрөнгө-Эстимэйт” ХХК нь дээрх 5 өрөө орон сууцыг 435,384,970 төгрөгөөр үнэлсэн байна. /хх-ийн 70-95-р тал/

 

3.д.Хариуцагч Н- нь дээрх үнэлгээг 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч З.Г-д хүргүүлсэн болох нь үнэлгээний мэдэгдлээр тогтоогджээ. /хх-ийн 96-р тал/. Хэргийн хөдөлгөөний нэгдсэн систем буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны “Иргэн-2014” цахим системээс үзвэл нэхэмжлэгч З.Г- нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 8573 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.

 

3.е.Дээрх хугацаанд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч З.Г-ыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт учир дутагдалтай болжээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч З.Г- нь хуульд заасан хугацаанд гомдлоо гаргасан гэж үзэхээр байна, энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  давж заалдах гомдол үндэслэлтэй. 

 

4.Харин хариуцагч байгууллага нь үнэлгээ тогтоолгох ажиллагаа явуулахдаа хууль зөрчсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй. Шинжээчээр томилогдсон “Хөрөнгө-Эстимэйт” ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан арга аргачлалын дагуу үнэлгээг тогтоосон байх бөгөөд уг үнэлгээ хуульд нийцээгүй гэх үндэслэл хэргийн баримтаар нотлогдоогүй. Мөн нэхэмжлэгч нь хөрөнгийг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байх тул үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй.

 

4.а.Хэдийгээр анхан шатны шүүх гомдол гаргах хугацааны талаар буруу дүгнэсэн боловч нэгэнт үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзсэн болно.

 

5.Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2023/01222 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ЦОГТСАЙХАН

                                  ШҮҮГЧИД                                Д.НЯМБАЗАР

            Г.ДАВААДОРЖ