Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 86

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал, улсын яллагч Д.Нямбат, шүүгдэгч Г.Э, Ч.А, тэдний өмгөөлөгч Н.Баатардорж, шүүгдэгч Э.Х, түүний өмгөөлөгч Б.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газраас Б овогт Г.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, Б овогт Э.Х, У овогт Ч.А нарыг мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 01608 0848 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Б овогт Г.Э, Монгол Улсын иргэн, .... өдөр Баянхонгор аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл зургаа, эхнэр, гурван хүүхэд, дүүгийн хамт .... тоотод оршин суудаг, регистрийн дугаар ...., урьд ял шийтгүүлж байгаагүй;

2. Б овогт Э.Х, Монгол Улсын иргэн, .... өдөр Баянхонгор аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, бичил уурхайн “Таван Эрдэнэ” нөхөрлөлийн ахлагч ажилтай, ам бүл тав, эхнэр, гурван хүүхдийн хамт .... тоотод оршин суудаг, регистрийн дугаар ...., урьд:

- Багануур дүүргийн шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 139 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар тэнссэн;

3. У овогт Ч.А, Монгол Улсын иргэн, .... өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн бус боловсролтой, мэргэжилгүй, хүнсний дэлгүүрт худалдагч ажилтай, ам бүл зургаа, нөхөр, гурван хүүхэд, хадам дүүгийн хамт .... тоотод оршин суудаг, регистрийн дугаар ..., урьд ял шийтгүүлж байгаагүй.                                                                                                                                                                                                         

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Г.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овооны 27-46 тоотод талийгаач Л.Х-ыг үл ялих зүйлээр шалтаглан шилэн аягаар нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт;

Шүүгдэгч Э.Х нь 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт 10 цаг 00 минутад,

Шүүгдэгч Ч.А нь 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст 16 цаг 53 минутад мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр:

- шүүгдэгч Б овогт Г.Э нь 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал Овоогийн 27-46 тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “шорон ярьж томорлоо” гэсэн шалтгаанаар Л.Хүрэлбаатарын нүүр лүү шилэн аягаар цохиж, түүний бие махбодод “...зүүн хөмсөг, хацар, хамар, уруулд шарх гэмтэл...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан;

- шүүгдэгч Б овогт Э.Х нь 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 10 цаг 00 минутад Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын байранд мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлсэн” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

1. Шүүгдэгч Г.Э-ын шүүх хуралдаанд өгсөн: “..Талийгаач Х, Э-тай хамт манайд ирсэн бид хоол идэнгээ муушиг тоглож, архи ууцгаасан юм. Би тэр өдөр ёндоотой байсан болохоор эхнэрээ дэлгүүр лүү явуулж том савтай шар айраг авхуулсан. Гэтэл талийгаач Хүрэлбаатар согтчихоод “би халхын шоронд том байсан” гээд томроод байхаар нь би том шилэн аяга аваад шүүр лүү нь шидсэн. Талийгаачийн нүүрэнд учирсан гэмтлийг би учруулсан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

2. Шүүгдэгч Э.Х-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Намайг 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 10 цаг 00 минутад худал мэдүүлэг өгсөн гэж буруутгаад байна. Энэ өдөр нь талийгаач амьд байсан. Гэтэл тэр мэдүүлгээр намайг буруутгаж байна. Би хэргийн талаар сайн мэдэхгүй. Гэхдээ би 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хөдөө явчхаад орой нь аймаг дээр ирээд Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт хоноод маргааш өглөө нь мэдүүлэг өгсөн. Тус цагдаагийн газрын мөрдөгч надаас мэдүүлэг авах үед би өмгөөлөгчтэй байсан бөгөөд тэр өмгөөлөгчийг би өөрөө сонгон авсан юм...” гэв.

3. Шүүгдэгч Ч.А-ын шүүх хуралдаанд өгсөн: “...би гэртээ хоол хийх гээд байж байхад манай нөхрийн хамаатны Х найзтайгаа хамт ирээд манай нөхрийг асуусан. Тэгэхээр нь би нөхрөө дуудсан. Тэгээд тэд манайд хөзөр тоглосон юм. 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 16 цаг 53 минутад Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөгч  надаас гэрчийн мэдүүлэг авахдаа нөхрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг маань тайлбарлаж өгөөгүй. Хэрэв би тийм эрхтэйгээ мэдсэн бол мэдүүлэг өгөхгүй байсан юм...” гэв.

4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Миний нөхөр Х нь Улаанбаатар хот руу яваад ирэхдээ бусдад зодуулсан байдалтай ирсэн. Тэгээд орой нь бие нь муудаад аймгийн нэгдсэн эмнэлэг дээр очоод 2018 оны 3 дугаар сарын 16-ны орой нас барсан юм. Манай нөхрийг зодсоны дараа яагаад эмнэлэгт үзүүлээгүй юм бэ, би 3 том хүүхэдтэй үлдсэн. Манай нөхөр “халхын шорон” гэж ярих хүн биш, архи согтууруулах ундаа нээх хэрэглээд байдаггүй хүн байсан. Талийгаач хувиараа хөдөлмөр эрхэлж гэр бүлээ авч явдаг эр хүн байсан юм. Оршуулгын зардал гарсан боловч баримтгүй. Мөн өмгөөлөгчийн зардалд 500,000 төгрөг гарсан. Хавтаст хэрэгт 582,500 төгрөгийн баримт байгаа тул энэ мөнгөө нэхэмжилж байна. Манай нөхөр нас барсны маргааш нь би Баянхонгор аймгийн цагдаагийн газарт очиход Хүрэлбаатар байсан бөгөөд тэр өдөр түүнээс мэдүүлэг авсан гэж байсан...” гэв.

Шүүгдэгч Г.Э нь 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овооны 27-46 тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “шорон ярьж томорлоо” гэсэн шалтгаанаар Л.Х-ын нүүр лүү шилэн аягаар цохиж, түүний бие махбодод “...зүүн хөмсөг, хацар, хамар, уруулд шарх гэмтэл...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь:

1. Хохирогч Б.С-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай нөхөр Л.Х нь 2018 оны 3 дугаар сарын 09-ний орой 22 цагийн үед Дорнод аймаг руу алтанд явна гээд таньдаг Хүрлээ гэх найзынхаа хамт явсан. 2018 оны 03 дугаар сарын 14-ний өглөө гэртээ ирсэн бөгөөд ирэхдээ түүний хамар, хөмсөг, уруул, хацарт оёдол тавиулсан шархтай болчихсон ирсэн. Би түүнээс яагаад нүүрэндээ шархтай болсон талаар асуухад “Улаанбаатар хотод Х-ын таньдаг айлд очоод архи ууж согтоод юу болсон талаар мэдээгүй. Ямар ч байсан гэмтлийн эмнэлэгт ухаангүй очсон юм шиг байна лээ. Яасан болохыг мэдэхгүй байна” гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 28-29 дүгээр хуудас);

2. Гэрч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн: “...23 цаг 30 минутын үед хүлээн авахад ороход нүүр нь хавагнасан, цайвар цонхигор царайтай, нүүрэндээ оёдлын сорвитой тайван бус байдалтай эрэгтэй хүн байсан. Гэр бүлийнх нь хүн бололтой нэг эмэгтэй наадах чинь 7 хоногийн өмнө хотод хүнд зодуулсан гэж хэлж байсан. Биеийг чагнаж байхад гэнэт гар хөл нь татаад, сэхээн амьдруулахын эмч яаралтай тусламж үзүүлсэн боловч 23 цаг 45 минутын үед нас барсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 32 дугаар хуудас);

3. Гэрч Б.З-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Л.Х гэх хүний биеийн байдал дунд зэрэг, нүүрэндээ хэд хэдэн оёдол тавиулсан шархтай. Биеийн байдлыг нь асуухад хотод хүнд зодуулаад эмнэлэгт үзүүлсэн гэсэн. Тэгээд эмнэлэг рүү дагуулж явах гэхэд өөрийнхөө машинаар явна гээд үлдсэн. Тэрээр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 39-40 дүгээр хуудас);

4. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 1267 дугаартай “...Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 4 дүгээр 06-ны өдрийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн 21 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна. Эд ялзралын өөрчлөлтөд орсон байх тул үхлийн шалтгааныг нарийвчлан тогтоох боломжгүй байна. Талийгаачид зүүн хөмсөг, хацар, хамар, уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатаа мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Нойр булчирхайн эд ялзралын өөрчлөлтөд орсон байх тул эмгэг өөрчлөлтийн талаарх дүгнэлт өгөх боломжгүй. Задлан шинжилгээний үед хийгдсэн фото зургаас үзэхэд тархины аалзан хальс дор том хэмжээний цус хуралт үүсээгүй, дотор эрхтнүүдийн бичил цус эргэлтийн хямралаас үүссэн байж болох бичил голомтлог цус харвалт тархины зулайн хэсгээр үүссэн байна, үүнийг гэмтэл гэж үзэхгүй. Задлан шинжилгээний үед хийгдсэн фото зурагт элэгний капсул дор цус харвалт үгүй байна. Микроскоп шинжилгээгээр илэрсэн бичил цус харвалт дотор эрхтнүүдийн бичил цус эргэлтийн хямралаас үүссэн байж болох ба үүнийг гэмтэл гэж үзэхгүй...” гэсэн дүгнэлт (хх-ийн 210 дугаар  хуудас);

5. 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Цогцост гадна үзлэг хийсэн “...гэмтэл өөрчлөлтүүд зүүн хөмсөгт 2.5 см, хамрын хянганд 3 см, зүүн хацарт З см, дээд уруулын зүүн талд 2.5 см урттай хөх өнгийн метилен түрхэгдсэн мэс заслын оёдол бүхий шархнуудтай...” гэсэн тэмдэглэл, мөн задлан шинжилгээний гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 68-71, 72-77 дугаар хуудас),

6. Шинжээч эмч Б.Баяртогтохын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нойр булчирхайн хурц голомтлог цус харвалт, үхжил гэмтэл нь гаднын хүчин зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжгүй...” гэсэн мэдүүлэг (хх-н 82- 83 хуудас);

7. Шүүгдэгч Э.Х-ын яллагдагчаар өгсөн: “...би найз Х-тай 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод Дэмбээ гэх айлд ирж хоноод маргааш нь миний хамаатан болох Э-ын гэрт 16 цагийн үед очсон. Э, эхнэр нь А, тэдний найз Баагий гэх залуу бид тав 2.5 литрийн шар айраг хувааж уугаад хөзөр тоглосон. Би хожигдоод эхнэрт нь 25,000 төгрөг өгч дэлгүүрээс 1 лонх архи, 2.5 литрийн шар айраг авч уугаад дахиад хөзөр тоглож байхад талийгаач Х халамцуу би халхын шоронд том байсан гэх мэтийн зүйл ярьсан. Бид хүний 5,000 төгрөг гаргаад тоглож байсан бөгөөд талийгаач Э-ыг мөнгөө ил гаргаад бариулаад тоглоорой гэж хэлсэн. Э тэгэхэд чи муу юу гээд байгаа пизда вэ гээд шар айраг ууж байсан шилэн аягаараа нүүрэн лүү нь нэг удаа цохиод авсан. Талийгаачийн цус нь тогтохгүй байсан ба түргэн дуудаад бид гэмтлийн эмнэлэг рүү явсан. Талийгаач надад “Э цохисон гэж өөр хүмүүст битгий хэлээрэй цагдаа шүүх гэвэл адгийн зарга 10 хоног гэдэг шиг юм болно, хоёулаа ажил төрлөө бодъё” гэж хэлсэн. Тэгээд маргааш нь Баянхонгор луу гэр лүүгээ явсан. Тэгээд эхнэр маань надад “чамтай хамт хот руу явсан Хүрэлбаатар нас барсан байна” гэж хэлсэн. Удалгүй цагдаа ирээд намайг дагуулж явсан. ...талийгаачийн зүүн хөмсөг, хацар, хамар уруулд шарх гэмтлийг Э шилэн аягаар нүүр рүү цохиж учруулсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 116-117 хуудас);

8. Шүүгдэгч Э-ын яллагдагчаар өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр манай гэрт аавын дүүгийн хүүхэд болох Хүрэлбаатар нэг хүнтэй хамт 17 цагийн үед ирсэн. Х хамт явж байсан талийгаач Х нар архи уучихсан халамцуу явж байсан ба найз Б, эхнэр бид 5 хөзөр тоглосон. Хожсон нь 15,000 төгрөг авахаар бооцоо тавьсан байсан ба би хожоод 15,000 төгрөгийг найз Б-ийг дэлгүүр явуулсан. Энэ үед хөзөр тоглож байгаад талийгаач “халхын шоронд би том байсан” гээд байхаар нь чи дуугүй бай гэхэд талийгаач миний хүзүүнээс бариад татаад байсан тэгэхээр нь шилэн стаканаар нүүр лүү нь нэг удаа цохисон чинь нүүрнээс нь их хэмжээгээр цус гараад тогтохгүй болохоор нь гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Тэгээд хэд хоногийн дараа хамаатны Х-ын эхнэрээс түүнийг нас барсан гэж сонссон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 125 хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдов.

Шүүгдэгч Э.Х нь 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 10 цаг 00 минутад Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын байранд мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлсэн болох нь:

1. Шүүгдэгч Э.Х-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Гэхдээ би 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хөдөө явчхаад орой нь аймаг дээр ирээд Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт хоноод маргааш өглөө нь мэдүүлэг өгсөн. Тус цагдаагийн газрын мөрдөгч надаас мэдүүлэг авах үед би өмгөөлөгчтэй байсан бөгөөд тэр өмгөөлөгчийг би өөрөө сонгон авсан юм...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Манай нөхөр нас барсны маргааш нь би Баянхонгор аймгийн цагдаагийн газарт очиход Хүрэлбаатар байсан бөгөөд тэр өдөр түүнээс мэдүүлэг авсан гэж байсан...” гэсэн мэдүүлэг;

3. Шүүгдэгч Э.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт гэрчээр өгсөн: “...би суусан буйдан шиг сандал дээрээ согтоод унтсан байсан. Нэг мэдэхэд шөнө цагийг нь мэдэхгүй “амьдаа намайг хүн цохичихлоо гээд талийгаач дуудсан”. Тэгээд би сэрээд харсан чинь талийгаачийн нүүр нь нэл цус болчихсон байдалтай байхаар нь би түргэн дуудаач гэж орилсон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 40 хуудас);

4. Шүүгдэгч Э.Х-ын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...тухайн үед талийгаач Л.Хүрэлбаатар нь надад “Эрдэнэбаатар намайг шилэн аягаар цохиж нүүр ам гэмтээсэн асуудлыг өөр хүнд хэлээд яах вэ, амь наснаас холуур, миний бие гайгүй байгаа юм чинь хоёулаа ажлаа бодъё, цагдаа сэргийлэхэд хандвал адгийн зарга 10 хоног болно, би гомдол саналгүй гээд өргөдлөө хаалгачихъя” гээд байсан. Тэгээд намайг болсон зүйлийн талаар хүнд битгий хэлээрэй гээд байхаар нь би өмнө гэрчээр өгсөн мэдүүлэгтээ худал хэлсэн юм. Хэрэг гарсан өдөр Эрдэнэбаатар талийгаачийг шилэн аягаар цохихыг Эрдэнэбаатарын эхнэр нь бас харж байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 51-52 хуудас);

5. Гэрч Ч.А-ын 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн хэрэг явдал болох үед хамаатны Хүрэлбаатар нь Баянхонгор аймаг руу явах өдрөө над руу утсаар яриад Хүрэлбаатар цагдаа дээр очоод гомдол саналгүй гээд өргөдлөө буцаагаад авчихлаа шүү. Цагдаа нар дуудаж асуувал Хүрэлбаатарыг дэлгүүр лүү яваад орж ирэх үедээ хүнд зодуулсан байдалтай орж ирсэн гэж хэлээрэй гэсэн. Тийм болохоор би өмнөх мэдүүлэгтээ Хүрэлбаатарын хэлснээр мэдүүлсэн юм...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 58 хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Х, Г.Э, Ч.А нарын хувийн байдлын талаар иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 140, 141, 144 дүгээр хуудас), урьд ял шийтгүүлж байгаагүй талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 145, 165, 167 дугаар хуудас) зэрэг нотлох баримтыг шинжлэн судалсан болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийн хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөгч энэ хэрэгт холбогдсон Г.Э-ын эхнэр Ч.А-аас гэрчийн мэдүүлэг авахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэр бүлийн гишүүн, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг тусгайлан тайлбарлаж, асуултаар асууж, гарын үсгээр баталгаажуулсны үндсэн дээр хууль сануулах хуулийн заалтыг зөрчиж, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн байх тул хавтаст хэргийн 56-57 дугаар хуудсанд авагдсан гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл бүхий баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Ч.А-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Улсын яллагчийн яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт: шүүгдэгч Э.Х-ын зориуд худал мэдүүлэг өгсөн үйлдлийн цаг хугацааг 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 10 цаг 00 минутад гэж тодорхойлсон боловч шүүхийн хэлэлцүүлгээр уг хугацаа нь мөн сарын 17-ны өдрийн 10 цаг 00 минут болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүх хэргийн үйл баримтыг шинэчлэн тогтоосон болно.

Шүүгдэгч Э.Х-ын өмгөөлөгчийн гэм буруугийн талаарх дүгнэлтэд: “...хавтаст хэргийн 37-41 дүгээр хуудсанд авагдсан гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлийн хугацаа нь 2018 оны 3 дугаар 16-ны өдрийн 10 цаг 00 минут гэсэн байна. Тодруулбал, амь хохирогчийн нас барахаас өмнө авагдсан гэрчийн мэдүүлэгт, нас барсан агуулгатайгаар мэдүүлэг авсан эргэлзээ бүхий байна. Иймд хууль зөрчиж авсан мэдүүлгийг үндэслэн зориуд худал мэдүүлэг өгсөн гэж яллаж болохгүй тул миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү...” гэв.

Хавтаст хэргийн 37-41 дүгээр хуудсанд авагдсан гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлийн огноог мөрдөгч 2018 оны 3 дугаар 16-ны өдөр гэж техникийн шинжтэй алдаа гаргасан болох нь тухайн мэдүүлгийн агуулгаас тодорхой байх бөгөөд шүүгдэгч Э.Х, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С нарын шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгээр харьцуулан үнэлбэл, шүүгдэгч Э.Х нь 2018 оны 3 дугаар сарын 17-ны өглөө 10 цаг 00 минутад гэрчийн мэдүүлэг өгсөн байна.

Түүнчлэн, шүүгдэгч Э.Х нь анх гэрчээр мэдүүлэг өгөхдөө өөрийн сонгон авсан өмгөөлөгч Х.М-тай хамт байсан болох нь тухайн тэмдэглэл болон шүүгдэгч Э.Х-ын шүүх хуралдаанд гаргасан “...Гэхдээ би 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хөдөө явчхаад орой нь аймаг дээр ирээд Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт хоноод маргааш өглөө нь мэдүүлэг өгсөн. Тус цагдаагийн газрын мөрдөгч надаас мэдүүлэг авах үед би өмгөөлөгчтэй байсан бөгөөд тэр өмгөөлөгчийг би өөрөө сонгон авсан юм...” гэсэн мэдүүлгээр давхар батлагдсан болно.

Мөрдөгчийн гаргасан техникийн шинжтэй алдааг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэхгүй бөгөөд шүүгдэгч Э.Х-ын энэ хэрэгт бодитойгоор өгсөн гэрчийн мэдүүлгийг няцаан үгүйсгэх өөр нотлох баримтыг шинжлэн судлаагүй тул шүүх өмгөөлөгчийн гэм буруугийн талаарх цагаатгах дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн үндэслэл бүхий дүгнэлтээр хохирогч Л.Х-ын бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Г.Э-ын үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул, мөн шүүгдэгч Э.Х-т хууль тайлбарласаар атал тэрээр зориуд худал мэдүүлсэн байх тул тэднийг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэм буруутайд тус тус тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь шүүгдэгч Г.Э-ын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг, шүүгдэгч Э.Х-ын хувьд мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа дараа зориуд худал мэдүүлэг өгсөн” шинжийг тус тус бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүх хуралдааны үед шүүгдэгч Г.Э нь хэргийн үйл баримт, учирсан хохирлын хэр хэмжээ, зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Г.Э-рыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Э.Х-ыг “худал мэдүүлэх” гэм хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд зориуд худал мэдүүлэг өгч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Г.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Э.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-аас 82,500 төгрөгийг гаргуулан нэг сарын дотор хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С-д олгох нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд ...-д шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хууль зүйн туслалцаа авахад гаргасан зардал нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд хамаарахгүй. Түүнчлэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өөрийн хүсэл зоригоор хуульд заасан эрхийнхээ дагуу сайн дурын үндсэн дээр өмгөөлөгч сонгон авсан нь хуулиар бий болсон шаардлага биш тул өмгөөлөгчид төлсөн хөлсийг зайлшгүй гарсан зардал гэж үзэхгүй.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С-ийн өмгөөлөгчид төлсөн хөлс болох 500,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.Э нь урьдчилан төлөвлөсөн шинжгүй бөгөөд гэнэт үүссэн гэмт санаагаар гэмт хэрэг үйлдсэн байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн байгааг, шүүгдэгч Э.Х нь гэмт хэргийн улмаас нөхөн төлөх хохиролгүй байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд тэдэнд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...Шүүгдэгч Г.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Э.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй гэв...” гэв.

Өмгөөлөгч Н.Баатардоржийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...Миний үйлчлүүлэгч Г.Э гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хэргийн үйл баримт, учирсан хохирол, зүйлчлэлийн талаар огт маргаагүй. Тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн тул түүнд оногдуулах ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

Өмгөөлөгч Б.Бурмаагийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...Худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг нь хөнгөн ангилалд хамаардаг. Миний үйлчлүүлэгч Баянхонгор аймагт амьдардаг, ар гэрээ авч явдаг, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хэрэгт холбогдсон бөгөөд өөрийгөө илчилж үнэн зөв мэдүүлсэн зэргийг харгалзаж 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, сард 50,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү...” гэв.

Өөрийгөө илчилсэн гэдэг нь гэмт хэрэг үйлдсэн хүн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахаас өмнө мөрдөн шалгах байгууллагад хэргээ илчилж очихыг хэлэх тул мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарахгүй.

Тохиолдлын шинжтэй нөхцөл байдал нь урьдчилан төлөвлөсөн, бэлтгэсэн шинжгүй бөгөөд гэнэт үүссэн гэмт санааны үндсэн дээр үйлдэгдсэн гэмт хэрэгт хамаарна. Харин шүүгдэгч Э.Х нь анхнаасаа болсон явдлыг зориудаар худал мэдүүлэхээр төлөвлөсөн байсан болох түүний мэдүүлэг болон Ч.А-ын хоёр дахь удаа гэрчээр өгсөн мэдүүлгээр нотлогдож байх тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-т зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар Э.Х-рт найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, арван сарын дотор төлүүлэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, хувийн байдалд нь тохирсон бөгөөд түүнийг нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзэв. 

Шүүгдэгч Э.Х-, Г.Э нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 хэсэгт “гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж” гэж заасан тул мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна.” гэж зааснаар шүүгдэгч Э.Х-т эрх хасах нэмэгдэл ял заавал шийтгэхээр байна.

Гэтэл шүүгдэгч Э.Х мөрдөн шалгах ажиллагаанд зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдэхэд “албан тушаал, мэргэжлийн үйл ажиллагаа, эсхүл бусад тодорхой эрх” нөлөөлөөгүй байх тул эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмыг удирдлага болгон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийг хэрэглэхэд эргэлзээ гарсан гэж үзэн шүүгдэгч Э.Х-т ашигтайгаар буюу эрх хасах нэмэгдэл ял оногдуулахгүйгээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Х, Г.Эр, Ч.А нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогт Ч.А-д холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2.Б овогт Г.Э-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б овогт Э.Х-ыг “худал мэдүүлэх” гэм хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд зориуд худал мэдүүлэг өгч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3.Шүүгдэгч Г.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Э.Х-т мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Э.Х, шүүгдэгч Г.Э нарт оногдуулсан торгох ялыг арван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

5.Шүүгдэгч Э.Х, Г.Э нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Х, Г.Э, Ч.А нар цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-ээс 82,500 төгрөгийг гаргуулан нэг сарын дотор хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С-д олгож, өмгөөлөгчийн хөлс болох 500,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

8.Шүүгдэгч Ч.А нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 зүйлд зааснаар хохирол арилгуулах, зөрчигдсөн эрхээ нөхөн сэргээлгэх талаар гомдол гаргах эрхтэй болохыг тусгасугай.

9.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Х, Г.Э, Ч.А нарт авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ШҮҮГЧ                                    Б.БАТАА