Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 102

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн, улсын яллагч Х.Анхцэцэг, шүүгдэгч Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ө овогт Э.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 00756 0040 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ө овогт Э.Д, Монгол Улсын иргэн, .... өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл гурав, эхнэр, хүүхдийн хамт .... тоотод оршин суух бүртгэлтэй боловч мөн дүүргийн ..... тоотод түр оршин суудаг, .... регистрийн дугаартай, урьд:

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 328 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 8 дугаар сарын 30-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Э.Д 2018 оны 02 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Тээвэрчдийн 12-2 тоотод үйл ажиллагаа явуулдаг Сайханхангай караокед иргэн Б.Л-тэй маргалдаж, түүний баруун гарыг заазуураар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “Шүүгдэгч Ө овогт Э.Д нь 2018 оны 02 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Тээвэрчдийн 12-2 тоотод үйл ажиллагаа явуулдаг Сайханхангай караокед иргэн Б.Л-тэй маргалдаж, түүний баруун гарыг заазуураар зүсэж, бие махбодод нь “...баруун гарын алга, бугуйны зүсэгдсэн шарх...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Э.Д шүүх хуралдаанд өгсөн: “...Би өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Би караокеноос гараад бие засаж байгаад гудамжны хог дотор заазуур хэвтэж байхыг харсан юм. Тэгээд тэр заазуурыг аваад караоке руу орж айлгах гэсэн боловч хүний гар зүсчихсэндээ харамсаж байна. Цаашид дахин алдаа гаргахгүй гэдгээ шүүхэд илэрхийлье. Прокурорын санал болгосон ялын төрөл, хэмжээ болон хууль зүйн үр дагаврын талаар ухамсарлаж ойлгосон...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч Б.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…удаагүй уг хүн шар иштэй заазуур барьчихсан орж ирээд хувцсаа тайлаад ална тална гээд зааланд орилоод байхаар нь зөөгч Л болиоч гэсэн ... би лангууны араас болиоч гэсэн чинь эргэж хараад баруун алгыг заазуураар зүссэн. Тэр үед миний гараас цус гараад орилсон. Тэр залуу заазуураа бариад зугтаасан тул араас нь манай хүргэн О, Л хоёр хойноос гараад олоогүй ирсэн. Тэгтэл манай нөхөр Т ирээд нөгөө заазууртай залууг бариад ирсэн. Баруун гарын алганд 6 оёдол тавиулсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 26дугаар хуудас);

3. Гэрч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө эхнэр дээрээ очсон чинь эхнэрийн баруун гараас цус гарсан зогсож байсан. Юу болсныг асуухад үл таних хүн заазуураар зүсээд зам гараад хойшоо зугтаасан гэсэн. Тэгэхээр нь зөөгч Л-ийн хамт хойноос нь хайж байгаад уг хүнийг барихад гартаа заазуур барьсан явж байсныг салгаж авсан. Тэгээд уг хүнийг бариад ирэхэд хоёр цагдаа ирсэн байсан тул цагдаад хүлээлгэж өгсөн ...” гэсэн мэдүүлэг (хх 37  дугаар хуудас);

4. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 06-ний өдрийн 2190 дугаартай “...Б.Л-ийн биед баруун гарын алга, бугуйны зүсэгдсэн бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй..." гэсэн дүгнэлт (хх-ийн 46 дугаар хуудас);

5. Шүүгдэгч Э.Д-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: "...би тэр үед караокеноос гарч явж байхдаа гудамжнаас заазуур олоод, айлгах санаатай шарандаа буцаж ороод, надтай маргасан хүмүүстэй хэрэлдэж байхад караокены эмэгтэй салгах гэж оролдох үед түүний гарыг заазуураар зүссэн. Тэгээд тэнд байсан хүмүүс намайг барьж аваад цагдаад өгсөн, цагдаа нар намайг эрүүлжүүлсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 90 дүгээр хуудас);

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг заазуур болон эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хх-ийн 91 дүгээр хуудас)

7. Шүүгдэгч Э.Д-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 73 дугаар хуудас), урьд ял шийтгүүлж байгаагүй талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 55 дугаархуудас);

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд хохирогч Б.Л нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтээ прокурорын хяналтын шатанд бичгээр илэрхийлсэн, шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын 2019 оны 01 дүгээр сарын 16-ний өдрийн 274 дугаар тогтоолоор хангаж, түүнд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Л-ийн бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Э.Д-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Б.Л-ийн биед халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Э.Д-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Л нь прокурорын хяналтын шатанд цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн ”гэсэн баталгааг бичгээр гаргасан байх тул шүүгдэгч Э.Д-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Э.Д  нь урьдчилан төлөвлөсөн шинжгүй бөгөөд гэнэт үүссэн гэмт санаагаар гэмт хэрэг үйлдсэн байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокуророос гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаардөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөрторгох ял оногдуулах саналыг шүүгдэгч Э.Д хүлээн зөвшөөрсөн бөгөөд хууль зүйн үр дагаврыг ухамсарлаж ойлгосон байна.

Түүнчлэнуг санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй буюу хуулийн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж зааснаар хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын төрөл хэмжээний дотор шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхдээ зэвсэг хэрэглэсэн нөхцөл байдлыг харгалзан прокурорын санал болгосон торгох ялын хэмжээг нэмэгдүүлж шийдвэрлэх нь үр нөлөөтэй гэж дүгнэв.

Иймд шүүх улсын яллагчийн ялын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д-т долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хувийн байдал, хөрөнгө, цалин хөлс, бусад орлогод нийцүүлэн торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөхболомжтойгоор тогтоолоо. 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Д нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлж, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ө овогт Э.Д-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д-т долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д-т оногдуулсан торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Шүүгдэгч Э.Д-т торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлсүгэй.

6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Д нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Д-т авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 ШҮҮГЧ                                    Б.БАТАА