Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 0177

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

           Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 2 дугаар багт оршин суух, 1970 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумд төрсөн, эрэгтэй, Оорцог овгийн Цэндийн Тоочингийн нэхэмжлэлтэй нас тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Тоочин, нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

           Нэхэмжлэгч Ц.Тоочин шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1970 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумд төрсөн. Миний эцэг Оорцог овогтой Бүлтгээшийн Цэнд гэдэг хүн байсан. Би Орхонтуул сумд ирээд Цэнд гэдэг хүний 4 дэх хүү болон мэндэлсэн бөгөөд өсөх наснаасаа аав ээжтэйгээ хамт мал маллаж амьдарч байгаад 1988 оны 12 дугаар сараас эхлэн Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт хэрэгт холбогдож шалгагдаж явсаар байгаад 1995 онд 15 жилийн хорих ял шийтгүүлж Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт байрлах хорих 413 дугаар ангид ял эдлэж байгаад 2003 онд суллагдаж гарч ирсэн. Энэ хугацаанд миний ээж Равдангийн Дуламсүрэн 1997 онд нас барж, аав Бүлтээшийн Цэнд 2001 онд нас барсан юм. Тэгээд гэртээ ирэхэд гэр орон гэх зүйл байхгүй бас миний төрсний гэрчилгээ байхгүй, эцэг эхийн маань бичиг баримт гэх зүйл байхгүй болчихсон байсан учраас тухайн үед иргэний үнэмлэх авч чадаагүй юм. Тэгээд би дахин хэрэгт холбогдож шалгагдаж явсаар байгаад хамгийн сүүлд 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн 435 дугаар хорих ангид ял эдлээд гарч ирсэн юм. Надтай холбоотой баримт бичиг маань үрэгдсэн. Тиймээс бичиг баримттай болохыг хүсэж байна. Иймд миний бие иргэний үнэмлэх авах гээд хөөцөлдөж байгаа тул Цэнд овогтой Тоочин намайг 1970 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрснийг тогтоож өгнө үү гэв.

           Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь :

          Нэхэмжлэгч Ц.Тоочингийн нас  тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу  онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хүсэлтийг хангах үндэстэй гэж үзлээ.

          Учир нь нэхэмжлэгч Ц.Тоочин нь 1970 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн буюу 46 настай болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 1/65 тоот тодорхойлолт, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ширхэнцэгийн 2 дугаар багийн засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 272 тоот тодорхойлолт, №143 дугаар түр үнэмлэх, зам явах хуудаснууд, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 1/145 тоот тодорхойлолт, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын багийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 625 тоот тодорхойлолт, Ц.Тоочингийн өргөдөл, 2010 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн батлан даалт гаргасан хуудас, өрхийн гишүүдийн талаарх бүртгэл, иргэний үнэмлэх авах өргөдөл, бүртгэл хяналтын карт, Ц.Тоочингийн Сэлэнгэ аймгийн Иргэний бүртгэлийн хэлтэст гаргасан өргөдөл,  Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Ц.Тоочин нь 1968 -1972 онд төрсөн буюу 48-44 настай байх боломжтой байна” гэсэн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

          Харин төрсөн сар, өдрийг тогтоохдоо нэхэмжлэгчийн тайлбар, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын багийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 625 тоот тодорхойлолтонд үндэслэн 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн гэж үзэв.   

          Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-д зааснаар Оорцог овгийн Цэндийн Тоочинг 1970 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн болохыг тогтоох нь үндэслэлтэй байна. 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

             ТОГТООХ нь:

           1. Иргэний   хэрэг   шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13 дахь хэсэгт заасныг баримтлан  Оорцог овгийн Цэндийн Тоочинг 1970 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн болохыг тогтоосугай.

           2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Тоочин нь улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.   

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.МӨНХБАЯР