Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/01312

 

А.С-, Д.М- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Нямбазар, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2023/02095 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч А.С-, Д.М- нарын хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай маргаантай хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу нэхэмжлэгч А.С-, түүний өмгөөлөгч Т.У, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад бидний өмчлөлийн 5 өрөө хувийн сууцыг 696,056,000 төгрөгөөр үнэлүүлсэн байна. Энэ нь өнөөгийн зах зээлийн ханшид нийцээгүй, хөрөнгийг илт үнэгүйдүүлсэн байна. Тус хувийн сууцыг 2011 онд 560,000,000 төгрөгөөр худалдан авсан. Төгрөгийн ханш буурч, үл хөдлөх эд хөрөнгийн үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж манай хөрөнгийн зах зээлийн ханш 1 м.кв нь 6,000,000 төгрөгөөс буурахгүй нийт 1,250,400,000 төгрөгийн бодит үнэлгээтэй байхад шийдвэр гүйцэтгэх газар нь анхны дуудлага худалдааны доод үнийг тогтоох зорилгоор хийлгэсэн хөндлөнгийн шинжээчийн үнэлгээ нь зах зээлийн ханшид нийцээгүй. Улаанбаатар хотын захын хорооллын орон сууцны м.кв-аар үнэлсэнд гомдолтой байна. Иймд Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн гаргасан 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 72 тоот хөрөнгө үнэлсэн тухай албан бичигт хавсаргасан үнэлгээний тайланг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр үүсгэн ажиллагааг эхлүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Сонгоулд ХХК-д шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа гардуулж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч биелүүлээгүй. Иймд төлбөр төлөгч нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн, хураасан. Талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд 696,056,000 төгрөгөөр үнэлэгдэж, хөрөнгийн үнэлгээг талуудад мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр хуульд зааснаар ажиллагааг явуулсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Гуравдагч этгээд Монгол Улсын хөгжлийн банк ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 72 дугаар бүхий хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай, үнэлгээний олон улсын стандартад нийцсэн байна. Тус хөрөнгийн үнэлгээг мэргэжлийн байгууллага болох Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээчний мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй этгээд болох мэргэшсэн үнэлгээчин Ж.Уртнасан үнэлсэн бөгөөд 696,056,000 төгрөгөөр үнэлсэн байна. Үнэлгээг хүчингүй болгох нь барьцаалагчийн барьцааны эрхийг хөндөж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч А.С-, Д.М- нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5.Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байх тул энэхүү гомдлыг гаргаж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хувийн сууцыг битүүмжилж, хурааж, үнэлгээ хийлгэх шинжээч томилохдоо нэхэмжлэгч биднийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш гэж үзээд эрх, үүрэгтэй огт танилцуулаагүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Г.Эрдэнэцэцэгт итгэмжлэл олгосон боловч Г.Эрдэнэцэцэгийг оролцогч биш гээд ямар ч мэдээлэл өгөөгүй. Монгол Улсын Хөгжлийн банк Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иар бүх барьцаа хөрөнгөнүүдийг үнэлүүлж байсан нь тэд ашиг сонирхолын зөрчилтэй байж болзошгүйг нотолж байгаа. Хувийн сууц нь байршил, харагдац маш сайн, өглөө, орой өдөржин нар үзэх гурван тийш харсан цонхтой, агаар сэлгэлт сайн, ойр орчимд өндөр барилга байхгүй, Туул голын хөвөөнд, Богд уулын дэргэд цэвэр агаартай, утаагүй, машины орц, гарц зогсоол маш сайн чөлөөтэй, нам гүм орчинтой, төвлөрөл байхгүй, төрийн үйлчилгээ, сургууль цэцэрлэг, дэлгүүр бүх зүйлд ойрхон. Давхартаа 1 айлтай. Энэ барилгад нийт 4 айл амьдардаг Пентхаус юм. Бид энэ хувийн сууцаа 2011 онд 560,000,000 төгрөгт бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан. Одоогийн зах зээлийн бодит ханш багадаа 1,250,000,000 төгрөг байгаа. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээний тайлан нь олон улсын үнэлгээний стандартаас үл хөдлөх эд хөрөнгийг үзэж танилцаагүй учраас гажсан гэсэн. Үнэлгээний ажлын дэс дараалал буюу хөрөнгийн байдалтай үзэж танилцах, үнэлгээнд ашиглагдах шаардлагатай бичиг баримт, мэдээллийг авах, зах зээлийн судалгааг хийх гэсэн нь биелэгдээгүй. Энгийн засвартай гэж үнэлгээний тооцооллыг гаргасан. Үнэлгээг 2023 оны 02 дугаар сард хийсэн атлаа макро эдийн засгийн 2022 оны 11 дүгээр сарын судалгааг үндэслэсэн. Үнэлгээг 2023 онд гаргаж байгаа атлаа үнийн өсөлтийн индексийг 2016-2021 оныхоор тооцоолсон. Хувийн сууцны м.кв нь гэрчилгээн дээрх 208,4 м.кв гэсэн хэмжээтэй таарч байсан эсэхийг буюу талбайн хэмжилтийг стандартын дагуу хийгээгүй. Шинжээч үнэлгээгээ баталгаажуулахаасаа өмнө бидэнд танилцуулаагүй нь бидний гомдол гаргах эрхийг хязгаарласан. Харьцуулаад байгаа хөрөнгөнүүдийн орон зай, байршил, зориулалт, ашиглалтанд орсон он, ангилал, зэрэглэл өөр өөр. Үнэлгээний хамрах хүрээнд тоног төхөөрөмж, тавилга орох атал шинжээч манай хувийн сууцны дэд бүтэц, супер засвар, сантехникийн их засвар, засан сайжруулалтыг үнэлгээ гаргахдаа огт харгалзаагүй. Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд зах зээлийн хандлагаар үнэлэхэд байршил, барилгын хийц, зориулалт, ашиглалтанд орсон он зэргээрээ ижил төстэй зарагдаж байгаа болон зарагдсан хөрөнгөтэй харьцуулж жишиж зах зээлийн үнэ цэнийг тодорхойлно гэсэн байхад шинжээч нь үнэлж буй хувийн сууцтай ижил төстэй зарагдаж байгаа болон зарагдсан үнийн мэдээлэл цуглуулаагүйд гомдолтой байна.

Дээрх үнэлгээг эс зөвшөөрч үл хөдлөх эд хөрөнгөө Итгэлт-Эстимэйт ХХК-аар үнэлүүлэхэд 861,050,300 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайланг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөхөд энэхүү үнэлгээний тайлан нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болох боломжгүй гэж шүүх дүгнэсэн. Анхан шатны шүүхийн нэхэмжлэгч талын гаргаж өгсөн үнэлгээг нотлох баримтаар үнэлээгүй нь хууль бус юм. Түүнчлэн хэргийн оролцогчийн нотлох баримт гаргаж өгөх, түүнийгээ нотлох, мэтгэлцэх боломжийг хязгаарласан. Маргаж буй байрыг шинжээч үзээгүй гэж тайландаа бичсэн нь техникийн шинжтэй алдаа болсон гэсэнд гомдолтой байгаа. Шинжээч 5 минут хүрэхгүй хугацаанд манайд шөнийн цагаар ороод гарсныг шүүх шинжээч нэхэмжлэгч нарыг оролцуулан үзлэг хийсэн, хувийн сууцыг үзээгүй гэдэг нь техникийн алдаа гэж шууд дүгнэсэн нь энэ хэрэгт хувийн сонирхлоор хандсан байж болзошгүйг нотолж байна. Гэтэл шинжээч нь үнэлгээг хийхдээ биечлэн үзэж, шаардлагатай мэдээллийг өмчлөгч нараас бүрэн аваагүй нь үнэлгээ үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүйд тооцогдохоор байгаа юм. Бид байрандаа дөрвөн айлтай. Гурван айл нь байшингаа буулгаж дахин газраа ашиглан шинэ барилга барихыг зөвшөөрсөн, нэг айл нь гадаадад удаан хугацаагаар амьдарч байгаа. Манай орчмын газар маш үнэтэй. Хөрөнгийн үнэлгээнд газрын үнэ, цэнэ огт дурьдагдаагүй. Аль ч үнэлгээнд үнэлэгдэж буй хөрөнгийн онцлог шинжээс гадна газрын үнэлгээ чухал ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл үнэлж байгаа хөрөнгийн үнэ цэнэ нь газрын үнэ цэнэ хоёрын нийлбэрээр тогтоогдож байж бодитой гарах учиртай. Гэрчээр шинжээч Уртнасанг оролцуулах хүсэлтийг хариуцагч гаргасан. Гэвч шүүгчийн захирамжаар уг хүсэлтийг хангахгүй орхисон. Энэ мэтчилэн хөрөнгийн үнэлгээний тайлан нь бодит байдалд нийцээгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу гараагүй, харьцуулсан гэх хөрөнгүүдийг бодитоор үзэж харьцуулан дүгнээгүй зэрэг олон зөрчилтэй байгаа учир гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

6.Хариуцагч тал давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

7.Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга: Шүүх хуралдаанд хариуцагчийн байр суурийг дэмжиж оролцож байна. Банк тухайн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг үнэлгээний олон улсын стандарт болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцсэн гэж үзэж байна. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн болон өртөгийн хандлагын аргаар үнэлсэн. Зах зээлийн хандлагын аргын 75 хувийг, өртөгийн хандлагын аргын 25 хувийг тус тус ач холбогдолтой гээд аль илүү ач холбогдолтой буюу зах зээлийн хандлагын аргаар үнэлж, тодорхойлсон. Тайландаа техникийн алдаа гаргасан нь үзэж танилцаагүй гэж бичсэн байдаг. Энэ талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь үнэлгээчинтэй холбогдож асуухад ... тэгж бичсэн байна уу, очиж үзсэн гэж тайлбарласан гэдэг. Энэ талаар хариуцагч тал шүүх хуралдаанд тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч Д.М-ээс асуухад оройн 20 цагийн үед орон сууцыг нь үзсэн гэдгийг хэлдэг. Урьд нь үнэлж байгаагүй гэж хараат бус байдлын тайландаа бичсэн байдаг. Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-аас тус хөрөнгийг үнэлүүлж байсантай холбоотой баримтыг банкны зүгээс нотлох баримтаар гаргаж өгснийг шүүх үнэлээгүй. Энэ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан хараат бус байдалд нөлөөлөхгүй. Учир нь хөрөнгийн үнэлгээний тайлан гаргадаг компаниуд тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг ба үнэлгээчинтэй байдаг. Иймд тус хөрөнгийг урьд үнэлүүлж байсан нь уг үнэлгээний хараат бус байдалд нөлөөлөхгүй. Шүүх талуудын тайлбар, хэргийн баримтуудыг харьцуулан дүгнэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Шүүгч өөрөө татгалзах асуудал байсан бол тухайн шатанд холбогдох гомдлоо гаргах боломжтой байсан. Үнэлгээний төв нь тусгай зөвшөөрөлтэй байгууллага бөгөөд шүүгчид холбогдуулан сахилгын хороонд хандах боломжтой. Алтны уурхайн хоёр компани нийлж төсөл хэрэгжүүлээд нэг компанийн барьцаа хөрөнгө хүрээгүй тул дүүгийнхээ үл хөдлөх хөрөнгийг нэмж барьцаалсан юм. Иймд нэхэмжлэгч нар хэн нэгэн танихгүй этгээдэд үл хөдлөх хөрөнгөө барьцаалуулж алдсан зүйлгүй. Анхан шатны шүүхэд 2020 оны эдийн засгийн судалгаа гэж маргасан бөгөөд 2022 оны сүүлийн үеийн судалгаа тул 2023 оны эхний үнэлгээнд ашиглаж болох талаар мэтгэлцсэн. 2016-2021 оны үнийн өсөлтийн индексийг тооцоолсон гэх гомдол гаргасан. Эдийн засгийн судалгааг авч үзвэл 2016 оны судалгаа байхгүй, харин 2021, 2022 оны эдийн засгийн судалгаанууд байдаг. Үнэлгээчин үнэлгээ гаргахдаа боломжит хүрээнд хөрөнгүүдийг судалж, жишиж харьцуулсан. Нэхэмжлэгчийн тайлбарлаж буй хөрөнгүүдтэй холбоотой баримтуудыг анхан шатны шүүхэд гаргаж өгсөн нь нотлох баримтын шаардлага хангаагүй бөгөөд тэдний хэлж байгаа хөрөнгүүдтэй харьцуулан үнэлгээг хийвэл нэг талын мэдээлэлд тулгуурласан үнэлгээ болно гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч А.С-, Д.М- нар нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1212 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1308 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 406 дугаар тогтоолоор Сонгоулд ХХК-аас 18,985,062,911 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Монгол улсын хөгжлийн банк ХХК-д олгож, үүргийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсний дотор нэхэмжлэгч А.С-, Д.М- нарын өмчлөлийн хөрөнгө багтсан байна. /1р хх-ийн 49-93-р тал/

 

3.а.Төлбөр төлөгч Сонгоулд ХХК нь шүүхийн шийдвэрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул төлбөр авагч Монгол Улсын хөгжлийн банк ХХК-ийн хүсэлтээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 1408 дугаар гүйцэтгэх хуудсыг олгожээ. /1хх-ийн 48-р тал/

 

3.б.Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх гүйцэтгэх хуудсыг үндэслэн, 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол үйлдэж, барьцаа хөрөнгө болох нэхэмжлэгч А.С-, Д.М- нарын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1-р хороо, Үйлдвэр /17041/, ХД-32 дугаар байр, 2 давхарт байршилтай, 208,4 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206010298 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр битүүмжилж, 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцсэн байна. /1хх-ийн 109, 129-р тал/

 

3.в.Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоох зорилгоор талуудаас үнийн санал авахад нэхэмжлэгч А.С-, Д.М- нар нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 1,042,000,000 төгрөгөөр, төлбөр авагч Монгол Улсын хөгжлийн банк ХХК нь 263,033,122 төгрөгөөр тус тус үнэлэх санал гаргасан буюу талууд үнэлгээнд тохиролцоогүй байна. /1хх-ийн 130, 133-р тал/. Дээрх байдлаар талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнд тохиролцоогүй байх тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шинжээч томилж, шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 696,056,000 төгрөгөөр үнэлснийг хуульд заасан хугацаанд талуудад мэдэгджээ. /1хх-ийн 142-171-р тал/

 

3.г.Хариуцагч байгууллага нь үнэлгээ тогтоолгох ажиллагаа явуулахдаа хууль зөрчөөгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

3.д.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд албадан дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож чадаагүй тохиолдолд үнэлгээчнээр тогтоолгодог журамтай. Шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шинжээчээс Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийг тодруулж, хуульд заасан эрх, үүрэг болон худал дүгнэлт гаргасан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх болохыг урьдчилан сануулсан байна. /1хх-ийн 143-144-р тал/

 

3.е.Шинжээчээр томилогдсон Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан арга аргачлалын дагуу жишиг үнийн болон өртгийн хандлагын аргыг хослуулах байдлаар үнэлгээг тогтоосон байх бөгөөд уг үнэлгээ хуульд нийцээгүй гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

 

4.Иймд нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн Итгэлт-Эстимэйт ХХК-ийн тайланг үндэслэн, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор гаргаж өгсөн энэхүү баримт нь хуульд заасан журмын дагуу томилогдсон үнэлгээчний дүгнэлтийг шууд няцаасан баримтад тооцогдохгүй юм.

 

4.а.Түүнчлэн, нэхэмжлэгч А.С- нь давж заалдах гомдолдоо хариуцагч байгууллага нь үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хурааж, шинжээч томилохдоо эрх, үүргийг танилцуулаагүй, эдгээр ажиллагаа хууль зөрчсөн гэх агуулгыг заажээ. Гэвч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд ахлах болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдлоо гаргах буюу энэ нь урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журамтай байгааг дурдах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2023/02095 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Г.ДАВААДОРЖ