Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 96

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн, улсын яллагч А.Мөнхзул, шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч Г.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Д.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэххэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн1708 01271 0940 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Д.Т, Монгол Улсын иргэн, ...... өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл тав, ээж, эхнэр, хүүхдийн хамт ...... тоотод оршин суудаг, регистрийн дугаар ....., урьд ял шийтгүүлж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Д.Т нь 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй С.А-ыг “утсаар чинь яриад өгье” гэж хэлэн “IPhone 4s” загварын гар утсыг нь илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч, бусдад 144,000 төгрөгийн хохирол учруулсангэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Б овогт Д.Тэмүүжин нь 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй С.А-ын “IPhone 4s” загварын гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж түр авчхаад С.А-ын зөвшөөрөлгүйгээр гар утсыг нь авч зугтааж, улмаар барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалж, бусдад 144,000 төгрөгийн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Д.Т шүүх хуралдаанд өгсөн: “...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байна. Бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн...” гэсэн мэдүүлэг;

2. Насанд хүрээгүй хохирогч С.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2017 оны 9 дүгээр сарын 03-ны 13 цагийн орчим би найзтайгаа уулзах гээд 84 айлын тэнд байж байтал Т ах Sonata загварын машинтай ирээд “гар утсаа өгч бай, ах нь ганц ярьчхаад өгье” гэж хэлсэн. Тэгээд Т ах миний утсыг аваад машин дотор сууж байгаад хөдлөөд явчихсан. Би араас хайгаад явж байтал “Азын Солонго” хүнсний дэлгүүрийн гадна таараад “утсаа авъя” гэтэл “чиний утсыг дэлгүүрт архиар солиод тавьчихсан байгаа, маргааш аваад өгье” гэж хэлсэн. Тэгээд ээж бид хоёр цагдаад мэдэгдсэний дараа “Т ах ирээд, чиний гар утсыг ломбардад тавьсан байгаа, маргааш аваад өгнө” гэж хэлсэн. 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр би утсаа эргүүлж авсан.Миний гар утсыг эхнэр нь гэх эмэгтэй хүн авчирч өгсөн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 18-19 дүгээр хуудас),

3. Гэрч Ө.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Т-г цагдаагийн газар баригдсан байна гэхэд нь би очсон. Тэгэхэд таньдаг хүүхдийн гар утсыг ломбардад тавьчихсан гэж ярьж байсан. 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Тэмүүжин эрүүлжүүлэхээс гарч ирээд надад гар утсыг нь авчирч өгсөн. Битэр гар утсыг А-ын гэрт очиж ээжид нь өгсөн. Ломбардад 20,000 төгрөгөөр тавьсан гэж сонсогдсон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн26-27дугаар хуудас);

4. Гэрч Л.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ломбард ажиллуулдаг. Т гар утсаа 20.000 төгрөгөөр тавьчхаад маргааш авчихъя гэж гуйгаад байхаар нь авсан шиг санагдаж байна. Таньдаг болохоор би бүртгэлгүй авсан. Маргааш нь өөрөө орж ирээд буцаагаад авсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 29-30 дугаар хуудас);

5. Шүүгдэгч Д.Т мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Би  утсаар гээд авсан юм. Утсыг нь ломбардад тавьсан. Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд байрлах “Азын Солонго” нэртэй хүнсний дэлгүүрийн тэнд байж байтал А ирээд утсаа авъя гэхээр нь би утсыг нь 2,3 цагийн дараа аваад өгье гэж хэлсэн. Би А-ын гар утсыг ломбардад 20,000 төгрөгөөр тавьсан. Гэтэл А цагдаад дуудлага өгсөн байсан. ...Би А-ын гар утсыг ломбардаас аваад эхнэртээ өгөөд, манай эхнэр А-т буцааж өгсөн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 45-46 дугаар хуудас);

6. Шүүгдэгч Д.Т-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгүүлж байгаагүй талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 55, 57 дугаар хуудас);

7. “Дамно” ХХК-ийн гаргасан “Iphone 4s” загварын гар утсыг 144,000 төгрөгөөр үнэлж, хохирлын хэмжээг 144,000 төгрөгөөр тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 31-32 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Насанд хүрээгүй хохирогч С.А-т 144,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тусгай зөвшөөрөл бүхий үнэлгээний байгууллагын тайлангаар эргэлзээгүй нотлогдсон байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг 144,000 төгрөгөөр тогтоосон бөгөөд энэ гэмт хэргийн хохирлын шинжид хамаарч буйг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч С.А нь “гар утсаа түр өгч бай, ах нь утсаар чинь ярьчхаад өгье” гэж хэлээд насанд хүрээгүй хохирогч С.А-ын гар утсыг авсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр авсан шинжийг, насанд хүрээгүй хохирогч түүнд гар утсаа түр ашиглахыг зөвшөөрсөн боловч авч явах зөвшөөрөл өгөөгүй байхад шүүгдэгч Д.Т дур мэдэн авч явсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан шинжийг тус тус хангах бөгөөд насанд хүрээгүй хохирогч С.А нь “...Т ах миний утсыг аваад машин дотор сууж байгаад хөдлөөд явчихсан...” талаар мэдүүлсэн (хх-ийн 18-19 дүгээр хуудас) байгаагаас үзвэл шүүгдэгч Д.Т нь бусдын эд хөрөнгийг илээр авч явсан гэж үзнэ.

Шүүгдэгч Д.Т-ний үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал шунахайн сэдлээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч явж, өөрийн дураар захиран зарцуулсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Д.Т-г “дээрэмдэх” гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Насанд хүрээгүй хохирогч С.А “Iphone 4s” гар утсаа хүлээж авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн байх тул шүүгдэгч Д.Тэмүүжинийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Т нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Т нь анх удаа гэмт үйлдсэн хэдий ч өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь шунахайн сэдлээр, тодорхой зорилготойгоор, санаатай үйлдэгддэг онцлогтой тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй.

Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаархдүгнэлт: “...шүүгдэгч Д.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Тэрээр энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт: “...2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй С.А-ыг “утсаар чинь яриад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгох замаар “IPhone 4s” загварын гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар дээрэмдэн авч, бусдад 144,000 төгрөгийн хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч, гар утсыг нь биет байдлаар буцаан өгч хохирлоо бүрэн төлсөн, мөн түүний хувийн байдал зэргийг харгалзаж ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзаж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Д.Т нь зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасан хууль зүйн шаардлагыг бүрэн хангаж байна.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг журамланшүүгдэгч Д.Т-д мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж, түүнд албадлагын арга хэмжээ хэрэглэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг нийгэмшүүлэх, засан хүмүүжүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.

Шүүгдэгч Д.Т-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар “гурван сарын хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх нь зохистой байна.

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэххэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овогт Д.Т-ийг “дээрэмдэх” гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг журамлан шүүгдэгч Д.Т-д мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3.Шүүгдэгч Д.Т-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар “гурван сарын хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэсүгэй.

4.Шүүгдэгч Д.Т шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, эсхүл тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Т-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

ШҮҮГЧ                                    Б.БАТАА