Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 09

 

 

 

 

 

 

 Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би *******ын нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын дарга *******ад хариуцагдах, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “*******ыг албан тушаалаас чөлөөлөх тухай” ******* тоот тушаалыг хүчингүй болгуулж, эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин 5080675 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2016.05.03-ны өдрийн Б/13 тоот тушаалаар Хөгжлийн бодлогын хэлтсийн даргаар томилогдсон. 2016 оны орон нутгийн сонгууль болсоны дараа шинээр томилогдсон ЗДТГ-ын дарга ******* нь Засаг даргын Тамгын газрын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөн гэж үзэж намайг 2016.11.24-ний өдөр ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, мөн Засгийн газрын 2016 оны 09 дугаарт тогтоол, Аймгийн Засаг даргын 2016 оны А/392 дугаар захирамжуудыг тус тус үндэслэсэн байна. Миний бие анх 2009 онд Төрийн албаны шалгалт өгч тэнцэж, тангараг өргөж төрийн жинхэнэ албан хаагч болсон. Төрийн албаны зөвлөлийн Дундговь аймаг дахь Салбар зөвлөлийн 2016.05.03-ны өдрийн 15 дугаарт “Дүгнэлт гаргах тухай” дүгнэлтийн дагуу намайг Хөгжлийн бодлогын хэлтсийн даргаар томилуулах тухай саналыг дэмжсэн дүгнэлтийн дагуу би уг албан тушаалд хууль ёсоор томилогдон ажиллаж байсан.

Гэтэл Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор Засаг даргын тамгын газрын хэлтсүүдийн нэр өөрчлөгдсөн гэж үзэж намайг ажлаас чөлөөлсөн нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй байна. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүлйийн 27.2.4-т “27.2.4. төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 3 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж хуульчилсан. Миний орон тоо хасагдаагүй, гүйцэтгэх үүрэг нь хэвээр хадгалагдаж байгаа ба зөвхөн манай хэлтсийн нэр, албан тушаалын нэр өөрчлөгдсөн байхад уг хуулийн заалтаар намайг чөлөөлсөн нь хууль зөрчиж байна гэж үзэж байна.

Албан тушаалын нэр өөрчлөгдсөн ч гүйцэтгэх ажлын чиг үүрэг хэвээрээ орон тоо цалингийн сан нь бүрэн батлагдсан болно. Миний бие 1 настай охинтой ба Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлд зааснаар ажлаас халахыг хориглосон 3 хүртэлх насны хүүхэдтэй эхэд хамаарна. Энэхүү хуулийн заалтыг ч мөн тоолгүй намайг ажлаас чөлөөлсөнд би гомдолтой байна. Мөн намайг ажлаас чөлөөлөх тухай Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагаа явуулах шаардлагатай ба ямарч сонсох ажиллагаа явуулаагүй, миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байгаад гомдолтой байх тул зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж байна.

Миний бие уг асуудлаар урьдчилан шийдвэрлэх журмаар Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан ба Төрийн албаны зөвлөлөөс 2017.01.02-ны өдрийн албан бичгээр шүүхэд хандаж шийдвэрлүүлэхээр хариуг ирүүлсэн.

Иймд намайг ажлаас чөлөөлсөн Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016.11.24-ний өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгуулж, эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин 5080675 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү” гэжээ.  

Хариуцагч ******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “.... *******ын гаргасан нэхэмжлэлтэй холбогдож дараах зүйлийг зөвшөөрч байна. Үүнд: Аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны ******* тоот тушаалыг хүчингүй болгож, *******ыг хуучин эрхэлж байсан ажилд нь эргүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин гэж 5080675,00 төгрөг нэхэмжилсэн байна. *******ын хуучин авч байсан цалин сард 1095393,00 төгрөг байсан юм. Үүнийг 11 дүгээр сард 5 хоног, 12 дугаар сард 21 хоног, 1 дүгээр сард 22 хоног, 2-р сард 18 хоногоор тооцоод олговол зохих цалин 3279426,00 төгрөг, үүний нийгмийн даатгалын шимтгэл 255795,00 төгрөг бүгд 3535221,00 төгрөг олгохоос бүтцийн өөрчлөлтөөр гаргахад олгосон тэтгэмж 2465337,00 төгрөгийг хасч тооцон 814089,00 төгрөгийг ноогдох шимтгэлийн хамт гаргаж өгч нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж өгнө ” гэжээ.   

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ******* нь Дундговь аймгийн Засаг даргын Тамгын дарга *******ад холбогдуулан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016.11.24-ний өдрийн “*******ыг албан тушаалаас чөлөөлөх тухай” ******* тоот тушаалыг хүчингүй болгуулж, эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин 5080675 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.  

Тус шүүхээс уг хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 14 цагт товлосон байсан боловч шүүх хуралдаанаас өмнө нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ. Энэхүү гэрээнд “хариуцагч Засаг даргын Тамгын газрын дарга ******* нь Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны ******* тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч *******ыг эрхэлж байсан ажил албан тушаал болох Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн томилохыг зөвшөөрөв.

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин болох нийт 5080675 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнээс 4266586 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч нь үлдэх 814089 төгрөгийг нэхэмжлэгчид /гарт нь/ олгохыг, Нийгмийн даатгалын шимтгэлд 255795 төгрөгийг олгохыг тус тус зөвшөөрч нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож эвлэрэв. Иймд бидний байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Дээрх гэрээнээс үзэхэд ******* нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу ажилгүй байсан хугацааны цалин болох 5080675 төгрөгөөс 4266586 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзаж, хариуцагч Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга ******* нэхэмжлэлийн шаардлагаас нь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “*******ыг албан тушаалаас чөлөөлөх тухай” ******* тоот тушаалыг хүчингүй болгож, *******ыг эрхэлж байсан ажил албан тушаал болох Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн томилох, мөн ажилгүй байсан хугацааны цалин болох 814089 төгрөгийг гарт нь, нийгмийн даатгалын шимтгэлд 255795 төгрөгийг олгохоор үлдэх хэсгийг нь хүлээн зөвшөөрсөн байна.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, мөн хуулийн 68.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно” гэж тус тус заасан байх ба энэхүү эвлэрэл нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2, 68 дугаар зүйлийн 68.1, 68.4-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.*******ын нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга *******ад хариуцагдах, аймгийн  Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “*******ыг албан тушаалаас чөлөөлөх тухай” ******* тоот тушаалыг хүчингүй болгуулж, эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин 5080675 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай захиргааны хэрэгт ажилгүй байсан хугацааны цалин 5080675 төгрөгнөөс 4266586 төгрөгийг гаргуулахыг татгалзсан нэхэмжлэгчийн татгалзал, *******ыг эрхэлж байсан ажил албан тушаал болох Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин болох 814089 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 255795 төгрөгийг олгохоор хүлээн зөвшөөрсөн нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.   

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч ******* нь уг асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд мөн энэ хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч нар нь хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болно.

5.Энэ захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх болохыг дурьдсугай.

 

 

 

                                    ШҮҮГЧ                         В.ЦЭРЭНРАГЧАА