Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 118/2018/0024/З |
Дугаар | 221/МА2019/0160 |
Огноо | 2019-03-20 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2019/0160
2019 оны 3 сарын 20 өдөр Дугаар 221/МА2019/0160 Улаанбаатар хот
Ч.П-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э-г оролцуулан Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 118/ШШ2019/0003 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-ын давж заалдах гомдлын дагуу Ч.П-ийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 118/ШШ2019/0003 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 25 дугаар зүйлийн 25.1.1, 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.П-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн тухай Б/55 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ч.П-г Завхан аймгийн Цагаанчулуут сумын нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож,
2 дахь заалтаар: Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Ч.П-ийн ажилгүй байсан хугацааны цалин 1665586 төгрөгийг Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулж, хуульд заасан хувь хэмжээгээр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, татварыг тооцож, холбогдох дэвтэрт бичилт хийж олгохыг хариуцагч Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад даалгаж,
3 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.П-д олгож,
4 дэх заалтаар: Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай 47 дугаар захирамжийн үйлчлэл дуусгавар болохыг дурджээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Ч.П-г ажлаас чөлөөлсөн аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Б/55 дугаартай тушаал нь хууль тогтоомжид нийцэж гарсан. Мөн Захиргааны ерөнхий хуульд зааснаар тушаалын илэрхий алдааг аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/91 дугаартай тушаалаар зассан.
Ч.П нь чөлөө авалгүйгээр ажлаа тасалсан, ажлын байрны чиг үүрэг буюу тэтгэвэр авагч иргэдийн эрхийг хангахгүй, ажил тасалж хүмүүст хохирол учруулсан зөрчил гаргасан, байгууллагын даргаас ирж сургалтад оролцох талаар албан бичиг явуулаад байхад ирүүлээгүй, тайлан, мэдээгээ хангалтгүй явуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа боловч шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Иргэдийн зөвшөөрлийн хуудасны хугацааг сунгаж өгөөгүй, сумын байцаагч нарын чадавхыг дээшлүүлэх сургалт 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдрүүдэд зохион байгуулахад 03 дугаар сарын 24-ний өдрийн сургалтыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан, сарын мэдээ тайланг хугацаанд нь ирүүлдэггүй гэх зэрэг үйл баримтууд нь нэхэмжлэгчийн “үр дүнгийн гэрээ”-ний биелэлтийг дүгнэхэд хамааралтай, нэхэмжлэгч дээрх байдлаар гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзвэл, эрх бүхий этгээд түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэхдээ харгалзаж үзэх үзүүлэлт болохоос бус шууд ажлаас халах үндэслэл болохгүй юм” гэж хуулийг буруу тайлбарласан.
Учир нь 2002 онд батлагдсан Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж заасан болохоос биш үр дүнгийн гэрээний биелэлтийг харгалзан шийдвэрлэх талаар болон ажлаас халах үндэслэлүүдийг зааж өгөөгүй байна. Ч.П-ийн үйлдлүүд нь ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн учир үр дүнгийн гэрээний биелэлтийг заавал шаардах шаардлагагүй юм.
Ч.П-г 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр чөлөөлсөн бөгөөд 2018 оны хагас жилийн үр дүнгийн гэрээний илтгэх хуудсаа аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст ирүүлэх боломжтой байсан боловч ирүүлээгүй учир Ч.П-ийн 2018 оны хагас жилийн үр дүнгийн гэрээг хангалтгүй дүгнэсэн талаарх баримт аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст байдаг. Захиргааны хэргийн шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй байхад холбогдох баримтыг цуглуулахгүйгээр шүүх хуралдаан хийсэн бөгөөд шийдвэрийн үндэслэх хэсэгтээ үр дүнгийн гэрээг дүгнэх шаардлагатай байсан гэх байдлаар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм. Хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий нотлох баримтыг гаргуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Иймд Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянахад шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч Ч.П-г Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Б/55 дугаар тушаалаар “... хэлтсийн хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гарган ажлын дөрвөн өдрийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараалан биелүүлээгүй” гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Хариуцагчаас нэхэмжлэгчийг “албаны чиг үүрэгт тусгагдсан хэрэгжүүлбэл зохих албан албан үүрэг, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 4 өдрийг тасалсан, тэтгэвэр авагчдын итгэмжлэлийн хугацааг сунгаж өгөөгүйгээс даатгуулагч нар 1-3 сар тэтгэврээ авч чадаагүй” гэсэн үндэслэлүүдээр төрийн албанаас чөлөөлсөн гэж тайлбарлан маргажээ.
Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалт нь “удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” тохиолдолд төрийн албанаас халах зохицуулалт байна. Уг зохицуулалт нь ажлын байрны тодорхойлолтод заасан албан үүргээ биелүүлэх мэдлэг, ур чадвартай холбоотой, түүнээс үүдэн гарах хууль зүйн үр дагаврыг зохицуулсан байна. Төрийн албан хаагч албан үүргээ хангалтгүй биелүүлсэн эсэхийг мөн хуулийн 19 дүгээр зүйлд заасан журмын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэсний үндсэн дээр тогтоохоор байна.
Үүнээс үзвэл нэхэмжлэгчийг буруутгаж буй үндэслэлүүд нь төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх үндэслэл болохооргүй байна. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалт нь төрийн жинхэнэ албан хаагч нь удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлснээс төрийн албан хаагч өөрийн ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүргийг 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй, тухайн албан тушаалд ажиллах мэдлэг, ур чадваргүй болох нь илэрхий болсон, түүний улмаас төрийн албанд учирсан үр дагавар зэргийг харгалзаж үзсэний үндсэн дээр төрийн албанаас халах зохицуулалтад нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлсөн акт нийцээгүй байна.
Түүнчлэн, Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмын 6.3-т “Гэрээний биелэлтийг бүтэн жилээр дүгнэнэ” гэж заасан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын “хагас жилийн үр дүнгийн гэрээний илтгэх хуудсаа аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст ирүүлэх боломжтой байсан боловч ирүүлээгүй учир Ч.П-ийн 2018 оны хагас жилийн үр дүнгийн гэрээг хангалтгүй дүгнэсэн талаарх баримт аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст байдаг ... хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий нотлох баримтыг гаргуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн” гэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан нь шүүх нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй захиргааны акт, түүний үндэслэл, уг актыг гаргасан захиргааны байгууллагын татгалзалд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэхээр зохицуулсан байна.
Гэтэл анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 152 дугаар захирамжаар нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлоогүй захиргааны байгууллага, түүний шийдвэрийг буюу хэргийн оролцогч биш Завхан аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн маргаан бүхий ажлын байранд зарласан сонгон шалгаруулалтыг түдгэлзүүлсэн байна. Улмаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3-т “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж нь тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хүчин төгөлдөр байна” гэж заасан байхад шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтаар захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай захирамжийн үйлчлэл дуусгавар болох талаар заалт оруулсан нь буруу болохыг дурдах нь зүйтэй байна.
Түүнчлэн, Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/91 дүгээр тушаалаар маргаан бүхий “Ажлаас чөлөөлөх тухай” Б/55 дугаар тушаалын “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дахь заалт, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.4 дэх заалт”-ыг тус тус хүчингүй болгожээ. Хэргийг шийдвэрлэсэн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны нотлох баримт шинжлэн судлах үед нэхэмжлэгчээс Б/91 дүгээр тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх хүсэлт гаргасныг анхан шатны шүүх “... гаргасан шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэх ажиллагаа явагдаад дуусч байна. Хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө нэхэмжлэлийн шаардлагын талаар тодруулсан[1]” гэж дүгнэсэн нь зөв байна. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа бичгэн хэлбэрээр гаргаагүй, тус шаардлагыг шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй болохыг тэмдэглэв.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг баримтлан
ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 118/ШШ2019/0003 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
[1] Хэргийн 205-р тал