Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 201/МА2016/00033

 

 Н.Буянбаатарын нэхэмжлэлтэй,

“Баянтүмэн Өргөө” ХХК-д холбогдох хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Я.Алтаннавч, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 сарын 18-ны өдрийн 138/ШШ2016/00636 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяагийн давж заалдах гомдлоор Н.Буянбаатарын нэхэмжлэлтэй, “Баянтүмэн Өргөө” ХХК-д холбогдох гэрээ хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, 3500000 төгрөг гаргуулах тухай болон гэрээний үүрэг зөрчсөний улмаас  учирсан хохирол 4045205 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2016 оны 06 сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Н.Буянбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 7 сард “Баянтүмэн өргөө” ХХК-ний ашиглалтанд орсон 62 дугаар байрнаас байр зарах зарын дагуу очиж үзээд тус компани дээр очиж байр авах талаар тохиролцсон. Урьдчилгаагаа эхэлж төлөөд үлдэгдэл төлбөрийг банкнаас зээл авч төлөхөөр тохирсон ба энэ компаний барьсан 62 дугаар байрны 7 давхарын 14 тоот 77,8 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг 1 м2-ийг нь 1500000 төгрөгөөр тооцож нийт үнийг 116700000 төгрөгөөр тохирсон. Ингээд уг компани гэрээний маягт гаргаж ирж бөглөөд гарын үсэг зураад боллоо гэсний дагуу гэрээнд гарын үсэг зурж, гэрээ байгуулсан өдрөө байрны урьдчилгаанд 16700000 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш эхнэр Оюунтунгалаг бид хоёр Худалдаа хөгжлийн банкинд зээлийн материалаа бүрдүүлж өгөхөд янз бүрийн судалгаа, шалгуур болзол заасан. Эхнэр бид хоёр байрны урьдчилгаанд өгсөн 16700000 төгрөгийг Батболд гэдэг дүүгээрээ малчны зээл авахуулж зээлж авсан байсан. Урьд нь бид малчны зээлтэй байсан учраас банкнаас өөр банкинд байгаа бусад зээлээ хааж ир, зээлийн үлдэгдэлгүй байх ёстой гэдэг шалгуур тавьсан. Ингээд бид мал зарах гэсэн боловч мал махны ханш буурсан байсан учраас зарж чадахгүй хэсэг хугацаа өнгөрсөн. 10 сарын дундуур хотруу явж малаа зараад зээл хаах мөнгөтэй болж ирээд банктайгаа уулзахад Худалдаа хөгжлийн банкнаас та хоёрт зээл олгохгүй, зээлийн шалгуур болзол хангахгүй байна гэсэн. Энэ хугацаанд Баянтүмэн өргөөгөөс зээл чинь бүтэж байна уу, юу болж байна гэж асууж байсан. Тэгээд зээл бүтэхгүй болсны дараа Баянтүмэн өргөө компани дээр очиход бидний авах гэж байсан байрыг өөр хүнд зарсан гэсэн. Тэгэхээр урьдчилгаанд өгсөн мөнгөө авъя гэхэд захирлыг ирэхээр уулз, танайх байр авна гэж зөндөө хүлээлгэсэн учраас хүү гэж суутгаж авна гэсэн. Ингээд цагаан сар болж байсан учраас бид урьдчилгаагаа аваагүй явсан. 2016 оны 2 сард бидний дансанд урьдчилгаанаас 13200000 төгрөгийг шилжүүлсэн байсан. 3500000 төгрөгийг нь хугацаа сунжруулсан учраас хүүнд тооцож авч үлдсэн гэсэн. Үүнийг нь би зөвшөөрөөгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Анх надтай гэрээ байгуулахдаа Орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ гаргаж ирээд гарын үсэг зуруулсан байсныг шүүхэд нэхэмжлэл гаргаж өгөхдөө мэдсэн. Тухайн үед би хууль мэдэхгүйгээс болж ямар гэрээнд гарын үсэг зурж байгаагаа мэдээгүй. Миний зорилго бол бариад ашиглалтанд орчихсон байрнаас 3 өрөө байр худалдаж авах байсан. Би байр бариулах гэж захиалаагүй. Энэ гэрээн дээр банкнаас зээл гараагүй хугацаа хэтрүүлсэн бол хүү, алданги төлөх талаар тусгаагүй. Бид банкнаас зээл гарахад байрны үлдэгдэл төлбөрөө бүрэн төлж дуусгаад байрныхаа түлхүүрийг гардаж авах талаар бид тохиролцсон. Би байрны түлхүүр ч гардаж аваагүй, байрандаа ч ороогүй байсан. Гэтэл биднээр энэ компаний банкинд төлсөн хүү гэж 3500000 төгрөгийг суутгаж авч үлдсэнд гомдолтой байгаа учраас 3500000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн орон сууц худалдах худалдан авах тухай гэрээ хийх байтал орон сууцны барилгын ажил захиалгаар гүйцэтгэх гэрээ байгуулж, намайг төөрөгдүүлсэн учраас энэ гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч “Баянтүмэн өргөө” ХХК-иас шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон тус компаний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Иргэн Н.Буянбаатар болон түүний гэргий Оюунтунгалаг нар нь 2015 оны 4 сард манай компаний барьсан 62 дугаар байрны 14 тоотыг үзэж сонирхон худалдаж авахаар тохиролцон, улмаар банкны зээл хөөцөлдөхөөр болсон юм... Ингээд 2015 оны 7 сарын 02-ны өдөр байрны урьдчилгаанд 16700000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг банкны зээл гарахаар төлөхөөр болж тохиролцож гэрээгээ байгуулсан. Тухайн үед нь бид банкнаас тэдний зээлийн талаар асуухад бичиг баримтууд нь бараг бүрдсэн, зөвхөн өөр банкинд байгаа зээлээ хаагаад ир гэж явуулсан гэж хэлсэн. Ингээд одоо л нэг асуудал шийдэгдэх нь гэж бодтол бүр чимээгүй болсон. 2 сарын дараа холбогдоод бүхэл бүтэн 4-5 сар болоход та хоёрын зээл бүтэхгүй байна, энэ хугацаанд бид банкинд сарын хүүнд 1500000 төгрөг төлж байгаа учраас гэрээ хийсэн хугацаанаас  хойшхи хүүг та нараас авна шүү гэдгийг хэлсэн. Тэгэхэд Оюунтунгалаг одоо удахгүй бүтэх гэж байна, та жаахан хүлээчих гэсэн. Ингээд дахиад таг чиг болохоор нь Худалдаа хөгжлийн банкны Дорнод салбарын захиралтай уулзахад тэд зээлийн үзүүлэлт хангахгүй, дээр нь маш удаан сунжруулсан гээд зээл гаргахгүй талаар хэлсэн. Манай компани дээрх 12 давхар орон сууцны барилгыг барихын тулд Худалдаа хөгжлийн банкнаас 18 хувийн хүүтэй, 2 тэрбум 500 сая төгрөгийн, мөн жилийн 21 хувийн хүүтэй 650 сая төгрөгийн зээл авсан байсан бөгөөд сард ойролцоогоор 20 сая төгрөгийг зээлийн хүү болон зээлийн эргэн төлөлтөд төлж байна. Хэрвээ бид дээрх байрыг Н.Буянбаатарын зээл бүтэхийг хүлээлгүй, тухайн үед сонирхож байсан хүмүүст худалдсан бол 4-5 сарын хугацаанд сар бүр банкинд 1500000 төгрөгийн хүү /нийт 6-7,5 сая/ төлж хохирохгүй байсан. Харин бид зөвхөн гэрээ хийснээс хойш хоёр сарын хүүг бодож авч үлдсэн учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Гэрээний хувьд бид байраа улсын бүртгэлд бүртгүүлэхийн тулд орон сууцны захиалгын гэрээг байр худалдаж авсан бүх хүмүүстэйгээ байгуулсан. Улсын бүртгэлээс ийм гэрээ хийхийг шаарддаг. Хоёр тал хоёулаа ашиглалтад орсон байрыг худалдаж, худалдан авч байгаагаа мэдэж л байсан. Нэхэмжлэгч тус компанийн ашиглалтад орсон байрны 14 тоот 3 өрөө байрыг худалдаж авахыг санал болгосон. 2 тал харилцан тохиролцоод үнэ ханшаа 116700000 төгрөгөөр тохиролцож нэхэмжлэгч нь байрны урьдчилгаанд 16700000 төгрөгийг төлөөд үлдэгдэл төлбөрийг банкнаас орон сууцны зээл авч төлөхөөр болж харилцан тохиролцож хүсэл зоригоо илэрхийлж гэрээ байгуулсан. Энэ гэрээг байгуулах явцад компанийн зүгээс Н.Буянбаатарыг төөрөгдүүлээд, албаар хүчээр гарын үсэг зуруулаагүй. Харилцан сайн дурын үндсэн дээр өөрсдийн хүсэл зоригийг илэрхийлээд л гэрээгээ байгуулсан учраас гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Баянтүмэн өргөө” ХХК-иас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн барьж ашиглалтад орсон 62 дугаар байрыг тухайн үед хүмүүс сонирхож нилээд ирж байсан ба 12 давхарын нэг байр, 7 давхарын 14 тоот гэсэн хоёр байр үлдсэн байсан. Иргэн Буянбаатар, Оюунтунгалаг нар уг байрыг үзээд худалдаж авахаар болж харилцан тохиролцоод явснаас хойш нилээд хүмүүс сонирхож байсан боловч бид энэ хоёр хүнд худалдахаар тохирсон байсан учраас бид бусад хүмүүст санал болгоогүй билээ. Манай компани дээрх 12 давхар орон сууцны барилгыг барихын тулд Худалдаа хөгжлийн банкнаас 18 хувийн хүүтэй, 2 тэрбум 500 сая төгрөгийн, мөн жилийн 21 хувийн хүүтэй 650 сая төгрөгийн зээл авсан байсан бөгөөд сард ойролцоогоор 20 сая төгрөгийг зээлийн хүү болон зээлийн эргэн төлөлтөд төлж байна. Бид байраа зараад зарсан мөнгөөрөө сар бүрийн төлөлтөө төлөөд явдаг. Энэ талаар манай талаас гаргаж өгсөн. Манай компанийн зээлийн дансны хуулгаас харагдаж байна. Буянбаатарын худалдаж авах гэж байсан байрыг бид банкны зээл гарахаа болилоо гэдгийг мэдээд Ө.Саранхүү гэж хүнд бэлэн мөнгөөр 116700000 төгрөгөөр 2015 оны 12 сарын 18-ны өдөр худалдсан. Энэ мөнгөө ч банкны зээлэндээ төлсөн. Тиймээс энэ байр их эрэлттэй байсан гэдэг нь харагдаж байгаа. Иймд бид Буянбаатарын байрны зээл бүтэхийг хүлээж олон сарын хугацаанд зээлийн хүү төлж хохирсон. Ингээд гэрээ байгуулснаас хойш бүхэл бүтэн 4-5 сарын хугацаанд зээл нь гаралгүй, олон сар хүлээлгэж, хэлж тохирсон гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй учраас хохирлоо нэхэмжилж байна. Үүнд: 2015 оны 07 сарын 02-ны өдөр гэрээ байгуулж манай дансанд урьдчилгаа байршуулсан үеэс эхлэн дээрхи байрыг худалдах үе хүртэлх байрны зээлийн уг байранд оногдох хүүг тооцож бодвол: 2015.08.03-ний өдрөөс 2015.12.18-ны өдрийг хүртэл хугацааны хүү нийт 7545205 төгрөг болж байна. Энэ нь уг байрыг зарагдах цаг хугацааг хойшлуулж, энэ хугацаанд банкны зээлийн хүүнд төлсөн хохирол гэж үзэх бөгөөд үүнээс байрны урьдчилгаанаас суутгаж авч үлдсэн 3500000 төгрөгийг хасч, 4045205 төгрөгийг Н.Буянбаатараас гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү. Буянбаатар нь тус компанийн захирал Болорсүхийн дансанд урьдчилгааг байршуулж, Болорсүх өөрийн данснаас компанийн дансруу урьдчилгааны мөнгийг шилжүүлсэн талаар банкны хуулганаас харагдаад байгаа учраас Болорсүхийг компанийн захирлаар томилсон болон компанийн дүрэм, компанийн гэрчилгээ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн бөгөөд энэ талаар маргаан байхгүй гэжээ.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар нь сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 6 сард уг байрыг очиж үзээд 7 сард худалдаж авахаар тохиролцож урьдчилгаагаа шилжүүлсэн. Компаниас яриад цалингаа тавих гэсэн юм, та урьдчилгаагаа шилжүүлчих гэсээр байгаад авсан. Түүгээр цалингаа л тавьсан. Түүнээс биш бидэнд банкнаас зээлтэй, та нар авахгүй бол хүүг нь төлнө шүү гэдгийг тохиролцоогүй, зээл бүтэхгүй бол яах талаар ч тохиролцоогүй. Эднийх одоо ч байрнууд нь зарагдаагүй бололтой зар явж л байдаг. Түүнээс үзвэл өөрсдөдөө тохиолдсон алдагдлаа бага ч гэсэн биднээр төлүүлж авах л санаатай байна. Түүнчлэн “Баянтүмэн өргөө” компаний банкны өмнө хүлээсэн үүргийг нэхэмжлэгч тал хүлээх боломжгүй. Банкны зээлийн хүү төлөх асуудал нь энэ компани болон банк хоёрын хоорондын харилцаа болохоос биш нэхэмжлэгч талтай байгуулсан гэрээний үүргийн улмаас учирсан хохирол биш юм. Ийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 сарын 18-ны өдрийн 138/ШШ2016/00636 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэхь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч “Баянтүмэн өргөө” ХХК-иас байрны урьдчилгааны үлдэгдэл 3500000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Буянбаатарт олгож, үндсэн нэхэмжлэлээс гэрээ хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай шаардлагыг, Н.Буянбаатарт холбогдох гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол 4045205 төгрөг гаргуулах тухай хариуцагч “Баянтүмэн өргөө” ХХК-ний сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Н.Буянбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 812400 төгрөг, хариуцагч “Баянтүмэн өргөө” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79673 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Баянтүмэн өргөө” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Буянбаатарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяа давж заалдах гомдолдоо: Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 сарын 18-ны өдрийн 138/ШШ2016/00636 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч доорх гомдлыг гаргаж байна. Үүнд:

Нэхэмжлэлийн үндсэн шаардлага нь талуудын хооронд байгуулагдсан “Орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах мөн үндэслэлгүй суутгаж авсан 3,5 сая төгрөгийг буцааж олгуулах байсан. Энэ нэхэмжлэлийн талаар шүүх гэрээг хүчин төгөлдөр гэж зөв дүгнэлт хийсэн мөртлөө 3,5 сая төгрөг нэхэмжилсэнийг “гэрээнд харилцан тохиролцоогүй, гэрээнд тусгаагүй” гэж хууль зүйн үндэслэлгүйгээр буруу дүгнэлт хийж гэрээний үүргээ биелүүлээгүйгээс төлсөн 3,5 сая төгрөгийг суутгаж авсаныг буцааж олгохоор шийдвэрлэсэн байна.

Сөрөг нэхэмжлэлийн талаар мөн хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийжээ. “Баянтүмэн өргөө” ХХК иргэн Буянбаатар нарын хооронд хийсэн гэрээ хүчин төгөлдөр юм бол гэрээний 6 дугаар зүйлийн 6.5-д заасан гэрээний заалтад байгаа захиалагчийн хүлээсэн үүргийг анхаарч үзсэнгүй. Энэ заалт нь гэрээний үүргээ биелүүлээгүй гэрээ цуцлагдсан тохиолдолд гарах хохирлыг төлөх хариуцлагын заалт юм. Нөгөө талаас мөн гэрээний 6 дугаар зүйлийн 6.8-д заахдаа гэрээний үнийг төлөх хуваарьт заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд тухайн төлбөрийн дүнгийн 0.1 хувийн алданги хэтэрсэн хоног тутам тооцож гүйцэтгэгч талд төлнө гэсэн заалтыг шүүх дүгнэж үзсэнгүй. Харин гэрээнд үлдэгдэл мөнгөө хэзээ төлөх талаар тодорхой заагаагүй ч гэсэн тухайн үлдэгдэл 99900000 төгрөгийг банкны зээлээр авах талаар талуудын тохиролцсон байдал нь банкны зээл гарах хугацаагаар тохирсон гэдгийг нотолж байна. Энэ талаар буюу банкны зээлээр авах гэж Худалдаа хөгжлийн банкинд материал өгсөн тухай гэрчийн мэдүүлэг болон нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн тайлбар байдаг. Тэгвэл гэрээний 6 дугаар зүйлийн 6.8-д зааснаар “Баянтүмэн өргөө” ХХК нь банкны зээл гаргах хугацааг 2015 оны 7 дугаар сарын 2-ноос хойш хугацааг гэрээ цуцлагдах буюу нэхэмжлэгч түүний эхнэр ХХБ-аас материалаа авах хүртэлх хугацааг тооцвол 6 сарын хугацааны 0.1 хувиар алданги хохирлыг тооцох юм бол бараг 17 сая 982 мянга гаран төгрөг төлөх  тооцоо гарна. Тийм болохоор “Баянтүмэн өргөө” ХХК-иас хугацаа болон хохирол алдангийг нарийн тооцолгүй ойролцоогоор банкны зээлийн хүү төлсөн тооцоог баримтлан нийт 8769312 төгрөгийг сөрөг нэхэмжлэл болгон нэхэмжилсэн юм. Энэ талаарх нотлох баримт болох банкинд төлсөн хүү уг байрууд зарагдаж төлбөр бүрэн төлсөн тохиолдолд зээл болон зээлийн хүү бүрэн төлөгдөж дараа сараас хүү буурч төлөгдөж байсан талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн билээ. Үүнийг анхан шатны шүүх бүрэн дүгнэж үзээгүй тул хэргийг дахин хянуулж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах, Н.Буянбаатарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж гомдол гаргаж байна. Мөн анхан шатны шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч өөрт учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй гэж заасан мөртлөө Н.Буянбаатарын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй талаар талуудын мэдүүлэг гэрчийн мэдүүлгээр бүрэн нотлогдоод байхад “Баянтүмэн өргөө” ХХК нь банкны өмнө хүлээсэн үүргээ Н.Буянбаатараар төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан мэтээр ойлгомжгүй буруу дүгнэлт хийсэн юм. Иймд хэргийг дахин хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсье гэжээ.     

                                               ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Буянбаатар нь хариуцагч “Баянтүмэн өргөө“ ХХК-иас орон сууц худалдаж авахаар урьдчилгаанд өгсөн төлбөрийн үлдэгдэл 3500000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Н.Буянбаатар нь 2015 оны 07 сарын 2-ны өдөр хариуцагч “Баянтүмэн өргөө“ ХХК-тай тус компаний ашиглалтанд орсон 62 дугаар байрны 14 тоотын 3 өрөө орон сууцыг худалдаж авахаар тохирч мөн өдрөө компаний дансанд байрны төлбөрийн  урьдчилгаанд 16700000 төгрөгийг шилжүүлсэн ба нэхэмжлэгч үлдэгдэл төлбөрөө банкнаас зээл авч төлөх, уг нөхцлийг хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон байна. 

Гэтэл нэхэмжлэгч Н.Буянбаатарт банкнаас олгогдоогүй зээлийг гэрээний үүргээ зөрчиж  хариуцагчийн компанид хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчээс хариуцагчид орон сууцны урьдчилгаанд төлсөн төлбөрөөс 3500000 төгрөгийг компанид учруулсан хохирол гэж суутгаж авсан хариуцагчийн үйлдлийг хууль бус гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 116 дугаар зүйлийн 116.2 дахь заалттай нийцэж байна.

Хариуцагч “Баянтүмэн өргөө“ ХХК-ний давж заалдах гомдлоор шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчаас тус шүүхэд давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 79673 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 сарын 18-ны өдрийн 138/ШШ201600636 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “Баянтүмэн өргөө“ ХХК-ний давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч “Баянтүмэн өргөө“ ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79673 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Л.НАРАНБАЯР

            ШҮҮГЧИД                                                Я.АЛТАННАВЧ           

                                                                               З.ЭНХЦЭЦЭГ