Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 59

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр, улсын яллагч Р.Очирсүрэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.А, шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч Г.Мөнхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Боржигон овогт Батцэнгэлийн Өлзийсайханыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасангэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 02763 0694 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Б.Ө, Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймагт ... өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, нагац эгч, хоёр дүүгийн хамт ... тоотод оршин суудаг, регистрийн дугаар ...., урьд:

-Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 211 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 7 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг хоёр жилийн хугацаагаар хойшлуулсан;

-Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 989 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.Ө нь Б.Б бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 15 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байрны гадна иргэн Г.Б эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж  “LG-5” загварын гар утсыг дээрэмдэж 315,000 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгтхолбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Б овогт Б.Ө нь 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байрны гадна бусадтай бүлэглэнхөгжлийн бэрхшээлтэй Г.Б-ий эд хөрөнгө болох 315,000 төгрөгийн үнэлгээ бүхий “LG-5” загварын гар утсыг хүч хэрэглэн довтолж авсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Ө-ны шүүх хуралдаанд өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Б намайг дуудахаар нь би 1 дүгээр хорооллын 32 дугаар байранд очсон юм. Намайг очиход тэрээр архи ууж байсан бөгөөд би архинаас уугаагүй. Тэгээд би бие засах гээд явсан. Бие засчхаад буцаад ирэхэд Б нэг хүнтэй ноцолдож байсан бөгөөд намайг гар утсыг нь авчих гэхээр нь би халааснаас нь гар утсыг нь авсан. Тэр гар утсыг Б зарж борлуулсан. Мөрдөн байцаалтын үед “гар утсаа Б гэж хүнд өгсөн” гэсэн мэдүүлэг нь худал. Ямар ч тийм хүн байхгүй..., би яллах дүгнэлтэд дурдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Түүнчлэн бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул ял шийтгэл хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.А-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Миний дүү Б нь хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд миний асрамжид байдаг юм. Тиймээс би энэ хэрэгт түүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон болно. Хэрэг гардаг өдөр намайг ажил дээр байхад Билгүүн утасдаад “Хархорин дээр намайг зодоод, миний гар утсыг дээрэмдээд авчихлаа” гэж хэлсэн. Тэгээд би ажлаасаа чөлөө аваад, цагдаагийн хэлтэс дээр очиж мэдүүлэг өгсөн бөгөөд энэ хэргийг 32 дугаар байрны хойд талын цонхон дээрээс хөгшин настай нэг хүн харсан юм билээ. Тэр хүнээс би асууж лавлаад баарны камерыг шүүж үзэхэдбичлэгт хэн гэдэг нь танигдахгүй 2 залуу урагшаа гүйгээд явж байсан. Энэ талаар цагдаад хэлсэн. Одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Учирсан хохирол болох 315,000 төгрөгийг хүлээн авсан...” гэсэн мэдүүлэг;

3. Хохирогч Г.Б мөрдөн байцаалтад өгсөн: "...2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32-ын автобусны буудал дээр буугаад 32 дугаар байрны урдуур буюу ертөнцийн зүгээр урд талаар алхаж явж байтал миний араас нэг үл таних хүн намайг боож унагаасан. Гэтэл нэг үл таних залуу урдаас ирээд миний баруун өмдний халаасанд байсан миний гар утсыг авсан. Тэгээд боож унагасан залуу намайг тавиад зугтаасан. Тэгэхээр нь нэг залууг нь бариад автал би гар утсыг чинь авсан залууг танихгүй гэсэн, нэг залуу нь бор царайтай дал нь гарсан майктай намхан биетэй гартаа шивээстэй байсан. Харин нөгөөх нь саравчтай малгайтай, жийнс өмдтэй саарал өнгийн фудболктай байсан, дахин харвал танина...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 15-17 дугаар хуудас);

4. Гэрч Н.А-рын мөрдөн байцаалтад өгсөн: “...Б-ний ээж нь Солонгос улсаас “LG-5” загварын гар утсыг нэг сарын өмнө явуулсан юм. Тэгээд тэр утсаа сая алдсан байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 20-21 дүгээр хуудас);

5. Гэрч О.Ш-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр цонхны доор хүмүүс ноцолдоод чимээ гарахаар нь цонхоор харахад 20 орчим насны нэг залууг 30-35 орчим насны 2 залуу газар унагаачихсан, нэг нь багалзуурдаад дээр нь сандайлаад суучихсан, нөгөөх нь халаасыг нь ухаж байгаад нэг хар дөрвөлжин юм аваад явсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 22-24 дүгээр хуудас);

6. DAMNO ХХК-аас гаргасан “LG-5 загварын гар утсыг 315,000 төгрөгөөр үнэлж хохирлын дүнг тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 31-34 дүгээр хуудас), шүүгдэгч Б.Ө-ны иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 112 дугаар хуудас), урьд хоёр удаа ял шийтгүүлж байсан талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 82 дугаар хуудас), шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-ийн 87-98 дугаар хуудас) зэрэг болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-ны хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан бөгөөд прокурорын тогтоолоор яллагдагч Б.Б-т холбогдох хэргийг тусгаарласан байх тул анхан шатны шүүх тусгаарлагдсан хэргийн хувьд Б.Б гэм буруутай эсэхийг огт хэлэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн, шүүгдэгч Б.Ө-д холбогдох эрүүгийн хэргийн хувьд нотолбол зохих байдлыг хангалттай нотолсон, нотлох баримтыг бүх талаас нь шалгасан байх бөгөөд яллагдагч Б.Б-т холбогдох хэргийг тусгаарласан нь шүүхээс хэргийн бодит байдлыг тогтооход нөлөөлөхгүй, шүүгдэгч Б.Ө-ны гэм бурууг шүүн хэлэлцэхэд саад болохгүй гэж шүүх үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Өл нь бусадтай бүлэглэн хохирогч Г.Б-ний эд хөрөнгийг авах зорилгоор түүнд хүч хэрэглэн довтолсон болох нь хохирогч Г.Б-ний “...би 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр автобусны буудал дээр буугаад 32 дугаар байрны урдуур алхаж явж байтал миний араас нэгэн үл таних хүн намайг боож унагаасан. Гэтэл өөр нэгэн үл таних залуу урдаас ирээд миний баруун өмдний халаасанд байсан гар утсыг авсан...” гэсэн мэдүүлэг, гэрч О.Ш-ийн“...2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр цонхны доор хүмүүс ноцолдоод чимээ гарахаар нь цонхоор харахад 20 орчим насны нэг залууг 30-35 орчим насны 2 залуу газар унагаачихсан, нэг нь багалзуурдаад дээр нь сандайлаад суучихсан, нөгөөх нь халаасыг нь ухаж байгаад нэг хар дөрвөлжин юм аваад явсан...”гэсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Б.Ө-ны хэргээ хүлээн мэдүүлсэн нь эдгээр нотлох баримтаар батлагдаж байгаа тул түүний мэдүүлгийг яллах үндэслэл болгосныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар Г.Б-ий эд зүйлийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолсноор төгсөх хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул дээрэмдэх гэмт хэрэгт хохирлын дүн хамаарахгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” хэмээн хуульчилсан тул урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн шүүгдэгч Б.Ө-ыг дээрэмдэх гэмт хэргийг бусадтай бүлэглэж үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Ө-ны үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал шунахайн сэдлээр бусдын эд хөрөнгийг авсан байх тул түүнийг дээрэмдэх гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийгхүч хэрэглэж авахаар довтолсон” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн, шүүгдэгч Б.Ө нь шүүх хуралдааны үед хэргийн үйл баримт, хохирогчид учирсан эд хөрөнгийн хохирол болон гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Б.Ө-ыг “дээрэмдэх” гэмт хэргийг бүлэглэж, хүч хэрэглэн довтолж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Г.Б нь хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоосон хохирол болох 315,000 төгрөгийг хүлээн авсан болохыг түүний хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд мэдүүлсэн бөгөөд нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч Б.Ө-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Ө нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-д 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирлоо бүрэн төлсөн, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт: “...Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй, анхнаасаа үйлдсэн гэмт хэргээ үнэн зөвөөр мэдүүлсэн. Тухайн үед Ө нь дээрмийн хэрэг үйлдэх санаа зорилго агуулаагүй байсан боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн байдаг юм. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын хамгийн доод хэмжээ болох 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү. Мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад заасан “гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн” гэсэн хуулийн шаардлагыг хангаж байгаа учраас эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүйгээр ял оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.Ө нь Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын хэмжээг хоёр жилээс найман жилийн хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн бөгөөд тэрээр гэмт хэрэг гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангасан байх тул өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжтой байна.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-д нэг жилийнхугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Ө-ны шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан хоёр хоног, цагдан хоригдсон 41 хоног, нийт 43 (дөчин гурав) хоногийг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцож, хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолохоор тогтлоо.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ө нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овогт Б.Ө-ыг “дээрэмдэх” гэмт хэргийг бүлэглэж, хүч хэрэглэн довтолж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-д нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Ө-ны цагдан хоригдсон нийт 43 (дөчин гурав) хоногийг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-д оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ө нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.Ө-д урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Ө-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

ШҮҮГЧ                                    Б.БАТАА