Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 134/ШШ2016/00086

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Э

Хариуцагч: З.О

Худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл, алданги, нийт 6 658 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С хариуцагч З.О нарийн бичгийн дарга А.Энхбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Нэхэмжлэгч “Э” ХХК хариуцагч З.Отой 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээгээр 5 700 000 төгрөгийн үнэтэй, чанарын доголдолгүй, шинэ “Керби сентриа” ахуйн цэвэрлэгээний төхөөрөмжийг худалдан авагчид шилжүүлж, гэрээ байгуулахдаа урьдчилгаа 1 000 000 төгрөгийг бэлнээр авч, үлдсэн 4 700 000 төгрөгийг 18 сарын хугацаатай сар бүр 261 111 төгрөг төлж барагдуулах нөхцөлтэйгээр худалдсан.

Гэрээний хугацаа 2016 оны 01 дүгээр сард дууссан бөгөөд хугацааны эцэст худалдан авагч З.О 1 261 000 төгрөг төлж, үлдсэн 4 439 000 төгрөгийг төлөөгүй байна. Хамгийн сүүлд 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр төлбөр 261 000 төгрөгийг төлснөөс хойш огт төлбөр төлж байгаагүй.

Хариуцагч бүтээгдэхүүнийг чанарын шаардлага хангахгүй, хэвийн ажиллахгүй гэж үзсэн бол энэ талаар гомдол гаргах эрхтэй. Энэ эрхийн талаар гэрээний 4.3-т чанарын шаардлага хангахгүй тохиолдолд манай байгууллагад гомдолоо гаргах талаар заасан байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс надад тайлбарлахдаа энэ талаар З.Отгонтуяа гомдол гаргаж байгаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй учраас нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэж байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 6.2 дахь хэсэгт төлбөр төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд төлбөр төлөлтийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохирсон бөгөөд хамгийн сүүлд 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс хойш төлбөр хийгээгүй 1 жил 9 сар буюу нийт 635 хоног хэтрүүлсэн хоног тутамд 4 439 төгрөг буюу 2 818 765 төгрөг төлөхөөр байгаа ч хуульд зааснаар 50 хувиас хэтрэхгүй байна гэж үзвэл 2 219 500 төгрөг байна.

Иймд гэрээний дагуу З.О-гаас үндсэн төлбөр 4 439 000 төгрөг, гэрээгээр тохирсон алданги 2 219 500 төгрөг, нийт 6 658 500 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

Хариуцагч З.О шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээгээр “Керби сентриа” ахуйн цэвэрлэгээний төхөөрөмжийг авсан. Уг төхөөрөмжийг “Э” ХХК-ийн ажилтан айл гэрээр явж хаалга, нүдэн реклам сурталчилгаа хийж зарж борлуулахаар танилцуулж явахад би тэд нарын үгэнд итгэж, судалж үзэлгүйгээр гэрээ байгуулан авсан. Гэтэл уг төхөөрөмжийг үйлчилгээний зориулалтаар ашиглахад чанар байдлын хувьд муу доголдолтой, хивс цэвэрлэгээ сайн хийдэггүй, цэвэрлэж чадахгүй байгаагаас хэрэглэгчдээс гомдол ирж цаашид ямар ч ашиглах боломжгүй болсон. Чанарын шаардлага хангаад цаашид бизнес хийсэн бол энэ мөнгийг төлөх л байсан.

Мөн дээрх төхөөрөмж нь их халаад мотор юм уу резин хэсгээс үнэр үнэртэж хүчтэй чимээ их дуугарч, эвдрэл өгсөнөөс ашиглахгүй гадна гаргаад орхисон байсныг хүн аваад явсан байсан. Уг төхөөрөмжийг гэмтэлтэй маш муу цэвэрлэж, эвдрэл өгсөн тул буцаах талаар хандахад гэрээ ёсоор буцаан авах боломжгүй гэсэн хариу өгсөн. Тухайн үед миний бие нь аавыгаа харж хандаж асарч байсан, дараа нь хувийн шугамаар Солонгос улс руу явсан зэргээс уг төхөөрөмжийн асуудлыг орхигдуулсан байсан.

“Э” ХХК нь анхнаасаа намайг төөрөгдүүлж маш өндөр үнэтэй төхөөрөмжийг борлуулахдаа худал хэлж зарсан учир би нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй. Зах зээлийн ханш болон уг төхөөрөмжийн талаар судлахад өндөр үнээр худалдан борлогддоггүй юм билээ.

Гэхдээ нэгэнт гэрээ хийсэн тул уг төхөөрөмжийн үнийг төлнө, харин алдангийг зөвшөөрөхгүй гэв.

 

Зохигчийн тайлбар болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Э” ХХК-иас 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн итгэмжлэлээр Ш.С компанийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах эрхийг олгосны дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч З.О холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 6 658 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч З.О нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, “Керби сентриа” төхөөрөмж нь чанар байдлын хувьд муу, доголдолтой, хивс цэвэрлэгээ сайн хийдэггүй, намайг хуурч, худал хэлж зарсан. Гэхдээ би нэгэнт худалдаад авсан тул үнийг төлнө. Харин алдангийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.   

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д тус тус зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хуульд зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй ба 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч “Э ХХК нь 5 700 000 төгрөгийн үнэтэй “Керби сентриа” ахуйн цэвэрлэгээний төхөөрөмжийг хариуцагч З.О-д шилжүүлж, урьдчилгаанд 1 000 000 төгрөг, үлдэгдэл төлбөрийг 18 сарын хугацаанд сарын 261 111 төгрөгөөр төлж дуусгахаар харилцан тохиролцсон болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан Худалдах, худалдан авах гэрээ, бараа хүлээлгэж өгсөн акт зэрэг баримтаар тогтоогдож байна.

Талууд гэрээний нөхцлүүд буюу гэрээний зүйл, үнэ зэргийг харилцан тохиролцож, уг гэрээний дагуу хариуцагч 1 261 000 төгрөгийн төлбөрийг төлсөн, барааны үлдэгдэл төлбөр 4 439 000 төгрөгийг төлөөгүй байна.

Хариуцагч нь чанар байдлын хувьд муу, доголдолтой, хивс цэвэрлэгээ сайн хийдэггүй, намайг хуурч, худал хэлж уг төхөөрөмжийг зарсан гэж тайлбарладаг боловч энэ тайлбараа нотлох баримтаар нотлоогүй, гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д барааны чанар болон баталгаат хугацааны талаар зохицуулсан байх ба хариуцагч нь барааны чанар байдал, доголдлын талаар худалдагчид гомдлын шаардлага гаргаагүй, Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6-д зааснаар эд хөрөнгийн доголдлыг арилгуулах, доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, баталгаат хугацааны дотор шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлээгүй байна.  

Нөгөөтэйгүүр 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээний бараа хүлээлгэж өгсөн актад “хүлээлгэн өгч байгаа бараа чанар хангасан, бүрэн байна” гэсэн ба гэрээний талууд энэ актад гарын үсэг зурж, З.О хүлээн авчээ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд алданги төлөхөөр гэрээнд заасан бол алдангийг шаардах эрхтэй.

Хэдийгээр талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т “төлбөр төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгэгчид төлбөр төлөлтийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алдангийг тооцно” гэж заасан байгаа боловч хуульд алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй байхаар заасан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар алдангийг тооцож нэхэмжилсэн байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар алдангийг тооцож нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

З.Отгонтуяа нь 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс хойш төлбөр төлөөгүй бөгөөд 1 жил 9 сар буюу 635 хоног хэтрүүлсэн талаар маргаагүй. Үүнээс хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар алданги тооцоход хоногт 4 439 төгрөг, нийт 2 818 765 төгрөг болсон боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн заалтын дагуу 2 219 500 төгрөг нэхэмжилсэн тул энэ төлбөрийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй. 

Иймд үлдэгдэл төлбөр 4 439 000 төгрөг, алдангид 2 219 500 төгрөг, нийт 6 658 500 төгрөгийг хариуцагч З.О гаргуулж, “Э монгол  ХХК-д олгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 121 486 төгрөг төлсөн бөгөөд нэхэмжлэл бүрэн хангагдсан тул дээрх төлбөрийг хариуцагчаар төлүүлж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч З.О 6 658 500 /зургаан сая зургаан зуун тавин найман мянга таван зуу/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Э ХХК-д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 121 486 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 121 486 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.НАРАНЧИМЭГ