Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Наранчимэг |
Хэргийн индекс | 134/2016/00083/И |
Дугаар | 134/ШШ2016/00091 |
Огноо | 2016-07-05 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 134/ШШ2016/00091
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Ц.Г
ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.Г шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бат-Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Г шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 1978 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Тээврийн яамны харъяа Улаанбаатар хот дахь ТМС-ыг моторчны мэргэжлээр төгссөн. 1974 онд жолооны курс төгссөн. Улмаар Тээврийн яамны харъяа Чойр дахь авто тээврийн 32 дугаар баазын даргын 1982 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 110 дугаар тушаалаар уг байгууллагад тасралтгүй 1991 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилласан.
Мөн Улаанбаатар төмөр замын Чойр дахь Замын 3 дугаар ангийн даргын 1994 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 203 дугаар тушаалаар слесариар томилогдон 1999 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс чөлөөлөгдсөн болно. Би одоо тэтгэвэрт гарах насанд хүрч, өндөр насны тэтгэвэрт гарахаар хөөцөлдтөл миний хөдөлмөрийн дэвтэр алга болчихсон. Архивын лавлагаагаар гарч ирсэн Авто тээврийн 32 дугаар баазын ажилд томилсон тушаалд моторчноор, чөлөөлөгдсөн тушаалд засварчнаар Улаанбаатар төмөр замын Чойр дахь замын 3 дугаар ангид томилсон тушаал слесариар, чөлөөлсөн тушаалд жолоочоор гэж албан тушаал эрхлэлтийн байдал зөрж бичигдсэнээс болж тэтгэвэрт гарах боломжгүй болчихоод байна. Моторчин, засварчин гэдэг нь тусдаа албан тушаал юм. Би тасралтгүй моторчин, засварчнаар ажиллаж байгаад л ажлаас гарсан. Хүн хүч хүрэлцэхгүй байхад нь би урсгал засвар болон моторчноор ажиллаж байсан.
Тэтгэвэртээ гарахаар нийгмийн даатгалын байцаагчид хандахад таны хөдөлмөрийн дэвтэр байхгүй, тушаалуудад таны ажил эрхэлсэн байдал зөрүүтэй байна. Миний хөдөлмөрийн дэвтэр Улаанбаатар төмөр замын Чойр дахь Замын 3 дугаар ангид байж байгаад үрэгдсэн тул шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон. Иймд 1982 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Чойр дахь авто тээврийн 32 дугаар баазад моторчин засварчнаар, 1994 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 1999 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Төмөр замын Чойр дахь замын 3 дугаар ангид слесарь, жолоочоор ажилласан байдлаа шүүхээр тогтоолгож ир гэсэн шаардлага тавьсан. 1999 оноос хойш ажилласан жилийн байдлыг нийгмийн даатгалын сайтаас шүүж тогтооно гэсэн.
Иймд Ц.Г намайг 1982 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Тээврийн яамны харъяа Дорноговь аймгийн Чойр дахь Авто тээврийн 32 дугаар баазад моторчин засварчнаар, 1994 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 1999 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Улаанбаатар төмөр замын Чойр дахь Замын 3 дугаар ангид слесарь, жолоочоор ажиллаж байсан байдлыг минь тус тус тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Г нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Ц.Г нь Тээврийн яамны харъяа Дорноговь аймгийн Чойр дахь Авто тээврийн 32 дугаар баазад 1982 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл моторчин, засварчин, жолоочоор,
1994 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1999 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Улаанбаатар төмөр замын Чойр дахь Замын 3 дугаар ангид слесарь, жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, 1978 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн моторчин засварчны 2 дугаар зэргийн 3410 дугаар үнэмлэх, Тээврийн Яамны харъяа Дорноговь аймгийн Чойр дахь Авто тээврийн 32 дугаар баазын даргын 1982 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 110 дугаар ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаал, 1991 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Диспетчирийн алба ажиллууж зарим ажилтанг ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай 120 дугаар тушаал, 1984 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 76 дугаар машин чиргүүл эзэмшүүлэх тухай тушаал, 1989 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 152 дугаар ажилд томилох тухай тушаал, Говьсүмбэр аймгийн Төрийн архивын 2011 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 11 тоот цалингийн тодорхойлолт, Улаанбаатар төмөр замын Чойр дахь Замын 3 дугаар ангийн даргын 1994 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 203 дугаар ажилд авах тухай тушаал, 1999 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 26 дугаар хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал, 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1994-1999 оны хооронд замын 3 дугаар ангид засварын газрын слесариар ажиллаж байсан цалин хөлсний тодорхойлолт, гэрч М.Калиймаагийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн шүүхэд өгсөн мэдүүлэг, гэрч П.Тунгалаг, С.Доржпүрэв, С.Бямбасүрэн нарын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр тус шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Ц.Г-ын ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Ц. нь Авто тээврийн 32 дугаар баазад 1982 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс моторчноор, Замын 3 дугаар ангид 1994 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 1999 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл слесарь, жолоочоор ажиллаж байснаа тогтоолгоно гэсэн боловч түүнийг ажилд томилсон болон чөлөөлөгдсөн тушаалд бичигдсэн хугацаагаар ажиллаж байсан байдлыг тогтоосон болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Ц.Г Тээврийн яамны харъяа Дорноговь аймгийн Чойр дахь Авто тээврийн 32 дугаар баазад 1982 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 4 дүгээр зэргийн моторчин, засварчин, жолоочоор,
1994 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1999 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Улаанбаатар төмөр замын Чойр дахь Замын 3 дугаар ангид 3 дугаар зэргийн слесарь, жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Ц.Г-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ