Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 12

 

             

         Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

         Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,

        Шүүгдэгч: З.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ш овогт З-гийн Т--д холбогдох 1935000090006 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 6 дугаар сарын 23-нд Увс аймгийн Тариалан суманд төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Тэргүүн бэкерей нарийн боовны үйлдвэрт савлагч, ам бүл-6, аав, дүү нарын хамт  Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн 12-30 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Ш овогт З-гийн Т. РД::............

Холбогдсон хэргийн талаар:

      Шүүгдэгч З.Т нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “MB shop” бэлэн хувцасны дэлгүүрээс хохирогч М.Ц-гийн 30.000 төгрөгний үнэ бүхий хар өнгийн түрүүвч болон түрүүвчин дотор байсан 345.000 төгрөгийг хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     1. Шүүгдэгч З.Т-ыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

      Шүүгдэгч З.Т нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “MB shop” бэлэн хувцасны дэлгүүрээс хохирогч М.Цгийн 30.000 төгрөгний үнэ бүхий хар өнгийн түрүүвч болон түрүүвчин дотор байсан 345.000 төгрөгийг хулгайлсан болох нь хохирогч М.Ц-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Өмнөговь сумын хоёр багш орж ирж плаж үзээд байж байхад манай төрлийн С “Тэргүүн” бэйкерид ажилладаг нэг найзтайгаа орж ирээд даашинз өмсөж үзээд аваагүй. Өмсөх гутал байхгүй гэхээр нь би С-д өөрийн шар өнгийн туфелээ өгөөд явуулсан. Манай төрлийн С өөрийн найзтайгаа ирээд явсны дараа Өмнөговь сумын хоёр багш хувцсаа өмсөөд гараад явсан. Түүний дараа нэг охин орж ирээд нэг даашинз өмсөж үзээд авахаар болоод 55.000 төгрөг бэлнээр өгөхөөр нь түрийвчиндээ хийх гэхэд хүүхдийн орон дээр байсан түрийвч байгаагүй. Миний хулгайд алдсан түрийвч нь арьсан материалаар хийсэн, хар өнгөтэй эмэгтэй хүн барих зориулалтай урт түрийвч байсан. Би тэр түрийвчийг 2018 оны 3 дугаар сард 35.000 төгрөгөөр худалж авч байсан. Миний түрийвч дотор 345.000 төгрөг бэлнээр, хаан банкны виза карт байсан. Мөн хүмүүсийн надад өгсөн нэрийн хуудаснууд байсан хэн, хэний хэдэн ширхэг нэрийн хуудас байсныг сайн мэдэхгүй байна. З.Т надад бэлнээр 200.000 төгрөг өгсөн. Үлдсэн мөнгийг 2019 оны 2 дугаар сарын 10-ны дотор надад төлж барагдуулахаар бид хоёр тохиролцсон. Надад ямар нэг гомдол тэмцэл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16-р талд/,

Насанд хүрээгүй гэрч З.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын сүүлээр өдрийг сайн санахгүй байна. Өөрийн эгч З.Т-оос таньд мөнгө байвал надад өгөөч гэж гуйхад 20.000 төгрөг өгсөн. Тухайн мөнгө ямар учиртай хаанаас авсан мөнгө болохыг би мэдээгүй. Би З.Т эгчээс авсан 20.000 төгрөгөөр дэлгүүрээс боорцог, талх, цагаан будаа гэх мэт хүнсний зүйл аваад дуусгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р тал/,  

гэрч М.З-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын сүүлээр өдрийн сайн санахгүй байна намайг эмнэлэг дээр явж байхад манай охин З.Т ирсэн. Би эмчийн бичиж өгсөн эм, тарианы жагсаалтыг өгөөд карт авч яваад аваад ир гэхэд надад мөнгө байгаа цалингийн урьдчилгаа авсан гэж хэлээд эм, тарианы жалсаалтыг авч гараад удалгүй эм, тариа аваад буцаад эмнэлэг дээр ирсэн. Хэдэн төгрөг болсон бэ гэхэд 80.000 төгрөг боллоо гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р тал/,

гэрч Г.С-ий мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хамт ажилладаг өөрийн найз З.Тын хамт МВ шоф дэлгүүр орсон. Тухайн өдрийн орой манай байгууллагын шинэ жилтэй байсан болохоор Ц эгчээс шинэ жилээр өмсөх өсгийтэй гутал гуйхаар очсон. Ц эгч танихгүй хүмүүст бараа танилцуулж байсан тул З.Т бид бас тус тусдаа бараа сонирхсон. Тэр хооронд З.Т юу хийсэн болохыг би анзаараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р тал/,

Шүүгдэгч З.Т-ын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тэр дэлгүүр 2 өрөө дэлгүүр байсан бөгөөд худалдагч эгч даашинз сонирхож байсан 2 хүнд бараагаа үзүүлээд зогсож байх хооронд Сувд-Эрдэнэ бид хоёр цаад талын өрөө рүү орсон. Тэр өрөөнд мөн бэлэн хувцаснууд байсан ба би хувцас сонирхож байтал тэр өрөөнд хүүхдийн модон орон дотор хар өнгийн түрүүвч байсныг даашинз хийчихсэн шар өнгийн тор барьж явсаныхаа дотор тэр түрийвчийг хийсэн. Миний хулгайлж авсан түрийвч эмэгтэй хүний, ледрен материалтай, урт түрийвч байсан. Намайг тэр түрийвч авсныг манай найз С мэдээгүй. Миний МВ шоф дэлгүүрээс хулгайлж авсан түрийвчинд бэлэн 345.000 төгрөг, хаан банкны виза карт байсан. Би тэр түрийвчинд байсанд 345.000 төгрөгийг аваад түрийвчийг жижиг барааны дэлгүүрийн гадна байсан цаасан хайрцаг руу хийж хаясан. Би зах дотор явж байгаад нэг дэлгүүр лүү ороод, түрийвчинд байсан мөнгөнөөс 18.000 төгрөгөөр чихмэл бамбарууш худалдаж аваад үйлчилгээний машинд өгч эгч З.А руу явуулсан. Дараа зах дотор байрлах хаан банкны бэлэн мөнгөний машин дээр очиж түрийвчинд байсан мөнгөнөөс 200.000 төгрөгийг өөрийнхөө 5822238547 дугаарын данс руу хийсэн. Тэндээс буцаж яваад өөрийн найз Су үсээ засуулаад  үлдсэн үсчиний газарт очсон. Намайг очиход С үсээ засуулаад дуусаж байсан ба бид хоёр хамт гараад Улаангом сумын 3 дугаар багийн Мишээл нэртэй үсчиний газарт очсон. Тэр үсчинд ороод би түрийвчинд байсан мөнгөнөөс 20.000 төгрөгөөр үсээ засуулж нүүрээ будуулсан. Би аавын картанд бичигдсэн эм тариаг төв эмийн сангаас авсан. Эм тариа нийт 84.000 төгрөг болсон ба би түрийвчинд байсан мөнгөнөөс худалдаж авсан. Аав надаас чи ямар мөнгөөр эм тариа авсан юм бэ? гэж асуухаар нь би цалингийн урьдчилгаа авсан тэр мөнгөөрөө авлаа гэж хэлсэн. Би түрийвч хулгайлсан талаараа аавд ямар нэг зүйл хэлээгүй. Би тэр түрийвчинд байсан мөнгөнөөс 3000 төгрөгөөр такси барьсан. Үлдсэн 20.000 төгрөгийг 2018 оны 12 дугаар 27-ны өдөр өөрийн төрсөн дүү З.А-т өгсөн. Би өөрийн дансанд хийсэн байсан 200.000 төгрөгийг хохирогч М.Ц-д буцаан өгсөн. 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хэрэг шүүхэд шилждэг өдөр үлдсэн 175.000 төгрөгийг М.Ц-д өгч учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

     Шүүгдэгч З.Т-ын хулгайлсан хохирогч Ц-гийн“эмэгтэй хүний арьсан түрийвч” нь 30.000 төгрөгийн үнэтэй болох нь “Увс Финанс-Аудит” ХХК-ий 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 32 дугаартай дүгнэлт /хх-ийн 43-р тал/-ээр тогтоогджээ.    

        Шүүгдэгч З.Т хууль бусаар, нууц далд аргаар буюу хулгайлж авсан түрийвчний үнэ 30.000 төгрөг, мөн бэлэн мөнгө 345.000 төгрөг, нийтдээ 375.000 төгрөг буюу “бага хэмжээний хохирол”-оос илүү байх тул түүнийг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцох үндэслэлтэй байна.

        Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт хохирлыг төлж барагдуулсан талаар мэдүүлсэн нь хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан талаар  хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.     

2. Шүүгдэгч З.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

    Шүүгдэгч З.Т бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

    Шүүхээс ял оногдуулахдаа мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлыг тус тус харгалзан шүүгдэгч З.Т-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авах боломжтой гэж дүгнэв.

    Шүүгдэгч З.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгө, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

        1. Шүүгдэгч Ш овогт З-гийн Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Т-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжэээ авсугай.

       3. Албадлагын арга хэмжээ авагдсан ялтанд хяналт тавих үүргийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай

         4. Шүүгдэгч З.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

          5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Т-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ГАНСҮХ