Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/01318

 

“М-” ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

         Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Т.Бадрах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2023/01528 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “М-” ХК-ийн хариуцагч “Э-” ТӨХХК-д холбогдуулан гаргасан даатгалын гэрээний үүрэгт нийт 47,568,993 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Талууд 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр даатгалыг гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан. Даатгалын гэрээний хавсралт 1-т 3,206,598,525.02 төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг даатгуулж, даатгалын хураамжид 16,032,992.63 төгрөгийг даатгагчид төлөх үүргийг хүлээсэн. Харин нэхэмжлэгч “М-” ХК нь гэрээнд заасан даатгалын зүйлд учирсан хохирлыг даатгуулагчид нөхөн төлөх үүргийг даатгуулагчийн өмнө хүлээсэн болно. Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний тухайд хариуцагч нь 17 тээврийн хэрэгслийг даатгуулсан. Дээрх тээврийн хэрэгслүүдийн даатгалын хураамжид 31,536,000 төгрөгийг даатгагч буюу “М-” ХК-д төлөх, манай байгууллага нь гэрээнд заасан даатгалын зүйлд учирсан хохирлыг даатгуулагчид нөхөн төлөх үүргийг тус тус хүлээсэн. Улмаар талуудын хооронд даатгалын гэрээ байгуулагдсанаар даатгуулагч нь гэрээнд заасан даатгалын хамгаалалтыг гэрээний хугацаанд даатгагчаас авсан. Харин даатгуулагч нь даатгалын гэрээнд заасан нийт 47,568,992.63 төгрөгийг 3 хувааж даатгагчид төлөх нөхцөлтэй бөгөөд энэ үүргээ үүргээ биелүүлээгүй тул 47,568,992.63 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Э- нь 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаар 1.2 тэрбум төгрөгийн богино хугацаат өртэй гарсан бөгөөд энэ нь дэлхий даяар тархсан “ковид-19” цар тахлын хүнд нөхцөл байдлын улмаас тус төвийн үйл ажиллагаа доголдож, санхүүгийн хувьд тогтворгүй байсан тул гэрээний хураамжийг төлөөгүй. Монгол улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 43 дугаар тогтоолоор улс, орон нутгийн төсвийн бүх шатны байгууллагын төсөв захирагч, төрийн болон орон нутгийн өмчит аж, ахуйн нэгж байгууллагын дарга, захирал нарт үндсэн үйл ажиллагаатай холбоотой, зайлшгүй шаардлагатайгаас бусад бүх төрлийн зардал, төсөл, арга хэмжээг тэвчиж, зардал гаргах, уй байх зэргээр батлагдсан төсөвт зардлын дүнд 10-аас доошгүй хувийн хэмнэлт гаргахаар тооцож, урсгал болон хөрөнгө оруулалтын зардлыг төлөвлөн хуваарилах гэсэн тогтоолыг хэрэгжүүлэн мөрдөж ажилласан. “М-” ХК-аас 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 01/91 тоот “... хураамж төлөгдөөгүй үед даатгалын тохиолдол гарвал нөхөн төлбөр олгохгүй болохыг мэдэгдэж байна” гэх албан бичиг ирүүлсэн тул гэрээний 9.2.1 дэх заалтын дагуу гэрээ цуцлах нөхцөл бүрдсэн гэж ойлгосон. Цаашид “М-” ХК нь “Э-” ТӨХХК-тай шинээр даатгалын гэрээ байгуулах ажлыг зохион байгуулж, шалгарсан тохиолдолд хамтарч ажиллахад татгалзах зүйлгүй болно. Мөн ямар нэгэн даатгалын үйлчилгээнд хамрагдаагүй буюу бодит хохирол учруулаагүй, гэрээ хүчин төгөлдөр бус байх үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т заасныг баримтлан хариуцагч “Э-” ТӨХХК-аас 47,568,993 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “М-” ХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 395,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 395,795 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М-” ХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй, нөхцөл байдлыг бүрэн дүүрэн дүгнэж чадаагүй тул шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулахаар давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэр нь Засгийн газрын тогтоол шийдвэрийг биелүүлэхгүй, хуулиар хүлээсэн үүргийг зөрчиж ажиллахыг даалгасан шинжтэй шийдвэр болсон байна. Дэлхий даяар тархсан “ковид-19” цар тахал, МУ-ын Засгийн газраас гаргасан шийдвэрүүдийн улмаас улсын төсөв, зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгждэг төсөл арга хэмжээний санхүүжилт буурч, бараа материалын татан авалт, төслүүдийн хэрэгжилт удааширч санхүүгийн хүндрэл үүссэн. “Э-” ТӨААТҮГ-тай байгуулсан гэрээг цуцалж, цаашид “М-” ХК нь “Э-” ТӨХХК-тай шинээр даатгалын гэрээ байгуулах ажлыг зохион байгуулж, шалгарсан тохиолдолд хамтарч ажиллахад татгалзах зүйлгүй болно. Энэ талаараа “М-” ХК-тай уулзалт хийсэн байхад шүүх хүндэтгэн үзэх шалтгааны улмаас төлбөр төлөх боломжгүй талаараа нэхэмжлэгч байгууллагад мэдэгдсэн баримт шүүхэд ирүүлээгүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

4.а.Даатгалын гэрээний 9.6.2-т Даатгуулагч эхний төлбөрөө төлөөгүй байх үед даатгалын тохиолдолд үүссэн бол даатгагч нөхөн төлбөр төлөх хариуцлага хүлээхгүй гэсний дагуу 2021 оноос хойш даатгалын тохиолдол гарсан ч нөхөн төлбөр нэхэмжлээгүй явсаар өдийг хүрсэн. Тодруулбал “М-” ХК-д бодит хохирол учруулаагүй гэдгийг шүүх анхаарах нь зүйтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Хариуцагч нь талуудын хооронд гэрээ байгуулагдсан эсэхэд болон гэрээний хүчин төгөлдөр байдал, даатгалын хураамжийн үнийн дүнгийн талаар маргадаггүй. Харин санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас даатгалын хураамж төлөөгүй гэх тайлбар гаргаж байгааг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй байна. Талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээний хугацаа дуусах үед аль нэг талаас гэрээний хугацааг сунгах санал гаргаагүй тул гэрээ дуусгавар болсон. Даатгалын гэрээний хугацаа дуусгавар болсон тул даатгуулагч нь даатгалын гэрээнд заасан хугацаанд даатгалын хамгаалалтыг авсан. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолдоо дурдсан 3 үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй тул гомдлыг хангахаас татгалзаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

            2.Нэхэмжлэгч “М-” ХК нь хариуцагч “Э-” ТӨҮГ-т холбогдуулан даатгалын гэрээний үүрэгт нийт 47,568,993 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

            4.Зохигчид 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр даатгалын гэрээг 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаагаар байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “М-” ХК нь даатгуулагчийн 3,206,598,525,02 төгрөгийн үнэлгээтэй, 10 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө, 1,752,000,000 төгрөгийн үнэлгээтэй, 17 ширхэг тээврийн хэрэгслийг даатгалын тохиолдол болсон нөхцөлд учирсан хохирлыг даатгуулагчид нөхөн төлөх, хариуцагч “Э-” ТӨҮГ нь даатгалын хураамж төлөхөөр харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбар, даатгалын гэрээ зэрэг нотлох баримтаар тогтоогджээ. /хх-ийн 7-30-р тал/

            4.а.Талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээ байгуулагдсан талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна. Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээдэг тул зохигчийн хэн аль нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх учиртай.

            4.б.Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 318 дугаар тогтоолоор “Э-” ТӨҮГ болон “Сэргээгдэх Э-” ТӨҮГ-ыг нийлүүлэн “Э-” ТӨХХК болгон өөрчлөн зохион байгуулсан байна. 

4.в.Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч “М-” ХК нь хариуцагчийг сольж, “Э-” ТӨХХК-ийг хариуцагчаар тодорхойлсныг шүүх хүлээн авч, тус  хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 30 дугаар зүйлийн 30.1, 30.2 дахь хэсэгт заасанд тус тус нийцжээ.

4.г.Талууд даатгалын гэрээний хавсралт 2-т даатгалын хураамжийг хэсэгчилж төлөх төлбөрийн хуваарийг дараах байдлаар тогтоосон байна. Үүнд: 2020 оны 12 дугаар сарын 30-ны дотор 14,270,697.79 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 31-ний дотор 16,649,147.42 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 30-ны дотор 16,649,147.42 төгрөг гэжээ. /хх-ийн 30-р тал/

4.д.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг үүсдэг, хариуцагч “Э-” ТӨХХК нь даатгалын гэрээний хугацаан дахь хураамж болох нийт 47,568,993 төгрөг төлөх үүргийг нэхэмжлэгч “М-” ХК-ийн өмнө гэрээгээр хүлээсэн байна.

4.е.Гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмын хүрээнд даатгалын хураамж болон даатгалын тохиолдол бий болсон тохиолдолд нөхөн төлбөр олгох асуудлыг гэрээнд тодорхой заасан байх тул нэхэмжлэгч “М-” ХК нь даатгалын гэрээний үүрэгт нийт 47,568,993 төгрөгийг хариуцагч “Э-” ТӨХХК-аас шаардах эрхтэй. Иймд төсвийн бүх шатны байгууллага хэмнэлтийн горимоор ажиллаж байгаа нөхцөл байдлыг шүүх харгалзан үзээгүй, нэхэмжлэгчид бодит хохирол учруулаагүй гэх агуулгаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

5.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хариуцагч “Э-” ТӨХХК-аас 47,568,993 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “М-” ХК-д олгуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

6.Хариуцагч татгалзалдаа нэхэмжлэгч талаас албан бичиг ирүүлснээр даатгалын гэрээ цуцлагдсан гэж ойлгосон гэх боловч Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт “Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ” гэж заасан. “Э-” ТӨХХК-ийн хувьд даатгалын гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд дээрх хуульд зааснаар нэхэмжлэгч “М-” ХК-д мэдэгдэх үүрэгтэй байна. Гэвч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй.

6.а.Нэхэмжлэгч “М-” ХК-аас хариуцагч “Э-” ТӨҮГ-т 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүргүүлсэн албан бичиг нь даатгалын хураамж шаардсан агуулгатай байх бөгөөд тус албан бичгийг үндэслэн, талууд гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэлгүй.

7.Түүнчлэн хариуцагчийн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо даатгалын гэрээний 9.6.2-т заасныг бичсэн байх боловч энэхүү заалт нь даатгуулагч даатгалын хураамжаа төлөөгүй байхад даатгалын тохиолдол үүсвэл даатгагч нөхөн төлбөр төлөхөөс татгалзах агуулгатай заалт байна. Иймд гэрээний тус заалтыг үндэслэн хариуцагчийг даатгалын хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн гэж үзэх боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2023/01528 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 395,794 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ЦОГТСАЙХАН

                            ШҮҮГЧИД                                Т.БАДРАХ

      Г.ДАВААДОРЖ