Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 262

 

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

 

2016 оны 07-р сарын 07                  Дугаар  262                                        Баруун-Урт                 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        шүүгч Ц.Эрдэнэзуу би

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Наран сумын Засаг дарга Данзаннямын Батбаатарын нэхэмжлэлтэй,      

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Наран сумын 2 дугаар баг, “Тосонгийн гол”-д нутаглах, /РД: ЛЮ83102375, утасны дугаар 89847498, 98700605/, Боржин овогт Норовын Нямхүүд холбогдох 

 

“Хугацаа хэтэрсэн зээл 10 300 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүлээн  авч танилцаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Наран сумын Засаг дарга Д.Батбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаар хурлаар хэлэлцэн шийдвэрлэж Сумын Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 03-ний өдрийн Б/21 тоот захирамжаар сум хөгжүүлэх сангаас жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих 10 000 000 төгрөгийн зээлийг 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гэрээ байгуулан нотариатаар батлуулан авсан. Сүхбаатар аймгийн Аудитын газраас Наран сумын хугацаа хэтэрсэн зээлд 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1/11 СБР-2016 15/СТА-ТТЗ тоот акт тавигдсан. Актын дагуу эргэн төлөлтөө сум хөгжүүлэх сангийн 120555406 тоот дансанд хийхийг хугацаатай мэдэгдэл өгч мөн утсаар удаа дараа мэдэгдсэн боловч төлөхгүй байна. Иймд Н.Нямхүүгээс хугацаа хэтэрсэн зээл болох 10 300 000 төгрөгийг төлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.Нямхүү  нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:Наран сумын Засаг даргын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. 10 000 000 төгрөгний зээл авсан нь үнэн. Намар мал таргалж, үнэд орохоор нэхэмжлэлийн шаардлага 10 300 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Тайлбар бичсэн Н.Нямхүү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Наран сумын Засаг дарга нь хариуцагч Н.Нямхүүгээс “10 300 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч Н.Нямхүү нь нэхэмжлэлийн шаардлага болох 10 300 000 /арван сая гурван зуун мянга/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба хариуцагчийн зөвшөөрсөн байдал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Засаг дарга нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 10 300 000 төгрөгний үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 179750 төгрөгний тал хувь 89 875 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Наран сумын Засаг даргын нэхэмжилсэн 10 300 000 төгрөгийг хариуцагч Боржин овогт Норовын Нямхүү нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Наран сумын Засаг дарга нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 10 300 000 төгрөгний үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 179750 төгрөгний тал хувь 89 875 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                Ц.ЭРДЭНЭЗУУ