Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/01319

 

 

Ч.Г-гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Т.Бадрах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2023/02342 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ч.Г-гийн хариуцагч “Б-” ХХК-д холбогдуулан гаргасан төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламж 26,640,000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Г-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, хариуцагчийн өмгөөлөгч В.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие Улаанбаатар хотын Анагаах ухааны Соёлч сургуульд сувилагч мэргэжлээр 1983-1985 онд суралцаж төгссөн бөгөөд түүнээс хойш одоог хүртэл 39 жилийн хугацаанд төрийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэдэд хүргэх ажил, үүргийг хариуцан ажиллаж байна. 1985-1988 онд Улсын гуравдугаар амаржих газарт дутуу нярайн сэхээний сувилагч, 1988-2000 онд Увс аймгийн Ховд сумын хүн эмнэлэгт сувилагч, 2000-2005 онд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт сувилагч, 2005-2013 онд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд мэдээгүйжүүлэгч, эрчимт эмчилгээний сувилагч, 2013-2019 онд төрийн өмчит тусгай хэрэгцээт 186 дугаар цэцэрлэгт эмч, 2019 оноос эхлэн одоог хүртэл Б-т мэдээгүйжүүлэгчийн сувилагчаар тус тус ажиллаж байна. Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасны дагуу миний бие 2020 онд 55 нас хүрч өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрхтэй байсан боловч ковид-19 цар тахал өвчний улмаас тус эмнэлэгт ажиллах хүчний хомсдолтой байсан тул түр хойшлуулж, 2021 оны 12 сард өндөр насны тэтгэврээ тогтоолгосон. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох үедээ Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу 36 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжаа авахыг хүссэн боловч Баянзүрх эмнэлгийн удирдлагын зүгээс хувьчлагдсан болохоор 36 сарын буцалтгүй тусламж өгөх боломжгүй гэх хариу өгсөн. Б- нь иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүргэх төрийн чиг үүргийг шууд хариуцан хэрэгжүүлдэг, төрийн өмчит байгууллага юм. Эрүүл мэндийн салбарт нэг насны амьдрал, ажил хөдөлмөрөө зориулан ажилласан эмч, сувилагч, эмнэлгийн ажилчдад хуулиар олгогдсон нийгмийн баталгааг үзүүлэхгүй, нэг удаагийн 36 сарын үндсэн цалинтай тэнцэх буцалтгүй тусламж олгохгүй хохироож байгаа явдалд гомдолтой байна. Иймд Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу 36 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгө болох нийт 26,640,000 төгрөгийг “Б-” ХХК-аас гаргуулан Ч.Г-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Манай эмнэлэг төрийн байгууллагуудын зохих шийдвэрийн дагуу хувьчлагдсан болно. Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь зохицуулалт нь хувийн өмчийн эмнэлгийн байгууллагад хамаарахгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Б- хувийн ХХК гэх статустай Эрүүл яамнаас санхүүжилт авч Баянзүрх дүүрэгт эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг хувийн эмнэлэг байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай /2021 оны/ хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Г-гийн хариуцагч “Б-” ХХК-д холбогдуулан гаргасан 26,640,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 291,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Миний бие эрүүл мэндийн салбарт нийт 39 жил ажилласан, үүнээс төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад 34 жил ажилласан нэг насны минь хөдөлмөр зүтгэлийг үнэгүйдүүлж, өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохгүй, нийгмийн баталгааг маань алдагдуулж байгаа анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байна. Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт “Төрийн өмчийн эрүүл мэндийн болон бусад салбарын байгууллагад 25 ба түүнээс дээш жил, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд болон анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай эмнэлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтанд тэтгэвэрт гарахад нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг үндсэн цалингийн дунджаас нь тооцож олгох ...” гэж заасан байна. Тэгвэл Ч.Г- миний бие эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүн ардад хүргэх төрийн чиг үүргийг хэрэгжүүлэн төрийн өмчийн эрүүл мэндийн анхан шатны байгууллагад 27 жил, хоёр дахь шатлалын эмнэлэгт 4 жил, гурав дахь шатлалын эмнэлэгт 8 жил, тасралтгүй 39 жилийн ажил хөдөлмөрөө зориулан ажилласан. Өөрөөр хэлбэл Ч.Г- миний төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад ажилласан хугацаа маань “Эрүүл мэндийн тухай хууль”-ийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасан 25 жил ажилласан байх шаардлагыг хангалттай хангаж байна. “Эрүүл мэндийн тухай хууль”-ийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт “... Төрийн өмчийн эрүүл мэндийн болон бусад салбарын байгууллагад ...” гэж тодотгон заасан байна. Хуулийн энэ зохицуулалтаас үзвэл “Төрийн албаны тухай хууль”-ийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасан 36 сарын нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрхтэй буюу боломжтой байгууллагад эрүүл мэндийн салбарын хувийн өмчийн байгууллагууд хамаарахаар байна. Б- нь иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүргэх төрийн чиг үүргийг шууд хариуцан хэрэгжүүлдэг байгууллага юм. Ийм байтал Баянзүрх эмнэлгийг төрийн албанд хамаагүй, хувийн байгууллага мэтээр үзэж, тус эмнэлэгт төрийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүн ардад хүргэн ажиллаж буй олон зуун эмч, сувилагч, эмнэлгийн бусад ажилчдыг хохироож, нийгмийн баталгаагүй болгож байгаад туйлын гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу 36 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгө болох нийт 26,640,000 төгрөгийг “Б-” ХХК-аас гаргуулан Ч.Г-д олгуулахаар шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон тул хэвээр үлдээж өгнө үү. “Б-” ХХК нь дүүргийн нэгдсэн эмнэлгийн статустай боловч хувьчлагдсан. “Б-” ХХК-аас өндөр насны тэтгэвэрт гарч байгаа албан хаагчид төсөв тус эмнэлэгт тавигдаагүй. Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга энэ байдлыг албан бичгээр илэрхийлсэн. Нэхэмжлэгч нь төрийн үйлчилгээний албан хаагч биш тул Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг хамаарахгүй. “Б-” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хэмжээнд энэ асуудал яригдсан бөгөөд нэхэмжлэгчээр хязгаарлахгүйгээр бусад албан хаагчдад хамааралтай асуудал тул тус эмнэлэг цаашид албан хаагчдын хувьд өрсөлдөх чадваргүй болох магадлалтай. Энэ нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн алины буруу биш, харин төрийн хууль тогтоомжийн уялдаа холбоогүй байдалтай хамааралтай юм. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг бидэнтэй хамтран захиргааны журмаар шийдэл хайх нь зүйтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч Ч.Г- нь хариуцагч Б- ХХК-д холбогдуулан төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламж 26,640,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв тогтоосон байна.

           

            4.Нэхэмжлэгч Ч.Г- нь 1985-1988 онд Улсын гуравдугаар амаржих газарт сувилагч, 1988-2000 онд Увс аймгийн Ховд сумын Хүн эмнэлэгт сувилагч, 2000-2005 онд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт сувилагч, 2005-2013 онд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд сувилагч, 2013-2019 онд төрийн өмчит тусгай хэрэгцээт 186 дугаар цэцэрлэгт эмч, 2019 оны 04 дүгээр сараас эхлэн одоог хүртэл Б-т” ХХК-д сувилагчаар тус тус ажиллаж байгаа үйл баримтын талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

4.а.Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2005 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 109 дугаар тогтоолоор Б- нийслэлийн өмчит байгууллагыг менежментийн гэрээгээр үр дүнтэй ажиллуулсан Б.Даш-Яндаг ахлагчтай багт 193,050,000 төгрөгөөр худалдсан байна. /хх-ийн 64-р тал/. Улмаар “Б-” ХХК нь 2006 оны 03 дугаар сарын 20-нд улсын бүртгэлд бүртгүүлж, хуулийн этгээд буюу хувийн хэвшлийн байгуулага болсон байна. /хх-ийн 26-р тал/

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч “Б-” ХХК нь Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан төрийн албаны аль ч ангилалд хамаарахгүй, харин Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг зохион байгуулалтын нэгдэл буюу хуулийн этгээдийн статустай болох нь тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогджээ.

 

4.б.Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт “... эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтанд тэтгэвэрт гарахад нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг үндсэн цалингийн дунджаас нь тооцож олгох бөгөөд ... тэтгэмж олгох шалгуур нөхцөлийг Төрийн албаны тухай хуульд заасан журмыг баримтлан тогтооно” гэж,

 

4.в.Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна ... ” гэж тус тус заасан.

 

4.г.Хуулийн дээрх зохицуулалт нь хувийн хэвшлийн байгууллагаас биш зөвхөн төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчид хамаарахаар байна.

 

4.д.Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт төрийн өмчийн эрүүл мэндийн болон бусад салбарын байгууллага гэж заасан хэдий ч тэтгэмж олгох шалгуур нөхцөлийг Төрийн албаны тухай хуульд заасан журмын дагуу тогтоох юм. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн тухай хууль нь нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг зохицуулсан хууль бөгөөд төрийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийг нарийвчлан зохицуулсан хууль биш юм.

 

4.е.Харин төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламж олгох асуудлыг Төрийн албаны тухай хуульд нарийвчлан зохицуулсан гэж үзэхээр байна. Иймд хариуцагч “Б-” ХХК нь Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасан бусад салбарын байгууллага гэсэнд хамаарна гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

 

5.Түүнчлэн, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 7 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 5.3 дахь заалт нь хувийн хэвшлийн байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарсан хүнд нэг удаагийн буцалтгүй тусламж олгох боломжгүй гэсэн агуулгатай байна.

 

6.Нэхэмжлэгч Ч.Г- нь төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг хувийн хэвшлийн байгууллага болох “Баянзүрх” ХХК-аас шаардах эрхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй.

 

7.Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ шийдвэрийн тогтоох хэсэгт маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг буруу баримталсан алдаа гаргасныг залруулах шаардлагатай.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2023/02342 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “Хөдөлмөрийн тухай /2021 оны/ хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5-д заасныг баримтлан ...” гэснийг “Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 291,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ЦОГТСАЙХАН

                                 ШҮҮГЧИД                                  Т.БАДРАХ

                                                                                     Г.ДАВААДОРЖ